Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2022/0390/З |
Дугаар | 221/МА2022/0749 |
Огноо | 2022-12-01 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 221/МА2022/0749
“Д П Ю Э” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч, Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа
Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “Д П Ю Э” ХХК
Хариуцагч Санхүүгийн зохицуулах хороо
Нэхэмжлэлийн шаардлага: Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн “Үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай” 14 дүгээр тогтоолыг хууль бус байсныг тогтоолгох
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 683 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, өмгөөлөгч Б.Л, Э.Г,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, Б.Н-О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа
Хэргийн индекс: 128/2022/0390/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Д П Ю Э” ХХК-иас Санхүүгийн зохицуулах хороонд холбогдуулан “Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн “Үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай” 14 дүгээр тогтоолыг хууль бус байсныг тогтоолгох”-оор маргасан байна.
2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 683 дугаар шийдвэрээр:
“...Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Д П Ю Э” ХХК-иас Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн “Үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай” тогтоолыг хууль бус байсныг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна.
3.1.“...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 683 дугаар шийдвэр нь шүүх хуралдааны явцад сонсгож танилцуулсан шүүхийн шийдвэрээс илт зөрүүтэй тухайд:
Шийдвэрийн үндэслэх хэсгийн 9-д “...Хариуцагчийн зүгээс дээрх журмыг батлагдах үед Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлд заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн яаманд хандаж байсан атлаа нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа “Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн арилжаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олголт, бүртгэлийн журам” нь Захиргааны ерөнхий хуулийн 37.7-д заасны дагуу тодорхойлж болохуйц этгээдэд чиглэсэн захиргааны акт учраас захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй хэдий ч энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй” гэсэн байна.
Санхүүгийн зохицуулах хорооноос манай байгууллагын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх гол үндэслэлээ болгож буй “Үнэт металл, үнэт чулууны эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олголт, бүртгэлийн журам” нь хэлбэрийн хувьд “Тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэр” байна гэж бид үзэж байна. Энэ шинжээрээ захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т заасан “Захиргааны хэм хэмжээний акт”-ыг шинжийг агуулж байна.
Захиргааны хэм хэмжээний акт болохынхоо хувьд Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйл, 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага”-д хянуулж, бүртгүүлж, мөн хуулийн 67.2-т заасан шаардлагыг хангаснаар уг захиргааны хэм хэмжээний акт нь эрх зүйн хүчин төгөлдөр болохоор байна. Гэвч “Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олголт, бүртгэлийн журам” нь хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгэгдээгүй байна.
Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгэгдээгүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн байна. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 67.3-т “Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй” гэж заасан.
Бидний хувьд хууль бус захиргааны актыг үндэслэн компанийн тусгай зөвшөөрлийг түдгэлүүлсэн нь үндэслэлгүй байсныг тогтоолгох байр сууринаас оролцсон.
Хариуцагчийн зүгээс “Үнэт металл, үнэт чулууны эсхүл тэдгээрээр хийсэн арилжаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олголт, бүртгэлийн журам” нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.7-д заасны дагуу захиргааны акт гэж үзэн маргаж талууд мэтгэлцсэн.
Улмаар тус хэргийн шүүх хуралдааны шийдвэрийг даргалагч шүүгч сонсгож танилцуулахдаа “... Тус маргаан бүхий “Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн арилжаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олголт, бүртгэлийн журам”-ыг захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй орхиж байна...” гэсэн атлаа шүүхийн шийдвэрийг бичгийн хэлбэрт буулгахдаа энэ талаар огт дурдаагүй бөгөөд шүүхийн шийдвэрт уг маргаан бүхий журмыг захиргааны акт, эсхүл захиргааны хэм хэмжээний акт аль болох талаар огт дүгнэлт өгөөгүй байна.
Дээрх бүгдээс үзэхэд талуудын мэтгэлцээн болон хэрэгт авагдсан баримтуудад огт үнэлэлт өгөөгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т заасан “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэснийг зөрчсөн илт үндэслэлгүй дүгнэлт гаргасан гэж үзэж байна.
3.2.Анхан шатны шүүх нь хэрэгт цугларсан нотлох баримтыг бүрэн гүйцэд үнэлээгүй тухайд:
Шийдвэрт “...Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн арилжаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олголт, бүртгэлийн журам нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд одоогоор бүртгэлгүй байгаа нь хариуцагчийн буруутай үйлдлээс шалтгаалсан гэж үзэхээргүй байна” гэжээ.
Хариуцагчийн зүгээс уг маргаан бүхий журмыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхээр Хууль зүй, дотоод хэргийн яаманд хандаж байсан боловч захиргааны хэм хэмжээний актын шаардлага хангаагүйн улмаас захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгээгүй баримт хэрэгт авагдсан байдаг. Хууль зүй, дотоод хэргийн яамны 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 1-1/1445 дугаартай албан бичигт “...хууль зөрчин баталсан шийдвэрийг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх боломжгүйг үүгээр мэдэгдэж байна...” гэсэн байдаг.
Хэдийгээр хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдааны явцад дээрх журам нь захиргааны хэм хэмжээний акт биш, захиргааны акт гэж маргадаг ч хэм хэмжээний акт гэж үзэн захиргааны ерөнхий хуульд зааснаар хууль зүйн яаманд бүргүүлэхээр хандаж байсан үйл баримт хэрэгт авагдсан байдаг. Үүнийг шүүх огт үнэлээгүй байна.
Мөн нэгэнт хууль тогтоогчийн зүгээс хэм хэмжээний актыг нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай, бүртгүүлээгүй бол эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй, хариуцлага хүлээлгэхгүй байх талаар хуульчилж өгсөн тул хариуцагч нь бүртгүүлэх л үүрэгтэй байсан. Гэтэл шүүхээс “...хариуцагчийн буруутай үйлдлээс шалтгаалсан гэж үзэхээргүй байна....” гэж үзсэн нь хууль ёсны зарчмыг шууд зөрчиж байна гэж үзэж байна.
Дээрх бүгдээс нэгтгэн үзэхэд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 683 дугаар шийдвэр нь үндэслэлгүй, хууль бус шийдвэр гарсан байх тул уг шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж тайлбарлаж байна.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
1.“Д П Э” ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 150 дугаар тогтоолоор батлагдсан “Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олголт, бүртгэлийн журам”-ын 5.1.2-т “Тусгай зөвшөөрөлтэй этгээд нь салбар, эсхүл төлөөлөгчийн газар нээх тохиолдолд тухай бүр Хороонд мэдэгдэж, зөвшөөрөл авна” гэснийг зөрчиж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 15а байрны 2-1 тоот хаягт байрлалтай Голден Будда худалдааны төвд зохих зөвшөөрөлгүйгээр салбар дэлгүүрээ нээн ажиллуулсан байх тул маргаан бүхий тогтоолоор тусгай зөвшөөрлийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн нь хуульд нийцсэн төдийгүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
Учир нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1-д зааснаар Хороо нь үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагааг зохицуулах чиглэлээр тусгай зөвшөөрөл, эрх олгоход тавигдах нөхцөл, шаардлагыг тодорхойлсон журам батлах эрхтэй, мөн хуулийн 6.1.3-т зааснаар Хороо нь санхүүгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих чиг үүрэгтэй.
2.Маргаан бүхий тогтоолд хэлбэрийн хувьд Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-ыг тус тус үндэслэснээс бус журмын заалт үндэслээгүй, хууль зүйн зохицуулалтын хувьд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх эрх хариуцагчид хуулиар олгогдсон, үйл баримтын хувьд нэхэмжлэгч журамд заасны дагуу зохих зөвшөөрөлгүйгээр салбар нээн ажиллуулж байсан энэ тохиолдолд давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
3.Хэдийгээр дээрх журмыг захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй талаарх, мөн хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхээр хариуцагчаас Хууль зүй, дотоод хэргийн яаманд хандаж байсан талаарх, түүнчлэн яамнаас хууль зөрчсөн байх тул бүртгэхээс татгалзсан талаарх лавлагаа, хүсэлт болон хариу албан бичгүүд хэрэгт авагдсан ч, тэдгээр нь маргаан бүхий журмыг зайлшгүй бүртгүүлэх шаардлагатай гэж дүгнэх хууль зүйн үндэслэл болохгүй.
Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.7-д “Нийтлэг шинжээр тодорхойлогддог, эсхүл тодорхойлж болохуйц этгээдэд чиглэсэн, эсхүл эд юмсын нийтийн эрх зүйн байдлыг тодорхойлох, түүнийг ашиглахтай холбоотой захиргааны акт байж болно” гэж заасан, Хорооны 2020 оны 150 дугаар тогтоолоор батлагдсан журам нь “үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдийн үйл ажиллагаа”-г зохицуулах зорилготой буюу тодорхойлж болохуйц этгээдэд чиглэсэн, тухайлбал хэм хэмжээний актын үндсэн шинж болох “нийтээр заавал дагаж мөрдөх” үүрэг бүхий этгээд гэдэгт зөвхөн дээр дурдсан үйл ажиллагаа эрхлэгчид л хамаарахаар байна.
4.Цаг хугацааны хувьд журам 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр батлагдсан, харин үүнээс өмнө буюу төслийн төвшинд 3 дугаар сарын 2-ны өдрийн 1-1/707 дугаар албан бичгээр Хууль зүй, дотоод хэргийн яаманд хандаж санал авахад:
“…Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12-т “үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч” гэдэгт “…хүнийг” ойлгохоор заасан, гэтэл журмын төслийн 2.1, 2.3.2, 3.12.1, 12.7 дахь заалт, Тавдугаар бүлэг бүхэлдээ энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэгч хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгоход тавигдах нөхцөл, шаардлага, түүнчлэн зөвшөөрөл олгох, олгохоос татгалзах зэрэг зохицуулалт хийсэн байгаа нь дээрх хуулийн холбогдох заалттай зөрчилдөж байна. Уг журамд энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийн зохицуулалт зайлшгүй шаардлагатай тохиолдолд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12 дахь заалтад өөрчлөлт оруулсны үндсэн дээр захиргааны хэм хэмжээний актыг батлах шаардлагатай…”,
-мөн журам батлагдсаны дараа дахин 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 1/1346 албан бичгээр яаманд хандаж хариу авахад “…өмнөх байр суурь хэвээр байгаа бөгөөд хууль зөрчиж баталсан шийдвэрийг хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх боломжгүй…” гэжээ.
Гэвч дээрх журам нь хэм хэмжээний гэхээс илүүтэй захиргааны актад хамаарч буй энэ тохиолдолд дурдсан саналууд болон хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй нөхцөл, шалтгаан нь нэхэмжлэлийг хангах үр дагаварт хүргэхгүй.
Иймд давж заалдах гомдолд дурдсан “…Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй” гэсэн зохицуулалт энэхүү маргаанд хэрэглэгдэхгүй.
5.Шүүхийн шийдвэрт журмыг захиргааны акт, эсхүл захиргааны хэм хэмжээний актын алинд нь хамаарах талаар дүгнэлт өгөөгүй боловч шийдлийн хувьд зөв, түүнчлэн давж заалдах шатны шүүхээс давж заалдах гомдлын үндэслэлийг дээрх байдлаар гүйцээн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 683 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийн зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН