Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/43

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж, 

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б

Улсын яллагч Ц.Л

Шүүгдэгч Д.Ч нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ч-т холбогдох эрүүгийн 1925001430048 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Д.Ч

 

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Д.Ч-г 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 05-ны хооронд Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг Вокзалын 2-р байрны 02 тоотоос З.Алтан-Эрдэнийн “Дэлл” маркийн нөөтбүүкийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.254.000 төгрөгийн хохирол учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ч-н мэдүүлсэн, тэр үед согтуу байхдаа санаандгүй авч явсан байсан. Жудаггүй юм хийсэндээ харамсаж байна. Хохирлыг мөнгөөр төлж барагдуулсан. Өндөр настай ээжтэйгээ амьдардаг, хөнгөн ял оногдуулна уу. Цаашид ийм үйлдэл хийхгүй гэх мэдүүлэг,

 

-Хохирогч З.А-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “... 2019 оны 02 сарын 04-ний өдөр оюутан ангийн найз болох Чулуунбаатар, түүний найз Оюунболд нар манай гэрт Улаанбаатар хотоос ирж хоносон. Чулуунбаатар нь гэр бүлийн асуудалтай байгаа, танайд 2-3 хонож болох уу гэхээр нь тэг тэг гэсэн. 2019 оны 02 сарын 04-ний орой 20 цагийн орчимд Чулуунбаатар, Оюунболд нарыг гэртээ үлдээгээд шинэлээд маргааш нь 2019 оны 02 сарын 05-ны өдөр ирэхэд Чулуунбаатар гэрт байхгүй, Оюунболд нь гэрт согтуу унтаж байсан. Гэрээ цэвэрлэж байхдаа эд зүйлээ бүртгэсэн чинь “Дэлл” маркийн нөөтбүүк цүнхтэй нь хамт аваад явчихсан байсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 30-31-р хуудас/

 

-Алдагдсан “Дэлл” маркийн нөөтбүүкийг 2,254,000 төгрөгөөр үнэлсэн “Бан хас” ХХК-ний үнэлгээ /хх-ийн 42-р хуудас/

 

-Хохирогчийн дансаар хохирлын төлбөр 2,254,000 төгрөг төлсөн баримт /хх-ийн 90-р хуудас/

 

-Шүүгдэгч Д.Ч-н яллагдагчаар мэдүүлсэн, 2019 оны 02 сарын 04-ний орой танил Оюунболдын хамт Орхон аймагт оюутны найз Алтан-Эрдэнийн гэрт ирээд хэд хоног танай гэрт байж болох уу, эхнэртэйгээ маргалдчихлаа гэж хэлсэн. Алтан-Эрдэнэ нь тэг тэг гэж зөвшөөрсөн ба орой нь айл руу очиж золголт хийхээр Алтан-Эрдэнэ нь горд руу явсан. Би гэрээс нь “Дэлл” маркийн нөөтбүүкийг нь зөвшөөрөлгүй аваад 23 цагийн үед Дархан-Уул аймаг руу явсан. Дархан-Уул аймагт очоод таксинд явж байсан явуулын хүнд 300.000 төгрөгийн барьцаанд тавьсан....” гэх мэдүүлэг /хх 86-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Д.Ч нь Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг Вокзалын 2-р байр 02 тоотод З.Алтан-Эрдэнийн гэрт байхдаа 2019 оны 02 дугаар сарын 04-ний 23 цагийн орчим гэрийн эздийг эзгүй хойгуур “Дэлл” маркийн нөөтбүүкийг зөвшөөрөлгүй авч гараад Дархан-Уул аймаг руу явж 300,000 төгрөгөөр барьцаанд тавьж ашигласан ба З.Алтан-Эрдэнэд 2,254,000 төгрөгийн хохирол учирсан байна. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв. 

 

Эдгээр хохирогчийн мэдүүлэг, хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, хохирол төлсөн баримт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Ч-н гэмт үйлдэл нотлогдсон ба энэ үйлдлийн улмаас хохирогчид 2,254,000 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна.

 

Шүүгдэгч Д.Ч нь бусдын өмчлөлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, зөвшөөрөлгүйгээр авсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусдын өмчлөх эрхийн эсрэг халдсан “хулгайлах” гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай, нийгэмд аюултай мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хулгайлах гэмт хэргийг тодорхойлохдоо “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол...”гэж заасан тул шүүгдэгчийн үйлдэл нь объектив шинжээрээ хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Д.Чулуунбаатар нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.

Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч нь 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 05-ны хооронд Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг Вокзалын 2-р байр 02 тоотоос З.А-н “Дэлл” маркийн нөөтбүүкийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,254,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх саналтай гэжээ.

 

Шүүгдэгч шүүх хуралдаанд, гэм буруугаа хүлээж байна. Ээжтэйгээ барилгын ажил хийж амьдардаг. Тэнсэж өгнө үү гэжээ. 

 

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай бүрэн нотлогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Ч-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээсэн, учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирлоо төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөлийг харгалзан хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч З.А-д Хаан банкны дансаар 2,254,000 төгрөг төлсөн баримт хэрэгт авагдсан ба хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /хх-ийн 69-р хуудас/ шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн байна. Иймд шүүгдэгч төлөх төлбөргүй болно. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Д.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч-г хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.2 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид тэнсэнгийн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч тэнсэж үүрэг хүлээлгэсэн хугацаанд үүргийг зөрчсөн бол тэнсэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ч-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 189 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Д.Ч-т оногдуулсан тэнсэж үүрэг хүлээлгэсэн шийдвэрийн биелэлтэд хяналт тогтоохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

   

6. Эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.






 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ