Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 00453

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1988 онд төрсөн, 29 настай, эмэгтэй, Аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт сувилагч ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар баг 12-19 тоотод оршин суух “Жажигус” овогт Бумцэндийн Оюундэлгэр /РП-88060401/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 24-03 тоотод оршин суух “Авга хариад” овогт Энхтүвшингийн Бямбаренчин /РД-89030415/-д холбогдох 

Эцэг тогтоож, тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгч Б.Оюундэлгэр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Оюундэлгэр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2013 онд Бямбаренчинтэй танилцаж үерхэж байгаад 2013 оны 11 дүгээр сараас эхлэн нэг гэрт хамт амьдрах хугацаанд жирэмсэн болж хүү Тэмүүлэнг 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төрүүлсэн. Хүүгээ төрснөөс хойш миний хүү  биш гэх болсон ба намайг зоддог болж гэрийн эд хөрөнгийг эвдэх зэрэг ааш гаргаж байснаас болж бид хоёр 2016 оны 3 дугаар сараас хойш тусдаа амьдрах болсон. Гэрлэлтээ бүртгүүлээгүй ба хүүхдэдээ төрсний гэрчилгээг нь авахдаа хүүхдээ би өөрөө овоглоно гээд Бямбаренчин нь өөрөөрөө овоглоод төрсний гэрчилгээг нь аваад ирсэн байсан. Бямбаренчин шүүхэд миний хүүхэд биш тул шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасны дагуу шинжилгээнд хамрагдаж хүүхэд нь мөн гэж дүгнэлт ирсэн байгаа.

Иймд 2015 оны 01 дүгээр сарын 16-нд төрсөн хүү Б.Тэмүүлэнгийн эцгээр Э.Бямбаренчин мөн эсэхийг тогтоож, хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв. 

Хариуцагч Э.Бямбаренчингийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Э.Бямбаренчин нь Б.Оюундэлгэрийн нэхэмжлэлтэй танилцлаа. Бид 2013 онд танилцаж хамт  амьдарч байгаад хүү Тэмүүлэн төрсөн нь үнэн. Бид хамтран амьдрах хугацаанд хэрэлдэж маргалдаж байсан тэр үед Б.Оюундэлгэр нь “хүүгээ чи өөрийн хүүхэд биш чи өөрийн хүүхэд мөн гэж бодож байна уу” гэж хэд хэдэн удаа хэлж байсан бөгөөд надаас салаад хэдхэн сар болоход өөр нөхөртэй болчихсон байсан. Нэгэнт хүүхдийн тэтгэлгийг 1-2 хон жилд төлдөггүй хүүхдээ насанд хүртэл нь төлөх учраас би Оюундэлгэрийн тухайн үед яагаад тэгж хэлж байсан юм бол хүүхэд маань үнэхээр миний хүүхэд мөн үү гэдэгт эргэлзэж байх тул эцэг тогтоолгох шинжилгээ хийлгүүлэх хүсэлтэй байна. Хэрвээ шинжилгээгээр миний хүүхэд мөн гээд гараад ирвэл хүүхдэдээ тэтгэлэг өгөхөд татгалзах зүйлгүй болно гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Оюундэлгэр нь хариуцагч Э.Бямбаренчинг хүүхдийн эцгээр тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Нэхэмжлэгч Б.Оюундэлгэр нь хариуцагч Э.Бямбаренчин нарын дундаас хүү Б.Тэмүүлэн төрсөн болох нь Тухайлбал: Хариуцагч Э.Бямбаренчин шүүхэд ирүүлсэн “....биднийг хамт амьдрах хугацаан хүү Б.Тэмүүлэн төрсөн, шинжилгээгээр миний хүү мөн гээд гараад ирвэл хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна....” гэх тайлбар,

Нэхэмжлэгч Б.Оюундэлгэр шүүх хуралдаанд: “....би хүү Б.Тэмүүлэнг 2015 оны 01 дүгээр сарын 16-нд төрүүлсэн....” гэх тайлбар, мэдүүлэг болон хэрэгт авагдсан 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү “Авгахариад” овогт Бямбаренчингийн Тэмүүлэн /РЮ-15211693/-гийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Хөвсгөл Энэрэл” өрхийн эмнэлгийн тодорхойлолт, 

Монгол Улс шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн №3195 дугаартай дүгнэлтэд: 

1/ Э.Бямбаренчин нь Б.Тэмүүлэнгийн биологийн эцэг байх боломжтой байна, 

2/ Э.Бямбаренчин нь Б.Тэмүүлэнгийн биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99.99 %-ийн магадлалтай байна гэх дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү Б.Тэмүүлэнгийн эцэг Э.Бямбаренчин мөн болохыг тогтоож, эцгээс нь хуульд заасан хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. 

Мөн хариуцагчид шүүх хуралдааны товыг түүний 89510604 дугаарын утсаар 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч нь хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.Оюундэлгэр нь эцэг тогтоолгох болон хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлд төлөх 99.734 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн, харин хариуцагч Э.Бямбаренчингээс шүүхээр хүүхдийн эцэг тогтоолгох шаардлагын “эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Хөвсгөл аймагт мөрдөгдөж байгаа хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээ 173.500 төгрөг байгаагаас 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн 2 настай хүү Б.Тэмүүлэнд 11 хүртлэх настай хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар тооцоход жилд 1.041.000 төгрөг болох ба 1 жилийн тэтгэлэг ногдох улсын тэмдэгтийн хураамж 29.534 төгрөг, нийт 99.734 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү “Авгахариад” овогт Бямбаренчингийн Тэмүүлэн /РЮ-15211693/-гийн эцэг “Авга хариад” овогт Энхтүвшингийн Бямбаренчин /РД-89030415/ мөн болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Э.Бямбаренчингээс 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүү Б.Тэмүүлэнд сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Оюундэлгэр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 63 дугаар зүйлийн 63.1.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар хариуцагч Э.Бямбаренчингээс улсын тэмдэгтийн хураамжинд нийт 99.734 /ерэн есөн мянга долоон гучин дөрөв/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш иргэний гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Цацралд даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Л.ЭРДЭНЭБАТ