Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/08

 











 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж, 

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.

Улсын яллагч Б.О

Хохирогч Б.А

Хохирогчийн өмгөөлөгч О.С

Шинжээч эмч Ж.Г

Шүүгдэгч Б.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-т холбогдох эрүүгийн 2025000000394 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Б

 

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Б.Б-г 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-14 дүгээр байрны гадна гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.Алгирмааг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б-н мэдүүлсэн “ ...Би гэм зэмгүй авгайгаа байнга дарамталдаг, хүчирхийлдэг мэтээр харагдуулж байна. 2020 оны 9 сараас 2 хүүхэдтэй маань ерөөсөө уулзуулаагүй энд тэнд гадуур дотуур өчнөөн хүмүүстэй явж байна гэж хүмүүс хэлдэг. 28-ны өдөр манай найз ярьсан. Танай авгай чинь бүдүүн залуутай уулзаад байр луу орлоо гэсэн яваад очсон машин нь байсан, өглөө ирсэн тэр залуутайгаа хойд талын байрнаас гарч ирсэн. Тэр нь түрүүлээд явсан тэр нь камерын бичлэгт ороогүй машин руугаа бүдүүн залуутай явж орж байгаа бичлэг байгаа хуулбарлаад өгсөн байгаа. Үнэхээр би тэсээгүй, цохисон. Гэхдээ юу юугүй очоод тархи толгой руу нь нүдээд гэрч найз Эрдэнэжаргалынх нь хэлдгээр тийм юм болоогүй. Б.Алгирмаа намайг олон жил гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр шоронд хийгээд гарч ирэхээс нь өмнө хамаг юмыг чинь будлиулчихаад алга болно гэж ээжтэйгээ нийлж намайг олон жил дарамталсан. 2015 оноос хойш 3 удаа шүүхэд 4,5 удаа цагдаад өгсөн. Би ийм дарамтад яаж ажил хийж амьдрах юм бэ. Гэр бүлээ цуцлуулаагүй байж өчнөөн залуутай уулзаж учирдаг заваан амьдралтай явсан. Би тухайн үед очоод гар утсаараа бичлэг хийчээд явъя гэсэн бичлэг хийж байх хооронд утас руу цохиод утсыг маань унагаасан. Би өөрийнх нь хэлдгээр 5, 6 удаа толгой руу нь алгадаад цээж рүү нь дэвссэн бол би чинь 110 кг жинтэй 43 размер гутал өмсдөг энэ том биеэрээ нүүрийг дэвсвэл юу болох юм бэ, ойлгомжтой шүү дээ. Би дэвсээгүй. Үнэхээр би толгой руу 5, 6 удаа цохисон байвал шалбархай аль эсвэл булдруу үүсээд хөхөрнө биз дээ.Хэтрүүлээд байна,гэхдээ би гэмтэл учруулснаа хүлээж байна. Эрдэнэжаргалын мэдүүлэг бол худлаа Эрдэнэжаргалыг гараад ирэхэд нь би бичлэг хийгээд зогсож байсан. 9 сараас хойш хүүхдүүдтэй уулзуулахгүй байгаа. Миний эсрэг бүх юмыг хийж байна” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн... Би Б.Батбаярын ярьж байгаатай санал нийлэхгүй байна. 2014, 2016 онд гэр бүл цуцлуулах хүсэлтээ Орхон аймгийн шүүхэд өгч байсан, мөн Б.Батбаярыг уучилж байсан, 2 охинтой байсан учраас би гэр бүл цуцлуулах нэхэмжлэлээ буцааж авч байсан. Б.Батбаярын гаргаж байгаа харгис хэрцгий, хүчирхийллийг гэр бүлээсээ нуудаг байсан. Одоо Б.Батбаяр надад болон миний ах, дүү, ээж, үр хүүхдэд амь насанд заналхийлдэг эрүүл мэндэд халддаг, мөрдөж мөшгөдөг, бусадтай харилцахыг хязгаарладаг,гутаан доромжилдог, сэтгэл санааны хүнд хүчирхийлэлд оруулдаг. Б.Батбаярын хүчирхийллүүдээс болж амиа хорлох гэсэн бодол төрж байсан. 2018 оны 12 сард гэрээсээ гарсан байгаа хувцастайгаа Б.Батбаярт нүдүүлж цохиулаад мөн хоёр охинтойгоо гэрээсээ гарсан. 2020 оны 09 сарын 28-ны орой нэг найз охинтойгоо явж байсан найз маань бүдүүн хүүхэн 100-гаад кг жинтэй 2 вино аваад найз Эрдэнэжаргалындаа очсон машинтай явж байсан. Машинаа Эрдэнэжаргалын гадаа үлдээгээд найз Гантуяагийн нөхөр тэр 2 гадаа хүлээж байгаад намайг гэрт маань хүргэж өгсөн. 2020 оны 09 сарын 29-ны өдөр ажилтай байсан болохоор өглөө 6 цаг 40 минутаас гэрээсээ гараад Номин их дэлгүүрийн хажуугаар яваад 6-14-р байранд очсон тэр бичлэгийг цагдаа гаргаж өгсөн. Тэгээд Б.Батбаяр машинаасаа бууж ирээд хаанаас гараад ирдэг яадаг гичий вэ? янхан бэ? чамайг ална гээд цохиод авсан. Тэр цохилтын бичлэг камерын 2  талаас харагдаж байгаа хажуу талаасаа, зүүн талаасаа авсан камерт харагдаж байгаа. Бүдүүн залуутай явсан гэж ярьсан тэр бүдүүн залуу чинь миний Гантуяа гэх найз маань байгаа. Мөрдөн байцаалтын явцад өгч байсан хоёр охин Б.Батбаяраас айдаг Б.Батбаярын ээжтэй нь харьцаж байгаа харилцаанаас айдаг. Гэрт Б.Батбаяр орж ирээд 2 охинтойгоо уулзъя гэхэд уулзахгүй гээд орилж чарлаж байгаа бичлэгийг өгсөн байгаа. Хэд хэдэн удаа толгой руу цохиод авсан би манарсан, шоконд орсон. Компьютер томографик Медипас эмнэлэгт хийгдэхгүй байсан. Өөр ямар ч газар хийгдэхгүй байсан. Шүүх эмнэлгийн нарийн мэргэжлийн дүгнэлт хавсаргаж өгсөн. Тухайн үед хэрэглэсэн 186.900 төгрөг, үүнээс хойшид гарах зардлыг иргэний хэргийн нээлттэй шүүхээр нэхэмжилж авахаар зааж өгөөчээ гэж хүсмээр байна...” гэх мэдүүлэг,

 

Шинжээч эмч Ж.Г-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн... Тархи доргилт нь гадна биед заавал хөхрөл няцрал байх ёсгүй, зөөлөн эдийн цус хуралтууд хатуу мохоо зүйлтэй хүрэлцсэний улмаас үүснэ. Тархи гэдэг бол өөрөө гавлын ясан дотор битүү байдаг. Энэ нь доргиох механизм тухайлбал өшиглөх, цохих, унах, сэгсрэх гэх мэт мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас битүү байгаа учир доргиох хүчин зүйл үйлчлэх л төдий үүсэж доргиж болдог. Тийм учраас заавал гадна талдаа хүрэлцсэний улмаас тархи доргилт үүснэ гэсэн юм байхгүй. Тархи доргилтын үед өвчтөнөөс заавал амнез авна. Амнез нь толгой өвдөнө, дүүрнэ, огиулна, бөөлжинө, халуурна, гүйлгэнэ энэ бүх шинж тэмдгүүд нь нэг хүнд бүгд байна гэсэн ойлголт байхгүй. Надад толгой дүүрч байна, хатгуулж өвдөж, дотор муухайрч байна гэсэн. Уг зовуурь нь оношилгооны 50%-д нь ач холбогдолтой байдаг. Миний үзлэгээр нүдний алимны чичирхийлэл илэрсэн гэсэн байна. Энэ бол тархины битүү гэмтлийн үед байдаг, өвчтөнөө үзээд шалгаж үздэг. Маннагийн шинж тэмдэг илэрсэн байна. Энэ бол тархины битүү гэмтлийн үед шалгаж үздэг гэмтлээр илэрдэг. Үзлэгээс гадна лабораторийн картаас үзэхэд 9 сарын 29-ны өдрийн гэмтлийн эмчийн үзлэг, мэдрэлийн эмчийн үзлэгт нь тархины доргилтын онош баталгаажиж байна...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Б.А-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн ...2020 оны 9 дүгээр сарын 29-ний өглөө 06 цаг 45 минутын орчим 6-14 дүгээр байрны гадаа машинаа авах гээд очтол шүүхэд салах өргөдлөө өгчихсөн байгаа нөхөр болох Батбаяр хар өнгийн машинаас бууж ирээд намайг шууд толгой руу цохиод авсан. Тэгээд намайг янхан гичий банзал минь хаагуур хэнтэйгээ явж байгаад ирж байгаа юм бэ алнаа чамайг, ал руу чинь хутга шааж ална гэх мэтээр хэлэх хэлэхгүй үгээр доромжилсон. Тэгээд миний гар утаснаас хэнтэй харьцаж ярьсныг мэдэх зорилгоор миний гар утсыг авах гэж оролдсон би өгөөгүй улмаар газар унагааж цээж рүү маань дэвссэн. Би тусламж гуйгаад орилсон чинь манай найз Эрдэнэжаргал нөхрийнхөө хамтаар тагтан дээрээ гарч ирээд болиочээ гэж хэлсэн...бүр болохоо болиод манай найз Эрдэнэжаргал гэрээсээ гарч ирээд Батбаярыг надаас салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/, 

 

-Гэрч Т.Эрдэнэжаргалын мөрдөн байцаалтад мэдүүлсэн...гадаа эмэгтэй хүн орилох шиг болсон юм. Тэгээд цонхоор хартал Алгирмааг нэг эрэгтэй хүн заамдаж аваад доош нь дарсан байдалтай байсан. Намайг гарч ирэхэд нөхөр нь түүнийг заамдаж аваад нүүр лүү нь гэх юм уу толгой руу нь юм уу цохиж байсан...намайг харж байхад бол 1 удаа цохисон..” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/, 

 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 699 дугаартай "... Б.А-н биед тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...” гэх дүгнэлт /хх-ийн 21-22-р хуудас/, 

 

-Согоот багийн 6-14-р байрны СӨХ-ийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 7-8-р хуудас/,

 

-Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 27-38-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр өглөөний 07 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-14 дүгээр байрны гадаа тусдаа амьдарч байгаа эхнэр Б.А-г” янхан гичий, банзал минь хаагуур хэнтэйгээ явж байгаад ирж байгаа юм бэ алнаа чамайг” гэж заамдаж цохиж унаган зодож эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл хохирол учруулсан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгчийн Б.Б-н мэдүүлэг болон Согоот багийн 6-14-р байрны СӨХ-ийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 7-8-р хуудас/ бичлэг зэрэг нотлох баримтуудаар 2020 оны  9 дүгээр сарын 29-ний өглөө болсон үйл баримт, шүүгдэгчийн үйлдлийн улмаас Б.Алгирмаагийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь  Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар 01-ний 699 дугаартай “... Б.А-н биед тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлтээр хөдөлбөргүй тогтоогдсон байна.  Хохирогчийн биед учирсан гэмтлийн тухайд, гэмтэл илэрсэн эсэх,гэмтэл нь шүүгдэгчийн үйлдлийн улмаас учирсан эсэхэд эргэлзэх үндэслэл бүхий нөхцөл байдал,баримт тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн  шинжтэй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай, нийгэмд аюултай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгчийн гэм буруу шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Батбаярыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч Б.Б нь 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-14 дүгээр байрны гадна гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.Алгирмааг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Шүүгдэгч нь 186 900 төгрөгийг бусдад төлөх төлбөртэй гэжээ.

 

Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд, шүүгдэгчийн үйлдэл гэм буруу нотлогдсон. Үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинж агуулж байгаа. Эдгээр хүмүүс гэрлэлтээ цуцлуулаагүй, шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2, 7.3-д зааснаар албадлагын арга хэмжээ авч хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж үзэж байна гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд, шүүгдэгч гэм буруугаа хүлээж байгаа. Эхлэл нь гэр бүлийн тогтворгүй байдал, зүй бус хандлага, удаан хугацааны таарамжгүй байдал нөлөөлсөн. Хохирогч энэ хугацаанд нэхэмжлэлдээ хохирлын баримт гаргаж байгаагүй. Торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулах үндэслэлтэй. Хэрэг гарсан нөхцөл шалтгаан, зан харилцааны доголдолтой байдал энэ 2 хүнд хоёуланд нь байна. Албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй гэж мэтгэлцжээ.

 

Шүүгдэгчийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.  

 

-Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 41-р хуудас,45-46-р хуудас, 59-63-р хуудас/-аар шүүгдэгч хохирогч нар гэрлэлт цуцлах асуудлаар нэхэмжлэл гаргаж шүүхийн ажиллагаанд байгаа, энэ маргаан олон жил үргэлжилж байгаа болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ял дээр нэмж эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хохирол төлбөрийн тухайд: хохирогч Б.А нь 186,900 төгрөгийн нэхэмжлэлийн баримт шүүх хуралдаанд гаргасан тул эдгээр баримтыг үндэслэн шүүгдэгчээс төлбөр гаргуулах үндэслэлтэй. Харин хохирогч цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээнэ үү гэсэн хүсэлт шүүх хуралдаанд гаргасныг хангах үндэслэлгүй байна. Учир нь хохирогчид учирсан гэмтэл нь эрүүл мэндийг 4 долоо хоногоос доош хугацаагаар түр сарниулах хөнгөн гэмтэл болох нь тогтоогдсон ба үйл баримт 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр болсон байх тул цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг зайлшгүй заах шаардлагатай гэж үзээгүй болно. Хэрэв хохирогч дээрх гэмтлээс улбаатай эрүүл мэндийн хохирол тогтоогдвол нэхэмжлэл гаргах эрх нь хуулийн дагуу нээлттэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 6 ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, гэрлэлт цуцлах иргэний хэргийг шүүх хянан хэлэлцэх хүртэлх хугацаанд хохирогч Б.А-тай харилцахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Б-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд, сард 166.666 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шийдвэрийг хүчингүй болгож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батбаяраас 186.900 төгрөг гаргуулан хохирогч Б.А-д /Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-24-70 тоотод оршин суух, РД:ОА84090903/ олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 6 ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй,  иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

 

    7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.





 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ