Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 1232

 

    “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн

    нэхэмжлэлтэй, иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,        

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/00721 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Эс Эй Эн Ди И” ХХК-д холбогдох         

Гэрээнээс учирсан хохиролд 105 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 

Хариуцагчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Мөнхбаяр

Хариуцагчийн төлөөлөгч Х.Пунцагдорж

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Даваасүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эс Эй Эн Ди И” ХХК 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 2-4-195/16 тоот ажил гүйцэтгэх гэрээний дагуу 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 110 кв-ын гүйдлийн трансформаторыг манай компанид нийлүүлж, үйлдвэрийн туршилтын болон нийлүүлэгч байгууллагын туршилтын протоколуудыг үндэслэн угсарч монтажлан хэмжилт хийн бэлтгэлд оруулж хүлээн авсан. 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 02:28 цагт 110 кв-ын ил хуваарилах байгууламж-3 дахь турбогенератор №6-ийн “В” фазын шинээр суурилуулсан гүйдлийн трансформатор гэмтсэнээс турбогенератор №5, №9 сүлжээнээс тус тус тасарч өндөр даралтын хэсэг хүчдэлгүй болж станц аваариар бүрэн зогссон. Энэх аваари нь чанарын шаардлага хангаагүй эрчим хүчний тоног төхөөрөмж нийлүүлсэн “Эс Эй Эн Ди И” ХХК-ийн буруугаас болсон бөгөөд уг компаниар хохирлыг төлүүлэх нь зүйтэй гэдгийг Монгол Улсын Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 04/2016 тоот дүгнэлт болон “Эс Эй Эн Ди И” ХХК-иас 125 000 000 төгрөг гаргуулах “ДЦС-3” ТӨХК-ийн комиссын станц бүрэн зогссон аваарийг судалсан тухай 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 01/16 тоот актаар бүрэн нотлогдож байна. Дээрх аваарийн улмаас станцын үйл ажиллагаа хэвийн болгоход 125 000 000 төгрөг шаардлагатай болох нь “ДЦС-3” ТӨХК-ийн санал, дүгнэлт болон компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 37 дугаар тогтоолоор тогтоогдсон. Иймд “Эс Эй Эн Ди И” ХХК-иас 125 000 000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан бөгөөд бид уг засварын ажлыг гүйцэтгүүлж, тоног төхөөрөмж худалдаж авахаар “Цагаан шүтээн” ХХК-тай гэрээ байгуулж, 105 000 000 төгрөгийн үнэтэй IOSK-145 маркийн гүйдлийн трансформаторыг худалдаж авсан. Иймд уг тоног төхөөрөмж худалдаж авахад гарсан зардлын хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, гэрээнээс учирсан хохиролд 105 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Эс Эй Эн Ди И” ХХК-ийн төлөөлөгч Х.Пунцагдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх тус компанитай 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээний дагуу 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 110 кв-ын гүйдлийн трансформатор нийлүүлж, зохих туршилтуудыг хийж, туршилтын протоколуудыг үндэслэн угсарч монтажлан хэмжилт хийн бэлтгэлд оруулж хүлээлгэн өгсөн. Гэтэл 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 02:28 цагт 110 кв-ын ил хуваарилах байгууламж-3 дахь турбогенератор №6-ийн “В” фазын шинээр суурилуулсан гүйдлийн трансформатор гэмтсэнээс турбогенератор №5, №9 сүлжээнээс тус тус тасарч өндөр даралтын хэсэг хүчдэлгүй болж станц аваариар бүрэн зогссон гэмтэл гарсан байсан. Тухайн үед хүчтэй бороо орж байсан бөгөөд давхар гэмтсэн БТР-6-ын 2 ширхэг гүйдлийн трансформатор нь 2005 онд ашиглалтад орсон төхөөрөмжүүд байсан. Бид тухайн үед Улсын Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 04/2016 тоот дүгнэлт болон бусад актын талаар гомдол гаргаагүй. Станц бүрэн зогсож, аваарийн байдалд орсон асуудалд маргаагүй, бид буруутай талаар маргахгүй. Харин манай компани гэрээний дагуу нийлүүлсэн IOSK-145 маркийн гүйдлийн трансформаторын үнэ 38 390 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байгаа боловч давхар гэмтсэн БТР-6-ын 2 ширхэг гүйдлийн трансформаторын үнийг нэхэмжлэгч байгууллагын гаргаж өгсөн элэгдлийг тооцсон үнээр буюу нэг ширхэгийг 10 253 804.24 төгрөгөөр тооцон нийт 20 507 608 төгрөгийн хэмжээнд хохирлыг барагдуулах боломжтой байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Эс Эй Эн Ди И” ХХК-иас 105 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ДЦС-3 ТӨХК-д олгож, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 782 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Эс Эй Эн Ди И” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 682 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ДЦС-3 ТӨХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Х.Пунцагдорж, түүний өмгөөлөгч Л.Даваасүрэн нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Гэрээт ажлыг 2016 оны 5 дугаар сарын 24-ний 10:00 цагаас 18:00 цат Захиалагчийн хяналтан дор нарядаар гүйцэтгэж, актаар хүлээлгэн өгсөнөөс хойш ажилд залгасан үгүйг мэдэгдэлгүй байж байгаад бидэнд мэдэгдэлгүйгээр, урьдчилсан үзлэг шалгалт хийлгүйгээр, цаг агаарын таагүй, бороотой үед шинэ тоноглолыг хүчдэлд залгасан. Мөн хүчдэлд залгасны дараа анхан шатны эргэлт шалгалт хийгээгүйгээс гүйдлийн трансформаторыг гэмтэхэд хүргэсэн. Энэ нь буруу ашиглалтаас үүдэлтэй гэж үзэж байна. Гэрээний 3.3-т “Засварын ажил нь чанарын шаардлага хангахгүй тохиолдолд гүйцэтгэгч нь хугацаа алдалгүй өөрийн хөрөнгөөр хийж өгөх ба гарсан зардалыг хариуцах”, гэрээний 2.2-т “Баталгаат хугацаанд гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажилтай холбоотой гэмтэл доголдол гарвал дахин үнэ төлбөргүй хийж гүйцэтгэхийг шаардах” зэрэг гэрээний заалтуудыг зөрчиж өөр компаниар дахин засварлаж шинэчлэх ажлыг гүйцэтгүүлсэн. Хуучин ашиглаж байсан А болон С фазын гүйдлийн трансформатор нь "В" фазын гүйдлийн трансформатор гэмтэх үеийн доргилтын хүчний үйлчлэлийг даалгүй сууриараа гэмтсэн нь ашиглалтын хугацаа дуусч динамик бат бөхийн чанар нь алдагдсан гэж үзэж байна. Энэ нь цахилгаан тоног төхөөрөмж гадны богино залгаа гэмтэлийн  үеийн  механик болон динамик хүчний үйлчлэлд тэсвэртэй, гэмтэхээргүй ажиллах ёстой шаардлагыг хангаж чадахааргүй механик бат бөхийн чанар нь алдагдсан байна. Дээрх хоёр гүйдлийн трансформатор гэмтлийн улмаас ямар нэг эд зүйлд цохигдсоноос биш доргилтын үед суурь хэсгээр гэмтэж ашиглалтаас гарсан. Шийдвэрт 105 000 000 төгрөгийн зардал бодитойгоор гарсан болохыг нотолсон санхүүгийн баримт хэрэгт байхгүй байхад дээрх төлбөрийг хариуцагчаар төлүүлж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хууль ёсны шаардлагад нийцэхгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах зүйтэй байна.

Нэхэмжлэгч “Дулааны гуравдугаар цахилгаан” ТӨХК хариуцагч “Эс Эй Эн Ди И” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 105 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчдын  хооронд 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 2-4-145/16 дугаартай “ТГ-6-Н “В” фазын гүйцдлийн трансформаторыг IOSK-145 маягийн гүйдлийн трансформатороор солих ажил гүйцэтгэх гэрээ  байгуулагджээ. Тус гэрээний  1 дүгээр зүйлд зааснаар ажил гүйцэтгэгч “Эс Эй Эн Ди И” ХХК“ нь “ТГ-6-н 110 кВ-н В фазын гүйдлийн трансформаторыг IOSK маркийн гүйдлийн трансформатороор солих” ажлыг 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 05-ны хооронд хуанлийн 35 хоногт багтаан хийж хүлээлгэн өгөх, НӨАТ болон бусад зардлыг тооцоод, гэрээт ажлын үнийг 38 390 000 төгрөгөөр тогтоож, ажлын хөлсний 90 хувийг гэрээт ажлыг хүлээн авч, гэрээ дүгнэсэн акт батлагдсанаас хойш хуанлийн 30 хоногт багтаан захиалагчид шилжүүлэхээр тохиролцсон байна. /хх-ийн 5-6/

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь зөв болжээ.

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2 дахь хэсэгт ажлын үр дүн доголдолтой бол захиалагч ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл шинээр ажил гүйцэтгүүлэх доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх, доголдлын улмаас ажлын үр дүн буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлөх зохих хөлсийг бууруулахаар шаардлага гаргах эрхтэй.

Зохигч талууд 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээгээ дүгнэж, баталгаат хугацааг ашиглаж эхэлснээс хойш 3 сараар тогтоож, гэрээт ажлын хөлсний 10 хувь буюу 3 839 000 төгрөгийг уг хугацаа дууссаны дараа захиалагчид олгохоор заажээ. /хх-9/

Хариуцагч нь 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр ажлаа хүлээлгэн өгсөн боловч 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн  02 цаг 28 минутад шинээр суурилуулсан гүйдлийн трансформатор гэмтсэнээс турбогенератор №5, №9 сүлжээнээс тус тус тасарч өндөр даралтын хэсэг хүчдэлгүй болсноор бүрэн зогссон үйл баримт тогтоогдсон байна.

Хариуцагч “Эс Эй Эн Ди И” ХХК нь чанарын шаардлага хангаагүй доголдолтой трансформатор нийлүүлсний улмаас уг тоног төхөөрөмж гэмтсэн нь Улсын Мэргэжлийн хяналтын байцаагчийн 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 04/2016 тоот дүгнэлт, “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 01/16 тоот акт, талуудын тайлбараар нотлогдсон.

Дээрх гэмтэл нь талуудын хоорондох гэрээ дүгнэсэн актанд заасан 3 сарын баталгаат хугацаанд гарсан нь Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1, 349.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

Хэргийн 45 дугаар талд “110 кВ-ын Ил хуваарилах байгууламж №3 дахь Турбогенератор №6-ын” гэмтэл гарсан хөрөнгийн жагсаалт гэх баримт авагдсан байх ба хариуцагч талаас ажиллаж байсан гүйдлийн трансформатор тус бүрийн элэгдэл хоргодлыг 10 253 804.24 төгрөгөөр тооцон хасуулах тайлбар гаргасныг хүлээн авч, хохирол 105 000 000 төгрөгөөс тоног төхөөрөмжийн элдэгдэл хоргодолд 20 507 608 төгрөгийг хасч 84 492 392 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ. 

Дээрх үндэслэлээр  хариуцагчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/00721 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад

“105 000 000” гэснийг “84 492 392” гэж, “олгосугай” гэснийг “олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20 507 608 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,  2 дахь заалтад “682 950” гэснийг “580 417” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Эс Эй Эн Ди И” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 682 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

          

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

                                                                      ШҮҮГЧИД                                     Ц.ИЧИНХОРЛОО

                                                                                                                             Д.БАЙГАЛМАА