| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2021/0449/Э |
| Дугаар | 509 |
| Огноо | 2021-04-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ганчимэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 509
2021 04 13 2021/ШЦТ/509
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батаа,
улсын яллагч Ц.Ганчимэг
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч М.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106 00471 0599 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн *******, 1973 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэнхэр мандал” нэртэй амралтын газарт манаачаар ажиллаж, амьдардаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Шүүгдэгч ******* нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэнхэр Мандал” нэртэй амралтын газарт 2021 оны 01 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө С.Баттулгатай маргалдаж, улмаар түүний толгой, нүүрэн тус газарт сандлаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хохирогч С.Баттулга мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Боо тэр хоёр хоорондоо маргалдаад байхаар нь би зайлцгаа пизда нар минь манай гэрээс гар гэж хэлтэл тэр Боо манай гэрээс гарахгүй болохоор би Боог гэрээсээ хүчээр авч гараад гэрт нь дөнгөж оруулж өгтөл Боо гэртээ байсан модон сандлаар миний нүүр толгой тус газар цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16,
Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...яллагдагчаар татсан тогтоолыг өмгөөлөгч надад уншиж өгч танилцуулсан. Надад тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. би Баттулгатай эвлэрсэн, одоо надад гомдолгүй болсон. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 29/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн №1149 дүгээр шинжээчийн дүгнэлт:
1. С.Баттулгын биед хамар ясны далд хугарал, нэг шүдний хугарал, дух, уруулд шарх, дух, баруун хацар, эрүүнд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-23/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 2-9/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 33/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч ******* нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэнхэр Мандал” нэртэй амралтын газарт 2021 оны 01 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө С.Баттулгатай маргалдаж, улмаар түүний толгой, нүүрэн тус газарт сандлаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь
Хохирогч С.Баттулгын: “...Боо тэр хоёр хоорондоо маргалдаад байхаар нь би зайлцгаа пизда нар минь манай гэрээс гар гэж хэлтэл тэр Боо манай гэрээс гарахгүй болохоор би Боог гэрээсээ хүчээр авч гараад гэрт нь дөнгөж оруулж өгтөл Боо гэртээ байсан модон сандлаар миний нүүр толгой тус газар цохисон...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******од хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч С.Баттулгын хохирол төлбөрт 180.000 төгрөг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч *******од хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Хохирогч С.Баттулга нь өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхэд цаашид гарах эмчилгээний зардал болон гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.
Шүүх шүүгдэгч *******од ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг байдлыг харгалзан үзэж хуульд заасан торгох ял оногдуулж, Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар *******од 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* нь 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ******* нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хохирол төлбөрт 180.000 төгрөг төлж барагдуулсан болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч С.Баттулга нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******од урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР