| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2021/0062/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/89 |
| Огноо | 2021-03-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 2021/ШЦТ/89
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б
Улсын яллагч Ц.Л
Хохирогч С.Э
Шүүгдэгч Х.Шнарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Ш-т холбогдох эрүүгийн 2125000000041 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Х.Ш
Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Х.Ш-г 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн 6-13-р байрны 66 тоотод С.Эрдэнэсайханы толгойн тус газар шилэн аягаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Ш-н мэдүүлсэн “Шилэн аягаар нэг цохисон. Тэр 2 шагийн архи асууж орж ирсэн. Би эрүүл байсан, усанд ороод гарч байсан. Эрдэнэсайхан нь намайг заамдаж авахаар нь би ширээн дээрээс аяга авч цохисон. Эхлээд энэ 2 хоорондоо маргалдаж цохилцож босож ирсэн, хүүхэд орилсон. Би уурлахаар үйлдлээ мэдэхгүй болдог. Гэм буруугаа хүлээж байна. Ажил хийж байж төлбөрийг нь төлнө гэх мэдүүлэг,
-Хохирогч С.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн ”12 сарын 22-нд архи уусан. Пүрэвбаяр шөнө айлд орно гээд танихгүй айлд орсон. Шинэбаяр нь намайг цохиж авсан. Нүдний ухархайн хагалгаанд орсон. Хагалгааны зардал, эм тарианы үнэ нийт 5,2 сая төгрөг нэхэмжилнэ. Хэрэгт баримтуудыг өгсөн байгаа. Зүүн нүдний хуучин гэмтэл, саяны баруун нүдний шинэ гэмтэл хоёуланг нь хагалгаагаар эмчилсэн гэх мэдүүлэг,
-Хохирогч С.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...2020 оны 12 сарын 22-ны өдөр найз Пүрэвбаяртай таараад 2 шил Ерөөл архи уусан. Найзтайгаа хамт явж байгаад орой 23 цагийн үед ....Согоот баг 6-13 дугаар байранд танихгүй айлд орсон. Тухайн айлд 3 эрэгтэй, 1 эмэгтэй, 1 жоохон хүүхэд байсан. Пүрэвбаяр нь айлын эзэн Өрнөх гэх залуутай юм яриад байсан. Бид дахиж архи уухаар шагийн архи хайгаад явж байна гэдгээ хэлсэн. Өрнөхийн найз Бухандай гэх залуу намайг цээж рүү цохисон. Шинээ гэх ах шилэн аягаар миний баруун нүд хэсэг рүү цохисон. Тэгээд би зугтаагаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,
-Гэрч П.П-н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Согоот багийн 6-13 дугаар байранд Өрнөх гэх ахынд дулаацах гээд Эрдэнэсайханы хамт орсон. Өрнөх ахын гэрт Бухандай гэх хүнтэй Эрдэнэсайхан маргалдаад байсан. Гэнэт түр, тар гээд явчихсан. Бухандай Эрдэнэсайханыг цохиж аваад байх шиг байсан. Хаашаа цохисонг хараагүй. Шинэбаяр гэх ах Эрдэнэсайханыг шилээр толгой руу нь цохисон. Ямар шил байсныг хараагүй...” гэх мэдүүлэг. /хх-ийн 31-р хуудас/,
-Гэрч Ш.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “....2020 оны 12 сарын 22-ноос 23-нд шилжих шөнө үүрээр Согоот багийн 6-13 дугаар байранд Өрнөхийн гэрт эхнэр хүүхдийн хамт очсон. Өрнөх ах Шинэбаяр хоёр байсан. Өрнөх ахыг манайд очъё, хоол унд идье гэж хэлээд байтал хаалга өшиглөсөн. ...гаднаас хоёр согтуу залуу орж ирсэн. Орж ирээд мөнгө байна, шагийн архи олдохгүй байна гээд согтуурхаад байсан. Манай охин уйлаад байхаар нь чи хүүхэд айлгаад гэж хэлтэл намайг бандиа гээд заамдаж аваад боосон. Шинэбаяр салгах гэтэл Шинэбаярыг заамдаад боогоод түлхсэн. Тэгээд түс тас гээд явсан. Шинэбаяр Эрдэнэсайханыг юугаар цохисонг хараагүй...” гэх мэдүүлэг. /хх-ийн 32-р хуудас/,
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2020 оны 12 сарын 30-ны өдрийн 37 дугаартай “....С.Э биед баруун ба зүүн нүдний ухархайн хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний алимны доргилт, дух, баруун нүдний гадна буланд зулгаралт, баруун нүдний зовхинд цус хуралт үүсчээ. Дээрхи гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Баруун ба зүүн нүдний ухархайн хугарал,хамрын ясны хугарал,хамрын таславчийн муруйлт, баруун нүдний алимны доргилт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...Баруун нүдний ухархайн хугарал, баруун нүдний алимны доргилт, дух, баруун нүдний гадна буланд зулгаралт, баруун нүдний зовхинд цус хуралт нь шинэ гэмтэл байна. Бусад гэмтлүүд нь хуучин гэмтлүүд байна....” гэсэн дүгнэлт /хх-ийн 40-42-р хуудас/,
-Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 43-44-р хуудас/
-Хохирогчийн эмчилгээ, эм тарианы зардлын баримтууд /хх-ийн 05-21,108-141/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдлоо.
Шүүгдэгч Х.Ш нь 2020 оны 12 дугаар сарын 22-ны шөнийн 23 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн 6-13-р байрны 66 тоот Өрнөхийн гэрт байхад нь гаднаас согтуурсан байдалтай орж ирсэн С.Эрдэнэсайхантай маргалдаж улмаар толгойн тус газар шилэн аягаар цохиж, биед нь баруун нүдний ухархайн хугарал, баруун нүдний алимны доргилт бүхий хөнгөн хохирол учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 сарын 30-ны өдрийн 37 дугаартай “....С.Э биед баруун ба зүүн нүдний ухархайн хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний алимны доргилт, дух, баруун нүдний гадна буланд зулгаралт, баруун нүдний зовхинд цус хуралт үүсчээ. Дээрхи гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Баруун ба зүүн нүдний ухархайн хугарал,хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний алимны доргилт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...Баруун нүдний ухархайн хугарал, баруун нүдний алимны доргилт, дух, баруун нүдний гадна буланд зулгаралт, баруун нүдний зовхинд цус хуралт нь шинэ гэмтэл байна. Бусад гэмтлүүд нь хуучин гэмтлүүд байна....” гэх дүгнэлтээс үзвэл, шүүгдэгч Х.Шинэбаярын үйлдлийн улмаас хохирогчийн биед баруун нүдний ухархайн хугарал, баруун нүдний алимны доргилт бүхий хөнгөн хохирол гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч үйл баримт, гэм буруугийн талаар маргахгүй байна. Харин шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зүүн нүдний ухархайн хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт зэрэг гэмтлийг хуучин гэмтэл болох нь тогтоогдсон тул шүүгдэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоогүй гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Х.Ш, С.Э биед баруун нүдний ухархайн хугарал, баруун нүдний алимны доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, бусдад хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Х.Шинэбаярыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч Х.Ш нь 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн 6-13-р байрны 66 тоотод С.Эрдэнэсайханы толгойн тус газар шилэн аягаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон, гэм буруутай байх тул 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай гэжээ.
Шүүгдэгч шүүх хуралдаанд,өөрийгөө өмгөөлөх зүйлгүй, ажил хийж төлбөрөө төлнө гэжээ.
Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч С.Э нь үзлэг, оношлогоо, эм бэлдмэлийн үнэ болон хагалгааны зардал, бусад зардал нийт 4,005,512 төгрөг /576,491+3,429,021/ нэхэмжилж холбогдох баримтуудыг хавсаргасаныг шалгаж үзвэл, Төрийн тусгай албаны нэгдсэн эмнэлэгт хэвтэж “ухархайн дотор хананы хугарлыг имплантаар нөхөн сэргээх мэс засал хийгдсэн болох нь хэргийн 128 дугаар хуудаст авагдсан ор хоногийн төлбөрийн баримт, өвчтөн илгээх хуудас /хх-ийн 135-р хуудас/, амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 136-141-р хуудас/ зэрэг баримтууд болон бусад үзлэг шинжилгээ, оношлогооны баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Харин хагалгааны зардал 2,800,000 төгрөг гэсэн нэхэмжлэлийн шаардлага нотлох баримтаар нотлогдоогүй байна. Хэргийн 126, 127 дугаар хуудаст авагдсан 1,400,000 төгрөгний 2ш E баримт нь хэнээс, хэнд, юуны төлбөр төлсөн баримт болох нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл эх сурвалж нь тодорхой бус баримт байх тул шүүх шийдвэртээ үндэслэх боломжгүйн дээр, шинжээчийн дүгнэлт болон хохирогчийн амбулаториор эмчлүүлэгсдийн картанд тэмдэглэснээр /хх-ийн 139-р талд/ шинэ, хуучин гэмтлүүдийн талаар ялгаж бичилт хийсэн байх тул энэ нь хагалгааны зардалд хэрхэн нөлөөлсөн талаар ялгамжтай авч үзэх шаардлагатай болно. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой шинэ гэмтлийг эмчлэх зардал, хуучин гэмтлийг эмчлэх зардал зэргийг ялгаж зааглах боломжтой эсэх нь тодорхойгүй байна. Эдгээр нөхцөл байдлуудыг нотлох баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үзлэг оношлогоо, шинжилгээ, эмийн болон ор хоног гэх мэт бусад зардал 1,319,734 төгрөгийн хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын хэмжээ зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч Х.Шинэбаяр нь 5 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Х.Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ш-г 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ш-рт оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 6 цагаар тогтоож ялыг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтээр хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 5 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож 40 цагийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож 680 цагийн ялыг эдлүүлэхээр тогтоосугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Шинэбаяраас 1,319,734 төгрөгийг гаргуулж, хохирогч С.Э-д олгуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ш-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ