Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2021/0918/З |
Дугаар | 221/МА2022/0764 |
Огноо | 2022-12-06 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2022/0764
“П” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч, Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү
Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Д
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “П” ХХК
Хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч А.Б
Нэхэмжлэлийн шаардлага: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч А.Бийн 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 01-07-106/259, 01-07-106/260 дугаар дүгнэлтүүдийн “П” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 729 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О,
Хариуцагч А.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн
Хэргийн индекс: 128/2021/0918/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “П” ХХК-иас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч А.Бид холбогдуулан “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч А.Бийн 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 01-07-106/259, 01-07-106/260 дугаар дүгнэлтүүдийн “П” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 729 дүгээр шийдвэрээр:
“...Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 10 дугаар зүйлийн 10.9-д заасныг баримтлан “П” ХХК-ийн гаргасан “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч А.Бийн 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 01-07-106/259, 01-07-106/260 дугаар дүгнэлтүүдийн “П” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Д дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна.
3.1.“...Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч А.Б нь маргаан бүхий дүгнэлтийг гаргахдаа “П” ХХК-ийн шатахуун хадгалах, түгээх байгууламжийн хадгалах сав, түгээх хошуунаас авсан АИ-92 автобензины дээжид Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо хэмжил зүйн лаборатори болон Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораториос тус тус хийгдсэн шинжилгээний сорилын дүнгүүдийг үндэслэсэн байдаг.
Гэтэл дээрх лабораториудад хийгдсэн шинжилгээний сорилтын хариу илтэд зөрүүтэй гарсан бөгөөд АИ-92 автобензиний октаны тоо Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо хэмжил зүйн лаборатори хийгдсэн шинжилгээгээр 91.2-91.9 буюу дунджаар 91.5 гэж, Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторийн шинжилгээгээр 95.1-96.1 буюу дунджаар 95.75 гэж тодорхойлогдож гарсан.
“Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага” МNS0217:2017 стандартын 9 дүгээр зүйлийн 9.1-д “...тухайн бүтээгдэхүүний чанарын талаар санал зөрсөн тохиолдолд бензиний дээжийг дахин авч шинжилнэ”, Газрын тосны бүтээгдэхүүн, дээж авах арга 0218:2008 стандартын 7 дугаар зүйлийн 7.2-т “Газрын тосны болон газрын тосны бүтээгдэхүүний дундаж дээжийг хоёр хувааж нэг дээжийг лабораторид шинжлүүлэхээр өгч, нөгөөг нь битүүмжилж маргаан таслахад зориулж тунадас, тоосноос хамгаалагдсан байранд хадгална”, 7.7-д “Маргаан таслахад зориулсан газрын тосны бүтээгдэхүүний дээжийг уг бүтээгдэхүүнийг илгээсэн өдрөөс хойш 45 хоног хадгална” гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл дээрх стандартуудад бүтээгдэхүүний чанарын талаар санал зөрсөн, маргаантай, зөрүүтэй асуудал үүсэх тохиолдолд уг маргааныг таслах зорилготойгоор тусдаа дээжийг хадгалах, улмаар уг дээжид дахин шинжилгээ хийх тодорхой зохицуулалт байх бөгөөд уг зохицуулалтын дагуу Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо хэмжил зүйн лаборатори болон Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораториудад хийгдсэн шинжилгээний зөрүүтэй байдлыг шийдвэрлэх бүрэн боломжтой.
Гэтэл хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч нь дахин шинжилгээ хийх стандартын заалтыг мэдэж байсан хэрнээ уг зохицуулалтын хэрэгжилтийг хангуулах талаар арга хэмжээ авахгүйгээр, зөрүүтэй, эцсийн хариу гараагүй шинжилгээний дүнг үндэслэж “П” ХХК-иас авсан дээжийг “стандартын шаардлага хангаагүй” хэмээн дүгнэлт гаргаж, ийнхүү гаргасан дүгнэлтээ нэхэмжлэгчид зохих журмын дагуу мэдэгдээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус үйлдэл гаргасан.
3.2.“П” ХХК-ийн АИ-92 автобензинээс авсан дээжийн шинжилгээний зөрүүтэй хариуг авч үзвэл Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо хэмжил зүйн лабораториос АИ-92 автобензины октаны тоо 91.2-91.9 буюу дунджаар 91.5 гэж тодорхойлогдсон, энэ нь зөвшөөрөгдөх алдааны магадлалыг тооцож үзвэл энэ нь хэвийн хэмжээнд гэж тооцогдож болохоор байна.
Харин Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораториос АИ-92 автобензины октаны тоо 95.1-96.1 буюу дунджаар 95.75 тодорхойлогдсон нь чанарын шаардлага хангахгүй гэж үзэх үндэслэлгүй юм.
Учир нь “Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага” МNS0217:2017 стандартын 5.2-т “...Этилжүүлээгүй бензиний физик, химийн болон ашиглалтын үзүүлэлтүүдийн хэмжээ 1, 2-р хүснэгтэд заасан шаардлагад нийцэж байвал зохино”, 5.2 дахь заалтын 1 дүгээр хүснэгтийн 1-д “...октаны тоо, 92-оос багагүй байна” гэж заасан нь хамгийн бага буюу доод хэмжүүрийг зааж өгсөн тул 92.00 ба түүнээс дээш байна гэсэн утгыг илэрхийлнэ.
Октаны тоо гэдэг нь хөдөлгүүрийн цилиндр дотор орсон шатахуун нь поршингийн шахалтад орж, очлуураас өгөх очны улмаас тэсрэх хүртэлх тэсвэрлэх чадвар бөгөөд цилиндрийн шахалтын харьцаанаас аль октантай бензинийг хэрэглэх нь хамаарч байдаг. Автомашин бүрийн ашиглалтын баримт бичигт хэрэглэж болох шатахууны октаны хамгийн доод хэмжээг зааж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл стандартад заасан хэмжээнээс бага октантай бензин хэрэглэснээр хөдөлгүүрийн хэм алдагдах, цаашид хөдөлгүүр доголдох хүндрэлүүд үүсдэг тул МNS0217:2017 стандартад октаны тоог 92-оос багагүй байна гэж заасан байдаг.
Харин стандартад 92-оос их утгын хязгаарыг зааж өгөөгүй нь октаны тоо заасан хэмжээнээс дээш байх тусам шаталтын чанар өндөртэй, илүү чанартай шатахуун гэж үздэгтэй шууд хамааралтай юм. Иймд “П” ХХК-ийн шатахуун хадгалах, түгээх байгууламжийн хадгалах сав, түгээх хошуунаас авсан дизель түлшний дээжид шинжилгээ хийж гаргасан сорилтын дүнг “Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага” МNS0217:2017 стандартын шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.
3.3.Шийдвэрийн Үндэслэх хэсгийн 3 дугаар зүйлийн 7/-д “...хариуцагч нь нууц кодоор кодолж ирүүлсэн шинжилгээний дээжид хийсэн лабораториудын дүнг Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандарт үзүүлэлттэй харьцуулан үзэх байдлаар дүгнэлтээ гаргасан байх тул хариуцагч Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь маргаан таслах шинжилгээг дахиж хийх эрх, үүрэг бүхий этгээд гэж үзэхээргүй байна...” гэжээ.
Хариуцагч Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч А.Б нь тухайн үед Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газартай хамтарсан шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх шалгалтын бүрэлдэхүүнд орж ажилласан байдаг. Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.11-д “улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн, зөвийг бүрэн хариуцах үүрэгтэй”, 10.12-т “Улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч энэ хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 10.12.1-д “...шаардлагатай асуудлыг магадлах зорилгоор лабораторийн буюу магадлан шинжилгээг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх” гэж заасан.
Өөрөөр хэлбэл хариуцагч нь “Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага” МNS0217:2017 стандарт, Газрын тосны бүтээгдэхүүн, дээж авах арга 0218:2008 стандартад заасан маргаан таслах шинжилгээ хийх талаар зохицуулалтыг бүрэн мэдэж байсан, Төрийн хяналтын шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.1-д заасны дагуу шаардлагатай асуудлыг магадлах зорилгоор лабораторийн буюу магадлан шинжилгээг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх бүрэн эрхтэй этгээд бөгөөд мөн хуулийн 10.19.11-д зааснаар өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцах үүрэгтэй төрийн албан хаагч юм.
Гэтэл анхан шатны шүүх мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн хуулиар хүлээсэн эрх, үүргийг тодотгох бус үгүйсгэж, хэргийн үйл баримт, нотлох баримтыг тал бүрээс нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн, зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэхгүйгээр дүгнэлт хийжээ.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 729 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч хяналтын улсын ахлах байцаагч А.Бийн 2022 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 01-07-106/260 дугаар дүгнэлтийн “П” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
4.Хариуцагч гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж тайлбарлаж байна.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
1.Нэхэмжлэгч “П” ХХК нь хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагчид холбогдуулан “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагчийн 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 01-07-106/259 дүгээр дүгнэлтийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх “...шатахуун хадгалах, түгээх байгууламжийн хадгалах сав, түгээх хошуунаас авсан дизель түлшний дээжид шинжилгээ хийж гаргасан сорилтын нийт 84 үр дүнг судалсан ...сорилтын дүн нь нэхэмжлэгч “П” ХХК-д хамааралгүй байна” гэх дүгнэлтийг хийж хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
1.1.Үүнийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу давж заалдах шатны шүүхээс тухайн хэсэгт үнэлэлт, дүгнэлт өгөөгүй болно.
2.“Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагчийн 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 01-07-106/260 дугаар дүгнэлтийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд:
2.1.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр “...АИ-92 автобензин дизелийн түлшнээс дээж авч, мэргэжлийн лабораториудаар шинжлүүлээд байна. Иймд лабораторийн сорилт шинжилгээний үр дүнд дүгнэлт гаргаж ...ирүүлж хамтран ажиллана уу” гэх 01/1297 дугаар албан бичгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлсний дагуу хариуцагч 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 01-07-106/260 дугаартай дүгнэлтийг гаргаж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 07/1577 дугаар албан бичгээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хүргүүлсэн байна.
2.2.Маргаж буй дүгнэлтийн 2 дахь заалтад “Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бинзен. Техникийн шаардлага” MNS0217:2017 стандартын шаардлагыг хангахгүй автобензины октаны тоо бүхий шинжилгээний сорилтыг дурдсаны дотор нэхэмжлэгчийн GT040, СШ21/88 дугаар бүхий шинжилгээний сорилтууд багтжээ.
2.3.“Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага” MNS0217:2017 стандартад “Автомашины этилжүүлээгүй бензиний төрөл, ангиллыг шинжилгээний аргаар тодорхойлсон октаны тоо болон экологийн ангиллаас хамааруулан тогтооно. АИ-80, 92, 95, 98 ...октаны тоо, багагүй: -шинжилгээний аргаар 80, 92, 95, 98” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн лаборатори болох Иргэний нисэхийн ерөнхий газрын лабораторид 210802 кодтойгоор шинжилгээнд орж СШ21/88 дугаар бүхий үр дүнгээр отканы тоо 95.6, Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны лабораторид GT040 дугаар бүхий үр дүнгээр октаны тоо 91.8 гэж тус тус тодорхойлогдсон автобензины октаны тоо нь уг стандартын шаардлагыг хангахгүй байна.
2.4.Өөрөөр хэлбэл, дээрх стандартад АИ-92 октаны тоо нь 92-оос багагүй, АИ-95 октаны тоо нь 95-аас багагүй гэсэн нь тусгагдсан тухайлбал, АИ-92 автобензины хувьд октаны тоо 92-оос 95 хүртэл гэж ойлгох тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдолдоо “...стандартад хамгийн бага доод утгыг зааж өгсөн бөгөөд 92.00 ба түүнээс дээш байна гэж ойлгох ба 92-оос их утгын хязгаарыг зааж өгөөгүй” гэж дурдсаныг хүлээн авах боломжгүй юм.
3.Мөн итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтээр гарсан октаны тоог нэхэмжлэгчийн давж заалдах гомдолдоо дурдсанаар зөвшөөрөгдөх алдааны магадлалыг тооцож, хэвийн хэмжээнд гэж үзэх байдлаар хариуцагчийн дүгнэлтийг буруутгаж болохгүй.
3.1.Түүнчлэн хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас үзвэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас ирүүлсэн итгэмжлэгдсэн лабораториудад шинжилгээ хийж гарсан нийт 150 сорилтын холбогдох хэсгийн үр дүнг хариуцагч судалж, дүгнэлт гаргасан, шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангаж буй эсэхийг шийдвэрлэх эрх бүхий этгээд биш байх тул хариуцагчийг дахин шинжилгээ хийлгэх стандартын заалтыг хэрэгжүүлэхгүй зөрүүтэй шинжилгээний дүнг үндэслэж нэхэмжлэгч компаниас авсан дээжийг шаардлага хангаагүй гэж дүгнэсэн нь буруу гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь үндэслэлгүй юм.
3.2.Хариуцагч Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 10 дугаар зүйлийн 10.9-д заасны дагуу итгэмжлэгдсэн лабораториудаас ирүүлсэн сорилтын үр дүнг нэгтгэн дүгнэлт гаргасныг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газартай хамтарсан Шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх шалгалтын бүрэлдэхүүнд орж байсан гэх үндэслэлээр маргаан таслах шинжилгээ хийлгээгүй хэмээн буруутгаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхээргүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 729 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Дын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийн зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН