Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/71

 

   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж 

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С

Улсын яллагч Ц.Л

Шүүгдэгч С.О, А.Г

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Э нарыг оролцуулан 

Орхон аймгийн Прокуророос, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2.1 дэх хэсэгт заасан”  бүлэглэж хүн байнга амьдах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлахыг завдсан” гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.О, А.Г нарт холбогдох эрүүгийн 2025004840006 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, А.Г

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С.О

 

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч С.О, А.Г нарыг бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 31-ний 23 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут баг “Эко” хорооллын 121-15 тоот байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлахыг завдсан хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч С.О-н мэдүүлсэн “Гансүх гээд залуугаас 2,500,000 төгрөг авах ёстой байсан юм. Утсаар ярьсан чинь Эрдэнэтэд ирээд авчихаа гэсэн юм. Тэгээд 2020 оны 10 сарын 31-ний өдөр наашаа явахдаа А.Ганболдыг хань болоод цуг явчихаач гэж гуйгаад орой 18 цагийн үед ирээд утас руу нь залгасан чинь холбогдохгүй байсан. Тэгээд урьд нь хаана байдгийг нь сонссон байсан болохоор тэндээс нь очоод хүнээс асуусан чинь ойрхон байдаг гэж хэлсэн. Дугуй засварын хүн тэнд байдаг зун ажиллаж байсан гэхээр нь очоод хаалгыг нь тогшсон чинь хүн байхгүй байхаар нь хашааг нь давж ороод гэрийнх нь хаалгыг тогшсон хүн байхгүй байсан. Урд талаар нь тойроод цонхыг  нь түлхсэн чинь онгойсон. Тэгээд бид хоёр орсон. Миний буруугаас болж энэ гэмт хэрэг үйлдэгдсэн. Гэмшиж байна” гэх мэдүүлэг, 

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Г-н мэдүүлсэн “2020 оны 10 сард С.Одмагнай хоёулаа Эрдэнэт яваад ирье хүнээс мөнгө авах ёстой юм хань болоод цугтаа явъя гэсэн. Эрдэнэтэд орой 18 цагийн үед ирсэн. Нөгөө хүн рүүгээ залгасан чинь утас нь холбогдохоо больсон юм. Нөгөө айлыг нь хайгаад олохгүй байсан. Засварын газрын хүнээс гэрийг нь асуусан зааж өгөхөөр нь энэ байшинд байдаг гээд очсон. Цонх нь цуурхай байсан. Тэр айлын цонхоор орсон. Тэгээд дохиолол дугараад дохиоллын албаныхан ирэхээр нь цонхоор нь гараад явсан чинь буудахаар нь зугтаагаад гараад баригдсан” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч З.Ш-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “Би 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Булган аймаг, Бугат сум 1-р баг, Тахилт гэх газар гэртээ байж байтал Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг “Эко” хорооллын 121-15 тоотод байх миний эзэмшлийн байшинд үл таних 2 хүн цонхоор нь орчихсон дотор нь явж байгаад баригдлаа гэж 21 цаг 15 минутын орчим “Бамбай уул” ХХК-ний хамгаалагч О.Билгүүн гэх залуу утсаар залгаж хэлсэн. Тэгээд би яваад очтол 40 орчим насны 2 залуу манай байшинд дотор явж байгаад хамгаалагчид баригдаж, цагдаа нар ирчихсэн байж байсан. Хулгайч орохдоо байшингийн урд талын салхивчийн дотор талын давхар шилийг цуулж цонхны түгжээг эвдэвлсэн байсан бөгөөд дохиоллын кабелийн утсыг тасалсан байсан. Мөн манай гэрт байсан эд зүйлсийг ухаж замбараагүй болгосон байдалтай байсан. Байшингаас ямар нэгэн алдагдсан зүйл байхгүй. Эвдэрсэн цонх, цонхны түгжээ дохиоллын утсыг бүгдийг нь би өөрийн мөнгөөр аваад сольчихсон болохоор надад ямар нэгэн гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /1 хх-ийн 19-20-р хуудас/ 

 

-Гэрч О.Б мөрдөн байцаалтад мэдүүлсэн “Би “Бамбай-Уул” ХХК-д 24 цагаар үүрэг гүйцэтгэж байхад 21 цаг 15 минутанд төвөөс залгаад 283-р объект буюу Цагаанчулуут баг Эко хорооллын 111-25 тоотын цонхноос түгшүүрийн дуудлага дохиолол ирсэн талаар дуудлага өгсөн юм. Дуудлагын дагуу ирээд хамгаалагчийн хаалга онгойлгоод жолоод Мөнх-Эрдэнэ бид хоёр ирж ирээд байшинг тойрч шалгахад урагшаа харсан 1 цонх онгорхой байсан юм. Цонхоор харахад нэг хүн тонгойгоод шатны доод талын хаалгыг онгойлгоод эд зүйл ухаж байхаар нь би “хөөш” гээд хашхирсан чинь байшингаас хоёр хүн гараад зугтсан юм. Мөнх-Эрдэнэ бид хоёр уг хоёр хүнийг барьж аваад цагдаад дуудлага өгсөн. Тэр хоёр хүн байшингаас гарахдаа эд зүйл авч гараагүй байсан. Махлаг биетэй нь дугуйн дорцоов барьж яваад зам руу шидсэн...” гэх мэдүүлэг / хх-ийн 21-р хуудас/

 

-Гэрч Б.М-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “Би 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өөрийн ажилладаг “Бамбай-Уул” ХХК-д жижүүрийн ээлжтэй байхад Орхон аймаг, Баян- Өндөр сум, Цагаанчулуут баг, “Эко” хорооллын 121-15 тоотод манай хамгаалалтын албанаас суурилуулсан дохиоллын систем дуугарч дуудлага гарсан. Уг дуудлаганд “Бамбай-Уул” ХХК-ний хамгаалагч О.Билгүүнийг очиход хашааны хаалга нь цоожтой байсан. Бид нарт гэрээт хамгааалалт хийлгэдэг айл өрх, аж ахуй нэгжүүдийн түлхүүр 1 хувь байдаг болохоор уг түлхүүрээр хашааны хаалгыг Билгүүн онгойлгож ороод байшинг гэрэл тусган тойроход ертөнцийн зүгээр урд зүг рүү харсан вакум цонх онгорхой байхаар нь цонхоор хартал 2 эрэгтэй хүн шатны доод хэсэгт айлын эд зүйлсийг эрж хайж сонирхсон байдалтай байж байсан гэсэн. Би тэрийг нь бол яг хараагүй машин дотроо сууж байсан. Тэгээд Билгүүн хөөш гэж хашхирахад байшингийн баруун талын цонхоор хоёулаа гараад хашааны хаалгаар миний хажуугаар гараад зугтсан. Тэр үед буун дуу гарахаар нь юу болов гээд харахад миний сууж байсан машины хажуугаар 2 эрэгтэй хүн гараад гүйж байхаар нь би араас нь хөөхөд арай махдаг намхан эрэгтэй нь юманд бүдрээд унахад түүнийг Билгүүн барьж авч үлдээд би туранхай эрэгтэй хүний араас гүйж очоод барьж авсан. Билгүүн уг 2 залууг зугтах гэхээр нь анхааруулаад зогсохгүй байхаар нь албаны хийн буугаараа араас нь 1 удаа буудсан гэж байсан. Хэн нэгэн хүнийг оносон эсэх талаар би сайн мэдэхгүй байна. Тэгээд Билгүүн бид 2 цагдаагийн байгууллагад дуудлага өгч удалгүй цагдаагийн алба хаагч нар ирсэн. Уг айлаас тэр 2 эрэгтэй хүн ямар нэгэн эд зүйл хулгайлан авч гарч амжилгүй үйлдэл дээрээ бид хоёрт баригдсан. Яагаад хулгай хийх гэж байсан гэж үзэж байгаа гэхээр айлын байшин руу хууль бусаар орсон, ороод дохиолол нь дугарахад дохиоллын утас төхөөрөмж зэргийг эвдэж тасалсан байсан. Уг дугуйн дорцоовыг тэр 2 эрэгтэй хүн замаасаа олсон гэж ярьж байсан. Байшингаас гарч зугтахдаа хамгаалагч Билгүүн рүү хашааны үүдэнд шидчихээд зугтаасан гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/, 

 

-Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 4-р хуудас/

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 5-11-р хуудас/ 

-Яллагдагчаар С.О-н мэдүүлсэн”... Би 2020 оны 10-р сарын 31-ний өдөр өмнө нь хамт ял эдэлж байхдаа танилцсан, надаас 2018 онд 2.000.000 төгрөг зээлж байсан дугуйт хочит Гансүхтэй уулзаж үлдэгдэл болох 500.000 төгрөгөө авахаар Орхон аймагт найз Ганболдыг дагуулан ирсэн. Орхон аймагт ирээд Гансүхийн гэрийг хүмүүсээс сураглаж явсаар нэг байшинг заалгаж аваад очиход хашааны хаалга нь хаалттай байсан бөгөөд хаалгыг нь нүдээд байхад тайлж өгөхгүй байхаар нь бид 2 хаалгыг нь давж ороод байшингийнх нь хаалгыг тогшсон. Тэгээд хаалгаа тайлахгүй байхаар нь цонхыг нүдэж байхад цонх нь цуураад онгойчихсон. Тэгэхээр нь ямар нэгэн хүн ирэхгүй байхаар нь эзэнгүй байгаа юм байна гэж ойлгоод бид 2 ороод хүлээж байя гээд гэрт нь ороход хамгаалалтын дохиолол нь маш чанга дугараад байхаар нь бид 2 сандарсандаа татсан чинь утас нь тасарчихсан...цонхоор хамгаалалтын ажилтан хөөш юун хүмүүс вэ гэж орилохоор нь айл андуурсан байж магад гэж айж сандарсандаа нөгөө өрөөний цонхны түгжээг дотроос нь онгойлгоод бид 2 гараад зугтсан...гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 хуудас/

 

-Яллагдагчаар А.Г-н мэдүүлсэн... Би эд зүйл хулгайлах гэж тэр айлд орсон гэхэд хэцүү юм. Тэр өдөр Одмагнайг дагаж явсан. Одмагнай бид хоёрын орсон айлд таньдаг хүн байсан. Тэр хүнээс 1.000.000 төгрөгийн авлагатай гэхээр нь дагаж орсон байгаа. Одмагнай нэг хүнээс асууж явж байгаад нэг танихгүй хүн бид хоёрын орсон айлыг зааж өгсөн. Тэгэхээр нь хаалгыг тогшоод байсан чинь хаалгаа тайлахгүй байхаар нь цонхоор орсон байгаа. Тэр айлаас ямар нэгэн эд зүйл аваагүй....гэх мэдүүлэг /хх-ийн 69-70 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо. 

 

Шүүгдэгч С.Одмагнай, А.Г нар 2020 оны 10 дугаар сарын 31-ний шөнийн 23 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут баг “Эко” хорооллын 121-15 тоот З.Шаравын эзэмшлийн байшингийн цонхоор нэвтрэн орж дохиоллын системийн утсыг тасдаж гэрийн доторхи шүүгээ савыг онгичин ухаж байхад нь хамгаалалтын албаныхан ирсэн тул цонхоор гаран зугатаж яваад баригдсан байна. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шүүгдэгч нарын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн оролцогчдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, эрхийг хязгаарлаагүй байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв. 

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шүүгдэгч нарын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч С.О, А.Г нарын үйлдэл хангалттай бүрэн нотлогдож тогтоогдсон ба шүүгдэгч нар тухайн үед эзгүй байсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут баг “Эко” хорооллын 121-15 тоот хохирогч З.Шаравын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд цонхоор нь нэвтрэн орж, эд зүйл хулгайлахаар завдсан боловч тэдний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас үйлдлээ төгсгөөгүй зугтаж харуул хамгаалалтын ажилтнуудад баригдсан байна.

 

Шүүгдэгч нарын энэ үйлдэл  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “...хүн байнга амьдах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлахыг” завдсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн шинжтэй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн санаатай үйлдэл мөн бөгөөд, шүүгдэгч нарын үйлдлийн улмаас хохирогчид цонхны салхивчны шилийг цуулж, цонхны түгжээг эвдэлсэн, дохиоллын кабелийн утсыг тасалсан эд хөрөнгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь дээрхи нотлох баримтуудаар бүрэн нотлогдон тогтоогдсон, хэргийн зүйлчлэл, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч С.О, А.Г нар бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 31-ний 23 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут баг “Эко” хорооллын 121- 15 тоотод оршин суух иргэн З.Шаравын байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж, эд зүйл хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын ажиллагааны явцад нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон учраас шүүгдэгч С.Одмагнай, А.Ганболд нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйл хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тус бүр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих ангид эдлүүлэх саналтай гэж,

      шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Энхбаяр шүүх хуралдаанд, С.О, А.Г нарын үйлдсэн хэрэг бол тодорхой байгаа. Өөрсдөө үйлдсэн хэргээ тодорхой мэдүүлж, хүлээн зөвшөөрдөг. Прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйл хулгайлахыг завдсан гэдэг зүйл ангиар зүйлчилж оруулж ирсэн дээр маргаж мэтгэлцэх зүйл байхгүй. Энэ хоёр хүний үйлдсэн хэрэг тодорхой, учруулсан хохирол төлбөр байхгүй, гэмт хэрэг төгс үйлдэгдэж туйлдаа хүрээгүй байдалтайгаар баригдсан байгаа. Энэ хоёр хүн хоёулаа хэргээ чин санаанаасаа гэмшиж байгаа, ял хүндрүүлэх үндэслэл нөхцөл байдал энэ хоёр хүнд тогтоогдохгүй байгаа. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү. Энэ хоёр хүн маань эрүүл мэндийн хувьд хэн хэн нь муу байгаа. Ялангуяа С.Одмагнай сахар өвчтэй, бөөрний дутагдалтай мөн зүрхний импакт өвчтэй гэж тус тус мэтгэлцжээ.

 

Шүүгдэгч нарын гэмт үйлдэл нотлогдож тогтоогдсон тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч С.О, А.Г нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 92-93 хуудас/, Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 215 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 96-99 хуудас/, Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 100-115 хуудас/, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 36А дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 118-122 хуудас/, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоох тухай захирамжийн хуулбар /хх-ийн 142-144 хуудас/ зэргийг шинжлэн судалж, үйлдсэн хэргийн шинж нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан нийгмийн хор аюулын хэр хэмжээг зэргийг харгалзан, хэргийг бүлэглэж үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр хорих ял оногдуулж ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй гэж үзэв. 

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн боловч хэрэгт авагдсан шүүгдэгч нарын хувийн байдлын талаархи нотлох баримтуудыг шинжлэн судлаад хувийн байдлын хувьд ял хөнгөрүүлэх үндэслэлд хамаарах үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.   

 

Хохирол төлбөрийн тухайд, хохирогч З.Шарав нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч нарыг төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дорцоовыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар зааж, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж, шүүгдэгч С.Одмагнайн цагдан хоригдсон 76 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохоор заалаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч А.Г, С.О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар бүлэглэж хүн байнга амьдах зориулалттай орон байранд нэвтэрч  хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч А.Г-г 2 /хоёр/ жил 9 /ес/ сарын хугацаагаар, С.О-г 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-н цагдан хоригдсон 76 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай. 

 

5. Шүүгдэгч С.О-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч А.Г-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

 

6. Шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч А.Г цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дорцоовыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

 

    7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 





 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ