Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/243

 

 

 

 

 

2021          04         02                              2021/ШЦТ/243

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа,

Улсын яллагч Я.Мөнхзаяа,

Шүүгдэгч О.Х /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Хд холбогдох эрүүгийн 2109000880160 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлүүлэхээр 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо 48 дугаар байрны 12 тоотод оршин суух, урьд:

Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 27-ны 235 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч О.Х нь согтуугаар 2020 оны 12 дугаар сарын 24-наас 2020 оны 12 дугаар сарын 25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо 48 дугаар байрны 10 тоотод хохирогч Н.Хишигзаяатай “хүйтэн хөндий харьцлаа, сална гэлээ” хэмээн маргалдаж түүний нүүр хэсэг рүү гараараа 2-3 удаа цохих, үснээс нь зулгаах зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, дагзны хуйх, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, тохой, сарвуунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Х мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 2109000880160 дугаартай хэргээс:

 

Хохирогч Н.Хишигзаяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2020 оны 12 дугаар сарын 24-нөөс 2020 оны 12 дугаар сарын 25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо 48 дугаар байрны 10 тоот гэртээ найз Лхамсүрэнтэй хамт байж байх үед Хаш-Эрдэнэ гаднаас уучихсан орж ирсэн.  Хаш-Эрдэнэ 2 найзыгаа дуудаад гэрт пиво ууцгаасан. Удалгүй Хаш-Эрдэнийн 2 найз гараад явсан. Тэр өдөр Хаш-Эрдэнэ “чи надтай хүйтэн хөндий хандаад байна” гэсэн шалтгаанаар жаахан ууртай байж байгаад Лхамсүрэнтэй ярилцаж байгаад маргалдсан. Хаш-Эрдэнэ Лхамсүрэнг “ална тална” гээд эхэлсэн.  Лхамсүрэн “намайг ал” гээд маргалдаж байгаад Хаш-Эрдэнэ Лхамсүрэнгийн хоолойг хоёр гараараа боогоод Лхамсүрэнгийн зүүн нүд хэсэгт гараараа нэг удаа цохисон. Би Лхамсүрэнг өмөөрөөд Хаш-Эрдэнэтэй маргалдсан. Хаш-Эрдэнэ миний зүүн талын хацар хэсэгт 2 удаа алгадаад над руу сандал авч шидсэн. Би Хаш-Эрдэнийн над руу шидсэн сандлыг гараараа хаагаад цохиулаагүй... 2020 оны 12 дугаар сарын 25-ны орой Хаш-Эрдэнэ миний хажууд ирж суугаад “өчигдрийн зодсон уучлаарай” гэхээр нь “би чамтай эвлэрэхгүй, чамтай нийлэхгүй” гэж хэлсэн. Тэгсэн чинь Хаш-Эрдэнэ надад хандаж “чи өглөө салъя” гэсэн билүү гэж хэлснээ миний өвдөг дээр гарч суугаад миний толгой хэсэг рүү гараа зангидаж байгаад хэд хэдэн удаа цохисон. Би баруун тал руугаа налаад гараараа нүүр, толгойгоо хамгаалахад Хаш-Эрдэнэ миний биеийн зүүн гар, зүүн мөр тохой хэсэгт цохисон. Би тэр үед машинаас буух гэж ноцолдсон. Тэгж байтал Хаш-Эрдэнэ Золоо найз руугаа залгаад “машинд чинь хүрз байна уу, булаад хаячихъя” гэж хэлсэн чинь Золоо гээд найз нь гүйж ирээд хэрүүл маргааныг салгасан. Золоо гээд найзынхаа нүдэн дээр миний толгой руу 2-3 удаа цохиж миний үснээс зулгаасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч О.Х мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би 2020 оны 12 дугаар сарын 24-нөөс 2020 оны 12 дугаар сарын 25-нд шилжих шөнө түрээсэлж байсан Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо 48 дугаар байрны 12 тоотод Хишигзаяатай гэр бүлийн гадуурх харилцааны улмаас болж хоорондоо маргалдсан. Хэрүүл маргааны үеэр Хишигзаяагийн нүүр хэсэгт 2 удаа алгадсан, зууралдсан. Тухайн үед манай гэрт байсан Лхамсүрэн бид хоёрыг салгах гэж дундуур ороод байсан. Миний хувьд Хишигзаяад гар хүрснээс биш Лхамсүрэнг санаатай зодож цохисон зүйл байхгүй. Тэр өдрөө цагдаагийн газар саатуулагдаж байгаад маргааш нь гарч цагдаагаас ирээд Хишигзаяатай эвлэрч уучлалт гуйж байгаад машин дотор дахиад хэрүүл маргаан болсон. Миний хувьд Хишигзаяагаас уучлалт гуйж Хишигзаяатай сайн дураараа эвлэрсэн. Би Хишигзаяагийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60 дугаар хуудас/,

 

Гэрч Н.Лхамсүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Тухайн үед Хаш-Эрдэнэ манай найз Хишигзаяатай жаахан дээрэлхүү харьцаад байхаар нь би тэрийг нь хэлсэн чинь надтай маргалдаад эхэлсэн. Намайг боож авсан. Хишигзаяа дүүтэйгээ ирээд салгасан. Би зугтаад нөгөө өрөөнд ороод хаалгыг нь хаачихаад цагдаад дуудлага өгсөн. Манай найз Хишигзаяа миний араас орж ирсэн чинь Хаш-Эрдэнэ орж ирээд над руу дайраад байсан. Тэгээд манай найз Хишигзаяа Хаш-Эрдэнэ бид хоёрын дундуур орж салгасан. Тэгсэн чинь Хаш-Эрдэнэ Хишигзаяа рүү сандал авч шидээд толгой хэсэгт нь онох шиг болсон. Хэсэг хугацааны дараа цагдаа нар ирээд Хаш-Эрдэнийг аваад явсан. Миний санаж байгаагаар нэг удаа алгадсан, сандал авч шидэж толгой руу оносон, бусдыг нь би хараагүй. Би өөрөө их айсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №351 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

1. Н.Хишигзаяагийн биед тархи доргилт, дагзны хуйх, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, тохой, сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

           2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэжээ /хх-ийн 27-28 дугаар хуудас хуудас/,

 

Шүүгдэгч О.Хаш-Эрдэнийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 69 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 68 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 67 дугаар хуудас/, Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн №235 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 46-47 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч О.Х нь согтуугаар 2020 оны 12 дугаар сарын 24-наас 2020 оны 12 дугаар сарын 25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо 48 дугаар байрны 10 тоотод хохирогч Н.Хишигзаяатай “хүйтэн хөндий харьцлаа, сална гэлээ” хэмээн маргалдаж түүний нүүр хэсэг рүү гараараа 2-3 удаа цохих, үснээс нь зулгаах зэргээр зодож түүний эрүүл мэндэд “тархи доргилт, дагзны хуйх, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, тохой, сарвуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.Хишигзаяагийн мэдүүлэг, гэрч Н.Лхамсүрэнгийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №351 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч О.Х нь хохирогч Н.Хишигзаяагийн биед хүч хэрэглэсэн байдал, хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг гэмтээснийг тэдгээрээс мэдүүлсэн, хохирогчийн бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хэрэг болсон цаг хугацаанд эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч О.Хаш-Эрдэнийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн /эвлэрсэн/, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүх шүүгдэгч О.Хаш-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Н.Хишигзаяагаас “...ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн /хх-ийн 79 дүгээр хуудас/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч О.Хаш-Эрдэнийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг /хохирогчид төлөх төлбөргүй/ хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд О.Хаш-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломж, нөхцөлийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэхээр хугацаа тогтоов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч О.Х нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав. 

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч О.Хг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Хг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Хд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч О.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН