| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2017/0454/и |
| Дугаар | 00454 |
| Огноо | 2017-05-02 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 00454
2017-05-02
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1984 онд төрсөн, 32 настай, эмэгтэй, ам худалдагч ажилтай, бүл 7, эцэг, эх, дүү, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 18-11 тоотод оршин суух “Өртөөч” овогт Бавуугийн Хоролгарав /РП-84120105/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар баг 08-02 тоотод оршин суух “Онход” овогт Галбадрахын Ган-Эрдэнэ /РЛ-87061912/-д холбогдох
Хүүхдийн эцэг тогтоолгох, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Хоролгарав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Хоролгарав шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Ган-Эрдэнэтэй 2009 онд танилцаж үерхэж байх хугацаандаа бэлгийн харьцаанд орж улмаар жирэмсэн болж хүү Х.Ухаантөгсийг 2013 оны 8 дугаар сарын 17-нд төрүүлсэн юм. Бид хоёр 2013 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хурим найр хийж хамт амьдрах болсон юм. Ган-Эрдэнэ нь өмнө нь өөр хүнтэй гэр бүлийн батлахтай түүнийгээ салгаагүй байсан тул бид гэрлэлтээ батлуулаагүй ба хүүгээ би өөрөөрөө овоглож төрсний гэрчилгээ авсан. Хамт амьдрах хугацаанд архи дарс уудаг байсан учраас 2016 оноос хойш тусдаа амьдарч байгаа.
Иймд 2013 оны 8 дугаар сарын 17-нд төрсөн хүү Х.Ухаантөгсийн эцгээр Г.Ган-Эрдэнийг тогтоож хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Г.Ган-Эрдэнэд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Г.Ган-Эрдэнэ миний бие Б.Хоролгаравтай 2013 онд гэр бүл болж бидний хүү Ухаантөгс төрж бид хамтдаа амьдарч байсан. Би үргэлж архи хэрэглээд байдаггүй. Бид 2-ын дунд хаяа архи уусан үед маргаан гардаг л байсан. Тэрнээс би эхнэрээ зодож дарамтлаад байсан зүйл байхгүй болно. Мөн хүүхдэдээ боломжтой бүх үедээ хэрэгтэй зүйлийг нь авч өгсөөр ирсэн. Б.Хоролгарав нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох өргөдөл өгсөн болохоор хүүхдийн тэтгэлгийг өгөхөд татгалзах зүйлгүй. Харин өөрийн хүүхэдтэйгээ дуртай үедээ уулзаж байх хүсэлтэй байна гэжээ.
Би хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагийг хүлээн зөвшөөрч байх тул шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Хоролгарав нь хариуцагч Г.Ган-Эрдэнийг хүүхдийн эцгээр тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Хоролгарав нь хариуцагч Г.Ган-Эрдэнэ нарын дундаас хүү Х.Ухаантөгс төрсөн болох нь Тухайлбал: Хариуцагч Г.Ган-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн “....Х.Ухаантөгс миний мөн, хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна....” гэх тайлбар,
Нэхэмжлэгч Б.Хоролгарав шүүх хуралдаанд: “....би хүү Х.Ухаантөгс 2013 оны 8 дугаар сарын 17-нд төрүүлсэн....” гэх тайлбар, мэдүүлэг болон хэрэгт авагдсан 2013 оны 8 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү “Өртөөч” овогт Хоролгаравын Ухаантөгс /РЮ-13281755/-т олгосон төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
“Далайн-Элбэрэлт” өрхийн эмнэлэг, Мөрөн сумын Наран багийн засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 14/49 дугаартай тодорхойлолт,
Мөрөн сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн “...Х.Ухаантөгс нь 3 дугаар цэцэрлэгийн дундын Б бүлэгт сурдаг нь үнэн....” гэх тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд 2013 оны 8 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү Х.Ухаантөгсийн эцэг Г.Галбадрах мөн болохыг тогтоож, эцгээс нь хуульд заасан хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Мөн хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд хариуцагч нь шүүхэд “....шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй....” гэх хүсэлт ирүүлсэн ба нэхэмжлэгч нь хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж байх тул хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийг шүүхээр хүүхдийн эцэг тогтоолгох шаардлагын “эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, Хөвсгөл аймагт мөрдөгдөж байгаа хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээ 173.500 төгрөг байгаагаас 2013 оны 8 дугаар сарын 17-ны өдөр төрсөн 4 настай хүү Х.Ухаантөгст 11 хүртлэх настай хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар тооцоход жилд 1.041.000 төгрөг болох ба 1 жилийн тэтгэлэг ногдох улсын тэмдэгтийн хураамжинд хүүхдийн тэтгэлэгийн нэхэмжлэлд төлсөн 29.534 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ган-Эрдэнээс нийт 99.734 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Хоролгаравт олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2013 оны 8 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү “Өртөөч” овогт Хоролгаравын Ухаантөгс /РЮ-13281755/-ын эцэг “Онход” овогт Галбадрахын Ган-Эрдэнэ /РЛ-87061912/ мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Г.Ган-Эрдэнээс 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүү Х.Ухаантөгсөд сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Хоролгарав улсын тэмдэгтийн хураамж 99.734 /ерэн есөн мянга долоон гучин дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ган-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамжинд 99.734 /ерэн есөн мянга долоон гучин дөрөв/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Хоролгаравт олгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш иргэний гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Цацралд даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ