Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 235

 

2017 оны 04 сарын 20 өдөр         Дугаар 156/ШШ2017/00235    Хэнтий аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2017/00115/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймаг Батноров сум, 7 дугаар баг Бэрх тосгоны 60 дугаар байрны 01-09 тоотод оршин суух, Цэрэндоржийн Мөнх-Амгалан /РД: СБ76041309/-гийн хүсэлттэй,
“хамтын амьдралтай байсныг тогтоолгох” тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ц.Мөнх-Амгалан, нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Мөнх-Амгалан нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие 2003 онд Б.Баасандаштай танилцаж, хамт амьдарч байгаад 2005 онд охин Мөнх-Учралыг төрүүлсэн. 2017 оны 1 дүгээр сарын 30 өдөр миний нөхөр Б.Баасандаш нь өвчний улмаас нас барсан. Би урьд нь хүнтэй сууж байсан, өөр хүнтэй гэрлэлтийн баталгаатай, хаана амьдардгийг нь мэдэхгүй учраас гэрлэлтээ цуцлуулж амжаагүй байсан. Иймд нөхөр Б.Баасандаш бид хоёр гэрлэлтээ бүртгүүлж чадаагүй юм. Нөхөр Б.Баасандаш нас бараад, охиндоо тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэтэл гэрлэлтийн баталгаагүй тул болохгүй гэсэн. Тийм учраас нөхөр Баасандаштай хамтын амьдралтай байснаа тогтоолгох хүсэлтэй байна. Биднийг хамтын амьдралтай байсныг манай хадам ээж болон хөрш гэрчилсэн” гэв.

Шүүх хэрэгт цугларсан /хх 8, 9, 10, 11, 12, 13, 18, 22, 24, 26-28/ бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Мөнх-Амгалангийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Батчулууны Баасандаштай хамтын амьдралтай байсныг тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Ц.Мөнх-Амгалан нь Батчулууны Баасандаштай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар хамтын амьдралтай байсныг тогтоолгохоор Ц.Мөнх-Амгалан нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно.

Хүсэлт гаргагч Ц.Мөнх-Амгалан нь Батчулууны Баасандаштай хамтын амьдралтай байсан болох нь доорх нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
М.Мөнх-Учралын төрсний гэрчилгээний хуулбар /хх 8/, Б.Баасандашийн нас барсны бүртгэлийн лавлагаа /хх 9/, Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн 2017 оны 02 дугаар сарын 13 өдрийн 1/121 дугаартай албан бичиг /хх 12/, гэрэл зургийн хуулбарууд /хх 18/, гэрч А.Батцэцэг, Ш.Балиймаа нарын мэдүүлэг /хх 22-24/, Бэрх хотын 2010, 2012, 2016 оны жилийн эцсийн хүн амын тооллогын бүртгэл /хх 26-28/ зэрэг болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан Харчу овогт Цэрэндоржийн Мөнх-Амгалан, Боржигон овогт Батчулууны Баасандаш нар 2003 оноос 2017 оны 01 сарын 30 өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хүсэлт гаргагч Ц.Мөнх-Амгалангийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал энэ Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Э.АРИУНАА