| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2021/0043/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/52 |
| Огноо | 2021-02-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 2021/ШЦТ/52
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б
Улсын яллагч Ц.Л
Шүүгдэгч Г.Г, Б.Ц нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Г, Б.Ц нарт холбогдох эрүүгийн 2125000000018 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Г.Г
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б.Ц
Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Г.Г-г 2020 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг Шандын 13-14 тоотод согтуурсан үедээ Б.Ц-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.Ц-г 2020 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг Шандын 13-14 тоотод согтуурсан үедээ Г.Г-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт тус тус холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ц-н мэдүүлсэн ”өмнөх мэдүүлэг үнэн зөв. Маргалдаж зодолдож Ганзоригийн биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрнө. Хохирол төлсөн гэх мэдүүлэг,
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г-н мэдүүлсэн ”Архи ууж маргалдсан. Нэлээд согтсон. Гэм буруугаа хүлээж байна.Нэхэмжлэх зүйлгүй. Архинаас боллоо гэж бодож байна гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Манай гэрт ирээд Зоригоо “Ауруг” нэртэй 0.75 гр архи авсан ба хамт явсан Ганзоригийн хамт бид 3 архийг хувааж уусан. Зоригоогийн цуг явж байсан Ганзориг гэх /хялганатын/ залуутай би маргалдсан. Тэр залуу миний шанаа хэсэгт нэг удаа гараараа цохисон. Би эргүүлээд нүүр лүү нь цохисон. Харилцан ганц хоёр цохилцсон. ...хэн нь юугаар цохисонг мэдэхгүй байна. Ар толгой хэсгээс цохиод унагаасан. Ар дал руу цохисон. Ямар ч байсан Ганзориг гэх залууд зодуулсан. ...” гэх мэдүүлэг. /хх-ийн 7-8-р хуудас/
Хохирогч Г.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Батзориг, Цогзолбоо бид гурав архи уугаад сууж байхад Золбоо гэх залуу том машин барьж чаддаг юм уу, уулын уруу уралдаж чадах уу, чи яадаг юм гэх зэргээр доромжлоод байсан. Тэгээд чи муу мангар бацаан зайл гээд байхаар нь гараад машинд суусан. Эхнэр нь ор, ор гээд байхаар нь эргэж, ороод сууж байтал дахин үг хэлээр доромжлоод байсан. Би Батзоригийг аваад явах гэтэл араас гарч ирээд чи Эрдэнэтэд байгаа шүү гээд миний зүүн нүд, шанаа руу нэлээн олон удаа цохисон. Намайг газар унагаагаад өшиглөсөн. ...би Цогзолбоог унагаж байгаад толгой болон нуруу нь 2-3 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/
Гэрч А.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “....Цогзолбоотой гэрт нь уулзаад нэг шил “Ауруг" архийг Ганзориг бид гурав хувааж уусан. Ганзориг Цогзолбоотой маргалдаад байсан. Цогзолбоо Ганзоригт хандаж, чи ингэж машин барьж чадах уу, тэгж машин барьж чадах уу гээд үгээр идээд байсан. Би тасарчихсан байсан болохоор юу болсныг санахгүй байна. Сүүлд Золбоотой уулзахад би Ганзоригийг нэлээд хэд цохилоо, чи харин \ намайг эргүүлээд цохьчих гэсэн гэж сүүлд тэр 2 ярьж байсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 17-р хуудас/
Гэрч Г.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...манай ах Ганзориг над руу залгаад “ахыг нь хүн зодчихлоо хүрээд ир” гэсэн. Би эхнэрээ дагуулаад очсон. Очиход ахын найз Батзориг, нэг танихгүй залуу байсан. Тэр гурав хоорондоо зодолдоод байх шиг байсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 19-20-р хуудас/
Шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 34 дугаартай “...Г.Г-йн биед хоёр нүдний зовхи, зүүн шанаанд цус хуралт, эрүүнд зулгаралт үүсчээ. ...хоёр нүдний зовхи, зүүн шанаанд цус хуралт нь ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт. /хх-ийн 32-33-р хуудас/
Шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 38 дугаартай “...Б.Ц-йн биед тархи доргилт, духанд шарх, зулгаралт үүсчээ. ....тархи доргилт, духанд шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэсэн дүгнэлт. /хх-ийн 27-28 хуудас/
-Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 97-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдож байна.
2020 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг Шандын 13-14 тоотод Б.Цогзолбоо, Г.Г- А.Б нар согтууруулах ундааны зүйл хэрэглэн согтуурсан үедээ Б.Ц Г.Г нар үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар харилцан зодолдож Г.Г нь Б.Ц-н биед тархи доргилт, духанд шарх, зулгаралт бүхий хөнгөн хохирол, Б.Цнь Г.Г-йн биед хоёр нүдний зовхи, зүүн шанаанд цус хуралт, эрүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Шүүгдэгч нарын үйлдэл дээрх нотлох баримтуудаар хангалттай бүрэн нотлогдсон ба харилцан зодолдсон үйлдлийн улмаас харилцан бие биедээ хөнгөн гэмтэл учруулсан шууд шалтгаант холбоотой нөхцөл тогтоогдсон, шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргаангүй байна.
Шүүгдэгч Г.Г, Б.Ц нарын эдгээр үйлдэл нь шалтгаангүй архидан согтуурч хэтрүүлэн хэрэглэсэн байдлаар нөхцөлдсөн ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй үйлдлээ ойлгож ухамсарлан зориуд хүсэж үйлдсэн санаатай, нийгэмд аюултай, бусдад хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Г, Б.Ц нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч шүүх хуралдаанд: шүүгдэгч Г.Г нь 2020 оны 12 сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг Шандын 13-14 тоотод согтуурсан үедээ Б.Ц-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.Ц нь Г.Г-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон. Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэжээ.
Шүүгдэгч Б.Ц шүүх хуралдаанд, гэм буруугаа хүлээж байна, өөр саналгүй гэж, шүүгдэгч Г.Ганзориг шүүх хуралдаанд, гэм буруугаа хүлээж байна өөр саналгүй гэжээ.
Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Б.Ц-д учирсан 218,350 төгрөгийн хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.Г нь төлж барагдуулсан. Хохирогч Г.Г нь Б.Ц-ос хохирол нэхэмжлээгүй байна. Иймд шүүгдэгч нарыг төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нарын хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үйлдсэн хэргийн гэм бурууд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Г.Г, Б.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г, Б.Ц нарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г, Б.Ц нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сард 166.666 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г, Б.Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ