Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/59

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж, 

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Н

Улсын яллагч С.Б

Шүүгдэгч Б.С нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.С-т холбогдох эрүүгийн 2125000000013 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б.С

 

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Б.С-г 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн 38-02 тоот дахь гэртээ ээж Д.Т зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

                                            ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С-н мэдүүлсэн “Спирт уугаад Болд ахтай маргалдаад ээж халамцуу байсан болохоор Болдыг цохисон гэж андуураад байсан.Ээжийг би цохисон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.Би ер нь дахин архи уухгүй өөрийгөө засъя гэж бодож байна гэх мэдүүлэг,

 

-Хохирогч Д.Т-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн ”... Би гэртээ харьсан чинь Сүхээ унтчихсан харин Болдог орон дээр суугаад миний цүнхийг ухаад байж байхаар нь яагаад цүнх ухаад байгаа юм гэсэн чинь таны цүнх онгорхой байна гэж байсан удалгүй араас Мөндөг гэрт орж ирсэн. Ингээд би гэрт архи дарс уудаг, хоорондоо зодолддог гэж уурлаад Сүхээд элэг шарж өгөх гээд байж байсан чинь Болдог уурлаад хайруулын таваг аваад миний толгойны баруун тал руу 1 удаа цохьсон чинь Мөндөг Болдогийг гаргах гэсэн чинь гаргахгүй хоорондоо маргалдаад байсан. Тэгээд гараад явахаар нь би цустайгаа цагдаагийн хэсэг дээр очоод сая хүүгийн найзуудад зодуулчихлаа гэж хэлчихээд харьсан чинь араас 2 цагдаа орж ирээд Сүхбаатарыг тасарчихсан унтаж байхад нь аваад гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р хуудас/,

 

-Гэрч М.А-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 20 цаг 05 минутад жижүүрийн 102 дугаараас гэр хорооллын хэсгээс зодуулсан хүн ирлээ гэсэн дуудлага ирсний дагуу гэр хорооллын цагдаагийн хэсэг дээр очиход иргэн Туяа нь намайг хүү Сүхбаатар зодчихлоо гэхээр нь түүний хамт гэрт нь буюу Цагаанчулуут баг 38-2 тоотод очиход гэрийнх нь эд зүйлс эвдэрсэн, эмх замбараагүй болсон байсан ба хүү Сүхбаатараас юу болсон талаар асуухад хариулах боломжгүй согтуу байсан тул эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэн өгсөн юм. Тухайн үедээ иргэн иргэн Туяа нь цагдаагийн хэсэг дээр ирсэн байхдаа манай хүү намайг зодсон гэсэн дараа нь гэрт нь очиж үзээд хүү Сүхбаатарыг эрүүлжүүлэх байр луу авч явна гэсэн чинь би гомдол саналгүй гээд хүүгээ өгч явуулахгүй гэж хэсэг маргалдсан, энэ талаар ярьсан яриа нь энгэрийн камерт бичигдсэн байгаа, хүү зодсон гэсэн болохоор Сүхбаатар гэгчийг эрүүлжүүлэх байранд хүргэж өгсөн юм... ” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,

 

-Гэрч Х.М-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Б.Сүхбаатар нь2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ээж Туяад агсам тавьж танхайрсан гэх уг зөрчил нь надад цохогдон шалгагдсан. Ээж Туяа нь тухайн үедээ дуудлага мэдээлэл өгөхдөө манай хүү Сүхбаатар намайг зодсон, агсам тавиад байна гээд өөрийн биеэр гэр хорооллын цагдаагийн хэсэг дээр ирж мэдээлэл өгсөн, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас хүү Сүхбаатарыг эрүүлжүүлэх баривчлах байранд хүргэж, ээжээс нь гомдол мэдээллийг маргааш нь хүлээн авч мэдүүлэг авсан. Мэдүүлэг авах үед дуудлагаасаа буцдаг, миний хүү намайг цохиж зодоогүй, хэрүүл хийгээд байхаар нь цагдаад өгсөн юм гэж хэлдэг. Тухайн зөрчилд зөрчлийн хэрэг нээгээд прокуророос шүүх рүү баривчлах саналтай шилжүүлсэн боловч шүүхийн шатанд алга болсон.Тэгээд 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр дахин ээждээ агсам тавьж зодсон гэж Туяагаас гомдол гаргаад эрүүлжүүлэх байранд хүргэгдсэн байсан тул өмнөх зөрчлийн хэрэгт нь шүүхээр оруулж 14 хоног 10 цагийн албадан сургалтын шийтгэл оногдуулсан юм..." гэх мэдүүлэг /хх 27-28-р хуудас/,

 

-Гэрч С.Г-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Би Б.Сүхбаатар гэгчид холбоотой 2019 оны 09 дүгээр сард “Манай хүү Б.Сүхбаатар нь архидан согтуурч, намайг хэл амаар доромжилж, цохиж зодож танхайрсан тул шалгаж өгнө үу” гэх иргэн Д.Туяагаас гаргасан өргөдөл гомдлыг хүлээн авч шалгаж байсан. Тухайн үед зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж хохирогч болох ээж Туяагийн биед шүүх эмнэлгийн шинжээч томилж дүгнэлт гаргуулахад хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл гарсан тул харьяаллын дагуу шалгуулах саналтай прокурорт хүргүүлсэн. Мөн үүнээс гадна гэр хорооллын багуудын нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд ээж Туяагаас дуудлага ирүүлж, манай хүүхэд агсам согтуу тавиад байна гэж гомдол мэдээлэл өгч байсан боловч эргэж дуудлагаа буцааж байсан...” гэх мэдүүлэг /хх 25-26-р хуудас/,

 

-Гэрч Ч.Ц-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Сүхээгийн ээж болох Туяа Сүхээ хаана байна, спирт хаана байна гээд манай гэрт халамцуу үс нь сэгсийсэн байдалтай ороод ирсэн. Тэгэхээр нь би юун спирт гэсэн чинь 5 л спирт аваад явсан гэж яриад байсан тэр цэнхэр спирт нь 5 литрийн сав дотор нилээн бага үлдсэн харагдсан. Туяа манай Мөнх-Эрдэнийг манайд очиж хоно гээд байхаар нь би гэр оронгүй хүн шиг юу гэж айлд хонуулах юм чи өөрөө хүүгээ аваад харь гээд Сүхээг ээж Туяагийн хамт явуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/,

 

-Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 01 тоот "...Д.Туяагийн биед тархи доргилт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, нүүр, баруун чихний дэлбээ, зүүн гарын сарвуунд цус хуралт, хуйханд зулгаралт үүссэн. Гэмтлийн зэргийн хөнгөн зэрэгт хамаарна ...” гэсэн дүгнэлт /хх 30-31-р хуудас/

 

-Эд мөрийн баримтаар цагдаагийн энгэрийн камераар бичсэн мэдээллийг тооцох тухай мөрдөгчийн тогтоол,үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 34-36р хуудас/

 

-Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2020 оны 06 сарын 22-ны өдрийн 334 дугаартай шүүх хуралдааны тогтоолын хуулбар /хх-ийн 40-42-р хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Б.С нь 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн 38-02 тоот дахь гэртээ архидан согтуурах үедээ ээж Д.Туяагаа зодож, тархи доргилт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, нүүр, баруун чихний дэлбээ, зүүн гарын сарвуунд цус хуралт, хуйханд зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч, шинжээчийн дүгнэлт, камерын бичлэг, тэмдэглэл зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв. Шүүгдэгч Б.С нь 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр шалтгаангүйгээр гэр орондоо архидан согтуурсан үедээ ээж Туяагийн биед халдаж толгой руу 2 удаа цохиж мэндэд нь хөнгөн хохирол учруулсан ба тухайн үед хохирогч Туяа мөн хамт архидан согтуурсан байдалтай байсан болох нь тогтоогдсон байна.

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 сарын 11-ний өдрийн 01 дугаартай дүгнэлтээр”... Д.Т-н биед тархи доргилт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, нүүр, баруун чихний дэлбээ, зүүн гарын сарвуунд цус хуралт, хуйханд зулгаралт үүсчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна. Тархи доргилт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, нүүр, баруун чихний дэлбээ, зүүн гарын сарвуунд цус хуралт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Хуйханд үүссэн зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэж дүгнэсэн, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч үйл баримт, гэм буруугийн талаар маргахгүй байна. 

 

Шүүгдэгч Б.С-н энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, бусдад хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.С-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Б.С нь тус шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоол, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2020 оны 06 сарын 22-ны өдрийн 334 дугаартай тогтоолоор /хх-ийн 40-42-р хуудас/ ээж Туяагаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсон гэмт хэрэгт шийтгүүлж байсан болох нь хэрэгт авагдсан дээрхи тогтоолуудаар нотлогдсон ба энэ асуудлаар удаа дараа зөрчлийн хэрэгт шийтгэл хүлээж байсан баримт лавлагаа хэрэгт авагджээ. Иймд шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн үйлдэл гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг бие махбод, сэтгэл санааны шинжтэй хүч хэрэглэсэн, сэдэлт санааны хувьд байнгын давтамжит шинжтэй байна.

 

Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч Б.С нь 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн 38-02 тоот дахь гэртээ ээж Д.Туяагаа зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон, гэм буруутай байх тул ял зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай гэжээ.

 

Шүүгдэгч шүүх хуралдаанд, ”би дахиж архи дарс уухгүй. Өөрийгөө засна. Ялын талаар саналгүй гэжээ.

 

Хохирол төлбөрийн тухайд: хохирогч Д.Т  нэхэмжлэл гаргаагүй байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзнэ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хохирлын хэмжээ зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-г 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-т оногдуулсан 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 5 цагаар ажиллуулахаар тогтоож ялыг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтээр хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурьдсугай. 

 

       6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.





 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ