Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 40

 

Ц.А-өд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                            Я.Туул

Шүүгчид                                          Б.Батзориг

Б.Манлайбаатар

Оролцогчид:

Прокурор                                       Н.Идэр

Хохирогч                                        Д.Батхишиг

Шүүгдэгч                                        Ц.А-                           

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Б.Содболд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Я.Туул даргалж шийдвэрлэсэн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 87 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц-ын А-өд холбогдох эрүүгийн 171800111036 тоот 1 хавтас хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б- овогт Ц-ын А- /РД:**********/, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй.

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч Ц.А- нь 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Хүйтний гол” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр “дэрэвгэр жиргэрүү” /Saposhnikovia divaricata/ гэх ховор ургамлын 102.16 кг үндсийг түүж бэлтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцээд 87 дугаартай  шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Б- овогт Ц-ын А-ийг “дэрэвгэр жиргэрүү” гэх ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж бэлтгэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-т заасан “байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т заасны дагуу шүүгдэгч Ц.А-өөс 25540000 /хорин таван сая таван зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн  24.8 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.А-өд 1 /нэг/ жил хорих ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.А-өд оногдуулсан 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-т зааснаар энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 90.79 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг улсын орлого болгож, 3500000 төгрөгийн үнэ бүхий Ц.А-, Д.Ц-, Ц.Батбаатар, Ц.Батмөнх,Ц.Баярбаатар нарын дундын өмчлөлийн Г-2003003630 улсын бүртгэлийн дугаартай Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг Мангиртын 10 дугаар хэсэг 3-67 тоотод байрлах 700.0 мкв талбайтай газрыг битүүмжилсэн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 6 дугаартай “эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, дээрх газрын үнээс Ц.А-өд ногдох хэсгийг нөхөн төлбөрт тооцон гаргуулахаар Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт шилжүүлж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.А-өд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн тоолохоор тус тус шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.А-, түүний өмгөөлөгч Б.Содболд нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Шүүгдэгч Ц.А- нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад үйлдсэн гэмт хэргээ хүлээж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд энэ байдал хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.А-ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д заасан “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” зүйл ангиар зүйлчлэгдэж байгаа нь гэмт хэргийн ангилалаараа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн гэмт хэрэг юм.

Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд: ...шүүгдэгч Ц.А-ийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байх ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж дүгнэснээс үзвэл шүүгдэгч Ц.А-ийн үйлдсэн гэмт хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал байгаагүй болохыг илэрхийлж байна.

Иймд нэгэнт шүүгдэгч Ц.А-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн ангилалаараа 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн гэмт хэрэг, мөн шүүгдэгч Ц.А- анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн болох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгийн явцад өгсөн шүүгдэгчийн мэдүүлэгтээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн зэрэг нөхцөл байдал нь Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ц.А-ийн үйлдсэн гэмт хэрэгт шийтгэх тогтоол үйлдэж ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Ц.А-өд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж болох хууль зүйн үндэслэл бүрдсэн байна.

Мөн шүүгдэгчийн хувийн байдлын /зан төлөв/ хувьд ар гэрийн амьдралын боломж тааруу, өвчтэй ээжийгээ асран хамгаалдаг ээж Д.Ц- нь Нийгмийн даатгалын байгууллагын “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоох акт” №0044215 дугаар хөдөлмөр эрхлэх, өвчтэй ээжийгээ асрах боломжтой хүн байдаггүй бөгөөд энэ тухай нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан боловч анхан шатны шүүх шүүгдэгчийн ар гэр, хувийн байдлыг бодитоор дүгнээгүйгээр хөдөлмөр эрхлэх, өвчтэй ээжийгээ асрах боломжтой хүн байдаггүй бөгөөд энэ тухай нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан боловч анхан шатны шүүх шүүгдэгчийн ар гэр, хувийн байдлыг бодитоор дүгнээгүйгээр хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Дээрх бүх нөхцөл байдал нь анхан шатны шүүх шүүгдэгч Ц.А-өд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлах хууль зүйн урьдчилсан нөхцлийг бүрдүүлж байгааг харгалзан үзэж Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх давж заалдах гомдлыг минь хангаж Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 87 дугаатай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Содболд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Давж заалдах гомдлоо дэмжиж байна. шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Ц.А- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Тайлбар байхгүй” гэв.

Хохирогч Д.Батхишиг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Ц.А- нь Хонгор сумын нутаг дэвсгэрт 25.000.000 төгрөгийн хохирол учруулсан. Ц.А-ийн ар гэр нь хүсэлтдээ гаргасан бөгөөд уг хүсэлтдээ “байгаль орчинд учруулсан хохирлыг 5 жилийн хугацаатай, жилд 5.100.000 төгрөгийг нөхөн төлөхөөр” хохирогч байгууллагатай гэрээ байгуулсан. Дээрх хохирлыг хугацаанд нь төлүүлэх учраас хохирогчийн зүгээс өөр санал, гомдолгүй. Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гомдолдоо “Ц.А-өд холбогдох хэргийг тэнсэж өгнө үү” гэж байгааг хохирогч талаас татгалзах зүйлгүй” гэв.

Прокурор Н.Идэр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

“...Хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Тодорхойлох нь:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.А-ийг 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Хүйтний гол” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр “дэрэвгэр жиргэрүү” /Saposhnikovia divaricata/ гэх ховор ургамлын 102.16 кг үндсийг түүж бэлтгэсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд, шүүгдэгч Ц.А-ийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  24.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.А-өд 1 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.А-өд оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.А- 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 08 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн “Хүйтний гол” гэх газраас “дэрэвгэр жиргэрүү” гэх ургамал 102.16 кг түүсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Энэхүү ургамал нь Монгол улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны 153 дугаар тогтоолд орсон ховор ургамлын ангилалд хамаарах ба тухайн ургамлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас олгосон зөвшөөрлийн дагуу аймаг, орон нутгийн засаг даргатай байгуулсан гэрээний үндсэн дээр түүж бэлтгэдэг байна.

Эрүүгийн 1718001110036 тоот хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Ц.А- “дэрэвгэр жиргэрүү” гэх ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр түүсэн болох нь тогтоогдож байх тул түүнд сонсгосон зүйл анги тохирчээ.

Гэхдээ хэргийн 40 дүгээр талд авагдсан баримтаар шүүгдэгч Ц.А- “...дэрэвгэр жиргэрүү” гэх ховор ургамлыг 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хогийн цэгээс 10 кг, 07 дугаар сарын 25-ны өдрөөс 08 сарын 11 хүртэл Хонгор сумын Хүйтний гол орчмоос 320 кг түүж иргэн Б.Мандахнаранд 2 сая төгрөгөөр зарсан. Мандаа 5251 ДАР цагаан өнгийн “Приус 20” маркийн машинтайгаа мөн 9205 УБТ улсын дугаар бүхий саарал “Старекс”  машинтай ирж авдаг байсан” гэх мэдүүлгийг баталж гэрч Б.Мандахнаран “...-Би Ц.А-өөр “дэрэвгэр жиргэрүү” гэдэг ургамлыг тонн тутам 300.000 төгрөгөнд бодож 8 сарын эхэн хүртэл түүлгэсэн. Эхлээд 100 гаран кг, дараа нь 200 кг, сүүлд нь 50 кг-г авсан. Өөрийн 5251 “Приус 20” маркийн авто машинаар, Улаанбаатар хотод очоод 22-н товчооны наана  86768888 утас руу залгаж тонн-г 1.000.000 төгрөгөнд бодож хүмүүст зарсан. 08 дугаар сарын 11-нээс хойш Ц.А-өөр түүлгээгүй. Ц.А- “Та нартай ажиллахгүй өөрөө авна гээд больсон” гэж мэдүүлжээ. /хэргийн 41 дүгээр тал/

Мөн хохирогч Д.Батхишиг анхан шатны шүүх хуралдаанд: “...2017 онд Хонгор суманд “дэрэвгэр жиргэрүү” гэдэг ургамал бэлтгэх гэрээ хийсэн иргэн, аж ахуйн нэгж байхгүй” гэжээ.

Иргэн Б.Мандахнаран нь иргэн Б.Отгонмөрөнгөөр “дэрэвгэр жиргэрүү” гэх ургамлыг 2017 оны 7, 8 дугаар сард Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудаас түүлгэж, худалдаж авсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авахуулж байсан байна.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд иргэн Б.Мандахнаран 2017 оны 7, 8 сард ховор ургамлын жагсаалтад орсон “дэрэвгэр жиргэрүү” гэх ургамлыг худалдаж авна гэж урьдчилан амлаж бусдаар удаа дараа түүлгэж байсан нь Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэргийн хамтран оролцогч буюу хамжигчийн үүрэг гүйцэтгэсэн гэж үзэхээр байна. Гэтэл 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Очбадрах иргэн Б.Мандахнаран 320 кг байгалийн ховор ургамал хууль бусаар худалдаж авсан үйлдэл нь нотлогдохгүй байна гэсэн үндэслэлээр үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг анхан шатны шүүх анхаарч үзэлгүйгээр орхигдуулсан нь шүүхийн дүгнэлтэд ноцтой нөлөөлнө гэж үзээд дахин хэлэцүүлэхээр хэргийг анхан шатны шүүхэд буцааж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Ц.А-өд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай. 

2. Шүүгдэгч Ц.А-өд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                                ДАРГАЛАГЧ                                        Я.ТУУЛ

                                                ШҮҮГЧИД                                            Б.БАТЗОРИГ

                                                                                                             Б.МАНЛАЙБААТАР