Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 511

 

 

 

   2021      04          13                                  2021/ШЦТ/511   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч С.Олзод, шүүгч Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батаа, 

иргэдийн төлөөлөгч Ч.Баатарчулуун,

улсын яллагч Ю.Батболд,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнх-Оргил, түүний өмгөөлөгч Р.Булгамаа, Н.Билгүтэй,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Н.Нямдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******од холбогдох эрүүгийн 2106 00000 0117 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн *******, 1991 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэрийн хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 11 дүгээр гудамж 164 тоотод оршин суух хаягтай, хэрэг үйлдэх үедээ Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо 8-2 байрны 00 тоотод түрээслэж оршин сууж байсан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, / /.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 8-2 дугаар байрны 00 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Ж.Жавзанхоролыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, нүүр толгойн хэсэг газарт цохиж, улмаар хоолойг нь багалзуурдаж амьсгалыг нь бүтээж алсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тухайн хэрэг болдог өдөр эхнэр бид хоёр гэртээ амарч байсан. “Жорж таун” хүнсний дэлгүүр орж хүнсээ цуглуулахдаа дэлгүүрт 100 орчим мянган төгрөгийн өр байсныг өгсөн. Өдөр нь гэрээ цэвэрлэсэн. Охин маань унтаж байхад эхнэр надаас хоёулаа өнөөдөр ажилгүй амарч байгаа дээрээ ганц хоёр пиво уух уу гэж асуусан. Өмнө нь бид хоёр сардаа нэг удаа амралтын өдрийг тааруулан пиво ууж, гэртээ зурагтаар кино үзэж өнгөрөөдөг байсан. Тухайн өдөр энэ байдлаар 4 удаа ээлжилж пиво авч уусан. Дөрөв дэх пиво ууж эхлэх үед бид хоёр муудалцсан. Өмнө нь бид хоёр муудалцаж ямар нэгэн байдлаар хэл ам зөрж байгаагүй. Тухайн өдөр муудалцах болсон шалтгаан нь миний өмнөх гэр бүл зохиож байсан асуудал болон хадам аав, ээж эхнэр бид дөрвийн хоорондын харилцаанаас болсон. Үүнээс болж бид хоёр тухайн өдөр муудалцаж гар зөрүүлсэн. Би эхнэрээ айлгах зорилготой эхнэрийнхээ хүзүүг боосон. Нэг хэсэг миний ухаан санаа орж гарсан. Үүний  дараа эхнэрийгээ газар тэвэрч суугаад өөд болсон гэдгийг мэдсэн. Тухайн үед би эхнэрийнхээ дэргэд суугаад тамхи татсан. Хэдэн тамхи татсанаа мэдэхгүй байна. Асааж унтраагаад хаяж байсан. Удалгүй гал асаж байгаа нь нүдний буланд харагдсан. Тэр үед би эхнэрийнхээ аминд хүрсэн учир угаартаж эсвэл эхнэртэйгээ хамт шатаад үхчихье гэж бодсон. Гэвч охиноо хараад бодлоо өөрчилж, охиныгоо тэвэрч байрныхаа доод талын дэлгүүр рүү гүйж гарсан. Дэлгүүрт ороход хоёр худалдагч охин байсан. Охиноо нэгэнд нь өгөөд цагдаа дуудаарай, ах нь эхнэрийнхээ амь насанд хүрчихлээ гэж хэлээд эргээд гэртээ орсон. Тухайн үед хамт шатаад үхэх бодолтой байсан боловч ирээдүйд охин минь том болоод эцэг эхийнхээ талаар аав чинь ээжийг чинь алаад өөрөө шатаад үхчихсэн гэж хүмүүсээс сонсуулахгүйн тулд эргэж гарч эхнэр амиа хоролчихлоо гэж хэлээд эргэж гэртээ орж ирээд хаалгаа дотор талаас нь хаагаад шатаж үхэх гэж оролдсон. Нүдэнд харагдсан зүйлсийг асаж буй гал руу хийсэн. Гал нь асдаггүй юм гэхэд угаартаж үхэх зорилготой байж байхад хууль хүчний байгууллагын хүмүүс орж ирсэн. Нэг мэдэхэд намайг цагдаагийн машинд суулгаад эрүүлжүүлэх байранд авчирсан байсан. Манай ар гэрийнхэнээс талийгаачийн оршуулгын зардлыг өгсөн гэсэн” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнх-Оргил шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би хохирогчтой бага наснаасаа хамт нэг газар тоглож өссөн үеэл ах нь юм. Миний дүү талийгаач арван жилдээ нийгмийн идэвх зүтгэлтэй, мундаг сайн сурагч байсан. Оюутан насандаа ч төлөв даруу, архи согтууруулах ундааны зүйлээс хол хүн байсан. Гэр бүлийн хүмүүжил сайтай, гэр бүлд нь архидан согтууралтай холбоотой зүйл байдаггүй байсан. Миний ах буюу талийгаачийн аав “Эрдэнэт” үйлдвэрийн станцад насаараа ажиллаж байгаа. Харин манай бэр эгч хувиараа дэлгүүр ажиллуулан амьдардаг. Гэр бүлд нь архины хамааралтай хүн байхгүй. Би талийгаачтай 2020 оны сүүлээр фейсбүүкээр холбогдсон. Манайх хажуу байранд нь ойрхон амьдардаг байсан. Би дүүтэйгээ хүүхдээ салхилуулж явж байхад нь гадаа тааралдаж яриа өрнүүлсэн юм. Тухайн үед би дүүдээ амьдрал нь яаж байна, ахаасаа хэрэгтэй зүйл гарвал тусламж хүсээрэй гэж хэлсэн. Мөн нөхрийнхөө талаар асуухад миний нөхөр тогооч мэргэжилтэй хүн байдаг гэж хариулсан. Би өмнө нь нөхрийг нь харж байгаагүй. Тухайн үед дүүгээ харахад жоохон ядарсан, өмссөн хувцас нь тааруу харагдсан. Нөхөр чинь архи дарс уудаг уу, надад хэлж ярих зүйл байвал хэлж байгаарай, холбоотой байгаарай гэх зэргээр яриа өрнүүлээд уулзаад салсан. Хамгийн сүүлд би талийгаачтай хамаатан саднаараа ургийн баяр хийх талаар утсаар залгаж ярихад нөхөр нь гэх ******* хажуу талаас нь ямар удаан ярьдаг юм гэж чанга хашхирч зандарсныг би сайн санаж байна. Тухайн үед дүү маань ажилтай болчихлоо гээд утсаа салгасан. Энэ хүн бол харилцааны доголдолтой хүн гэж би үзэж байна. Талийгаачийн ар гэрт нь оршуулгын зардлыг нь нөхөн төлсөн гэж би дуулсан. Та бүхэн хэргийг үнэн зөв, шударгаар, хуулийн дагуу шийдэж өгнө үү.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнх-Оргил мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр манай ах талийгаач Ж.Жавзанжаргалын төрсөн эцэг О.Жанчивлхам ах надад утсаар ярьж хэлэхдээ “дүү нь бурхан болчихлоо, ах нь Орхон аймгаас гарч байна тосоод аваарай” гэж хэлсэн. Тэгээд 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр талийгаачийг оршуулах ёслол дээр нөхөр ******* амь насыг нь хохироосон талаар мэдсэн. Ингээд талийгаачийн төрсөн эцэг нь Орхон аймаг, төрсөн эх нь Сэлэнгэ аймагт амьдардаг тул тус тусын аймаг руугаа явах болоод хоорондоо ярилцаж байгаад намайг энэ хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулахаар болж хүсэлт гаргасан учраас би энэ хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. *******, Ж.Жавзанхорол нарыг нэг гэр бүл, хамт амьдардаг гэдэг утгаар нь л мэднэ. Тэрнээс бол гэр бүлийнх нь нарийн ширийн асуудал буюу хоорондын харилцааны талаар сайн мэдэхгүй. Ямар ч байсан ******* нь Орхон аймагт байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хадам аав О.Жанчивлхамыг зодож гэмтээсэн талаар сонсож байсан. Энэ үйл явдлыг бэхжүүлсэн бичлэгийг сүүлд үзэхэд ******* нь архи уусан үедээ эхнэр, нярай хүүхдийнхээ хажууд маш түрэмгий уурлаж, хараал хэлж, ахыг маань зодож байсан үйлдэл бичигдсэн байсан. Тухайн бичлэгээс харахад ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ууртай, өөрийнхөө хийж байгаа үйлдлийг хянах чадваргүй, танхай байрын ааштай хүн шиг санагдсан. Талийгаачийн оршуулгын зардал нь одоогоор баримтаар 7.277.623 төгрөг болсон. *******ын гаргасан үйлдэлд маш их гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/,

Гэрч С.Нансал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 8-2 дугаар байрны “Жорж таун” хүнсний дэлгүүрт худалдагчаар ажилладаг. 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр орой 21 цаг 40 минутын үед манай дэлгүүрийн хойд талын хаалгыг нүдсэн. Тэр үед манай нөгөө худалдагч О.Баярмаа хаалга онгойлгосон. Тэгээд хэсэг хугацааны дараа Баярмаа буцаж орж ирээд хажуу талын айлын залуугийн эхнэр ухаангүй хэвтэж байна, хажууд нь гал гарч байна гээд цагдаа болон онцгой байдалд дуудлага өгсөн. Энэ үед манай дэлгүүрт үйлчлүүлдэг залуу нялх хүүхдээ тэвэрсэн байдалтай орж ирээд надад хүүхдээ өгчихөөд гараад явсан. Араас нь О.Баярмаа гараад буцаж орж ирээд тэр ахыг хаалгаа онгойлгохгүй байгаа талаар надад хэлсэн. Тэгээд удаагүй онцгой, цагдаа нар ирсэн. Нөхөр нь орж ирээд хүүхдээ манай найз бид 2-т үлдээгээд өөрөө орж гараад гүйгээд байсан. Нөхөр нь өдөр манай дэлгүүрээс орж ирж пиво авсан байсан, хамгийн сүүлд 16 цагийн үед пиво авсан. Нөхөр нь ер нь ууж харагддаггүй, эхнэр нь бас архи согтууруулах ундааны зүйл ууж харагдаж байгаагүй, эхнэр, нөхрийн хоорондын харилцаа хэвийн хэрэлдэж маргалдсан байдалтай харагдаж байгаагүй. Манай дэлгүүрээр тогтмол үйлчлүүлдэг байсан, архи согтууруулах ундааны зүйл авч байгаагүй, тогтмол хоол хүнсний зүйл авдаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 40-44/,

Гэрч О.Баярмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэр залуу миний ажилладаг дэлгүүр байдаг байрны нэг давхарт эхнэр, нялх хүүхэдтэйгээ амьдардаг залуу байсан. Тухайн хүн нь эхнэрийнхээ хамтаар манай дэлгүүрээр үйлчлүүлж, худалдан авалт хийдэг хийдэг байсан. Тухайн залууг хаалга тогшоод байхаар нь хаалгаа онгойлгосон чинь коридор утаатай байсан. Харин тэр залуу надад хэлэхдээ “Эхнэр амиа хорлочихлоо, гэрт гал гараад байна.” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр залуугаас зөрөөд хаалга нь онгорхой байхаар нь гэр рүү нь ороод харсан чинь эхнэр нь газар хэвтсэн байдалтай, нүүрний хэсэгт хавдсан, хажууд нь гал гарч, гэрийн халаад шатаж байхаар нь би тэр шатаж байгаа халаадыг нь шатаагүй хэсгээс нь бариад татаж холдуулсан. Тэгээд шууд гараад нөгөө худалдагч С.Нансалд саяын залуугийн эхнэр нь ухаангүй, хажууд нь гал гарч байна гэж хэлээд 101, 102–руу дуудлага өгсөн. Намайг гэрээс нь гарсны дараа нөгөө залуу хүүхдээ манай нөгөө худалдагч Нансалд өгчихөөд надтай зөрөөд гэр рүүгээ ороод хаалгаа хаачихсан. Хаалга нь гадна талаасаа бариулгүй учир онгойхгүй байсан. Тэгэхээр нь хаалгыг нь онгойлгох гэж гараараа цохиод, хаалгаа онгойлгочих гэсэн чинь тэр залуугийн уйлж байгаа сонсогдсон. Тухайн залуу ганцаараа 4 удаа манай дэлгүүрт орж ирээд 2,5 литрийн савалгаатай Сэнгүр нэртэй пиво авсан. Тэр залуу манай дэлгүүрээр эхнэртэйгээ хэд хэдэн удаа орж ирээд худалдан авалт хийж байсан. Хамгийн сүүлд энэ хэрэг гардаг өдрийн өглөө хоёулаа орж ирээд хүнсний зүйл аваад гарч байсан. Тэр үед зан харилцаа зүгээр хоорондынх нь харилцаа нь хэвийн л байсан. Ямар нэгэн зодоон цохион болж байгаа, орилсон зүйл сонсогдоогүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/,

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгэхээр нь би охиноо өгч явуулахгүй гэж хэлээд эхнэртэйгээ муудалцаад эхнэрийнхээ нүүрэн тус газар руу нь 1 удаа цохисон чинь манай эхнэр миний нүүрний хацар хэсэг рүү 2 удаа алгадсан. Тэгэхээр нь би баруун гарныхаа алга хэсгээрээ эхнэрийнхээ зүүн орчим хэсэг рүү дахин 1 удаа цохисон чинь манай эхнэр хойшоо саваад уначихаар нь би эхнэрийнхээ дээр нь гараад хоёр 2 гараараа хоолой хэсэг рүү боосон. Тэр үед манай эхнэр ямар нэгэн үйлдэл үзүүлээгүй. Миний хувьд удаан хоолойг нь боогоогүй 2-3 минут орчим л болсон. Тэр үед манай эхнэр ухаан алдчих шиг болсон. Тэгэхээр нь би босоод цонхны дэргэд паарны хажууд суугаад  аяга пиво уугаад унтчихсан байсан. Унтаж байхад охин уйлахаар нь сэрээд эхнэрээ харсан чинь эхнэрийн нүүр нь хөхөрч хавдсан байдалтай байхаар нь эхнэрээ сэрээх гээд түүний толгойг өргөсөн чинь миний гар цус болчихсон. Тэр үед хариу үйлдэл үзүүлэхгүй сэрэхгүй байхаар нь би охиныгоо тэврээд хойд талын хаалгаар нь Жорж таун нэртэй дэлгүүрийн хаалгыг нүдэхэд 2 худалдагч эмэгтэй онгойлгохоор нь охиноо тэр хоёр эмэгтэйд өгөөд охиныг минь түр авч бай, эхнэр маань сэрэхгүй байна. Цагдаа дуудаарай гэж хэлээд эргэж гэртээ ороод хаалгаа хаасан. Би гэртээ ороод эхнэртэйгээ цуг шатаж угаартаад үхнэ гэж бодоод ойрхон байсан даавууг эхнэрийн хажууд тавиад шатаагаад дээрээс нь хувцас хийж шатаасан. Харин энэ үед эхнэрийн нүүрний тал хэсэг нь шатчихсан. Би хажууд нь өөрийнхөө судсыг ханаж амиа хорлох гээд зүүн гарынхаа шуу хэсэгт заазуураар зүсэх гэж оролдсон. Тухайн үед гэр битүү утаа болчихсон байсан. Би угаартаад байж байхад гаднаас хүчний байгууллагын алба хаагч нар орж ирсэн...Эхнэр бид хоёр хооронд хэрүүл маргаан үүссэн. Тэгээд хоорондоо муудалцсан. Миний хувьд эхнэрийгээ алах ямар нэгэн санаа бодол байгаагүй. Би эхнэрийнхээ хоолойг боож айлгах гэж байгаад л амь насыг нь хохироочихлоо...Гал асаахдаа эхнэрийнхээ хажууд газар шалан дээр даавуугаа тавиад хар өнгийн гал асаагуураар асааж шатаасан. Тэгээд хувцсаа тавьж галаа асаах гэсэн. Тэр үед эхнэрийн маань нүүр хэсэг шатчихсан. Гал асаах болсон шалтгаан нь эхнэртэйгээ цуг угаартах гэж байсан юм. Тэрнээс өөр ямар нэгэн санаа бодол байхгүй...” гэх мэдүүлэг /52-53/,

Гэрч О.Жанчивлхам мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай талийгаач охин маань 1997 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймгийн Жаргалант суманд айлын ууган охин болон мэндэлсэн. 2004-2014 оны хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын 14 дүгээр бүрэн дунд сургуулийг, 2014-2018 оны хооронд Улаанбаатар хотод ШУТИС-ийн Мэдээлэл холбооны сургуулийг төгссөн дээд боловсролтой болсон. Манай эхнэр В.Оюунтуяа бид хоёр 2019 онд албан ёсоор гэр бүлээ цуцлуулснаас хойш би ганцаараа Орхон аймгийн Баян-Өндөр суманд амьдрах болсон. Тухайн цаг мөчөөс хойш охинтойгоо уулзаагүй. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр охиныгоо төрөөд охинтой болсон талаар мэдсэн. Тухайн өдөр надад манай дунд охин Эрдэнэтуяа, хадам ээж Даваа нар надад хэлж байсан. Би хүргэнтэйгээ огт уулзахгүй байж байгаад хамгийн анх 2020 оны 04 дүгээр сард уулзаж байсан. Тэр үед охин маань хүүхэд нөхөртэйгөө хамт Орхон аймагт манай гэрт ирээд 7 хоносон байх, тэр үед манай хүргэн гэх Э нь нэг өдөр архи ууж гаднаас согтуу орж ирээд ямар нэгэн шалтгаангүйгээр надтай зодоон цохионы асуудал үүсгэсэн. Тэр үед охин маань бичлэг хийсэн байсан. Тэгээд би уурлаад чам шиг хүнтэй охиноо цуг амьдруулахгүй гээд хөөж явуулж байсан юм. Тэр өдрөөс хойш хүргэн Этой уулзаж, утсаар огт яриагүй. Манай охин бараг энэ зунжингаа л ээжийнхээ гэрт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд байсан. Хэзээ хот явсан талаар мэдэхгүй. Ямар ч байсан манай охин надтай 11 сард утсаар ярихдаа би хотод нөхөр хүүхэдтэйгээ байр хөлсөлж байгаа талаар ярьж байсан. Хамгийн сүүлд нас бардаг өдрөө буюу 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 16 цагийн үед надтай чатаар холбогдож байсан. Тухайн үед охин маань надтай чат бичихдээ маргааш охины төрсөн өдөр гэж хэлж байсан. Тэгэхээр нь би охиныхоо хаан банкны данс руу 30.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд л шөнө нь ийм асуудал болсон байна. Манай охин 11 сараас хойш байнга л надтай холбоотой байж утсаар ярьж чат бичдэг байсан. Тэгэхдээ надад нөхөр ингэсэн тэгсэн, намайг зодсон гэсэн талаар огт ярьж хэлж байгаагүй. Мөн манай гэрт тэр хоёр 7 хонохдоо ямар нэгэн байдлаар хэрүүл маргаан хийж, зодоон цохионы асуудал үүсгээгүй. Миний хувьд хоорондох харилцаа нь хэвийн л гэж бодож байсан. Охины маань хувьд төлөв томоотой, элдэв муу зан аашгүй, бусдад маш их итгэдэг, төрөл садан гэр бүл, найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй сайн хүүхэд байсан. Эын хувьд хүн байхааргүй харгис үйлдэл гаргасан байна. Эрүүл саруул охинтой минь нэг гэр бүл болчихоод яаж ингэж чадаж байна аа. Эын гаргасан үйлдэлд маш их гомдолтой байна. Тийм учраас энэ хэргийг хуулийн дагуу үнэн зөвөөр шийдэж тэр харгис үйлдэл гаргасан хүнд тохирсон ял оноож өгнө үү.” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56/,

Гэрч В.Оюунтуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 12-24 насны гурван хүүхэдтэй, талийгаач охин маань миний том хүүхэд байсан. 2018 онд Э гэх хүнтэй танилцаад дундаасаа 1 хүүхэдтэй болсон. Хүүхэд нь 2020 оны 01 сард төрсөн. 2019 оноос хойш нэг гэрт амьдрах болсон. Манай охин зөөлөн зантай хэр баргийн хүнтэй хэрэлдэж маргалдаад байдаггүй, архи тамхи хэрэглэдэггүй. Хүргэн Э нь анхнаасаа надад таалагдаагүй, хүнтэй юм ярих дургүй, манай гэрт ирэхээрээ өрөөндөө ороод буруу хараад гар утсаа оролдоод байдаг. Архи уудаг айлын ганц хүүхэд, тогооч мэргэжилтэй, яг тогтсон ажил хийдэггүй, надтай нээх юм ярьдаггүй болохоор зан байдлын талаар нь мэдэхгүй. 2020 оны 3 билүү 4 дүгээр сард Орхон аймаг руу манай охин нөхрийгөө аавтайгаа танилцуулах гээд аваад явсан. Тэгээд тэндээ архи уугаад охины аавыг нь зодсон гэсэн. Тухайн үед охин маань гар утсаараа бичлэг хийсэн байсан ба бичлэгийг нь үзэхэд архины шилээр толгой руу цохиод өшиглөөд байсан. Дараа нь талийгаач охин маань хэлэхдээ Э нь“Аав бид хоёрын хоолойнд  хутга тулгаад, бос суу гээд байсан” би тухайн үед нь гэрийнхэн урд байдаг найз руу нь чат бичээд манай найз орж ирээд салгасан гэж хэлж байсан. Би үүнийг нь мэдээд 2020 оны 04 дүгээр сараас хойш өөр дээрээ байлгаад нөхрөөс нь түр салгасан байсан. Өөрөө ч Эыг манай аавд гар хүрсэн сална гэдэг байсан. Тэгээд 2020 оны 08 сарын сүүлээр нөхөр Э ажилд орсон гэнээ гэр орон бэлдсэн гэнээ гэхээр нь би явуулахгүй гэж нилээн үзсэн боловч нөхөр нь өдөр шөнөгүй яриад байхаар нь нөхөр рүүгээ явсан. Талийгаач охин маань нөхөртэйгөө жаахан таарамжгүй харьцаатай байдаг юм шиг байна лээ. Өмнө нь надад зодож цохиж байсан талаар хэлж байгаагүй. Хэрэг гардаг өдөр 16 цагийн орчимд надтай видео дуудлага хийж ойр зуурын юм ярьсан, тухайн үед сэтгэл санааны байдал нь тайван нөхөр Э нь гэртээ байхгүй байсан. Би охиноосоо ер нь яаж байна гэж асуухад надад юм хэлдэггүй байсан. Одоо хүүхэд нь над дээр байгаа, би хүүхдийг нь өсгөж хүмүүжүүлнэ. Миний хувьд маш их гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59/,

Гэрч Ч.Оюунцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “******* нь миний төрсөн эгчийн хүүхэд байгаа юм. *******  эхнэр Ж.Жавзанхорол нар нь 2019 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо 4-104 тоотод манай хашаанд гэр барьж амьдарч эхэлсэн. Тэгээд манай хашаанд 2020 оны 04 дүгээр сар хүртэл амьдарч байгаад Сэлэнгэ рүү явлаа гээд явсан. Тэр өдрөөс хойш би *******, Ж.Жавзанхорол нартай нэг ч удаа уулзаж, утсаар холбогдоогүй, хувийн зан байдлын талаар ярьж хэлэхэд 2 дүү маань хоёулаа төлөв томоотой, элдэв ямар нэгэн муу зуршилгүй залуучууд л байсан. Манай хашаанд гэр барьж амьдрах хугацаандаа хоорондоо ямар нэгэн хэрүүл маргаан үүсгэж, зодоон цохионы асуудал үүсгэж байгаагүй. ******* нь манай хашаанд амьдарч байх үедээ нэг ч удаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ надтай таарч байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62/,

Гэрч Ч. Оюунцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:  “...******* миний төрсөн эгчийн хүүхэд байгаа юм. Би нагац эгч нь байгаа юм. Манай дүү ******* 1991 оны 07 дугаар сарын 02-ны өдөр төрсөн. *******ын төрсөн эцэг нь түүнийг төрөхөөс өмнө нас барчихсан юм. Дүү ******* нь Сүхбаатар дүүргийн 35 дугаар сургуулийн 8 дугаар анги төгсөөд хүнсний технологийн коллежид тогооч мэргэжлээр суралцан төгссөн бөгөөд *******ыг 1 дүгээр курст сурдаг байхад нь төрсөн эх Оюун-Эрдэнэ нь өвчний шалтгаанаар нас барсан. Сургуулиа төгсөөд нэг охинтой танилцаад ээжийнхээ амьдардаг байсан хашаа байшинд амьдарч байхдаа 1 охинтой болсон. Тэр хүүхдийг нь одоо хаана байдгийг нь мэдэхгүй. Учир нь анх цуг амьдарч байсан эмэгтэй нь *******ын ээжтэйгээ амьдарч байсан байшинг нь заруулаад Алтжин бөмбөгөр дээр наймаа хийгээд сүүлдээ орлогогүй болоод манай дүүг хаяад явчихсан юм. Дараа нь ******* 2019 оны эхээр нэг найз охинтой болсон гээд ярьж байсан. Тэгээд ******* нь Ж.Жавзанхоролыг жирэмсэн болчихсон гэхээр нь төрсөн эгч Оюунцэцэгийн хашаанд нь гэр барьж өгөөд доторх тавилга бүх зүйлийг авч өгөөд тусад нь гаргаж өгч байсан юм...******* нь Хужирбуланд эхнэртэйгээ амьдарч байхад нь би байнга очдог байсан. Тэр үед ******* нь эхнэрээ төрсөн гээд гэрээсээ гаргахгүй гам бариулж байгаа гээд гэртээ хүндээр болон хөнгөнөөр бие засуулаад өөрөө тэрийгээ зөөж цэвэрлэдэг байсан. Манай хоёр дүүгийн хоорондын харилцаа холбооны хувьд бие биедээ маш сайхан харилцаатай байсан. ******* манай бэр дүү Ж.Жавзанхорол нар нь яг адилхан их дуу цөөнтэй, төлөв томоотой, ямар ч элдэв муу зан аашгүй зантай залуучууд байсан. Миний мэдэж байгаагаар огт тийм хэрүүл маргаан, зодооны асуудал огт үүсгэж байгаагүй хүмүүс. ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ огт надтай таарч, мэдэгдэж байгаагүй. ******* нь өмнө эхнэр хүүхэдтэй байсан. Тэр эмэгтэй нь манай дүүг хаяад хүүхдээ төрсөн эх дээрээ орхиод Тайланд руу сурахаар явсан гэж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65/,

Гэрч П.Чулуунбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...******* нь 2020 оны 10 дугаар асрын 01-ний өдрөөс эхлэн дээрх байранд амьдарч байсан. Анх байранд оруулахдаа түрээсийн гэрээг бичгээр хийгээгүй, сарын 250.000 төгрөгөөр оруулсан юм. ******* нь сар сардаа ямар нэгэн хугацаа алдалгүй  өгдөг байсан. Харин тэр орой манай байранд байдаг дэлгүүрийн худалдагч Баярмаа гэдэг охин утсаар надад “Танай байранд амьдардаг хүмүүсийн хооронд асуудал үүссэн. Гал гарсан” гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө нь *******ын эхнэр нь нас барсан  талаар мэдсэн. Миний мэдэж байгаагаар ******* эхнэр 2 нь томоотой байрын залуучууд шиг санагдаж байсан. Миний мэдэж байгаагаар хэрүүл маргаан үүсгэж, зодоон цохионы асуудал үүсгэсэн гэж сонсож байгаагүй. Манай байранд ямар нэгэн хохирол учирсан асуудал байхгүй. Хана, шал, таазыг *******ын ах, эгч нар нь янзалж өгсөн. Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68/,

Гэрч И.Батсүх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний бие жолооч цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Гэрэлт-Одтой Сүлд-112 дугаар чиглэлд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж байх үед 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 21 цаг 53 минутад Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 8/2 байранд гал гарч байна гэсэн дуудлага мэдээллийг хүлээн авч тухайн газарт очиход онцгой байдал очсон галыг нь унтрааж байсан. Тэгэхээр нь би ганцаараа гал гарч байгаа газар буюу 8/2 дугаар байрны 00 тоот өрөө рүү ороход Онцгой байдлын 2 алба хаагч галаа унтраачихаад гарч байсан. Өрөөний гол хэсэгт нэг хүнийг  цагаан даавуугаар бүтээсэн байсан. Харин үүдний хэсэгт нилээн согтуу дээгүүрээ нүцгэн хувцасгүй залуу “Миний эхнэр үхчихлээ ш дээ гээд орилоод сууж байсан. Тэгэхээр нь тэр цагаан өнгийн даавууг авч харахад нас барсан байдалтай эмэгтэй хүн дээшээ харсан, нүүрнийх нь тал хэсэг шатаж харалсан, нүүр нь хөхөрч хавдсан байдалтай байхаар нь нөгөө согтуу эрэгтэйг гавлаад машиндаа суулгаад 103 болон хэлтсийн жижүүрт мэдэгдэж бүрэлдэхүүн дуудсан. Хэлтсийн бүрэлдэхүүнийг иртэл тухайн хэрэг учрал болсон газрыг хамгаалалтанд авч ямар нэгэн хүн дотогш нэвтрүүлээгүй. Бүрэлдэхүүн ирсний дараа тухайн хүнийг эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн. Тэр залууг машинд суулгаад эрүүлжүүлэх байр луу авч явах үедээ юу болсон талаар тэр залуугаас асуухад би эхнэртэйгээ 2, 3 пиво хамт уусан. Тэгээд бид хоёр маргалдсан. Гэтэл эхнэр маань би ийм амьдрал хүсэхгүй байна гэж хэлээд өөр дээрээ тос асгаад шүдэнз зурчихсан юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би ямар тос асгасан юм бэ гэж асуухад тэр залуу манай гэрт лаа байсан, лааны тос байж магадгүй, сайн мэдэхгүй байна гэж хэлсэн. Хэргийн газарт Онцгой байдлын алба хаагч нараас өөр хүн байгаагүй ” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71/,

Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой дахин танилцлаа. Надад сонсгож байгаа зүйл ангийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би урьд өмнө нь талийгаач эхнэрийгээ зодож юм уу сэтгэл санааг нь зовоох ямар нэгэн үйлдэл огт гаргаж байгаагүй. Энэ асуудлыг талийгаач эхнэрийн маань ар гэр мэднэ... Тэгэхээр нь би нүүрэн тус газар нь нэг удаа цохисон чинь уначихсан. Тэгэхээр нь гэдэс дээр суугаад айлгах гээд хоолойг нь гараараа боосон чинь эхнэр ухаан алдчихлаа гэж бодсон. Тэгэхээр нь би гайгүй байх гэж бодоод цонхны хажууд суугаад нэг аягатай пивоноос нэг балга уугаад тамхи асаасан. Тэгэхээр нь би эхнэрээ сэрээх гээд толгойгоор нь тэвэрсэн чинь эхнэр сэрэхгүй өөд болчихсон байсан учир би эхнэрээ тэврээд хэсэг уйлж суусан. Энэ хооронд аманд зуулттай байсан тамхи унаад гал асаж байсан. Энэ үедээ эхнэртэйгээ цугтаа шатаад үхчихье гэсэн бодол толгойд орсон боловч хүүхдээ хараад чадаагүй юм. Тэгэхээр нь хүүхдээ аваад дэлгүүрийн хойд талын хаалгаар ороод худалдагчид хүүхдээ өгчихөөд би эхнэрийгээ алчихсан юм шиг байна гэж хэлсэн чинь намайг дагаж яваад хаалганы завсраар харчихаад орилоод гүйчихсэн юм. Тэгэхээр нь би хаалгаа дотор талаас нь хаагаад гарт ойрхон байсан даавуунуудыг аваад асаж байсан зүйл дээр нь тавьж асаагаад угаартаад эхнэртэйгээ цуг үхчих юмсан гэж бодсон. Тэгээд удаагүй цагдаа хүчнийхэн гэрт ирсэн...би эхлээд бодохдоо лаа асаасан байснаас болж гал ассан байх гэж бодож байсан. Одоо сүүлд тайвшираад сайн бодоход миний асаасан тамхинаас болж гал гарсан гэж санаж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 161-165/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 227 дугаартай шинжээчийн дүгнэлт:

“1. Талийгаачид багалзуурдалт хөвч ясны эврийн хугарал, зүүн гүрээний артерийн салаалтын цус хуралт, жолоо булчингийн цус хуралт, баруун зулай, чамархай, дагзны зүүн дэлбэнгийн аалзан хальс доорхи цус харвалт, хуйхны тархмал цус хуралт, зүүн чамархай, доод уруулын салстын язарсан шарх, зүүн зовхи, жавьжны цус хуралт тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр дарах, олон удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ.

2. Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчин үгүй байна.

3. Цус нь 3-р бүлэг байна.

4. Нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ.

5. Талийгаач нь багалзуурдуулсны улмаас амьсгал бүтэж нас баржээ.

6. Нүүр, цээжний баруун тал, баруун бугалга, шуу, сарвуу, баруун гуяны гадна талын түлэгдэл нь галын дөлөөр нас барсны дараа үүсчээ.

7. Үтрээнээс эр бэлгийн эс илрээгүй байна.” гэх  дүгнэлт /хх-ийн 73-76/,

 

          Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 114 дугаартай комиссын гишүүдийн

“1.******* нь гэмт хэрэг үйлдэхийн өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

2. ******* нь гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа сэтгэцийн ямар нэгэн өвчтэй болсон гэх баримт мэдээлэл, шинж тэмдэг үгүй байна.

3. *******од эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

4 ******* нь болсон зүйлийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. ******* нь хэрэг хариуцах чадвартай байна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 128, 129 дүгээр тал/,

 

          Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 4-5/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-13/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-17/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч А.Хүдэр-Эрдэнийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ны өдрийн илтгэх хуудас /хх-ийн 24/, яллагдагч *******ын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-20/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер, ахмад И.Батсүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн илтгэх хуудас /хх-ийн 26/, биологийн шинжилгээний хариу /хх-ийн 79/, хохирлын баримт /хх-ийн 185-190/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 167/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 174/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 8-2 дугаар байрны 00 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Ж.Жавзанхоролыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, нүүр толгойн хэсэг газарт цохиж, улмаар хоолойг нь багалзуурдаж амьсгалыг нь бүтээж алсан болох нь

 Гэрч С.Нансалын: “...2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр орой 21 цаг 40 минутын үед манай дэлгүүрийн хойд талын хаалгыг нүдсэн. Тэр үед манай нөгөө худалдагч О.Баярмаа хаалга онгойлгосон. Тэгээд хэсэг хугацааны дараа Баярмаа буцаж орж ирээд хажуу талын айлын залуугийн эхнэр ухаангүй хэвтэж байна, хажууд нь гал гарч байна гээд цагдаа болон онцгой байдалд дуудлага өгсөн. Энэ үед манай дэлгүүрт үйлчлүүлдэг залуу нялх хүүхдээ тэвэрсэн байдалтай орж ирээд надад хүүхдээ өгчихөөд гараад явсан. Араас нь О.Баярмаа гараад буцаж орж ирээд тэр ахыг хаалгаа онгойлгохгүй байгаа талаар надад хэлсэн. Тэгээд удаагүй онцгой, цагдаа нар ирсэн. Нөхөр нь орж ирээд хүүхдээ манай найз бид 2-т үлдээгээд өөрөө орж гараад гүйгээд байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч О.Баярмаагийн: “...Тухайн залууг хаалга тогшоод байхаар нь хаалгаа онгойлгосон чинь коридор утаатай байсан. Харин тэр залуу надад хэлэхдээ “Эхнэр амиа хорлочихлоо, гэрт гал гараад байна.” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр залуугаас зөрөөд хаалга нь онгорхой байхаар нь гэр рүү нь ороод харсан чинь эхнэр нь газар хэвтсэн байдалтай, нүүрний хэсэгт хавдсан, хажууд нь гал гарч, гэрийн халаад шатаж байхаар нь би тэр шатаж байгаа халаадыг нь шатаагүй хэсгээс нь бариад татаж холдуулсан. Тэгээд шууд гараад нөгөө худалдагч С.Нансалд саяын залуугийн эхнэр нь ухаангүй, хажууд нь гал гарч байна гэж хэлээд 101, 102 –руу дуудлага өгсөн. Намайг гэрээс нь гарсны дараа нөгөө залуу хүүхдээ манай нөгөө худалдагч Нансалд өгчихөөд надтай зөрөөд гэр рүүгээ ороод хаалгаа хаачихсан. Хаалга нь гадна талаасаа бариулгүй учир онгойхгүй байсан. Тэгэхээр нь хаалгыг нь онгойлгох гэж гараараа цохиод, хаалгаа онгойлгочих гэсэн чинь тэр залуугийн уйлж байгаа сонсогдсон...” гэсэн мэдүүлэг,

Гэрч И.Батсүхийн: “...Миний бие жолооч цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Гэрэлт-Одтой Сүлд-112 дугаар чиглэлд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж байх үед 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 21 цаг 53 минутад Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 8/2 байранд гал гарч байна гэсэн дуудлага мэдээллийг хүлээн авч тухайн газарт очиход онцгой байдал очсон галыг нь унтрааж байсан. Тэгэхээр нь би ганцаараа гал гарч байгаа газар буюу 8/2 дугаар байрны 00 тоот өрөө рүү ороход Онцгой байдлын 2 алба хаагч галаа унтраачихаад гарч байсан. Өрөөний гол хэсэгт нэг хүнийг цагаан даавуугаар бүтээсэн байсан. Харин үүдний хэсэгт нилээн согтуу дээгүүрээ нүцгэн хувцасгүй залуу “Миний эхнэр үхчихлээ ш дээ гээд орилоод сууж байсан. Тэгэхээр нь тэр цагаан өнгийн даавууг авч харахад нас барсан байдалтай эмэгтэй хүн дээшээ харсан, нүүрнийх нь тал хэсэг шатаж харалсан, нүүр нь хөхөрч хавдсан байдалтай байхаар нь нөгөө согтуу эрэгтэйг гавлаад машиндаа суулгаад 103 болон хэлтсийн жижүүрт мэдэгдэж бүрэлдэхүүн дуудсан. Хэлтсийн бүрэлдэхүүнийг иртэл тухайн хэрэг учрал болсон газрыг хамгаалалтанд авч ямар нэгэн хүн дотогш нэвтрүүлээгүй. Бүрэлдэхүүн ирсний дараа тухайн хүнийг эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн.” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцын шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн №227 дугаартай шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн үнэлэв.

Прокуророос шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч *******ыг хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэдийн төлөөлөгч Ч.Баатарчулуун нь шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэсэн дүгнэлт гаргасан болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнх-Оргил нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм хорын хохиролд оршуулгын зардал 7.277.623 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгчийн ар гэрээс талийгаачийн эцэг, эхэд нь оршуулгын зардлыг нөхөн төлсөн байна, иймд баримтаар нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнх-Оргил нь талийгаач Ж.Жавзанжаргалын насанд хүрээгүй хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж болон гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг Сиди-г хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,

Хар өнгийн ай фоне 5 маркийн гар утас 1 ширхэг,

Цагаан өнгийн ай фоне 6 маркийн гар утас 1 ширхэг,

Дутуу татсан байдалтай ченж эссэ гэх тамхины иш 3 ширхэг,

Асаж буй тамхины зурагтай хар өнгийн гал асаагуур 1 ширхэг,

Дутуу шатсан үслэг материалтай цэнхэр өнгийн хүүхдийн алчуур 1 ширхэг,

Талийгаачийн өмсөж байсан дутуу шатсан хөх өнгийн дотоож 1 ширхэг, саарал өнгийн өмд 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын хэлтсийн эд мөрийн баримт устгах комисст даалгав.

Мөн шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч *******ын насанд хүрээгүй охин Э.Нандин-Эрдэний асрамжийг Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.10-д заасны дагуу шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. *******ыг хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар *******од 17 /арван долоо/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар *******од оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ын урьд цагдан хоригдсон нийт 81 /наян нэг/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж, уг хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Хар өнгийн ай фоне 5 маркийн гар утас 1 ширхэг, цагаан өнгийн ай фоне 6 маркийн гар утас 1 ширхэг, дутуу татсан байдалтай ченж эссэ гэх тамхины иш 3 ширхэг, асаж буй тамхины зурагтай хар өнгийн гал асаагуур 1 ширхэг, дутуу шатсан үслэг материалтай цэнхэр өнгийн хүүхдийн алчуур 1 ширхэг, талийгаачийн өмсөж байсан дутуу шатсан хөх өнгийн дотоож 1 ширхэг, саарал өнгийн өмд 1 ширхэг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын хэлтсийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнх-Оргил нь талийгаач Ж.Жавзанжаргалын насанд хүрээгүй хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж болон гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.10-д зааснаар *******ын насанд хүрээгүй хүүхэд болох Э.Нандин-Эрдэний асрамжийг шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгасугай. 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл *******од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР

 

                ШҮҮГЧИД                                      Д.МӨНХТУЯА

 

                                                                            С.ОЛЗОД