Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/94

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж, 

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С

Улсын яллагч Ц.Л

Шүүгдэгч М.Мнарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.М-д холбогдох эрүүгийн 2125000000034 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М.М

 

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч М.М-г 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат багийн Ундаргын 14-08 тоотод согтуурсан үедээ Б.Б-н нүд рүү өшиглөж, баруун нүдний зовхинд шарх, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал гэмтэл эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. 

 

                                                   ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М-н мэдүүлсэн “Би шөнө найзындаа явж очоод архи ууж юм ярьж сууж байгаад Б.Батболдтой муудалцаад нүд рүү нь өшиглөсөн. Миний буруу.Хохиролыг төлнө гэх мэдүүлэг,  

 

 Хохирогч Б.Б-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн ” Би 2020 оны 12 сарын 27-ны өдөр 01:00 цаг өнгөрч байх үед манай хамаатны ах болох Дэмбэрэлдашням, Памбага 

/Цогтбаяр/ нар намайг Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат багт байдаг өөрийн найзынхаа гэрт дуудсан юм... Тэгээд тэр айлдаа бид хэд шөнөжингөө хөзөр тоглож. юм ярьж өнжиж байсан юм. Тэгээд 04:00 цагийн орчим тухайн айлд нэмэгдэж гаднаас хоёр танихгүй эрэгтэй хүн орж ирсэн, тэр үед би өөрөөсөө гадна хамт байсан 4 хүнтэй нь 5 гар сууж хөзөр тоглож сууж байсан юм. Тэгээд Памбага ах Дэмбэрэлдашням, тухайн айлын гэрийн эзэн гээд нэг залуу, гаднаас орж ирсэн 2 залуу нар хоорондоо чанга чанга яриад, инээлдээд байгаад байхаар нь би хажууд нялх хүүхэд унтаж байсан болохоор сэрээчихвий гэж бодоод тэд нарт та нар жоохон чимээгүй байгаач, энд хүүхэд унтаж байна шүү дээ гэж хэлэхэд нэг үл таних залуу шууд миний баруун нүд рүү өшиглөчихсөн юм. Тэгээд баруун талын нүдний шил маань хагарч хагарсан шилний хэлтэрхий нь миний баруун нүдний дээд доод зовхийг зүсэж, нүд рүү шилний хэлтэрхий орсон. Тэгээд би нүд рүүгээ өшиглүүлчихээд нүдээ дараад доош хараад байж байхад тэр гэрт байсан хүмүүс бужигналдаж маргаж байх хооронд намайг өшиглөсөн гэх залуу тухайн айлаас гараад зугтаачихсан. Дараа нь би тэр айлаас гарч яваад өөрийн танил айлд очиж өөрийнхөө баруун нүдийг цэвэрлэж цусаа угааж цэвэрлээд хэсэг хугацаанд байж байгаад өглөө 10:00 цаг болж байхад эмнэлэг орж нүднийхээ дээд доод зовхийг цэвэрлүүлж боолгосон юм. Намайг өшиглөсөн гэх тэр залууг хуулийн дагуу хариуцлага авахуулах хүсэлтэй байна. Мөн эрүүл мэндэд учирсан хохирлыг барагдуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07-р хуудас/, 

 

Гэрч С.Д-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн... “Батболд гэх залуу манай зурагтны тавиур луу унаад ганцхан М.Мөнх-Эрдэнэ нь ганцаараа босоод зогсож байсан юм бусад хамт байсан бүх хүмүүс газар сууж байсан бөгөөд би шууд М.Мөнх-Эрдэнэ нь асуудал үүсгэсэн байх гэж бодоод шууд М.Мөнх-Эрдэнийг цааш нь түлхэж холдуулаад манай гэрт асуудал үүсгэлээ гэж уурласан юм...гэр лүү ортол Батболдын нүд нь бэртчихсэн. цус гоочихсон, зүүж байсан нүдний шил нь хагарчихсан байдалтай байж байсан юм. Тэгсэн М.Мөнх-Эрдэнэ гаднаас орж ирэхээр нь би та хоёр одоо учраа ол гэж хэлчихээд Дэмбэрэлдашнямыг аваад гэрийнхээ гадаа байж байсан юм. Тэгсэн удалгүй Батболд М.Мөнх-Эрдэнэ хоёр гэрээс гарч ирээд “бид хоёр учираа олчихлоо бид хоёр маргааш эмнэлэг ороод, эмчилгээ хийлгээд, төлбөр мөнгийг нь өгнө, мөн нүдний шил авч өгөхөөр тохиролцчихлоо гэж Батболд нь Дэмбэрэлдашнямд хэлж ахыгаа тайтгаруулаад байсан юм. Тэр үед М.Мөнх-Эрдэнэ нь манайхаас явчихсан байсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 08-09-р хуудас/, 

 

Гэрч С.Н-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “Мөнх-Эрдэнэ найз Энхмандахын хамт гаднаас уучихсан орж ирээд бид хэдтэй юм яриад ууцгаагаад сууж байсан нэг мэдсэн чинь Мандах Дэмбэрэлдашням нар хоорондоо муудалцаад байсан. ...Мөнх-Эрдэнэ Батболдыг өшиглөчихсөн байсан. Тэгээд би нөхрийгөө унтуулчихаад араас нь гараад Батболдтой ярилцахад танай найз миний нүд рүү өшиглөөд гэмтээчихлээ одоо дуудаад надаас уучлалт гуй эр улсууд байна нүдний шил төлөөд өгчих гэж надад хэлсэн би тэр үед Мөнх-Эрдэнэтэй ярихад маргааш эрүүл дээрээ болъё гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/, 

 

Гэрч Ё.М-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Б.Батболд дүү гээд нэг залуутай орж ирсэн араас нь удалгүй М.Мөнх-Эрдэнэ, О.Энхмандах хоёр орж ирээд хэсэг байж байгаад Дэмбэрэлдашням О.Энхмандах хоёр морь мал яриад сууж байсан тэгсэн хоорондоо ойлголцохгүй миний ах юм ярьж байна чи дуугүй бай гээд М.Мөнх-Эрдэнэд хэлсэн М.Мөнх-Эрдэнэ урдаас нь би чамаар дуугаа хориулахгүй гээд маргалдаад эхэлсэн. Тэгээд М.Мөнх-Эрдэнэ өшиглөчихсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,  

 

Гэрч О.Э-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...М.Мөнх-Эрдэнэ миний талаар хаана морь унаж байсныг маань тайлбарлаад Шаркаа бид хоёрын дундуур ороод 

юм ярьтал Б.Батболд та нар миний ахтай ингэж ярих болоогүй шүү гээд босоод ирсэн юм. Хажуугаас нь Б.Батболдтой хамт явсан дүү нь гээд нэг залуу байсан тэр нь бас босоод ирсэн. Тэгэхээр нь манай найз Ё.Мөнх-Эрдэнэ салгаад авсан. Тэгсэн М.Мөнх-Эрдэнэ тойрч очоод Б.Батболдын нүүр рүү нь өшиглөчихсөн юм... гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/, 

 

-Яллагдагчаар М.М-н мэдүүлсэн “2020 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө...Тэгээд бид хэд уугаад сууж байсан чинь манай найз Энх-Мандах Шаркаа /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ ах хоёр морь мал ярьж байгаад хоорондоо ойлголцохгүй муудалцаад байсан, тэгээд би тэр хоёрын дундуур ороод тайлбарлаж өгч байсан чинь Б.Батболд чи чимээгүй бай гээд над руу хэлсэн. Тэгэхээр би энд хүнд юм тайлбарлаж өгч байна гэж хэлсэн. Б.Батболд чамайг чимээгүй бай гээд байгаа юм биш үү гэхээр нь би чамаар дуугаа хориулахгүй гэж хэлтэл хажуу талаас Б.Батболдын дүү нь чи миний ахтай ингэж ярихгүй шүү гээд дүү нь босож ирэхэд манай найз Мөнх-Эрдэнэ бариад авсан.Тэгээд би Мөнх-Эрдэнэ дүү хоёрынх нь араар тойрч гараад Батболдыг очоод өшиглөсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/

 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 40 дугаартай “...Б.Б-н биед баруун нүдний зовхинд шарх, цус хуралт, зулгаралт үүсчээ, дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, цохих, цохигдох хүчний, нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, баруун нүдний зовхинд шарх нь эрүүл мэндийг 

түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Баруун нүдний зовхинд цус хуралт, зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 21-22-р хуудас/, 

 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаартай “Б.Б-н биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний ухархайн доод хананы хугарал тогтоогдлоо, дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний ухархайн доод хананы хугарал тухайн үед үүссэн байх боломжтой ба уг гэмтлүүд тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэх дүгнэлт /хх-ийн 26-27-р хуудас/,

 

-Хохирогчийн үзлэг, эмчилгээний зардлын баримтууд /хх-ийн 44-52-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

 Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэ нь 2020 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнийн 04 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат багийн Ундаргын 14-08 тоотод архидан согтуурсан үедээ Б.Батболдтой үл ялих зүйлээр шалтаглан маргаж улмаар нүүр хэсэгт нь өшиглөж баруун нүдний зовхинд шарх, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал бүхий хөнгөн гэмтэл  хохирол учруулсан байна. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, яллагдагчийн мэдүүлэг, эмнэлгийн баримтууд зэрэг нотлох баримтуудаар 2020 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат багийн Ундаргын 14-08 тоотод болсон үйл баримт нотлогдож тогтоогдсон ба эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв. 

 

 Шүүгдэгч М.М нь 2020 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнийн 04 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат багийн Ундаргын 14-08 тоотод Б.Б-н нүд нүүр рүү өшиглөснөөс баруун нүдний зовхинд шарх, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал бүхий хөнгөн гэмтэл хохирол учруулсан шууд шалтгаант холбоотой болох нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаартай ...Б.Батболдын биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний ухархайн доод хананы хугарал тогтоогдлоо, дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний ухархайн доод хананы хугарал тухайн үед үүссэн байх боломжтой ба уг гэмтлүүд тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт, гэрч О.Энхмандахын ... М.Мөнх-Эрдэнэ тойрч очоод Б.Батболдын нүүр рүү нь өшиглөчихсөн юм...” гэх мэдүүлэг, гэрч Ё.Мөнх-Эрдэнийн...” М.Мөнх-Эрдэнэд хэлсэн М.Мөнх-Эрдэнэ урдаас нь би чамаар дуугаа хориулахгүй гээд маргалдаад эхэлсэн. Тэгээд М.Мөнх-Эрдэнэ өшиглөчихсөн байсан” гэх мэдүүлэг, Медипас эмнэлгийн хохирогч Б.Батболдын биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 49-52-р хуудас/ хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож тогтоогдсон байна. Шүүгдэгч өөрийн үйлдэл, гэм буруугийн талаар маргахгүй байна.

 

Шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай, нийгэмд аюултай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.  

 

Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч М.М нь 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат багийн Ундаргын 14-08 тоотод согтуурсан үедээ Б.Батболдын нүд рүү өшиглөж, баруун нүдний зовхинд шарх, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал  гэмтэл хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдож байгаа учраас шүүгдэгч Мягмардоржийн Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэсэн саналтай байна. Хохирол төлбөрийн тухайд 272,000 төгрөгийг  гаргуулан хохирогч Б.Батболдод олгох саналтай гэжээ. 

 

Шүүгдэгч шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж гаргасан дүгнэлт саналдаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Харамсаж байна. Төлбөрийг машинаа зарж байгаад төлнө гэжээ. 

 

Шүүгдэгчийн үйлдлийн гэм буруу шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, нотлох баримтууд зөрүүгүй, шүүгдэгч гэм буруугаа анхнаас нь хүлээсэн байх тул тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 

6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч М.М-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн, хувийн байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирол төлбөрөө төлөөгүй байдал, хэргийн нөхцөл байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй гэж үзэв. Шүүгдэгч эрхэлсэн ажилгүйн улмаас хохирол төлбөрөө төлөөгүй байх тул торгох ял оногдуулах үндэслэлгүй байна.

 

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Б.Батболд нь 272,000 төгрөг нэхэмжилсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгчээс 272,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэлээ. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч М.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-г 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-д оногдуулсан 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 5  цагаар ажиллуулахаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтээр хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М-д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай. 

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-с 272,000 төгрөг гаргуулан хохирогч Б.Б-д олгож, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай. 

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, 

тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.






 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ