Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/37

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж, 

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б

Улсын яллагч Н.Д

Шүүгдэгч Т.Ө нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Ө-д холбогдох эрүүгийн 2025000000444 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т.Ө

 

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Т.Ө-г 2020 оны 10 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Баруун дэнжийн 18-9 тоотод иргэн Д.Т-г нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Ө-н мэдүүлсэн, би Түгсүрэнд гар хүрээгүй. Намайг очиход нүд нүүр нь хөхөрсөн байдалтай байсан. Согтуу янз бүрийн юм яриад шургаж унасан гээд охинтойгоо яриад байсан.Бидний хооронд маргаан болоогүй гэх мэдүүлэг,

-Хохирогч Д.Т-н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “...2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баруун дэнж гэх газарт байх Баяраа найзынхаа гэрт очсон. Тэдний гэрт очих үед Баяраа ганцаараа байсан ба би очихдоо нэг шил архи аваад очсон... Баяраагийн хүүгийнх нь найз гээд 30-35 орчим насны залуу орж ирсэн ба тэр залуу бид хоёртой хамт архи ууж суусан... тэгээд би согтоод орон дээрээ унтаж байтал гэнэт нөгөө залуу намайг сэрээгээд нүүрний баруун хацар руу хоёр удаа гараараа хүчтэй цохисон. Тэгэхээр нь би гайхаад яаж байгаа юм бэ гээд боссон чинь дахиад миний нүүрэн тус газар цохисон. Тэгээд би согтуу байсан болохоор тухайн үедээ яаж байгаа юм бэ гээд эргээд орон дээр хэвтэж байгаад унтчихсан байсан...Миний санаж байгаагаар 10 сарын 09-ний өдөр Баяраагийнд очсон гэхээр 10 сарын 04-ний өдөр Дэнжийн ард байх жалга руу халамцуу явж байгаад хөл алдаж хальтирч унаад з үүн талын хацраа гэмтээсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9-р хуудас/

 

-Гэрч Д.О-н мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн “ 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 16 цаг өнгөрч байхад би өөрийн төрсөн ах Түгсүрэнг түргэн дуудаж өөрийнхөө гэрээс авчирсан...Одоо манайх руу явъяа гэхэд тэгье гээд очсон.. Явах замдаа нүүрээ яасан бэ гэхэд уначихсан юмаа л гэсэн.Өөр онцын зүйл яриагүй...намайг очиход блокон дээр тамхи татаж байсан. Тухайн үед жижиг өрөөнд парны тохируулагчийг мулт татсан байсан. Ус алдсан байсныг хэсэг хугацаанд цэвэрлэж байтал ах блокон дээр хэвтэж байсан, улмаар эмнэлэг дуудсан...Сүүлийн үед архи их ууж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/

 

-Гэрч А.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...Анх манай БОЭТ-ийн хүлээн авах тасагт ухаангүй амьсгал. Зүрх судас зогсож, сэхээн амьдруулах арга хэмжээ авсны дараах байдалтай өгүүлэмжээр олон хоног архи уусан, 3-4 хоногийн өмнө бусдад зодуулсан гэж ар гэрийнхэн хэлсэн... Шинжилгээний дүгнэлтээр гүн хордлоготой элэгний дутагдлын шинж тод илэрсэн байсан...архины цочмог хордлого хордлогын шалтгаант меокардит элэгний дутагдал гэсэн оноштойгоор эмчлэгдэж байна... ” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/

 

-Гэрч Д.Х-н мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...Эмнэлэг дээр шууд ирээд юу болсон талаар асуухад Баасанцэрэн надад манай гэрт Түгсүрэн ах эхний өдөр ирээд явахдаа харуулдаад уначихсан, харин дараа нь намайг байхгүй байхад гэрт Түгсүрэн ах ирэхдээ казак хүнд зодуулчихлаа гэж охинд маань хэлсэн байсан гэж Баасанцэрэн надад хэлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 16-р хуудас/

 

-Гэрч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...Түгсүрэн манай гэрт орж ирэхдээ нүүрэн хэсэг нь шалбарсан байхаар нь юу болов гэж асуухад би явж байгаад харуулдаад уначихлаа гэж хэлэхээр нь би нүүрэнд нь тос түрхэж архи бага ууж бай гэж загначихаад гэрээсээ гараад хөдөө явсан. Би хөдөө сүлжээтэй газар байж байтал манай эхнэр над руу залгаад Түгсүрэн хүнд зодуулчихсан, нүүрэн хэсэг нь халцарсан, хоолой хэсэг нь хөхөрсөн гэрт орж ирлээ намайг нэг казак зодчихлоо гэж манай эхнэр охин хоёрт хэлсэн гэж надтай утсаар ярьсан...Мөн манай охин Түгсүрэн ахаа та цагдаад дуудлага өгөөчээ гэхэд тэр казак залуу надад 80.000 төгрөг болон миний толгойг бариулж өгнө гэж хэлсэн, цагдаад дуудлага өгөөд хэрэггүй, өглөө над дээр ирнэ гэсэн гэж охинд маань хэлсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/

 

-Гэрч Д.Ч-н мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...Удаагүй  над руу 99566004 дугаарын утсаар залгаад нэг казак залуу архины шилээр нүүр, ам руу цохиод аймаар болчихлоо толгой хөдөлсөн юм шиг байна, би Дэнж багт Хунт баарны зүүн талд айлд байна гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/

 

-Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...2020 оны 10 сарын 10-ны өдөр 19 цагийн үед би гэртээ нөхөр, ээж, охинтойгоо байж байхад хүн хаалга тогшоод онгойлготол Түгсүрэн ах байсан... Ах нь хүнд зодуулчихлаа гээд нүүр хэсэг нь хөхрөөд хавдчихсан аймар болчихсон байсан... цагдаад хэлэхгүй юм уу гэхэд за яахын хүнийг бас цагдаад өгөөд, надад тэр хүн 80.000 төгрөг өгнө гэж байсан... Дэнжид байдаг Баяраа гэдэг залуугийнд казак залууд зодуулсан гэж байсан... Тэр зодсон хүн нь Түгсүрэн ахыг өглөө ирж аваад толгойг нь бариулна гэж байсан...Дэнжид байдаг Баяраа гэдэг залуугийнд казак залууд зодуулсан гэж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/

 

-Гэрч Л Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн “...Миний санаж байгаагаар энэ 7 хоногийн 1 дэх өдөр манайд ирээд хоноод явсан. Мөн тухайн үед араас нь Өмирзага гэх залуу бас хамт ирээд хоносон. Манайд хонох явцад Өмирзага буюу Өмөө бид гурав 0.75 граммтай Соёрхол гэх архи уусан. Бид гурав архиа уугаад унтаад өгсөн. Д.Түгсүрэн нь манайд хоноод маргааш нь Өмирзагад хандаж чи над руу дайраад байсан шүү гэж л яриад байсан. Яг хэрүүл маргаан болсон талаар мэдэхгүй. Намайг өглөө унтаж байх үед Д.Түгсүрэн нь толгойгоо бариулаад ирлээ, тархи хөдөлсөн байна гээд л байсан. Би юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. Өмирзага нь нилээн агсандуу л нөхөр байна лээ...Түгсүрэн 10 сарын 09-ний өдөр манайд ирэхэд шуудуу руу унасан гээд 2 нүдний доод талд ягаан туяатай согтуу ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/

 

-Э.Гэрч Т.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...Манай аав 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 29-ний өдрийн хугацаанд хэвтэн эмчлүүлж байгаад Улаанбаатар хотод ирсэн.. Манай аав удаан гадуур явахаар толгой нь хөлрөөд эргээд байгаа харилцан яриа хийхээр согтуу хүн шиг өөдөөс яриад байгаа нэг юмаа давтан асуух болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/ 

 

-Гэрч Б.На-йн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн...яг хэдэн байсныг санахгүй байна.УБ хотоос шөнийн 01 цагийн үед гэртээ ирэхэд аав Батбаяр, Түгсүрэн ах, найз Өмирзага 3 унтаж байсан.Гэрт хоосон 2 ш архины шил байсан. Би үүрийн 5 цагт босоод Хөвсгөл явсан.Хөвсгөлд 2 хоноод орой 22 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд аав Батбаяр Түгсүрэн ах 2 байсан...УБ хотоос ирэхэд Түгсүрэн ахын нүүр нь ягаарчихсан байсан.Нүүрээ яасан юм бэ гэж асуухад түгсүрэн ах өө ах нь алхаж яваад жалга руу бүдрээд нүүрээрээ уначихлаа гэж хэлсэн...”гэх мэдүүлэг/ хх-ийн 31-32/

 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр №743 дугаартай  “...Д.Т-н биед хоёр хацар, баруун гарын тохой, баруун гуя, зүүн суганы урд хэсэгт цус хуралт үүсчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Дээрх цус хуралтууд нь 5-8 хоногийн өмнө үүссэн байхаар байна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-36-р хуудас/

 

-2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн компьютер томограф /тодосгогч бодисгүй толгойн зураг “...Баруун талын субарахнойд зай дагуудаа өргөссөн ба духны хэсэгт 0,8 см зулайн хэсэгт 1,0 см хүртэл өргөссөн байна. Үүний улмаас баруун талын хажуу ховдол бага зэрэг нарийссан...” гэх шинжилгээний дүгнэлт /хх-ийн 37-р хуудас/

-Шинжээч эмч Ч.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...Би Д.Түгсүрэнгийн биед 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр үзлэг хийсэн ба тухайн үед үзэхэд дээрх гэмтэл нь 5-8 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байжээ. Магадлуулагч нүүрээрээ газарт унах үед арьсанд цус хуралт ба түүний харалдаа зулгаралт үүснэ. Д.Түгсүрэнгийн нүүрэнд зулгаралт гэмтэл байхгүй байсан. ..Дээрх нүүрэнд үүссэн гэмтлүүд нь тус бүрдээ гараар цохиод үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-р хуудас/ Шүүгдэгч Т.Өмирзагын яллагдагчаар мэдүүлсэн...10 сарын 09-ний өдөр гэрт нь очиход Батбаяр ах Түгсүрэн ахтай хамт архи уугаад халамцуу байсан.Би архинаас хувааж ууж дуусаад би гэртээ мөнгөө орхисон байна,мөнгөтэй хүн байвал зээлчих би гэртээ хариад шилжүүлье гэсэн чинь Түгсүрэн ах “надад буцах унааны зардал байна, 3-4 хоногоос буцах үед өгөөрэй гэсэн. Тэгээд мөнгийг зээлэхээр болж Түгсүрэн ахын хамт гарч дэлгүүрээс 2 шил архи ус ундаа тамхи авсан.Ойролцоогоор 20 цагийн орчим эхнэр Алтанзул намайг авах гээд гадаа ирсэн байна гээд залгахаар нь би гарсан...10 сарын 12-ны өдөр ...Түгсүрэн ах мөнгийг минь өгөхгүй юм уу би эндээс явах гээд байна гэхээр нь ...би Батбаяр ахынд очоод бэлэн байсан 45,000 төгрөгөө өгсөн чинь толгойгоо бариулмаар байна,нөгөө танил хүн дээр чинь очъёо гэхээр нь бариач дээр очиж толгойг нь бариулчихаад буцаж явахдаа Түгсүрэн ах 1 шил архи аваад Батбаяр ахынд очоод тэндээ архи уугаад унтсан.Өглөө босоход Түгсүрэн ах явчихсан байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 47/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Баруун дэнжийн 18-9 тоотод оршин суух иргэн Л.Б-д 2020 оны 10 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө  Д.Түгсүрэн,Т.Өмирзага нар архи уусан ба Д.Түгсүрэн тэндээ хоносон, мөн 10 дугаар сарын 12-ны орой Д.Түгсүрэн,Т.Өмирзага нар дахин очиж архи уусан, Д.Т тэндээ хоносон.Т.Өмирзага 9,12-ны аль өдөр тэнд хоносон болох нь тодорхойгүй, Д.Түгсүрэн Л.Б-д очих үедээ нүүр нь улайж хөхөрсөн байсан ба жалга руу харуулдаж унасан гэж өөрөө ярьсан. Д.Түгсүрэн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр архины хордлого оноштой ухаан алдсан байдалтай эмнэлэгт хүргэгдэж эмчилгээнд орсон ба Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр №743 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...Д.Т-н биед хоёр хацар, баруун гарын тохой, баруун гуя, зүүн суганы урд хэсэгт цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл үүссэн гэж дүгнэжээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой гэж үзэв.

 

Хавтаст хэрэгт авагдаж яллах дүгнэлтэд үндэслэсэн нотлох баримтуудаар Т.Ө нь 2020 оны 10 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Баруун дэнжийн 18-9 тоотод иргэн Д.Тнүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт хангалттай бүрэн нотлогдоогүй, эргэлзээтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Д.Т-н мэдүүлсэн “...тэгээд би согтоод орон дээрээ унтаж байтал гэнэт нөгөө залуу намайг сэрээгээд нүүрний баруун хацар руу хоёр удаа гараараа хүчтэй цохисон. Тэгэхээр нь би гайхаад яаж байгаа юм бэ гээд боссон чинь дахиад миний нүүрэн тус газар цохисон. Тэгээд би согтуу байсан болохоор тухайн үедээ яаж байгаа юм бэ гээд эргээд орон дээр хэвтэж байгаад унтчихсан байсан...Миний санаж байгаагаар 10 сарын 09-ний өдөр Баяраагийнд очсон гэхээр 10 сарын 04-ний өдөр Дэнжийн ард байх жалга руу халамцуу явж байгаад хөл алдаж хальтирч унаад зүүн талын хацраа гэмтээсэн...” гэх мэдүүлэг, гэрч Д.Оюунгэрэлийн “ 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 16 цаг өнгөрч байхад би өөрийн төрсөн ах Түгсүрэнг түргэн дуудаж өөрийнхөө гэрээс авчирсан...Одоо манайх руу явъяа гэхэд тэгье гээд очсон.. Явах замдаа нүүрээ яасан бэ гэхэд уначихсан юмаа л гэсэн...”гэх мэдүүлэг, гэрч Д.Халтарын  “...Эмнэлэг дээр шууд ирээд юу болсон талаар асуухад Баасанцэрэн надад, манай гэрт Түгсүрэн ах эхний өдөр ирээд явахдаа харуулдаад уначихсан, харин дараа нь намайг байхгүй байхад гэрт Түгсүрэн ах ирэхдээ казак хүнд зодуулчихлаа гэж охинд маань хэлсэн байсан...”гэх мэдүүлэг, гэрч Д.Баасанцэрэнгийн “...Түгсүрэн манай гэрт орж ирэхдээ нүүрэн хэсэг нь шалбарсан байхаар нь юу болов гэж асуухад би явж байгаад харуулдаад уначихлаа гэж хэлэхээр нь би нүүрэнд нь тос түрхэж архи бага ууж бай гэж загначихаад гэрээсээ гараад хөдөө явсан. Би хөдөө сүлжээтэй газар байж байтал манай эхнэр над руу залгаад Түгсүрэн хүнд зодуулчихсан, нүүрэн хэсэг нь халцарсан, хоолой хэсэг нь хөхөрсөн гэрт орж ирлээ намайг нэг казак зодчихлоо гэж манай эхнэр охин хоёрт хэлсэн гэж надтай утсаар ярьсан...”гэх мэдүүлэг, гэрч Л Батбаярын  “...Миний санаж байгаагаар энэ 7 хоногийн 1 дэх өдөр манайд ирээд хоноод явсан. Мөн тухайн үед араас нь Өмирзага гэх залуу бас хамт ирээд хоносон... Бид гурав архиа уугаад унтаад өгсөн. Д.Түгсүрэн нь манайд хоноод маргааш нь Өмирзагад хандаж чи над руу дайраад байсан шүү гэж л яриад байсан. Яг хэрүүл маргаан болсон талаар мэдэхгүй...Түгсүрэн 10 сарын 09-ний өдөр манайд ирэхэд шуудуу руу унасан гээд 2 нүдний доод талд ягаан туяатай согтуу ирсэн...” гэх мэдүүлэг,гэрч Б.Намхайнямбуугийн ...яг хэдэн байсныг санахгүй байна. УБ хотоос шөнийн 01 цагийн үед гэртээ ирэхэд аав Батбаяр, Түгсүрэн ах, найз Өмирзага 3 унтаж байсан. Гэрт хоосон 2 ш архины шил байсан. Би үүрийн 5 цагт босоод Хөвсгөл явсан. Хөвсгөлд 2 хоноод орой 22 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд аав Батбаяр Түгсүрэн ах 2 байсан...УБ хотоос ирэхэд Түгсүрэн ахын нүүр нь ягаарчихсан байсан. Нүүрээ яасан юм бэ гэж асуухад Түгсүрэн ах өө ах нь алхаж яваад жалга руу бүдрээд нүүрээрээ уначихлаа гэж хэлсэн...”гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар Д.Түгсүрэн нь 2020 оны 10 дугаар сарын 09-нөөс өмнө шуудуу руу харуулдаж унасан болох нь тогтоогдож байх ба харин, Л.Батбаярынд архи ууж байхдаа Т.Өмирзага нь хацар нүүр рүү нь цохиж зодсон эсэх нь бодитой тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтээр тогтоосон хоёр хацар, баруун гарын тохой, баруун гуя, зүүн суганы урд хэсэгт цус хуралт  бүхий гэмтэл нь шуудуу руу харуулдаж унасан эсхүл хүнд цохиулснаас шалтгаалсан эсэхийг дүгнэх хангалттай үндэслэл, нотолгоо бүрдээгүй, эргэлзээтэй байна. Түүнчлэн гэрч Л.Батбаярын гэрт байсан нөхцөл байдлын талаарх гэрч Б.Намхайнямбуу болон Л.Батбаяр,Т.Өмирзага нарын мэдүүлэг цаг хугацааны хувьд зөрүүтэй, Т.Өмирзагын “эхнэр Алтанзул ирж намайг авч явсан” гэх мэдүүлгийг шалгаагүй байна. 

Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч Т.Ө нь 2020 оны 10 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Баруун дэнжийн 18-9 тоотод иргэн Д.Түгсүрэнг нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай гэж, шүүгдэгч Т.Ө шүүх хуралдаанд, би цохиогүй.80,000 төгрөг өгнө гэсэн ямар ч яриа болоогүй. Гэртээ байхад над руу залгаад мөнгөө авъяа толгойгоо бариулъяа гэсэн. Тэгээд толгойг нь бариулаад Б ахынд ирж уугаад хоносон. Намхайнямбууг Хөвсгөлөөс ирэхэд би тэнд байгаагүй гэж мэтгэлцжээ. 

 

Дүгнэвэл, Д.Т-н биед илэрсэн хоёр хацар, баруун гарын тохой, баруун гуя, зүүн суганы урд хэсэгт цус хуралт бүхий гэмтлийг Т.Өмирзага учруулсан эсэх, түүний үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь яллах дүгнэлтэд үндэслэсэн нотлох баримтуудаар тогтоогдохгүй, баримтууд эргэлзээтэй зөрүүтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд...эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу Т.Өмирзагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Хэргийн бодит байдал эргэлзээгүй тогтоогдоогүй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Ө-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай. 

 

2. Шүүгдэгч Т.Ө-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдсугай. 

 

4. Цагаатгах тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.





 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ