Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 15

 

 Б.Хд холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Б.Сүхгомбо, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

             Нарийн бичгийн дарга                               Г.Должинсүрэн 

             Прокурор                                                        Б.Догмиддорж

             Шүүгдэгчийн өмгөөлөгч                             Ө.Батболд

             Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч          С.И

             Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч          Т.Энхболд нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж шийдвэрлэсэн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний нэхэмжлэгч Малын удмын сангийн үндэсний төвийн захирал Д.Цийн давж заалдах гомдлоор Б.Хд холбогдох эрүүгийн 1721000610051 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Халхгол суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ... мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг .... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Х овогт Бийн Х.

Шүүгдэгч Б.Х нь Дорнод аймгийн Ц с газарт ажиллаж байх хугацаандаа буюу 2016 оны 7 дугаар сараас 2017 оны 5 дугаар сарын хооронд байгууллагын хөрөнгөнөөс 8892660 төгрөгийг завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддорж шүүгдэгч Б.Хд холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолоор:

-Дорнод аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Бийн Хд холбогдох эрүүгийн хэргээс 2016 оны 7 сараас 2016 оны 09 сарын 29-ний өдрийг хүртэлх 7 удаагийн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож;

-2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Бийн Хд холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж;

-2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт Бийн Хыг аж ахуй нэгж, байгууллагын өмчийг итгэмжлэн хариуцсан этгээд завшсаны улмаас бага бус хэмжээний хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож;

-2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хд холбогдох хэргийг “хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр” хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж;

-Шүүгдэгч Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж;

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Хс гэм хорын хохиролд 200,000 /хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Малын удмын сангийн үндэсний төвд олгож;

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн эзэмшлээс битүүмжилсэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 16 дугаар гудамжны 23 тоотод байрлах 2000 мкв талбай бүхий газрын шүүгдэгчийн хувьд ногдох хэсгээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх албадлагын арга хэмжээ авч;

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг малын бүртгэлийн дэвтрийг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөртэй тул түүний эзэмшлээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 16 дугаар гудамжны 23 тоотод байрлах 2000 мкв талбайтай газрыг битүүмжилсэн Прокурорын 2017 оны 10 сарын 26-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож;

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж;… шийдвэрлэжээ.

Малын удмын сангийн үндэсний төвийн захирал Д.Ц давж заалдах гомдолдоо: “…Эс зөвшөөрсөн үндэслэл нь: Дорнод аймгийн ц с ү төвийн менежер /хуучнаар/ Б.Х нь нийт 7 удаагийн үйлдлээр нийт 21,660,000 төгрөгийн 82 толгой мал дутаасан.

Улсын яллагч нь шүүгдэгч Б.Хыг Дорнод аймгийн ц с ү төвд ажиллаж байх хугацаандаа буюу 2016 оны 7 сараас 2017 оны 5 сарын хооронд байгууллагын хөрөнгөөс 8,892,660 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогдсон гэж яллах дүгнэлтэд бичсэнийг шүүх хянан хэлэлцээд:

Малын удмын сангийн үндэсний төвийн захирлын тушаалаар Дорнод аймгийн цөм сүргийн үржлийн төвийн менежер Б.Хыг /хуучнаар/ 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/47 тоот тушаалаар томилсон. Үүрэгт ажилдаа томилогдсоноос хойш 2 удаа буюу 2017 оны 01 дүгээр сарын 02-нд 4 толгой төлөг, 2017 оны 01 дүгээр сарын 14-нд 10 толгой төлөг зах зээлийн ханшаар нийт 980,000 төгрөгийн малыг малчин Яг хариуцан маллаж буй малаас авсан байдаг.

Б.Х нь Дорнод аймгийн цөм үржлийн төвийн менежерээр томилогдох хүртэлх буюу 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр албан ёсоор томилогдохоосоо өмнө 5 удаа буюу 2016 оны 7 дугаар сарын 17-нд 2 толгой сувай үнээ 1,800,000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 11-нд 10 толгой бяруу 4,000,000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 13-нд 2 толгой төлөг 140,000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 29-нд 20 толгой эм хонь 2,500,000 төгрөг, нийт 13,065,000 төгрөгийн малыг малчин Яын хариуцан маллаж буй малаас авсан ба 2016 оны санхүүгийн тайланд тусгаагүй нь баримтаар нотлогдож байхад дээрх үйлдлүүдийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нотлох баримтгүй гэж үзсэн.

Дээрх гэмт үйлдлийг шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж давж заалдах гомдлыг гаргаж байна. Мөрдөн байцаалтын явцад дээрх үйлдлийг гэм буруутайд тооцож, бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлсэн гэмт хэрэг гэж үзсэн. Гэтэл шүүх бүрэлдэхүүн дээрх үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн. Б.Х нь бусдын эд хөрөнгийг завшсан нь өөрийнх нь хавтаст хэрэгт авагдсан мэдүүлэг, мөрдөн байцаалтын явцад тогтоогдсоор байхад шүүх гэмт хэрэг биш гэж үзсэн.

Иймд Б.Хд хуульд заасан ял шийтгэлийг нь оноож, байгууллагын хохирлыг бүрэн барагдуулж өгнө үү. Шүүх хавтаст хэрэгт байгаа нотлох баримтыг дутуу үнэлж хэрэгт ач холбогдолтой талаас нь авч үзээгүй байна” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Энхболд хэлсэн саналдаа: ...Шүүх шүүгдэгч Б.Х-н 7 удаагийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу. Б.Хд үүрэг хүлээлгэсэн болох нь гэрч Б.Сын мэдүүлгээр нотлогддог. Мөн өөрөө дээд газартайгаа ярьж хийсэн ажлаа тайлагнадаг байсан. Иймд хохирлын 8892660 төгрөгийг шүүгдэгчээр төлүүлж өгнө үү гэв.  

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд хэлсэн саналдаа: …Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэстэй гэж үзэж байна. Б.Хыг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн тушаалаар ажилд авсан байдаг. Гэрчийн мэдүүлгийг үндэслэж үүрэг өгч байсан гэж үзэж болохгүй. Хохирлын асуудлыг иргэний журмаар шийдвэрлүүлэх эрхтэй. …Иймд иргэний нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Догмиддорж хэлсэн дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Б.Хыг тушаал шийдвэргүйгээр ажиллуулсан байдаг.  Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Б.Хд холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бусад оролцогч, прокуророос гомдол, эсэргүүцэл гаргасан эсэхийг харгалзахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Хыг Дорнод аймгийн Ц сн газарт ажиллаж байх хугацаандаа буюу 2016 оны 7 сараас 2017 оны 5 сарын хооронд байгууллагын хөрөнгөнөөс 8,892,660 төгрөгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2 удаагийн үйлдлээр буюу 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр 4 төлөг буюу 280,000 төгрөгийн, 2017 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр 10 төлөг буюу 700,000 төгрөгийг, нийт 980,000 төгрөгийг завшиж бага бус хэмжээний төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1-д зааснаар өөрчлөн зүйлчилж, мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар “хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр” хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч Б.Хын үйлдсэн хэрэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:

Шүүгдэгч Б.Хын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тушаал гарахаас өмнө 7 удаагийн үйлдлээр мал авсан. Тушаал гарснаас хойш 2 үйлдэл байгаа. Тэрнээс хойш бол мал аваагүй. Шинжээчийн гаргасан тоо миний авсан малын тоотой таарч байгаа. Үнийн дүнгээс бусад зүйл дээр маргаж байгаа зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

 Гэрч Т.Яын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017.01.02-ны өдөр 2 толгой эм хонийг би аймагт гулуузлаад авчирч өгсөн. Учир нь Х намайг аймаг ирэхдээ 2 хонь авчраарай гэсэн учир авчирч өгсөн. 2017.01.14-ний өдөр Г гэж Хэнтий аймгийн наймаачин ах ирээд Х надаас мөнгө авсан гэж хэлээд 5 эр, 5 эм төлөг нядлаад авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/,

Иргэний нэхэмжлэгч Б.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Малын удмын сангийн үндэсний төвөөс иргэн Б.Хаас нийт 82 толгой мал, зах зээлийн үнээр 21,660,000 төгрөг, дансны 4,398,000 төгрөгийн мал нэхэмжилж байгаа. 82 толгой малыг задалбал хонь 60 толгой, үхэр 22 толгой малыг нэхэмжилж байсан. Гэвч Аудитор Д гэх хүний гаргаж өгсөн мэдүүлгээр “6,251,140 төгрөг санхүүгийн тайланд тусгагдаагүй. Нотлогдох боломжтой гэж үзсэн. Мөн 26 толгой, 5,775,000 төгрөгийн мал зүй бусын хорогдлоор хорогдсоныг анхан шатны баримт үйлдэн тайланд тусгаагүй. Нийт 12,026,140 төгрөгийг мөрдөн байцаалтын явцад тогтоох” гэсэн мэдүүлэг өгсөн байсан. Мөрдөн байцаалтын шатанд шинжээчийн дүгнэлтээр гарсан 8,892,660 төгрөгийг манай байгууллага нэхэмжилж байна. Харин Хаас 8 толгой мал өгсөн байгаа боловч тэрийг нь зах зээлийн үнээр тогтоож гаргаагүй байгаа. Үнэлгээг нь гаргавал 8,892,660 төгрөгнөөс хасагдана” гэх мэдүүлэг,

 “Мэдээллийн Аудит” ХХК-ийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 04 тоот “…Б.Х нь 20629394 төгрөгийн хохирол учруулсан болох нь баримтаар нотлогдож байна. Санхүүгийн тайланд тусгагдаагүй бэлнээр зарцуулсан 6,251,140 төгрөгийн зарцуулалт, зүй бусаар хорогдсон 26 толгой малын 5,775,000 төгрөг, нийт 12,026,140 төгрөгийн өрийг хасах талаар мөрдөн байцаалтын явцад тогтоох шаардлагатай гэж үзэж байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 78-83/ болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд болно.

             Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө гэдгийг аж ахуйн нэгж, байгууллага иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн байхыг, завших гэдэг нь итгэмжлэн өгсөн бусдын эд зүйлийг хууль бусаар эргэлтэнд оруулахдаа эд зүйлс, өмч хөрөнгөтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр төлөхгүй байгааг тус тус ойлгох ба ийнхүү үүрэг хүлээсэн байдаг.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд Малын удмын сангийн үндэсний төвийн захирал Д.Ц 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б-47 тоот тушаалаар Б.Хыг Дорнод аймгийн Цөм сүргийн үржлийн төвийн захирлын үүрэгт ажилд түр томилсон, Б.С, Б.Х нарын ажил хүлээлцсэн тухай 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн /хх-131 дүгээр тал/ актнаас өөрөөр дээрх тушаал гарахаас өмнө уг ажлыг гүйцэтгүүлэх талаар гаргасан ямар нэгэн эрхийн акт хэрэгт авагдаагүй байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Харин шүүх, Б.Хын хэргээс 2016 оны 7 дугаар сараас 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх 7 удаагийн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон атлаа иргэний нэхэмжлэлийн зөрүү 7,912,660 төгрөгийг хэрхэн шийдвэрлүүлэх талаар шийтгэх тогтоолд дурдалгүй орхигдуулсан нь буруу болжээ. Хэрэг хэлэлцэх үед иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлийг дахин гаргах эрхээ алдах ба иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй юм. Иймд шийтгэх тогтоолын 6 дугаар заалтад иргэний нэхэмжлэлийн зөрүү 7,912,660 төгрөгийг хэлэлцэхгүй орхисон тухай нэмэлт оруулж зөвтгөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Дээрх нөхцөл байдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, иргэний нэхэмжлэгчийн гаргасан “…Б.Хд хуульд заасан ял шийтгэлийг нь оноож, байгууллагын хохирлыг бүрэн барагдуулж өгнө үү…” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5, мөн зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолын 6 дугаар заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар нэхэмжлэлийн зөрүү 7912660 /долоон сая есөн зуун арван хоёр мянга зургаан зуун жар/ төгрөгийг хэлэлцэхгүй орхисугай” гэсэн нэмэлт оруулан, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, иргэний нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.НАРАНБАЯР                         

                  ШҮҮГЧИД                                                   Б.СҮХГОМБО

                                                                                      Ж.ДОЛГОРМАА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1

/

3