| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2021/0239/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/241 |
| Огноо | 2021-04-01 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Н.Уранбайгаль |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 2021/ШЦТ/241
2021 04 01 2021/ШЦТ/241
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа,
Улсын яллагч Н.Уранбайгаль,
Хохирогч С.Санжхүү,
Иргэний нэхэмжлэгч Р.Мөнхбат,
Шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Бд холбогдох эрүүгийн 2103000000029 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хайгуулийн өрөмдлөгийн операторчин мэргэжилтэй, “Русская Зима” ХХК-нд борлуулалтын жолооч ажилтай, ам бүл 2, эхийн хамт Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо гоодой зуслан 25 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар баг, Борхойн 5 гудамж 3 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч А.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 13 цаг 20 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, “Төгөлдөр” хүнсний дэлгүүрийн зүүн замд П.Ганболдын эзэмшлийн “Хьюндай” маркийн “Старекс” загварын 78-15 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 3. Дугуй 3.7-д заасан “Улирал, цаг агаарын тухайн нөхцөлд тохирохгүй тэмдэглэгээтэй дугуй ашигласан” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж явган зорчигч 62 настай, эрэгтэй С.Санжхүү, 41 настай, эрэгтэй Р.Мөнхбат, 50 настай, эмэгтэй Н.Энхтуул нарыг мөргөж, С.Санжхүүгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Р.Мөнхбатын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Хохирогч С.Санжхүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүрэгт байрлах Төгөлдөр дэлгүүрийн урд байрлах замын баруун талд зогсож байхад гэнэт намайг машин мөргөсөн. Тухайн үедээ би богино хугацаанд ухаан алдсан. Маш хүчтэй мөргөсөн. Осол болсны дараа босох гэсэн боловч хөл хугараад хөдөлж чадахгүй болсон байсан. Тэгээд би эхнэр рүүгээ утасдаж дуудсан. Хэргийн газарт байсан нэг эмэгтэй эмнэлгийн түргэн тусламж дуудсан. Түргэн тусламж ирж үзээд намайг эмнэлэг рүү авч яваад үзлэг хийгээд чихрийн шижин өвчний хүндрэлээс шалтгаалан 6 хоногийн дараа хагалгаанд орсон. Хагалгаагаар миний хөлд төмөр хийж хадаасаар хадсан. Миний хувьд маш хүнд гэмтэл байсан. Надад гэмтлээс шалтгаалан сэтгэл санааны болон, ажил хэргийн хувьд маш их хохирол учирсан. Гэмтэлтэй байх хугацаанд ажлаа хийж чадаагүйгээс шалтгаалан 91.900.000 төгрөгийн хохирол учирсан. Гэмтлээс шалтгаалан одоо миний баруун хөлний дотор хэсгээр мэдээгүй байна. Мөн толгойны зүүн талын хэсгээр дүүрч өвддөг. Цаашдаа миний биеийн байдал юу болох эсэхийг би сайн мэдэхгүй байна. Осол гарахад Билгүүний унаж явсан машины эзэн техникийн хэрэгсэл дугуй муутай байсан. Тухайн машины эзнийг иргэний хариуцагчаар хэрэгт татуулах хүсэлтэй байна...” гэв.
Иргэний нэхэмжлэгч Р.Мөнхбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Миний машины арын дугуй хагарчхаад хохирогч Санжхүү ахаас юм асуух гээд очиход машин гэнэт орж ирээд мөргөсөн. Хажууд байсан эмэгтэй миний дээрээс унасан. Тухайн үед урт гуталтай байсан. Гутландаа гөжигдөж унаад хөл бага зэрэг гэмтсэн хэдий ч 2-3 хоноод зүгээр болсон. Нэхэмжлэх зүйлгүй....” гэв.
Эрүүгийн 2103000000029 дугаартай хэргээс:
Шүүгдэгч А.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 12 цаг 40 минутын орчим Шадивлангаас 7 буудал орох гээд ертөнцийн зүгээр хойноосоо, урагшаа чиглэлтэй Хьюндай Старекс маркийн 15-78 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Дамбагийн уулзвар өнгөрөөд 200 метр орчимд явж байтал ертөнцийн зүгээр урдаасаа, хойшоо чиглэлтэй явж байсан эсрэг урсгалын Тоёота Приус 11 маркийн, саарал өнгийн 32-44 УБН улсын дугаартай автомашин миний урдуур буцаж эргээд дугуй засварын зүүн талд зогсож байсан саарал өнгийн Тоёота Приус 20 маркийн автомашины хажууд очиж дөнгөж зогсохоор нь би автомашины тооромзоо гишгэхэд зам мөстсөн гулгаатай байсан. Жолооны хүрдээ зүүн гар тийш дарах гэхээр хар өнгийн Тоёота Харрьер маркийн автомашин /улсын дугаар, номерыг нь хараагүй/ байсан тул би жолооны хүрдээ баруун гар тийш нь дарахад миний унаж явсан автомашины урд 2 дугуй нь зуны дугуйтай байсан тул гулгаж явсаар байгаад дугуй засварын зүүн талын зогсож байсан саарал өнгийн Тоёота Приус 20 маркийн автомашины баруун хойд талын дугуйны ойролцоо наад талд зогсож байсан 50 гаран настай эрэгтэй хүн, тухайн хүний урд талд байсан 30 гаран насны эрэгтэй нарыг автомашины урд хэсгээрээ мөргөсөн чинь 30 орчим настай залуу унахдаа ойролцоо зогсож байсан явган зорчигч эмэгтэйн дээрээс дараад унасан. Би автомашинаа зогсоочхоод буугаад очтол 50 гаран насны эрэгтэйн баруун талын хөлөө барьчихсан газар хэвтэж байсан. Надтай хамт явсан борлуулагч Эрдэнэбат 103-т дуудлага өгсөн. 30 гаран насны залуугийн эхнэр нь цагдаад дуудлага өгсөн. Тэгээд л 103-ын автомашинтай эрэгтэй эмч ирээд 30 гаран насны залууг үзсэн. Дараа нь явган зорчигч эгчийн биеийн байдлыг үзэх гэхэд явган зорчигч эгч биеийн байдал зүгээр гээд биеийн байдлаа үзүүлээгүй. Сүүлд нь 50 гаран насны ахыг эмч нь дамнуурган дээр хэвтүүлээд автомашиндаа оруулж биеийн байдлыг үзээд баруун хөлийн шилбэ хэсэг хугарсан байна гээд гэмтлийн эмнэлэг рүү ганцааранг нь аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 90-91 дүгээр хуудас/,
Хохирогч С.Санжхүү мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр “Ард финанс” ХХК-ний нэр дээр байдаг боловч өөрөө эзэмшиж ашигладаг Тоёота приус 20 маркийн 49-75 УНП улсын дугаартай автомашиныг унаад гэрээсээ гараад Дамбад хүн хүргэж өгөөд буцаад гэр рүүгээ харах гээд явж байгаад 7-н буудлын эцсээс хойш замынхаа ертөнцийн зүгээр баруун талд дугуй засварын ойролцоо 2-3 хүн зогсож байхаар тухайн хүмүүсээс дугуй засвар ажиллаж байгаа эсэхийг асуухаар замынхаа шороон дээр бүтэн эргээд тээврийн хэрэгслээ ертөнцийн зүгээр хойш нь харуулаад зогсоогоод машинаас буусан. Миний ойролцоо 1 залуу бас нэг эмэгтэй хоёр хүрч ирээд зогсож байтал миний хойд талаас машин ирээд мөргөх шиг болсон. Би автомашины баруун хойд талын дугуйны ойролцоо унасан. Автомашин мөргөхөөс өмнө ертөнцийн зүгээр баруун зүгт харчихсан зогсож байтал араас автомашин ирж байгааг мэдээгүй. Би газар унаад хэсэг ухаан алдаад нэг мэдсэн газарт зүүн мөрөө дараад газар хэвтэж байсан. Босоод нүүрэн хэсэгт цус болсон эсэхийг гараараа тэмтрэхэд цус болоогүй зүгээр байсан. Босох гэтэл баруун шилбэ хэсэг санжиганаад хугарчихсан босож чадахгүй байсан. Тэгээд старекс машинд мөргүүлснээ мэдсэн. Миний ойролцоо зогсож байсан нэг залуу ослын дараа нэг юман дээр суучихсан хөл өвдөөд байна гээд байсан. Баруун хөлний шилбэнд төмөр суулгаж бэхлэх хагалгаанд орсон. Миний зүгээс авто ослоос болж 500.000 гаруй төгрөгийн эм тариа эмчилгээнд зарцуулсан. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-34 дүгээр хуудас/,
Гэрч Н.Энхтуул мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр би усаа авах гээд ганцаараа явж байтал дугуй засварын ойролцоо настай эрэгтэй, нэг залуутай хоёулаа Тоёота приус автомашины хажууд юм яриад зогсож байтал ачааны түгээлтийн автомашин ирээд настай эрэгтэйг очоод мөргөөд би нэг залуутай давхаралдаад унасан. Миний биед гэмтэл учраагүй. Настай эрэгтэйн баруун хөл нь гэмтсэн байсан. Залууд ил харагдах шарх байгаагүй. Нэг мэдсэн түргэний эмч ирээд настай ах, залуу бид гурвын биеийн байдлыг үзээд настай ахыг ГССҮТ рүү авч явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
Гэрч Б.Цэнд-Аюуш мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...сайжруулсан шахмал түлш аваад үргэлжилсэн цагаан шугам даваад эргэх үед хойноосоо урагшаа чиглэлээс автомашин байхгүй байхаар буцаж эргээд явж байтал ард талд түс тас хийх чимээ гарахаар нь жолооч талын толинд харахад 2 эрэгтэй хүн автомашинд мөргүүлээд унаж байгаа харагдсан. Би замаа чөлөөлж зогсоод мөргүүлсэн 2 эрэгтэй дээр очтол залуу эрэгтэй нь хөлөө чирээд явж байгаад нэг юман дээр суучихсэн. Настай эрэгтэй хүн нь газар хэвтээд байхаар нь очоод босгосон. Настай эрэгтэй хүний хөл гишгэж болохгүй байсан. Мөргөсөн гэх жолооч намайг хараагаад байсан. Би Hyundai starex маркийн автомашиныг ирж байгааг нь хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/,
Гэрч М.Эрдэнэбат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 13 цаг 15 минутын орчим Шадивлангаас 7 буудал орох гээд ертөнцийн зүгээс хойноосоо урагшаа чиглэлтэй Хьюндай Старекс маркийн 15-78 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ажлын жолооч Билгүүн жолоодоод Дамбын уулзвар өнгөрөөд урагшаа 200 метр орчим явж байтал ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явж байхад эсрэг урсгалын Тоёота приус 11 маркийн саарал өнгийн 32-44 УБН улсын дугаартай автомашин урдуур буцаж эргэхээр нь жолооч Билгүүн Тоёота приус 11 маркийн автомашиныг мөргөхгүйн тулд автомашины хойд хэсэг нь хөндөлдөөд дугуй засварын зүүн тал байсан Тоёота приус 20 маркийн автомашины зүүн тал зогсож байсан 2 эрэгтэй, 1 эмэгтэй хүн байснаас автомашин мөргөсөн чинь тэнд байсан 3 хүн гурвуулаа автомашины урд хэсэгт мөргөгдөөд унасан. Жолооч Билгүүн автомашинаас буугаад тэр 3 хүн дээр очсон. Тоёота приус 11 маркийн автомашины жолооч бууж харчихаад машиндаа суугаад ертөнцийн зүгээр урагшаа 7 буудал тал руугаа яваад өгсөн. Тоёота приус 20 маркийн автомашинаас 1 эмэгтэй гарч ирээд 102, 103-т дуудлага өгөөд байсан. Би 102, 103-т дуудлага өгсөн дуудлагыг хүлээн авсан удахгүй очно гээд байсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Р.Мөнхбат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2021 оны 01 дүгээр сарын 08-ний өдөр 13 цаг 20 минутын орчим Сүхбаатар дүүргийн 14 хорооны Төгөлдөр хүнсний дэлгүүрийн хойд талд байрлах дугуй засварын газар ажиллаж байгаа эсэхийг мэдэх зорилгоор би өөрийн эзэмшлийн Тоёота приус 20 маркийн 43-07 УБК улсын дугаартай автомашиныг жолоодоод эхнэр Алимаагийн хамт очоод дугай засварын зүүн урд талд урдаасаа хойшоо чиглэлтэй зогсож байсан Тоёота приус 20 маркийн автомашины жолоочоос дугай засвар ажиллаж байгаа эсэхийг лавлахаар тухайн автомашины жолооч ахтай юм яриад зогсож байхад бид хоёрын дунд нэг эгч байсан. Тэгсэн хойноосоо урагшаа чиглэлтэй явж байсан Hyundai starex маркийн 78-15 УБЕ улсын дугаартай автомашин гэнэт бид гурвыг чиглэж яву байгаад хамгийн түрүүнд хойд талд зогсож байсан настай ахыг мөргөөд дараа нь эмэгтэй мөргүүлээд мөргүүлсэн эмэгтэй ньунахдаа миний дээр уначихсан. Босох гэтэл миний баруун талын хөлний тавхай хэсэг хөндүүр болчихсон босох гэтэл тэнд байсан хүмүүс хэвтэж бай гээд байсан. Анх мөргүүлсэн настай ахын баруун хөл нь гишгэж болохоор нь ойролцоо байсан хүмүүс автомашинд оруулж суулгасан. Эмэгтэй ослоос болж биед нь гэмтэл учраагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар хуудас/,
Иргэний хариуцагч П.Ганболд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...гэмтсэн хүмүүстэй холбоотой төлбөр мөнгөний хохирлыг манай байгууллагын зүгээс зохих хэмжээнд жолоочийн хамт төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 2-4 дүгээр хуудас/,
Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 5 дугаар хуудас/,
Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-10 дугаар хуудас/,
Явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 13 дугаар хуудас/,
ТЦА, ТЦА, Замын цагдаагийн газар, ТЦА, ЗЦГ, Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс, Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 16 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №605 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №584 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт “...Дүгнэлт:
1. Уг автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд болон хойд хоёр дугуйнуудын тоормосны хүчний зөрүү, зогсоолын тормос, зүүн, баруун гар талын их гэрлийн тусгалын чадал хол ойр дээрээ хэвийн, эргэх дохионы гэрэл, гэрэлтүүлэг, шил арчигч, шил угаагч, хаалга, цонх, цоож, аюулгүйн бүс, дугуйн хээний гүний хэмжээ нь стандартын шаардлага хангаж байгаа нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна.
2. Зүүн гар талын урд хаалга хонхойсон сэвтэй, хойд буфер баруун гар талын буландаа хонхойж орсон, хойд талын тээшний хаалга бага зэрэг хонхойсон сэвтэй, баруун зүүн гар талын хойд гэрлийн бүрхүүл цуурч хагарсан, дуут дохио ажиллахгүй, тоормосны хоёр гэрлийн чийдэн асахгүй улсын дугаарын хоёр гэрлийн чийдэн асахгүй, баруун гар талын толины бүрхүүл хагарсан, хөдөлгүүрээс тос гоожилт ихтэй, зөөллүүр /амортизатор/-с тос гоожиж ажиллагаагүй болсон зэрэг эвдрэл гэмтэлтэй байна...” гэжээ /хх-ийн 69-72 дугаар хуудас/,
2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн №18 дугаартай Мөрдөгчийн магадлагаанд “...1. Hyundai Starex маркийн 78-15 УБЕ улсын дугаартай тээврийн автомашины жолооч Амгаланбямба овогтой Билгүүн нь тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн, мөн дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн, мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 3.7 “Улирал, цаг агаарын тухайн нөхцөл тохирохгүй тэмдэглэгээтэй дугуй ашигласан” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.
2. Явган зорчигч Сономдагва овогтой Санжхүү нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” гэжээ /хх-ийн 80-81 дүгээр хуудас/,
Хохирлын баримтууд /хх-ийн 18-23 дугаар хуудас/,
Шүүгдэгч А.Бий иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 100 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 104 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 97 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 103 дугаар хуудас/, гэрч М.Болдбаатарын мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/, гэрч Ц.Нарантуяагийн мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоос гаргаж өгсөн хохирол төлбөртэй холбоотой 1 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 13 цаг 20 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, “Төгөлдөр” хүнсний дэлгүүрийн зүүн замд П.Ганболдын эзэмшлийн “Хьюндай” маркийн “Старекс” загварын 78-15 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 3. Дугуй 3.7-д заасан “Улирал, цаг агаарын тухайн нөхцөлд тохирохгүй тэмдэглэгээтэй дугуй ашигласан” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж явган зорчигч 62 настай, эрэгтэй С.Санжхүү, 41 настай, эрэгтэй Р.Мөнхбат, 50 настай, эмэгтэй Н.Энхтуул нарыг мөргөж, С.Санжхүүгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Р.Мөнхбатын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:
- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,
- Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
- ТЦА, ТЦА, Замын цагдаагийн газар, ТЦА, ЗЦГ, Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс, Дуудлагын лавлагааны хуудас,
- Хохирогч С.Санжхүүгийн мэдүүлэг,
- Иргэний нэхэмжлэгч Р.Мөнхбатын мэдүүлэг,
- Иргэний хариуцагч П.Ганболдын мэдүүлэг,
- Гэрч М.Эрдэнэбат, Б.Цэнд-Аюуш, Н.Энхтуул нарын мэдүүлэг,
-Шүүгдэгч А.Бий шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг,
- 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн №18 дугаартай Мөрдөгчийн магадлагаа,
- 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт,
-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн №605 дугаартай дүгнэлт /С.Санжхүүгийн биед хүндэвтэр гэмтэл учирсан талаар/,
-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №584 дугаартай дүгнэлт /Р.Мөнхбатын биед хөнгөн гэмтэл учирсан талаар/,
-Түргэн тусламжийн дуудлагын хуудас зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болно.
Дээрх нотлох баримтуудаар зам тээврийн осол гарсан болон хэргийн нөхцөл байдал нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, үзлэгийн тэмдэглэлд тусгагдаж, А.Б нь “Hyundai Starex” маркийн 78-15 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа явган зорчигч С.Санжхүү, Р.Мөнхбаяр нарыг мөргөсөн болохыг хохирогч, шүүгдэгч, гэрч нараас тодорхой мэдүүлж, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн болохыг тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн магадлагаа болон бусад баримтуудаар, хохирогч нарын биед хүндэвтэр, хөнгөн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтуудаар шүүгдэгч А.Бий үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч А.Б нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлээгүй, түүний уг үйлдлийн улмаас хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсаар байтал Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан хэм хэмжээг зөрчиж зам тээврийн осол гарган, хүнийг гэмтээсэн үйлдэл нь нотлогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.
Иймд шүүх шүүгдэгч А.Бийг автотээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй байх ба шүүгдэгчээс хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Р.Мөнхбатаас “...гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгч, хохирогч нараас хохирогч С.Санжхүүд 2.500.000 төгрөгийн хохирол төлсөн талаар хэн аль нь мэдүүлэх ба хохирогчоос хэрэгт авагдсан нэхэмжилсэн баримтаар 1.826.000 төгрөгийн гэм хорын хохирол төлөгдсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Санжхүүгээс “...Би газар тариалан эрхэлдэг. Хаврын улиралд Орос улсаас буудай, ногоон тэжээл, овьёос зэргийг импортолдог байсан. Энэ ажлаа хийж чадаагүй. Эдгээр хохирлыг нэгтгээд бизнесийн алдагдал болох 91.900.000 төгрөгийг нэхэмжилж байна…” гэсэн хүсэлт гаргасан нь бодит бус, үндэслэлгүй, шүүгдэгчийн гэмт үйлдэлтэй холбоо хамааралгүй тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
Харин хохирогч С.Санжхүү нь өөрт хүндэвтэр гэмтэл учирсантай холбоотой цаашид гарах гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай шүүгдэгч А.Бээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдлаа.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч А.Бийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд А.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 400 /дөрвөн зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Дээрх гэмт хэрэг гарахад жолооч А.Бээс замын хөдөлгөөнд хайхрамжгүй оролцсон, холбогдох хууль, дүрмийг баримтлах талаар ёс суртахууны зөв дадал хэвшээгүй байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Бг автотээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бийг 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, нэхэмжилсэн баримтаар иргэний нэхэмжлэгч, хохирогч нарт төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
4. Хохирогч С.Санжхүүгээс нэхэмжилсэн 91.900.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбоотой цаашид гарах хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн хохирогч С.Санжхүү нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН