Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 000467

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч: Хөвсгөл телевизийн захирал ажилтай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр баг 10-06 тоотод  оршин суух “Боржигон” овогт Жамсранжавын Эрдэнэцэцэг /ХК-65031021/-ийн хүсэлттэй,

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Болормааг эрэн сурвалжлуулах хүссэн хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.      

Шүүх хуралдаанд; Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Ж.Эрдэнэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Эрдэнэцэцэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Болормаа гэх эмэгтэйтэй 2014 онд танилцаж Хөвсгөл телевизээр зар сурталчилгаа явуулдаг байсан юм. Тэр зар нь гадаад суралцуулах талаар тэгээд хүүхдийг чинь Хятадад суралцуулж өгнө гээд надаас 5.000.000 төгрөг авсан боловч гадаад гаргаж өгөлгүй тэр бүү хэл утсаа авдаг байснаа сүүлдээ авахгүй болчихсон юм. Болормаа нь Мөрөн сумын 1 дүгээр багийн 37-03 тоот хаягт оршин сууж байсан ба одоо уг хаягтаа байхгүй хаана байгаа нь тодорхойгүй байгаа учраас түүнийг олж тогтоолгохын тулд шүүхэд хандсан юм.

Хариуцагчаар оролцвол зохих этгээд Т.Болормааг олж тогтооход шаардлагатай мэдээлэл болон холбоо барих утас нь Болормаа нь 88384846 дугаарын гар утастай байсан, түүний төрсөн дүү нь Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн жолооч ажилтай, Мөрөн сумын 01 дүгээр баг 25-15 тоотод оршин суух хаягтай Түчингийн Батбэх гэж залуу байдаг юм.

Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Болормааг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ж.Эрдэнэцэцэгийн хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Болормааг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасныг дараахи үндэслэлээр. Тухайлбал;

Нэхэмжлэгч Ж.Эрдэнэцэцэг шүүхэд: “....Болормаа нь Мөрөн сумын 1 дүгээр багийн 37-03 тоот хаягт оршин сууж байсан ба одоо уг хаягтаа байхгүй хаана байгаа нь тодорхойгүй байгаа учраас түүнийг олж тогтоолгохын тулд шүүхэд хандсан....” гэх  тайлбар мэдүүлэг,

Хөвсгөл аймаг, Мөрөн сумын Нисэх багийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 01-ны өдрийн 14/31 дугаартай “....Түчингийн Болормаа нь Мөрөн сумын 1 дүгээр багийн 37-3 тоотод үндсэн бүртгэлтэй боловч хаягтаа амьдардаггүй болно....” гэх тодорхойлолтоор  хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Болормаа нь Мөрөн сумын 1-37-03 тоотод оршин сууж байсан хаягтаа одоо байдаггүй болох нь дээрх тайлбараар нотлогдож байна.

Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд Т.Болормааг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагчаар оролцвол зохих этгээд Т.Болормааг олж тогтооход шаардлагатай мэдээлэл болон холбоо барих утас. Үүнд; Болормаа нь 88384846 дугаарын гар утастай байсан, түүний төрсөн дүү нь Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн жолооч ажилтай, Мөрөн сумын 01 дүгээр баг 25-15 тоотод оршин суух хаягтай Түчингийн Батбэхээс мэдээлэл авах боломжтой болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу “эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл 133 дугаар зүйлийн 133.1.9,  155 дугаар зүйлийн 155.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хариуцагчаар оролцвол зохих этгээд Түчингийн Болормаа /УХ-68033060/-г эрэн сувалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих Т.Болормааг эрэн сурвалжилж түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Хариуцагчаар оролцвол зохих этгээд Т.Болормааг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг /иргэний үнэмлэхний хуулбар/ хавсаргаж цагдаагийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Цацрал-д мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд  шийдвэрийг гардуулснаар  гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Л.ЭРДЭНЭБАТ