Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/105

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж, 

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.О

Улсын яллагч С.Б

Хохирогч Б.Б

Шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Б-д холбогдох эрүүгийн 2125000000109 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Л.Б

 

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Л.Б-г 2021 оны 02 дугаар сарын 14-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багт үйлд ажиллагаа явуулдаг Гоулд зочид буудалд Б.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт : шүүгдэгч Л.Бмэдүүлсэн “2 дугаар сарын 14-нд Голд зочид буудалд архи пиво уусан. Эрдэнэсүрэнтэй маргалдаад Билгүүнбат Эрдэнэсүрэн нар гараад явчихаар нь би араас нь гарч оруулж ирээд Билгүүнбаттай маргаж би цохисон нь үнэн. Гэм буруугаа хүлээж байна. Эмнэлэгт үзүүлсэн, эм тариа авч өгсөн, боолт хийлгэж өгсөн, мөн 300,000 төгрөг өгсөн. Миний буруу гэх мэдүүлэг,

-Хохирогч Б.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн” Тэр өдөр Эрдэнэсүрэн залгаад Голд зочид буудалд очсон. Пиво уусан. Хүмүүс нэмж ирээд маргасан. Эрдэнэсүрэн бид нар гарч явтал араас Билгүүн ах дуудаж оруулаад бид 2 маргалдсан. Надад эм тариа авч өгсөн. Зураг авахуулсан. 300,000 төгрөг өгсөн.Цаашид би толгой хүзүү нурууны зураг авахуулах шаардлагатай байгаа тул 450,000 төгрөг нэхэмжилмээр байна. Хамар чихэгдсэн байсан гэх мэдүүлэг,

 

-Хохирогч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад: “...2021 оны 02 сарын 14-ний 11 цагийн үед миний гар утас руу манай найз Эрдэнэсүрэн залгаад найз нь Санчир Билгүүнээ хоёртой Гоулд буудалд байна хүрээд ир гэхээр нь яваад очсон. Тэгээд буудлын өрөө рүү нь ортол ширээн дээр пиво тавьчихсан уугаад сууж байсан юм. Би ажилтай байсан учраас хальт уулзчихаад явна гэсэн бодолтой байж байтал Билгүүнээ ах Эрдэнэсүрэн хоёр явуулахгүй ажлаа зохицуулчихаач гээд байсан тэгээд би тэд нартай пиво уусан...Тэгээд Билгүүнээ ах Эрдэнэсүрэн рүү уурлаад хэрэлдэж маргалдаад байхаар нь Эрдэнэсүрэн болон түүний найз залуу бид гурав Билгүүнээ ахыг ариун цэврийн өрөө орсон хойгуур буудлаас гараад явж байтал Билгүүнээ ах араас гар ирээд бид гурвыг буцааж буудлын өрөө рүү оруулаад намайг ахыгаа хаяж явдаг болчихсон юм уу, Эрдэнэсүрэн шигээ сонин пизда вэ гэж хэлсэн тэгээд бид хоёр маргалдаад барьцалдаж авсан. Би Билгүүнээ ахыг дараад орон дээр унагаасан тэгтэл Билгүүнээ ах миний үснээс үстэж доош нь дараад миний нүүр рүү гараараа 2 билүү 3 удаа цохисон тэгтэл миний уруулыг яз цохиж мөн хамар луу цохиж гэмтээсэн уруулнаас цус гарч эхэлсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 8-р хуудас/

 

-Гэрч А.С-н мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн ... 2021 оны 02 сарын 14-ний орой буудалд очсон. Уг буудалд манай найз охин Эрдэнэсүрэн, Санчир, Билгүүнбат, Билгүүнээ 4 нилээн согтуу байсан. Билгүүнээ Эрдэнэсүрэн хоёр маргалдаад байсан тэгээд Билгүүнээг ариун цэврийн өрөө орсны хойгуур Билгүүнбат, Эрдэнэсүрэн бид 3 буудлаас гараад зам дээр зогсож байтал араас Билгүүнээ гарч ирээд бид 3-ыг буудал руу эргүүлээд аваад орсон. Буудал руу Билгүүнбат Билгүүнээ хоёр түрүүлээд орсон буудалд ороод хоорондоо нэгийгээ хаяж явлаа гэсэн асуудлаас болж маргалдсан. Билгүүнбатын уруул нь язарсан, Билгүүнээгийн гар нь шалбарсан байдалтай байсан. Бид нар эмнэлэг орж Билгүүнбат уруул дээр оёдол тавиулсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №149 дугаартай дүгнэлтээр...Б.Б-н биед доод урууланд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт үүсчээ.. дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, ямар ч чиглэлд, 2 ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Доорхи урууланд үүссэн шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Зүүн нүдний зовхинд цус хуралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.... гэх дүгнэлт /хх-ийн 18-19-р хуудас/

 

-Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 01 сарын 06-ны өдрийн 7 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 35-42-р хуудас/

 

-Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 сарын 10-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 43-45-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалхад дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Л.Б нь 2021 оны 02 дугаар сарын 14-ны орой Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг Гоулд зочид буудалд архидан согтуурсан үедээ Б.Билгүүнбатыг “орхиж явлаа “гэж шалтаглан маргалдаж улмаар зодож доод урууланд нь няцарсан шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл хохирол учруулсан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв. 

 

Шүүгдэгчийн Л.Б үйлдлийн улмаас Б.Б-н биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №149 дугаартай...Хэсэг газрын үзлэгт: Зүүн нүдний зовхинд 5,0х4,0 см хэмжээтэй ногоон шаргал өнгийн цус хуралттай. Доод уруулын баруун доод хэсэгт хөндлөн байрлалтай 2,5 см урт, доод уруулын нийлэх хэсэгт 0,3 см урт, мэс заслын оёдолтой шархтай...Б.Билгүүнбатын биед доод урууланд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт үүсчээ.. дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, ямар ч чиглэлд, 2 ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг, гэрч А.Сандаг-Очирын “...Буудал руу Билгүүнбат Билгүүнээ хоёр түрүүлээд орсон буудалд ороод хоорондоо нэгийгээ хаяж явлаа гэсэн асуудлаас болж маргалдсан. Билгүүнбатын уруул нь язарсан, Билгүүнээгийн гар нь шалбарсан байдалтай байсан. Бид нар эмнэлэг орж Билгүүнбатын уруул дээр оёдол тавиулсан юм...гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна.

 

Шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай, нийгэмд аюултай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн үйлдлийн гэм буруу шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, нотлох баримтууд зөрүүгүй,шүүгдэгч гэм буруугаа анхнаас нь хүлээсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Л.Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч Л.Б нь 2021 оны 02 дугаар сарын 14-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг Гоулд зочид буудалд Б.Билгүүнбатыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэх оногдуулах санал гаргаж байна. Таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, торгуулийн ялыг 100,000 төгрөгөөр 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна гэжээ.

 

Шүүгдэгч шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж гаргасан дүгнэлтдээ, хийсэн хэргээ хүлээж гэмшиж байна. Хохирлыг төлсөн.Эрүүгийн хариуцлагын талаар хэлэх зүйлгүй гэжээ.

 

Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг шинжлэн судалж, хохирол төлбөрийг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Хохирол төлбөрийн тухайд: хохирогч Б.Б-д шүүгдэгч эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан байна. Шүүх хуралдаанд хохирогч “...Цаашид би толгой хүзүү нурууны зураг авахуулах шаардлагатай байгаа тул 450,000 төгрөг нэхэмжилмээр байна, хамар чихэгдсэн байсан” гэж мэдүүлсэн боловч шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн толгой хүзүүнд болон хамрын гэмтэл тогтоогдоогүй ба шүүгдэгчийн үйлдэлтэй холбоотойгоор толгой хүзүү, хамрын эмчилгээ оношлогоо хийлгэх шаардлагатай талаар нотолгоо алга байх тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

 

1.Шүүгдэгч Л.Б-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Л.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд, сард 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

    5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж, хохирогчийн 450,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

    6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.





 

                                ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ