| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2021/0075/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/86 |
| Огноо | 2021-03-24 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | С.Батмөнх-Очир |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 2021/ШЦТ/86
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б
Улсын яллагч С.Б
Шүүгдэгч Б.С нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.С-т холбогдох эрүүгийн 2125000000075 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б.С
Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Б.С-г 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд өөрийн гар утаснаас “Sodoo Sodoo” гэх нэртэй фейсбүүк хаягаасаа “Техас покер” гэх тоглоом тоглуулж 93,900 төгрөгийн ашиг олсон буюу мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзрөөр үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С-н мэдүүлсэн “Урьд мэдүүлсэн бүгд үнэн. 2020 оны 12 дугаар сарын 18-22-нд тоглоом тоглуулж 93900 төгрөгийн ашиг олсон нь үнэн. Мөнгийг ажилгүй байсан тул амьдрал ахуйдаа хэрэглэсэн. Гэм буруугаа хүлээж байна. Фейст хүмүүс хийгээд байхаар нь хийж үзсэн. Хууль бус болохыг сүүлд мэдсэн гэх мэдүүлэг,
-Цахим орчинд мөрийтэй тоглосон гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-р хуудас/,
-Б.С-н 5098179271 дугаартай Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, түүнд хийсэн үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 25-30-р хуудас/,
-Б.С-н банкнуудын депозит дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 32-37-р хуудас/,
-Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 22-ны өдрийн 353 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 49-51-р хуудас/
-Яллагдагчаар Б.С-н мэдүүлсэн: ...Би гэртээ ганцаараа байсан. Тэгээд өөрийн гар утас Самсунг s6 маркын гар утсаараа 2 ширхэг бичгийн цаас нийлүүлээд 6 хүн аваад тоглуулсан. 1 хүний бооцоо 5000 төгрөг аваад өөрийн 5098179271 дугаарын дансаар мөнгөө шилжүүлж авсан. 6 хүний 25000 төгрөг, 5000 төгрөгийг би өөрөөсөө урамшуулал гэж гаргадаг юм. Нийт 3-4 удаа тоглуулсан. Эхний тоглолт үнэгүй, дараагийн 3 тоглолт 1 хүний 5000 төгрөгөөр тоглуулсан...гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.С-нь 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд өөрийн гар утаснаас “Sodoo Sodoo” гэх нэртэй фейсбүүк хаягаасаа “Техас покер” гэх хөзрөөр үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулан тоглуулж 93,900 төгрөгийн ашиг олжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан цахим орчинд мөрийтэй тоглосон гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Б.С-н 5098179271 дугаартай Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, түүнд хийсэн үзлэгийн тэмдэглэл, Б.Содбаатарын банкнуудын депозит дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, яллагдагчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Шүүгдэгч Б.С-н 5098179271 дугаартай Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, түүнд хийсэн үзлэгийн тэмдэглэл, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд өөрийн гар утаснаас “Sodoo Sodoo” гэх нэртэй фейсбүүк хаягаасаа Техас покер гэх тоглоом зохион байгуулан тоглуулж 93,900 төгрөгийн ашиг олсон болох нь бүрэн нотлогдож тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхолын эсрэг үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.С-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч Б.С нь 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд өөрийн гар утаснаас “Sodoo Sodoo” гэх нэртэй фейсбүүк хаягаасаа Техас покер гэх тоглоом тоглуулж 93,900 төгрөгийн ашиг олсон болох нь түүний Хаан банкны дансны хуулгаар тогтоогдсон, гэм буруутай байх тул 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, олсон ашиг 93900 төгрөгийг төрийн санд оруулах саналтай гэжээ.
Шүүгдэгч шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөхдөө, хууль бус тоглоом тоглуулж ашиг олсон гэм буруугаа хүлээж байна. 93,900 төгрөгийг төлнө. Торгуулийн ял оногдуулна уу. Надад мал байгаа малаа зарж торгуулийг шууд төлөх болно гэжээ.
Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд бусдад төлөх төлбөргүй. Харин гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлого болох 93,900 төгрөгийг гаргуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг...албадан гаргуулна”, 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө орлогыг ...улсын төсөвт шилжүүлнэ” гэсний дагуу улсын төсөвт шилжүүлэх үндэслэлтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, шүүгдэгчийн хувийн байдал, нийгэмд учруулсан хор аюулын хэмжээ зэргийг харгалзан торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 22-ны өдрийн 353 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг эдэлж дууссан байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-рт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд сард 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-с 93,900 төгрөг гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-рт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ