Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 178

 


  Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

    Хүсэлт гаргагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг, “Бага дөрвөлж”-ийн 28-30 тоотод оршин суух, /РД:ЛЮ62122813, утасны дугаар 88518234/, Ногоочин овогт Дамчаагийн Пүрэвдоржийн

“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
    
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Пүрэвдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Бат-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлт гаргагч Д.Пүрэвдорж нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1962 онд төрсөн. 18 настайдаа цэргийн албанд татагдаж 1981 оны 6 дугаар сараас 1984 оны 6 дугаар сар хүртэл Улаанбаатар хотод 065-р ангид цэргийн алба хааж ирээд 1984 оны 09-р сараас аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний уурын зууханд галчаар ажилд орсон. Энэ үеэс эхлэн 2015 оны 05-р сар хүртэл уурын зуухны галч, машинистаар ажиллаж байсан. Энэ хугацаанд би ажлаа хийж Эрчим хүчний үйлдвэрийн мэдэлд байхад нь эмнэлгийн уурын зуух, 24 айлын орон сууцны зуух, 8-н жилийн уурын зууханд машинист зэрэг ажлыг хийж байгаад үйлдвэрлэлийн  осолд орж 2015 оноос ажлаас чөлөөлөгдсөн. Улсад нийт 31 жил ажилласан. Гэвч тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, одоогийн “ Дөрвөлж” ОНӨҮГазрын архив шатаж тухайн үеийн архивын бичиг баримт олдохгүй байгаа зэрэг шалтгаанаар 1984 оны 9 дүгээр сараас 1994 оныг дуусталх хугацааны ажилласан жилийн бичиг баримт дутуу, олдохгүй байгаа юм. Архивын лавлагаа авахад 1985-1990 оны цалингийн түүвэр хагас дутуу гарсан. 
Иймд 1985-1994 онд нийтийн аж ахуйн үйлчилгээний уурын зууханд галч, машинстаар ажилласан хугацааг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар шүүхэд гаргасан хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Хүсэлт гаргагч Ногоочин овогт Дамчаагийн Пүрэвдорж нь 1985 оны 1 дүгээр сарын 01-нээс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний уурын зууханд галч, машинстаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

Д.Пүрэвдорж нь 1985 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний уурын зууханд галч, машинстаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 21/15 тоот лавлагааны хуулбар, Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 1/23 тоот лавлагааны хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар,

         -гэрч Дарьганга овогт Чойжилсүрэнгийн Залуузоригт /РД:ЛЮ64083011/-ын “Д.Пүрэвдорж нь 1981 онд цэргийн албанд татагдаад 1984 оны зун цэргээс ирсэн. Тэгээд 1984 онд Эрчим хүчний Нийтийн ахуйн үйлчилгээнд галчаар ажиллаж байсан. Гал зуухнууд нь хуваарилагдаж “Илч Сүхбаатар” компани нэртэй болсон. Энэ компаний 24 айлын орон сууцны зууханд галчаар 1986-1994 хүртэл ажиллаж байсан. Тэгээд тасралтгүй ажиллаж байгаад “Дөрвөлж” ОНӨҮГазрын зууханд галчаар 2014 он хүртэл ажиллаж байсан байсан. Бидний ажил улирлын чанартай ажил байсан. Өвөлдөө ажиллаад зун намартаа ажилгүй, намар 10 сард дахин ажилдаа ордог байсан” гэх мэдүүлэг, 
 
           -гэрч Хэрээд овогт Моононшарын Энхбат /РД:ЛЮ65041712-ын “Д.Пүрэвдорж нь 1984 онд Нийтийн уурын зууханд  галч, машинистаар  2015 он хүртэл тасралтгүй ажиллаж байсан. Нийтийн аж ахуйн үйлчилгээ нь “Илч” компани, “Дөрвөлж” компани зэрэг нэртэй болсон. Би 2015 онд үйлдвэрийн ослоор ажлаасаа чөлөөлөгдсөн. Тэгээд эмнэлгийн уурын зуух, 24 айлын уурын зуух, 8-н жилийн зуух зэрэгт машинист буюу галчаар ажиллаж байсан. Би Монгол банкинд 1977 оноос эхлээд галчаар ажиллаж байсан” гэх  мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

Иймд Д.Пүрэвдоржийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.Пүрэвдоржийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:
 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан гаргагч Ногоочин овогт Дамчаагийн Пүрэвдорж нь 1985 оны 1 дүгээр сарын 01-нээс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний уурын зууханд галч, машинстаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
    
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.Пүрэвдоржийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ц.ЭРДЭНЭЗУУ