Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 482

 

 

 

 

 

 

   2021        04         08                                  2021/ШЦТ/482

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батаа,

улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

шүүгдэгч О.Х, С.О /өөрөө өөрсдийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.Хт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.От тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 00000 2131 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн О.Х, 1994 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 22б тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,

урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 сар баривчлах ялаар шийтгүүлсэн,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгж буюу 1.350.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, ,

Шүүгдэгч Монгол Улсын иргэн С.О, 1997 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 110 дугаар байрны 45 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: УА97012701,

Шүүгдэгч О.Х нь 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 110 дугаар байрны гадна хардалтын улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хамтран амьдрагч С.Оийн нүүрэн тус газар нь гараараа цохиж, улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч С.О нь 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч О.Х шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тухайн хэрэг явдал болдог өдөр О бид 2 маргалдсан нь үнэн. Гэхдээ би нүүрэн тус газар нь цохиж зодсон асуудал байхгүй. Маргалдах үед уур хүрээд нэг удаа түлхсэн. Өнгөрсөн жилийн 7 дугаар сараас хойш энэ асуудлаар хууль, шүүхийн байгууллагаар явж байна. Энэ хэргийг үнэн зөв шүүн тасалж өгнө үү”  гэв.

Шүүгдэгч С.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Бид 2 тухайн өдөр маргалдахад миний нүүр рүү цохиж гэмтэл учруулсан зүйл огт болоогүй”  гэв.

Хохирогч С.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Төгс-Ялгуун эмнэлгийн эмчид үзүүлэхэд миний зүүн талын хацрын яс цөмөрсөн байна гэж хэлсэн. Миний биед гэмтлийг Х учруулсан. Би зүүн талын цөмөрсөн ясанд орох хагалгааны мөнгийг нэхэмжилж байна…” гэх мэдүүлэг /хх-ийн 16/,

Гэрч Н.Ганзориг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…2020 оны 7 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 23 цагийн үед манай охин С.О нь 23 цагийн үед найзуудтайгаа Тэрэлж явчихаад гэртээ орж ирээд байж байсан чинь 01 цаг 30 минутын үед гар утас нь дуугараад өмсөж байсан хувцастайгаа гар утсаа аваад гараад явсан. Тэгээд манай охин С.О нь буцаж ирээгүй. Улмаар би өглөө сэрээд гар утасны дугаар болох 88471188 дугаар руу залгахад холбогдох боломжгүй байсан ба олон удаагийн давтамжтай залгасан. Тэгээд би манай байрны СӨХ-ийн хяналтын камерыг шүүж үзсэн чинь шөнийн 01 цагаас өдрийн 12 цаг хүртэлх бичлэг байхгүй болсон байсан. Улмаар Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн хяналтын камерыг ирээд үзсэн чинь манай охин С.О нь орцноос гараад ирсэн чинь О.Х гэх манай охины танил залуу нь гар утсыг нь шүүрч авах гээд байсан чинь С.О нь буцаад орц руугаа орох гэсэн чинь оруулахгүй татаж байгаад зодож эхэлсэн. Улмаар 8583 УБР улсынн дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгсэлд суулгаад аваад явсан бөгөөд манай охин С.О нь дахиж холбоо бариагүй, ор сураггүй байгаа юм.... гэх мэдүүлэг /xx-ийн 17/,

Яллагдагч О.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Шинжээч эмчийн гаргасан дүгнэлттэй уншиж танилцлаа. Миний учруулсан гэмтэл биш, надад бол түлхсэн зүйл байгаа. Би ээжийнх машинд учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан, мөн цагдаагийн хэсэг дээр зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгуулсан. Отэй би өөрөө уулзаж чадахгүй байна, түүний ээж  нь намайг огт уулзуулахгүй, гэрт нь очихоор шууд цагдаа дуудаад өгчихөөд байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68/,

Яллагдагч С.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр мөрдөгчид мэдүүлэг өгөх үедээ би О.Хт цохиулаагүй юм чинь би хэрэг үүсгэх шаардлага байгаа юм уу надад гомдол, санал байхгүй, би энэ хэргийг хаалгах хүсэлтэй байна гэж хэлэхэд тухайн мөрдөгч нь цохиулсан гэж хэлээд хялбаршуулсан журмаар шийдээд хурдан хаалгаж болно гэж хэлсэн юм. Тэгээд л би тэр өдөр Х зодуулсан гэж мэдүүлэг өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 128-129/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2001 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 8655 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  1. 2. С.Оийн биед хоншоор ясны хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйчлэлээр үүсгэгдэнэ.
  2. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

6. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. гэх дүгнэлт /хх-ийн 31-32/, гэмт хэргийн талаар утсаар гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 2/, эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 61-69/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хохирогч С.От хууль сануулсан тухай тэмдэглэл /хх-ийн 88/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 3240 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл /хх-ийн 91/, шүүгдэгч нарын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 120, /, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 35, 138/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч О.Х нь 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 110 дугаар байрны гадна хардалтын улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хамтран амьдрагч С.Оийн нүүрэн тус газар нь гараараа цохиж, улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь

Хохирогч С.Оийн: “...Би Төгс-Ялгуун эмнэлгийн эмчид үзүүлэхэд миний зүүн талын хацрын яс цөмөрсөн байна гэж хэлсэн. Миний биед гэмтлийг Х учруулсан. Би зүүн талын цөмөрсөн ясанд орох хагалгааны мөнгийг нэхэмжилж байна…” гэсэн мэдүүлэг,

Гэрч Н.Ганзориг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…2020 оны 7 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 23 цагийн үед манай охин С.О нь 23 цагийн үед найзуудтайгаа Тэрэлж явчихаад гэртээ орж ирээд байж байсан чинь 01 цаг 30 минутын үед гар утас нь дуугараад өмсөж байсан хувцастайгаа гар утсаа аваад гараад явсан. Тэгээд манай охин С.О нь буцаж ирээгүй. Улмаар би өглөө сэрээд гар утасны дугаар болох 88471188 дугаар руу залгахад холбогдох боломжгүй байсан ба олон удаагийн давтамжтай залгасан. Тэгээд би манай байрны СӨХ-ийн хяналтын камерыг шүүж үзсэн чинь шөнийн 01 цагаас өдрийн 12 цаг хүртэлх бичлэг байхгүй болсон байсан. Улмаар Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн хяналтын камерыг ирээд үзсэн чинь манай охин С.О нь орцноос гараад ирсэн чинь О.Х гэх манай охины танил залуу нь гар утсыг нь шүүрч авах гээд байсан чинь С.О нь буцаад орц руугаа орох гэсэн чинь оруулахгүй татаж байгаад зодож эхэлсэн. Улмаар 8583 УБР улсынн дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгсэлд суулгаад аваад явсан бөгөөд манай охин С.О нь дахиж холбоо бариагүй, ор сураггүй байгаа юм.... гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч С.О нь 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн болох нь

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хохирогч С.От хууль сануулсан тухай тэмдэглэл,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 3240 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч О.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч С.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч О.Хыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч С.Оийг хохирогч үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч С.О нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч О.Х, С.О нарт хуульд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч О.Х, С.О нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг, шүүгдэгч нарын  хувийн  байдал  зэргийг харгалзан тэдгээрт хуульд заасан торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Шүүгдэгч О.Х, С.О нарын цалин хөлс, орлого зэргийг харгалзан үзэж шүүхээс оногдуулах торгуулийн ялыг төлөх хугацааг хуульд заасны дагуу 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгч О.Х нь урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.350 нэгж буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн гэх боловч уг ялыг эдэлсэн эсэх нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тодорхойгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг тус тусд нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. О.Хыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг,

- С.Оийг хохирогч үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны араа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар О.Хт 2800 (хоёр мянга найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 (хоёр сая найман зуун мянга) төгрөгөөр торгох ял,

- Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-т зааснаар С.От 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар О.Х, С.О нарт шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар О.Х, С.О нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-д зааснаар О.Хт урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1.350 нэгж буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, О.Х, С.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл О.Х, С.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР