Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 045

 

            Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “А-К” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ургамлын хорио цээрийн хяналтын улсын байцаагчид  холбогдох,

            “Улсын байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 04-02-017/02 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, хохирол 1,000,000 төгрөг олгох тухай шийдвэр гаргуулах”  шаардлага бүхий  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “А-К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Зулхаш, хариуцагч аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “А-К” ХХК-аас шүүхэд гаргасан гомдолдоо:

Баян-Өлгий аймгийн “А-К” ХХК нь 2017 оны Засгийн газрын тогтоолын дагуу “Баруун бүсэд тэжээл бэлтгэн нийлүүлэх, импортлох” төсөл сонгон шалгаруулалтаар шалгарч, ОХУ-ын Алтай хязгаарын Бийск хотын “Крестьянское хозяиство Знамя труда” ХХК-аас ОХУ-ын “Геркулес трейд” ХХК-ийн үйлдвэрлэсэн хорголжин хивэг, тэжээлийн овьёос бэлтгэн нийлүүлэх тухай 23 тоот гэрээг 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан болно.

Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүний эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 29 дүгээр зүйлийн 29.1.1-д заасны дагуу “...амьтан, ургамал, бүтээгдэхүүний 02040040 тоот Импортын мэдэгдэл...”-ийг 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Мэргэжлийн хяналтын газраас авч, 2018 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд бэлтгэн нийлүүлэх /импортлох/ болсон юм. Гэтэл “Амьтан, ургамал, бүтээгдэхүүний 02040040 тоот Импортын мэдэгдэл” хүчинтэй байгаа, мөн 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр зөвшөөрөгдсөн цэг болох Цагааннуур боомтоор импортоор орж ирсэн С544ЕО/АМ5068, М779НН/АН6112, С062Е/АЕ5723 дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэгдэж ирсэн 60 тн овьёосны бичиг баримтад аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Д.М нь Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүний эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д заасан “...импортлох ... мэдээллийг улсын мэргэжлийн хяналтын байгууллагад ирүүлэх...” үүргийг биелүүлээгүй хэмээн үзэж Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээж, ОХУ-д харьяалагдах 10 тн даацтай 3 авто машиныг 2018 оны 02 дугаар сарын 10-аас 12-ны өдрүүдэд Монгол улсын Цагааннуур боомтын хил дээр 3 хоног саатуулан шалгаж, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай” 04-02-017/02 тоот шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.22 дугаар зүйлийн 6.1 дэх заалтыг үндэслэж “А-К” ХХК-ийг 1000 нэгж буюу 1,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан юм.

Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д “...импортлох... хүсэлт, мэдээллийг мэргэжлийн хяналтын байгууллагад ирүүлэх...” гэж, 23 дугаар зүйлийн 23.1.3-д “...таримал болон байгалийн ургамлын үр суулгац импортлоход 30 хоногийн дотор импортын мэдэгдэл ирүүлнэ...” гэж тус тус заасан байдаг билээ.

“А-К” ХХК-ийн ОХУ-ын Алтай хязгаарын Бийск хотын “Крестьянское хозяиство Знамя труда” ХХК-тай 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан 23 дугаартай гэрээний дагуу 300 тн тэжээлийн овьёосыг 2018 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүртэл импортоор оруулж ирэх “Амьтан, ургамал, бүтээгдэхүүний импортын 02040040 дугаар мэдэгдэл”-ийг Мэргэжлийн хяналтын газраас 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр авсан байсан тул Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүний эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.3-д заасан 30 хоногийн хугацаа, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д заасан “...импортлох хүсэлт, мэдэгдлийг улсын мэргэжлийн хяналтын байгууллагад ирүүлэх...” тухай хуульд заасан шаардлагыг биелүүлсэн байсныг улсын байцаагч Д.М нь нотлох баримтын хүрээнд үнэлээгүй нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж гомдол гаргасан.

Гэрээний дагуу Баян-Өлгий аймгийн “А-К” ХХК-д нийлүүлэх тэжээлийн овъёосыг “Крестьянское хозяиство Знамя труда” ХХК-ийн өмнөөс гэрээ байгуулсан ОХУ-ын Алтай хязгаарын Бийск хотын “Плената круп” ХХК бэлтгэн нийлүүлэх болсон тухай урьдчилсан мэдэгдлийг 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр бичгийн хэлбэрээр мэдэгдсэн нь гэрээний нэг тал болох “Асгант-Кент” ХХК-ийн эрх ашгийг хөндөхгүй болно. Энэ нь гэрээний нэг тал болох экспортлогч ОХУ-ын Алтай хязгаарын Бийск хотын Алтай хязгаарын Бийск хотын “Крестьянское хозяиство Знамя труда” ХХК-ийн гүйцэтгэгчээр Бийск хотын “Планета круп” ХХК-ийг томилсон нь тухайн улс орны дотоод асуудал учраас манай тал хөндлөнгөөс оролцох боломжгүй юм. Үйлдвэрлэгч “Геркулес Трейд” ХХК-ийн хувьд өөрчлөгдөөгүй тул дахин мэдэгдэл авах шаардлагагүй байсныг зөрчил гэж үзсэн нь бодит байдалд нийцэхгүй байна.

“А-К” ХХК-д ОХУ-ын Бийск хотын “Крестьянское хозяиство Знамя труда” ХХК-иас 2018 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүртэл 300 тн тэжээлийн овьёос оруулж ирэх тухай 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 02040040 дугаар “Амьтан, ургамал бүтээгдэхүүний импортын мэдэгдэл” хүчин төгөлдөр байхад нотлох баримтыг ач холбогдолтой, хамааралтай талаас үнэлээгүй байж шийтгэл ногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 3 дах хэсэг, 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлүүдийг тус тус зөрчсөн байх тул гомдол гаргаж байна.

Улсын байцаагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулахдаа хуулийн 5.1 дүгэр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх хязгаарлах арга хэмжээ авахдаа хууль зөрчиж, ОХУ-ын харьяат иргэдийг “Улаанбайшинт”-ын боомтод саатуулсан, тэдний ачаа тээвэрлэж ирсэн 10 тн даацтай 3 машиныг 2018 оны 02 дугаар сарын 10-аас 12-ны өдрүүдэд 3 хоног хууль бус саатуулж, үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоосноос болж “А-К” ХХК-д хоёр талын гэрээний дагуу 30,000 рубль буюу 1,290,000 төгрөгийн хохирлыг экспортлогч ОХУ-ын талд төлж хохирсон.

Улсын байцаагчийн ОХУ-ын харьяат жолооч нарыг машинтайгаа 3 хоног саатуулж, үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоож байгаа явдал нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 5,2 дугаар зүйлийн 1, 2 ,4 дэх заалтуудыг ноцтой зөрчсөн явдал гэж үзэж гомдол гаргаж байна. Цааш нь албан тушаалтын буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай асуудлыг хөндөж тавих болно.

Улсын байцаагч Д.М нь 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №04-02-017/13 тоот албан шаардлагыг 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр “А-К” ХХК-д гардуулж өгсөн бөгөөд уг албан шаардлагын 1 дүгээр заалтад “...импортын мэдэгдлийг дахин ирүүлэх...” тухай заасан байх ба “А-К” ХХК нь хүнсний овьёос импортлох хүсэлт, мэдэгдлийг эрх бүхий байгууллагаас 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр авч, албан шаардлагын заалтыг хугацаанаас өмнө биелүүлсэн байгаа юм. Эдгээр нөхцөл байдлууд нь Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Д.М Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр бүлэг болон 5 дугаар бүлгүүдэд заасан Зөрчил шалгах журам, эрх хязгаарлах арга хэмжээ, мөн 7 дугаар бүлэгт заасан шийтгэл ногдуулах үндэслэлүүдийг бүхэлдээ зөрчсөн гэж үзэж байна.

Прокурорын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1.4, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар аймгийн Прокурорын газарт хандаж гаргасан бидний гомдлын дагуу зөрчлийн хэргийн материалыг шалгаж, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 04-02/017/03 тоот шийтгэлийн хуудас хууль ёсны бөгөөд үндэслэлгүй болохыг тогтоож, аймгийн Прокурорын газрын 2018 оны 03 дугаар зүйлийн 09-ний өдрийн 1/164 тоот “Хариу өгөх хуудас”-аар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж, зөрчлийг арилгуулахыг зөвлөсөн байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ургамал хорио цээрийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 04-02-017/02 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, хохирол 1,000,000 төгрөг олгох тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

“А-К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Зулхаш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч “А-К” ХХК-аас Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ургамлын хорио цээрийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх, зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 04-02-017/02 тоот “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгож, торгуулийн хохирол 1.000.000 төгрөгийг буцаан олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Баян-Өлгий аймгийн “А-К” ХХК нь 2017 оны Засгийн газрын тогтоолын дагуу баруун бүсэд зуд болсонтой холбогдуулан “Баруун бүсэд тэжээл бэлтгэн нийлүүлэх, импортлох” төсөл сонгон шалгаруулалтаар шалгарч, ОХУ-ын Алтай хязгаарын Бийск хотын “Крестьянское хозяиство Знамя труда” ХХК-аас Бийск хотод үйл ажиллагаа явуулдаг “Геркулес Трейд” ХХК-ийн үйлдвэрлэсэн хорголжин хивэг, тэжээлийн овьёос бэлтгэн нийлүүлэх тухай № 23 тоот гэрээг 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан болно. Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүний эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1,  29 дүгээр зүйлийн 29.1.1-д заасны дагуу амьтан, ургамал, бүтээгдэхүүний 02040040 тоот импортын мэдэгдэл авах ёстой байсан бөгөөд энэхүү мэдэгдлийг 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрх бүхий албан тушаалтнаас авсан. 2018 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хуулийн хүчинтэй байсан.

Энэхүү импортын мэдэгдлийг хуулийн хугацаанд аймгийн Мэргэжлийн хяналтын газарт өгсөн. Уг мэдэгдэл хуулийн хүчин төгөлдөр байх 6 сарын хугацааны дотор буюу 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр зөвшөөрөгдсөн цэг болох Цагааннуур боомтоор импортоор 60 тонн овьёосыг 3 ширхэг камаз машинаар оруулж ирсэн. Үүнийг өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагчаар оролцож байгаа аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Д.М нь Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д заасан “импортлох мэдээллийг улсын мэргэжлийн хяналтын байгууллагад ирүүлэх үүргийг биелүүлээгүй” хэмээн үзэж Зөрчлийн тухай хуулийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээж, улмаар Зөрчлийн тухайн хуулийн 11.22 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар “Асгат Кент” ХХК-ийг 1000 нэгж буюу 1,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан ба үүнийг гомдол гаргагч “А-К” ХХК дараах байдлаар эс зөвшөөрч байгаа.

Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүний эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д “Импортлох ... хүсэлт, мэдээллийг мэргэжлийн хяналтын байгууллагад ирүүлэх” гэж, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.3-д заасан “Таримал болон байгалийн ургамлын үр суулгац импортлоход 30 хоногийн дотор импортын мэдэгдэл ирүүлнэ” гэж заасныг “А-К” ХХК биелүүлж, дээр дурдсан мэдэгдлийг хуулийн хугацаанд мэргэжлийн хяналтын байгууллага өгсөн болох нь хэрэгт авагдсан импортын мэдэгдлээр нотлогдон тогтоогдож байгаа. Гэтэл хариуцагчаас импортлогч өөрчлөгдсөн учраас дахин мэдэгдэл авах шаардлагатай гэж нэхэмжлэгч компанид торгууль тавьсан байна. Гэхдээ экспортлогч байгууллагын өөрчлөгдсөн асуудал бол бидний үйл ажиллагаанд саад болох мэдэгдлийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Баян-Өлгий аймгийн “А-К” ХХК-нд нийлүүлэх тэжээлийн овьёосыг “Крестьянское хозяиство Знамя труда” ХХК-ийн өмнөөс гэрээ байгуулсан ОХУ-ын Алтай хязгаарын Бийск хотын “Планета круп” ХХК-ийн бэлтгэн нийлүүлэх болсон тухай урьдчилсан мэдэгдлийг 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр бичгийн хэлбэрээр мэдэгдсэн нь гэрээний нэг тал болох "Асгат -Кент” ХХК-ийн эрх ашгийг хөндөхгүй болно.

Харин үйлдвэрлэгч нь ОХУ-ын Алтай хязгаарын Бийск хотод байршилтай “Геркулес -Трейд” ХХК байгаа. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэгч өөрчлөгдөөгүй, зөвхөн экспортлогч нь өөрчлөгдсөн болно. Тийм учраас импортын мэдэгдлийг хүчингүй болгох эсхүл дахин импортын мэдэгдэл авах шаардлагагүй гэж ойлгож байгаа. Тухайн малын тэжээлийн овьёосыг “Геркулес-Трейд” ХХК үйлдвэрлэсэн талаар ОХУ-ын мэргэжлийн байгууллагаас 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хорио цээрийн гэрчилгээ олгосон, мөн “Геркулес-Трейд” ХХК-ийн үйлдвэрлэсэн овьёосыг “А-К” ХХК импортлох чанарын гэрчилгээ олгосон байна.  Өөрөөр хэлбэл, 143, 144 гэсэн хоёр гэрчилгээ хэрэгт авагдсан байгаа. Үүгээрээ тухайн хорио цээрийн асуудал байхгүй, малын хүнсэнд хэрэглэх овьёосыг оруулж ирсэн нь тогтоогдож байгаа. Энэ талаар прокурорын байгууллагад гомдол гаргасан байх ба прокурорын байгууллагаас бүх бичиг баримт нь бүрэн байна, импортын мэдэгдэл өгөөгүй байсан гэх үндэслэлээр торгох шийтгэл оногдуулсан нь хуульд нийцэхгүй, харьяаллын дагуу захиргааны хэргийн шүүхэд хандах нь зүйтэй гэсэн агуулгаар гомдлын хариуг ирүүлсэн. “Геркулес-Трейд” ХХК-ийн үйлдвэрлэсэн овьёосонд ОХУ-ын мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргаж, чанарын гэрчилгээ болон хорио цээрийн гэрчилгээг олгосон. Иймд гомдлыг хангаж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Д.М шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Гомдол гаргагч “А-К” ХХК нь 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ОХУ-ын “Крестьянское хозяиство Знамя труда” компанитай 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан 23 дугаар гэрээгээр тэжээлийн овьёос импортлохоор 6 сарын хугацаатай 02040040 тоот импортын мэдэгдэл авсан. Харин 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 02040040 дугаартай импортын мэдэгдэлд мэдүүлсэн компаниас өөр “Планета Круп” гэх компанийн нэр дээр бичигдсэн экспортлогч орны бичиг баримтууд бүхий 60 тн овьёос оруулж ирсэн. Өмнөх импортын мэдэгдлээс экспортлогч компанийн нэр нь зөрж байгаа бөгөөд импортоор оруулж ирэхээр мэдэгдээгүй, импортын мэдэгдлээс өөр байсан учраас Зөрчлийн тухай хуулийн 11.22 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар хариуцлага тооцсон юм.

Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 23.1.4-т зааснаар тухайн бүтээгдэхүүн импортлогч хуулийн этгээд нь импортлох хүсэлтээ 20 хоногийн өмнө, 23.2-т зааснаар бүтээгдэхүүнийг худалдан авах гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, эх хувьтай нь хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, тээврийн хэрэгслийн төрөл, замын чиглэл, нэвтрүүлэх боомт, хугацаа, түүхий эд бүтээгдэхүүний тоо хэмжээ, боловсруулалтын байдал, савлалт, шошго, чанар аюулгүй байдлын талаарх мэдээллийг хүсэлтийн хамт Мэргэжлийн хяналтын газарт тус тус ирүүлсэн байх ёстой. Дээрх хүсэлт мэдээллийг үндэслэн Мэргэжлийн хяналтын байгууллага зөвшөөрөгдөх эрсдэлийг тогтоож импортлох эсэх талаар шийдвэр гаргаж, хэрэв импортлох тохиолдолд импортын мэдэгдэл олгодог.

Уг импортын мэдэгдэлд экспортлогч компанийн нэр, түүнтэй байгуулсан гэрээний талаарх мэдээлэл бичигдэх бөгөөд “А-К” ХХК-ийн шинээр үүссэн экспортлогч компанитай байгуулсан гэрээг хүсэлтийн хамт ирүүлэн мэдэгдэж дахин импортлох мэдэгдэл аваагүй нь бичиг баримтын зөрчил болсон.

Иймээс нэхэмжлэгч компани нь Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх заалтад заасан үүргээ биелүүлээгүй тул ургамал хорио цээрийн хяналтын улсын байцаагч Д.М би Зөрчлийн тухай хуулийн 11.22 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар “...импортлох хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй..” гэсэн үндэслэлээр хуулийн этгээдийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,000,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авч зөрчлийг  хялбаршуулсан журмаар шуурхай шийдвэрлэж лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн 000804 дугаартай хилийн мэргэжлийн хяналтаас чөлөөлөх тухай мэдэгдэл үйлдэж, импортын гэрчилгээг олгон 17 цаг 00 минутад гаалийн зуучлагч байгууллагад шилжүүлсэн. Манай байгууллагын зүгээс тухайн тээвэрлэгч авто машиныг саатуулж, хонуулсан зүйл байхгүй.

Мэргэжлийн хяналтын байгууллагад зөрчил гарсны дараа буюу 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн №17 албан тоотоор хавсарган 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ОХУ-ын “Планета Круп” компаниас “А-К” ХХК-д ирүүлсэн орос хэлээр бичигдсэн албан тоотыг ирүүлсэн. Уг албан тоотыг миний бодлоор 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс өмнө явуулах ёстой байсан бөгөөд уг албан тоот нь зөрчил гарсан өдрийн дараа зохион байгуулалттай бичигдсэн бөгөөд үндсэн хувь биш хуулбар хувтай нь “А-К” ХХК-ийн тэмдгээр “Хуулбар үнэн” гэж баталгаажуулан авч ирсэн нь хардлага төрүүлж байна.

Учир нь, “Планета Круп” ХХК-тай  “А-К” ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр бараа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байсныг 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Цагааннуур боомт дахь гаалийн зуучлагч байгууллагаас хуулбарлаж авч нотлох баримтыг бүрдэлд оруулж байна.

Нэмж дурдахад орос хэлээр бичигдсэн албан тоотыг  орчуулж үзэхэд “Крестьянское хозяиство Знамя труда” компани бүтээгдэхүүнийг экспортоор гаргах асуудлыг зохион байгуулах агент нь “Планета Круп” компани болохыг мэдэгдэж байна. Энэ өөрчлөлт нь ОХУ-ын татварын тухай хуульд өөрчлөлт орсонтой холбоотой байна гэсэн агуулгатай байна. Зөрчил үйлдэхээс өмнө мэдэгдээгүй зүйлийг зөрчил үйлдэгдэж дууссаны дараа мэдүүлэх нь зөрчилд хариуцлага тооцохоос чөлөөлөх үндэслэл болохгүй нь тодорхой зүйл.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа эрх хязгаарлах арга хэмжээ авсан гэдэг нь ямар ч үндэслэлгүй зүйл бөгөөд эрх хязгаарлах арга хэмжээг Мэргэжлийн  хяналтын байгууллагын байцаагчид авахгүй нь Зөрчлийн тухай хуулиар зохицуулагдсан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг тухайн өдөрт багтаан шийдвэрлэж, хяналтын хуудсаар шалгаж дуусаад, Хилийн мэргэжлийн хяналтаас чөлөөлсөн тухай мэдэгдэл үйлдэж гаалийн зуучлагч байгууллагад 1 хувийг хүлээлгэн өгснөөр мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалт дуусгавар болсон болно.

Тээврийн хэрэгсэл саатуулсан гэж төрийн албан хаагч үүрэг гүйцэтгэсний төлөө ямар ч нотлох баримтгүй худал гүтгэж байна. 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Д.М би Мэргэжлийн хяналтын газрын нарийн бичгийн архивын эрхлэгчийн гар утсаар албан шаардлагын дугаар авч, 04-02-017/13 дугаартай албан шаардлагыг үйлдэж, 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээлгэж өгсөн. Албан шаардлагын биелэлт ирүүлэх хугацааг 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл ирүүлнэ үү гэж бичих байсныг 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гэж албан шаардлага үйлдсэн огноог 2018 оны 02 дугаар сарын 12-ны гэж бичих байсныг 2018 оны 02 дугаар сарын 02-ны гэж тус тус андуурч буруу бичигдсэнийг миний бие мэдээд албан шаардлагыг дахин хэвлэн биелэлт ирүүлэх хугацаа, албан шаардлага үйлдэгдсэн огноо зэргийг засаж, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр “А-К” ХХК-д дахин хүлээлгэж өгсөн ба тухай компанийн захирал Х.Муратай шаардлага хүлээн авсан тухай өөрөө гарын үсэг зурж авсан болно.

 Мөн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №29 тоот албан бичгээр албан шаардлагын хариуг ирүүлсэн. Нэхэмжлэгч “А-К” ХХК нь прокурорын байгууллагад гомдол гаргахад Прокурорын газар миний шийдвэрийг үндэслэлгүй байна гэсэн албан тоотыг тус компанид хүргүүлсэн байгаа нь нэг талыг барьж шийдвэр гаргасан бөгөөд ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан гэж үзэж байгаа.

Харин Мэргэжлийн хяналтын газарт тус компани гомдол гаргахад Мэргэжлийн хяналтын газрын дарга, улсын ахлах байцаагч Б.Мухамед нь улсын байцаагч Х.Меруертийн шийдвэрийг үндэслэлтэй байна гэсэн хариуг өгсөн.

Миний бие 2018  оны 02 дугаар сарын 10-ны өдөр орж ирсэн “А-К” ХХК-ийн хилээр оруулж ирсэн 60 тонн овьёосны мэдэгдлийг шалгаж үзэхэд, 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр авсан импортын мэдэгдэл, №23 гэсэн гэрээний дугаартай, 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр “Крестьянское хозяиство Знамя труда” компанийн нэр дээр экспортлох гэрээ хийсэн талаарх хүсэлт, мэдээллийг мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдээд 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр импортын мэдэгдэл авсан байсан. Гэтэл уг овьёосыг 2018 оны 02 дугаар сарын 10-нд оруулж ирэхдээ “Планета Круп” гэсэн экспортлогч компанийн нэрээр ирүүлсэн. Гэрээний дугаар нь өөрчлөгдсөн байсан ба хэрэгт байгаа импортын мэдэгдэлд экспортлогч компанийн нэр, гэрээний дугаар бичигдэх ёстой.

Үүнийг үндэслэн бид  экспортлогч тухайн компанитай байгуулсан гэрээгээр барааг оруулж ирсэн үү гэдгийг шалгах ёстой. Үүнийг ганцхан манай байгууллага шалгахгүй бөгөөд Гаалийн газрын системд импортын мэдэгдэл гэж тусгасан байгаа.

Гэрээний дугаар өөрчлөгдсөн эсвэл манай мэргэжлийн хяналтын байгууллагад хүсэлт ирүүлэхдээ 50 кг бүтээгдэхүүн оруулна гэж тусгаад 25 кг бүтээгдэхүүн оруулсан бол үүнийг ч гэсэн зөрчил гэж үздэг. Экспортлогч компаниас хүсэлт, мэдээллийг албан бичгээр хандсан нөхцөлд манай байгууллагаас импортын мэдэгдэл олгодог.

Импортын мэдэгдэлд экспортлогч компанийн нэр бичигдсэн тохиолдолд улсын хилээр нэвтрүүлдэг. Гэтэл экспортлогч компани нь хилээр оруулах бүтээгдэхүүний талаар манай байгууллагад хуулийн хугацаанд мэдэгдээгүй учраас дээрх хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй гэж үзээд Зөрчлийн тухай хуулийн 11.22 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээд “А-К” ХХК-ийг 1000 нэгжээр торгож, арга хэмжээ авсан. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч байгууллага хуульд заасан үүргээ биелүүлээгүй, зөрчил гаргасан учраас акт тогтоосон.

Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс үйлдвэрлэгч нь адилхан гэж хэлж байна. Импортын мэдэгдэлд үйлдвэрлэгчийн мэдээлэл бичигдэхгүй, зөвхөн гэрээний дугаарыг бичнэ гэв.

 

                                                      ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг болон хэргийн оролцогчдын тайлбарыг тал бүрээс нь шинжлэн судалж үзээд нэхэмжлэгч “А-К” ХХК-аас аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ургамлын хорио цээрийн хяналтын улсын байцаагчид холбогдуулан гаргасан  “Улсын байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 04-02-017/02 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, хохирол 1,000,000 төгрөг олгох тухай шийдвэр гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах хуулийн үндэслэлгүй гэж үзлээ.

“А-К” ХХК нь Оросын Холбоот улсын Бийск хотод үйл ажиллагаа явуулдаг “Крестьянское хозяйство Знамя Труда” ХХК-аас  2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр №23 дугаартай  300 тн тэжээлийн овьёос худалдан авах  гэрээг байгуулж, энэ талаар  мэргэжлийн хяналтын байгууллагад  мэдээлэл, хүсэлтээ хүргүүлснээр Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас импортын  мэдэгдэл олгосон нь хэрэгт авагдсан 02040040 дугаартай, 6 сарын хүчинтэй хугацаатай, 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн  амьтан, ургамал, бүтээгдэхүүний импортын мэдэгдлээр[1] тогтоогдож байна.

Нэхэмжлэгч компанид олгогдсон  мэдэгдлийн хүчинтэй байх 6 сарын хугацаа дуусаагүй байхад буюу 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Цагааннуур боомтоор Оросын Холбоот улсын Барнаул хотод үйл ажиллагаа явуулдаг “Планета Круп” ХХК-аас импортолсон  60 тн хүнсний овьёосыг нэхэмжлэгч оруулж ирсэн ба ургамлын хорио цээрийн хяналтын улсын байцаагч нь “анхны худалдан авах гэрээ байгуулсан компаниас өөр компани гэрээнд заасан бүтээгдэхүүнийг   импортолсон, энэ талаар   мэргэжил хяналтын байгууллагад  урьдчилж мэдэгдээгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгч компанийг   2018 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 04-02-017/02 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсаар[2] Зөрчлийн тухай хуулийн 11.22 дугаар зүйлийн 6.1 дэх заалтыг баримтлан 1000 нэгж буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгууль ногдуулжээ. 

Дээрх үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргаагүй ба харин нэхэмжлэгчээс маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах үндэслэлээ “Оросын Холбоот улсын  Бийск хотын “Крестьянское хозяйство Знамя Труда” ХХК-аас 300 тн тэжээлийн овьёосыг оруулж ирэх  импортын мэдэгдлээ  хуулийн дагуу авсан, мэдэгдэлд тусгагдсан 6 сарын хугацаа өнгөрөөгүй байхад 60 тн овьёосыг оруулж ирсэн, анхны гэрээ байгуулсан компани нь гүйцэтгэгчээр “Планета Круп” ХХК-ийг томилсон нь “А-К” ХХК-ийн эрх ашгийг хөндөөгүй, мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь албан шаардлагадаа тусгасан импортын мэдэгдлийг 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл бүрдүүлэх хугацаа дуусаагүй байхад шийтгэл ногдуулсан” гэж тайлбарлан маргажээ.

 Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн /цаашид хуулийн гэх/ 23 дугаар зүйлийн 23.2 дэх хэсэгт  “Хүсэлт гаргагч иргэн, хуулийн этгээд нь дараахь мэдээллийг улсын мэргэжлийн хяналтын байгууллагад хүсэлтийн хамт ирүүлнэ”, 23.1.4 дэх хэсэгт  “Энэ хуулийн 23.1.1-23.1.3-т зааснаас бусад амьтан, ургамал, түүхий эд, зарим бүтээгдэхүүнийг оруулахад 20 хоног”, 23. 2.1 дах хэсэгт “амьтан, ургамал, бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авах гэрээ, бэлэглэлийн гэрээ болон түүнтэй адилтгах бичиг баримт”, 29.1.1 дэх хэсэгт заасан иргэн, хуулийн этгээдийн үүрэгт “энэ хуулийн 23.1-д заасан хугацаанд импортлох, экспортлох, дамжуулан өнгөрүүлэх тухай хүсэлт, мэдээллийг улсын мэргэжлийн хяналтын байгууллагад ирүүлэх”   гэж тус тус заажээ.

 Нэхэмжлэгч нь “Крестьянское хозяйство Знамя Труда” ХХК-тай байгуулсан гэрээ болон түүнтэй адилтгах бичиг баримтыг, хүсэлтийн хамт мэргэжлийн хяналтын байгууллагад гаргаснаар  2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр  амьтан, ургамал, бүтээгдэхүүний импортын мэдэгдэл олгогдсон нь хуулийн дээрх заалтуудад нийцсэн, гэхдээ “Планета Круп” ХХК-тай шинээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг компаниас бүтээгдэхүүн  импортлох тохиолдолд   хуульд  заасан шаардлагыг хангаж, уг компанитай байгуулсан худалдах, худалдан авах гэрээ, түүнтэй адилтгах бичиг баримтыг болон мэдээллийг, хүсэлтийн хамт хуулийн хугацаанд мэргэжлийн хяналтын байгууллагад ирүүлэх ёстой боловч  ирүүлээгүй,  энэ нь цаг хугацааны хувьд зөрчил илэрсний дараа олгогдсон Мэргэжлийн хяналтын Ерөнхий  газраас 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн  02040011 дугаартай импортын мэдэгдлээр[3] батлагдаж байна.

Тодруулбал, “Крестьянское хозяйство Знамя Труда” ХХК-аас тэжээлийн овьёос худалдан авах импортын мэдэгдлийн хугацаа хүчинтэй байх эсхүл  үйлдвэрлэгч нь нэг байхаас үл хамааран “Планета Круп” ХХК-ийн илгээсэн  тэжээлийн овьёосыг 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Цагааннуурын боомтоор орж ирэхээс өмнө нэхэмжлэгч нь “Планета-Круп” ХХК-тай шинээр байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 137 дугаар худалдах, худалдан авах гэрээний[4]  мэдээллийг мэргэжлийн хяналтын байгууллагад хуулийн хугацаанд мэдэгдэж,  импортын мэдэгдэл авах  үүрэгтэй ба нэхэмжлэгч  нь хуульд заасан энэ үүргээ биелүүлээгүй гэж дүгнэлээ.   

Нэхэмжлэгч “А-К”ХХК нь тэжээлийн овьёосыг импортлох явцад дээрх байдлаар Зөрчлийн тухай хуулийн 11.22  дугаар зүйлийн 6.1-дэх хэсэгт заасан амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг импортлох хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн байх тул хариуцагч ургамлын хорио цээрийн хяналтын улсын байцаагчаас нэхэмжлэгчид  Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.12-д заасан   “хуульд заасны дагуу Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах” бүрэн эрхийн хүрээнд шийтгэл ногдуулсныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8 дэх хэсэгт “хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” бүрэн эрхийг  мэргэжлийн хяналтын улсын байцаагчид олгожээ.

Хариуцагчийн үйлдсэн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 04-02-017/13 дугаар албан шаардлага[5] нь эрх бүхий байгууллагаас  импортын мэдэгдэл авалгүйгээр  тэжээлийн овьёосыг хилээр оруулж ирсэн  “А-К” ХХК-ийн  бичиг баримтын зөрчлийг арилгуулах зорилготой бөгөөд албан шаардлагад заасан хугацаанаас өмнө бичиг баримтыг бүрдүүлж, зөрчлөө арилгасан нь тухайн зөрчилд ногдуулах хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Хуулийн дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгч “А-К” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчээс гаргасан   “Улсын байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 04-02-017/02 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, хохирол 1,000,000 төгрөг олгох тухай шийдвэр гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 11.22 дугаар зүйлийн 6.1, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 29 дүгээр зүйлийн 29.1.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.12 дах  хэсэгт заасныг тус тус баримтлан “А-К” ХХК-аас аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ургамлын хорио цээрийн хяналтын улсын байцаагчид холбогдуулан гаргасан “Улсын байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 04-02-017/02 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, хохирол 1,000,000 төгрөг олгох тухай шийдвэр гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дүгээр зүйлийн 48.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                            З.ГҮЛБАРША

 

 


[1] Хэргийн 9 дүгээр хуудас

[2] Хэргийн 30 дугаар хуудас

[3] Хэргийн 10 дугаар хуудас

[4] Хэргийн 72-79 дүгээр хуудас

[5] Хэргийн 11-12 дугаар хуудас