Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/107

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.О

Улсын яллагч Б.О

Хохирогч О.Д, Д.М

Шүүгдэгч Д.М

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б нарыг оролцуулан 

 

Орхон аймгийн Прокуророос, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “залилах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.М-ад холбогдох эрүүгийн 2025004990054 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Д.М

 

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Д.Мөнхдавааг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 32-09 тоотод оршин суух иргэн Д.Мөнхтуяагийн эзэмшлийн амины орон сууцанд хууль бусаар нэвтэрч Монэл загварын 32 инчийн өнгөт зурагт хулгайлан 280,000 төгрөгийн хохирол учруулсан, 

-2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 09-ний өдрүүдийн орчим Орхон аймаг, Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 32-10 тоотод оршин суух иргэн О.Долгорсүрэнгийн эзэмшлийн амины орон сууцанд хууль бусаар нэвтэрч 168,600 төгрөгийн бэлэн мөнгө, бусад эд зүйл хулгайлан нийт 558,600 төгрөгийн хохирол учруулсан, 

-2020 оны 11 дүгээр сарын 9, 10-ны өдрүүдийн орчим Орхон аймаг, Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 53-02 тоотод оршин суух иргэн Д.Бадамхандын эзэмшлийн гэрт хууль бусаар нэвтэрч Панасоник загварын 32 инчийн өнгөт зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан 280,000 төгрөгийн хохирол учруулсан, 

-2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг, 2 дугаар хэсэгт байрлах “Үлэмж” зоогийн газарт иргэн С.Даваамаагийн эзэмшлийн “Самсунг ноте-5” загварын гар утсыг утсаар ярчихаад өгье гэж хууран авч, бусдад зарж борлуулсны улмаас 150,000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэгт /яллах дүгнэлтэд бичсэнээр/ холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: шүүгдэгч Д.М-н мэдүүлсэн “Орхон аймагт 11 дүгээр сарын 08-нд ирж 3 айлд орж хулгай хийсэн. Сэлэнгэ аймгийн үйлдэлд маргах зүйл байхгүй. Булган явах санаатай Орхонд ирээд мөнгө байхгүй байсан тул орой явж байгаад гэрэлгүй байсан айлуудад орсон. Ажил хийж байгаад хохирлыг төлнө гэх мэдүүлэг, 

 

-Хохирогч Д.Мө-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн ”Ажилдаа явсан хойгуур байшингийн цонхыг хагалж ороод телевизор авсан байсан. 280,000 төгрөг гаргуулна гэх мэдүүлэг,

 

-Хохирогч О.Д-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “Гэрт очиход хулгай орсон байсан. 558,600 төгрөгийн хохирол учирсан. Хохирлоо төлүүлмээр байна гэх мэдүүлэг,

 

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 14-17-р хуудас /

 

-Хохирогч Д.М-н мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн “...Орой 20:30 минутын үед гэртээ орж ирэхэд манай байшингийн баруун урд талын цонх хагарчихсан байдалтай, том өрөөнд байсан зурагт байхгүй, хөлдөөгчинд байсан махыг гаргаад тавьчихсан байдалтай байсан... Би одоогоос 4 жилийн өмнө Номин худалдааны төвөөс шинээр нь 400,000 төгрөгөөр худалдан авч байсан. Манай зурагт Моnel маркийн 32 инчийн хар өнгийн LCD загварын зурагт байсан...” гэх мэдүүлэг / 1 хх-ийн 19-21-р хуудас/

 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны №252 дугаартай "... Шинжилгээнд ирүүлсэн 5 дугаартай гарын мөр МN003210003713, МN0005010005799 дугааруудаар санд бүртгэгдсэн Дэмбэрэлжавын Мөнхдаваагийн зүүн гарын эрхий хурууны хээний дардастай, 6 гэж дугаарласан гарын мөр Дэмбэрэлжавын Мөнхдаваагийн зүүн гарын долоовор хурууны хээний дардастай папиляр шугамын эхлэл, нийлэлт салаалт, төгсгөл зэрэг шинж тэмдгүүдийн цогц байдлаар тохирч байна...” гэх дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 33-41-р хуудас/

 

-Шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №ОРХ/20-072 дугаартай "... Моnel маркийн 32 инчийн зурагтын өнөөгийн зах зээлийн үнэ цэнийг 2020 оны 12 дугаар сарын байдлаар 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөг байх боломжтойг тодорхойлов...” гэх дүгнэлт /1 хх-ийн 46-50-р хуудас/

 

-Шүүгдэгч Д.М-н яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн "... гэр хорооллын дунд алхаж явхад 2 нохой хашаанаас гарч ирэн дайрахаар нь чулуу шидэж нохойг хөөн нохой гарч ирсэн айлын хашаа руу ортол байшингийн хаалга цоожтой байхаар нь цонхны доод талд байсан тоосгоор цонхыг нь хагалан цонхоор нь дотогш орж нэг ширхэг хар өнгийн LCD зурагт байхаар нь тэврэн эргээд цонхоор нь авч гарсан.Такси барьж засварын газарт очтол зурагтыг надаас 42,000 төгрөгөөр худалдан авсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 62-63-р хуудас/

 

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1 хх-ийн 115-117-р хуудас/

 

-Хохирогч О.Д-н мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн"... манай хөрш айлын Мөнхтуяа гэх эмэгтэй 2020 оны 11 сарын 27-ны өдөр миний утас руу залгаж танай байшингийн цонх чинь онгорхой байна гэж хэлсэн. Тэгээд миний бие гэртээ очиж үзтэл манай байшингийн урд талын цонхыг түлхэн орж дотор талын цонхыг орон дээр тавьчихсан байдалтай эд зүйлүүд хулгайд алдагдсан байсан. ...Манай гэрээс хөргөгч дотор байсан ойролцоогоор 4 кг ааруул , хонины гуя мах , эмэгтэй хүний хиймэл богино хар өнгийн савхин куртик 2 ширхэг, эрэгтэй хүний хиймэл богино монгол савхин куртик 2 ширхэг, бурхан дээр байсан шинэ мөнгөний дэвсгэртүүд /1000 төгрөгийн 100 ширхэг мөнгөн дэвсгэрт буюу 100.000 төгрөг, 500 төгрөгийн 100 ширхэг мөнгөн дэвсгэрт буюу 50.000, 100 төгрөгийн 100 ширхэг мөнгөн дэвсгэрт буюу 10.000 төгрөг, 50 төгрөгийн 100 ширхэг мөнгөн дэвсгэрт буюу 5.000 төгрөг, 20 төгрөгийн 100 ширхэг мөнгөн дэвсгэрт 2.000 төгрөг, 10 төгрөгийн 100 ширхэг мөнгөн дэвсгэрт 1000 төгрөг, 5 төгрөгийн 100 ширхэг мөнгөн дэвсгэрт 500 төгрөг, 1 төгрөгийн 100 ширхэг мөнгөн дэвсгэрт болох 100 төгрөг зэрэг нийт 168.600 төгрөг хулгайд алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 119-120-р хуудас/

 

-Гэрч Д.М-н мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: "... 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 14 цаг өнгөрч байхад хойд талынхаа гудамжны Баасан гэдэг айлд орчихоод эргээд гэр лүүгээ орох гээд явж байтал зүүн талын хашааны айлын гадна хашааны хаалга онгорхой байсан. Тэгэхээр нь эзэнгүй айл учраас яасан юм бол гэж бодоод хашаанд нь ороод байшинг хартал цонх онгойчихсон байсан...тэгээд Долгорсүрэнгийн утсыг багийн даргаас асууж олж танай гэрийн цонх онгойчихсон, хаалга чинь нээлттэй байна гэж хэлсэн... гэх мэдүүлэг /1 хх-ийн 122-р хуудас/

 

-Шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №02/02-223 дугаартай “...Үнэлгээнд хамрагдсан хуучин эрэгтэй богино савхин куртик 2 ширхэг 210.000 төгрөг, эмэгтэй богино савхин куртик 2 ширхэг 80.000 төгрөг, хонины мах 5 кг 40.000 төгрөг, чихэртэй ааруул 6 кг нь 60.000 мянган төгрөг тус тус болж нийт үнэлгээ 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 390.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх дүгнэлт /1 хх-ийн 126-130/,

 

-Шүүгдэгч Д.М-н яллагдагчаар мэдүүлсэн: “...айлын байшинг харахад цоожтой байхаар нь байшингийн цонхыг түлхтэл онгойхоор нь цонхоор нь дотогш орон бурхан байрлуулсан байсан тавилган дээрээс бэлэн 23,000 төгрөг болон хөргөгчин дотор байсан ууттай жижиг чихэртэй ааруулыг тус тус авч яваад хороололд байрлах зочид буудалд орон нэг өрөөг 25,000 төгрөгөөр авч 1 хоносон. Ааруулыг би өөрөө идэж дуусгасан...” гэх мэдүүлэг / 1 хх-ийн 62-63/

 

-Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 156-159/

 

-Хохирогч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн “...2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэртээ өдөр 13 цагийн орчим ирэхэд манай гэрийн цоожийг хөшөөд эвдэлчихсэн байдалтай байхаар нь би гэр лүүгээ ороод шалгатал манай гэрийн хойморт байрлах Panasonic брендийн 32 инчийн хавтгай хар өнгийн зурагт байхгүй болчихсон байсан. Мөн зурагтын тавиурын шургуулга дотор байсан даалинтай жижигхэн чулуун хөөрөг алга болчихсон...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 164-р хуудас/

 

-Шинжээчийн 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн №ТХХ/21-001 дугаартай “...Панасоник /Раnasonic/ загварын 32 инчийн зурагт 280,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов...” гэх дүгнэлт / 1 хх-ийн 167-174-р хуудас/

 

-Шүүгдэгч Д.М-н сэжигтнээр өгсөн “...би Эрдэнэт хотод ирчихээд өөр таньдаг хүн байхгүй, мөнгө төгрөг байхгүй, хоноглох газар байхгүй байсан тул Улаанбаатар хот руу буцах санаатай мөнгө олох зорилгоор Эрдэнэтэд айлын гэр лүү орж хулгай хийж мөнгө олсон юм. Би Эрдэнэт хотод ирсэн өдрөөс хойш нэг хоногийн дараа буюу 2020 оны 11 сарын 10-ны өдөр яг хаана байдаг айл болохыг мэдэхгүй шавар нь цагаан өнгийн байшин, уг байшингийн хажууд нь жижиг эсгий гэртэй эзэнгүй айлын хашаа руу нууцаар урд хашааны хаалгаар нь орж уг эсгий гэрийн цоожийг нь эвдэлж гэр лүү ороод, гэрийн хойморт нь байсан хавтгай хар өнгийн том зурагт байхаар нь хулгайлаад аваад явсан. Уг зурагт яг ямар брэндийн зурагт байсныг мэдэхгүй байна. Нимгэн хавтгай хар өнгийн том зурагт байсан. Тэгээд би цааш такситайгаа яваад Баян худалдааны төвийн ойролцоо зогсоод энэ худалдааны төвийн 2 давхарт зурагт засварладаг газар байдаг гэж зааж өгөөд намайг буулгасан. Тэгээд би уг худалдааны төв рүү ороод 2 давхарт нь гарахад нэг зурагт засварладаг газар байхаар нь эзнээс нь зурагт худалдаж авдаг уу? гэж асуухад, авна энэ зурагт хэний зурагт вэ? ямар үнээр зарах юм бэ? гэж надаас асуусан. Тэгэхээр нь би энэ миний зурагт байгаа юм. Уг зурагтыг би 100.000 төгрөгөөр зарна гэж хэлэхэд арай үнэтэй байна, 80.000 төгрөгөөр авъя гэж хэлээд уг зурагтыг 80.000 төгрөгөөр надаас худалдаад авчихсан юм...” гэх мэдүүлэг / 1 хх-ийн 178-р хуудас/... би уг айлын гэрийн хаалгыг төмрөөр хөшин онгойлгож дотогш нэвтрэн нууцаар зурагтыг нь авч яван хүлэг захын урд талд байдаг зурагт засварын газрын ажилтанд заран борлуулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 183-р хуудас/

 

-Хохирогч С.Д-н мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн "...гаднаас нэг үл таних залуу орж ирээд хоол авч үйлчлүүлсэн ба хэсэг хугацааны дараа надаас эгчээ утсаа өгч байгаач хүнээс мөнгө шилжүүлж авах гэсэн юм гэхээр нь би өөрийнхөө утасны кодыг нээж өгөөд утсаар яриулсан. Тэгтэл тэр залуу надад хандаж эгчээ та сая миний ярьсан дугаар луу дансны дугаараа явуулаад өгөөч гэхээр нь би өөрөө тэр дугаар луу өөрийнхөө хаан банкны дансыг явуулсан. Тэгээд байж байтал миний явуулсан данс руу мөнгө орохгүй байсан ба тэр залуу дахиж утсаа өгч байгаач гэхээр нь би өгч залгуултал тэр хүн нь утсыг салгаад хуралтай байна гээд мессеж бичээд байсан ба тэгж байтал гаднаас хүн орж ирээд би тэр хүмүүсээс хоолны захиалга авч байтал тэр дундуур нөгөө миний утсыг гуйж аваад ярьж байсан залуу гараад явчихсан ба туслах Наранцэцэгтэйгээ гараад ойр хавиар хайгаад олдоогүй...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 19-20-р хуудас/

 

-Гэрч Д.Н-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн “... манай Даваагийн гар утсыг ээжтэйгээ яриадахъя гээд аваад байх шиг байсан. Тэгээд залгаж яриад таны дансаар мөнгө авъя гээд байсан мессеж бичиж чадахгүй байна гээд Даваамаа хэлж байсан тэгтэл нөгөө залуу дахиад та утсаа өгөөч гэж гуйж аваад ширээ рүүгээ явсан тэр хооронд Даваамаа бид хоёр ажил руугаа анхаараад гар утсаа мартчихсан байсан. Бас хүн хоол захиална гээд мартсан байсан. Би нөгөө залуу явчихсан юм уу гээд бид хоёр гараад хайгаад олоогүй Даваамаагийн утсыг аваад явчихсан байсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 25-р хуудас/

 

-Шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн ТХҮ/518-099 дугаартай тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн 2020 оны 7 сарын байдлаар зах зээлийн үнэ цэнэ нийт 150,000 /нэг зуун тавин мянга/-н төгрөгөөр тогтоов....” гэх дүгнэлт /2 хх-ийн 28-30-р хуудас/

 

-Шүүгдэгч Д.М-н яллагдагчаар мэдүүлсэн: ”... Үлэмж нэртэй зоогийн газарт орон 3 хуушуур, 3 шарсан өндөг, 1 аяга сүүтэй цайтай захиалан авч идэж сууж байхдаа тухайн зоогийн газрын ажилтан С.Даваамаагийн Самсунг ноте-5 загварын гар утсыг авч хүнтэй ярьсан. Утсаар ярьж дуусчихаад нэг хүн залгахыг хүлээж байгаад гар утасны эзэн С.Даваамаад хэлэлгүй шууд аваад гараад явсан....” гэх мэдүүлэг /2хх-ийн 44-46-р хуудас/ 

 

-Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс торгох ялын 310,000 төгрөгийн үлдэгдэлтэй гэх албан тоот /2 хх-ийн 114-р хуудас/

 

-Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар / 2 хх-ийн 115-119-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдлоо. 

 

Шүүгдэгч Д.М  нь 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 32-09 тоотод иргэн Д.Мөнхтуяагийн эзэмшлийн амины орон сууцанд цонхоор нь нэвтэрч Монэл загварын 32 инчийн зурагтыг авч 280,000  төгрөгийн хохирол учруулсан, 2020 оны 11 дүгээр сарын 08-09-ний өдрийн орчим Орхон аймаг, Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 32-10 тоот иргэн О.Долгорсүрэнгийн эзэмшлийн амины орон сууцанд цонхоор нь нэвтэрч 168.600 төгрөгийн бэлнээр,савхин куртка зэрэг эд зүйл авч нийт 558,600 төгрөгийн хохирол учруулсан, 2020 оны 11 дүгээр сарын 9, 10-ны өдрүүдийн орчим Орхон аймаг, Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 53-02 тоот иргэн Д.Бадамхандын эзэмшлийн гэрт цонхоор нь нэвтэрч Панасоник загварын 32 инчийн өнгөт зурагтыг авч 280,000 төгрөгийн хохирол учруулсан, 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг, 2 дугаар хэсэгт байрлах “Үлэмж” зоогийн газарт иргэн С.Даваамаагийн эзэмшлийн “Самсунг ноте-5” загварын гар утсыг “утсаар ярчихаад өгье” гэж хэлж аваад эргүүлж өгөөгүй бусдад зарж борлуулсны улмаас 150,000 төгрөгийн хохирол учруулсан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд, шинжээчийн дүгнэлтүүд, хохирогчийн удаа дараагийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлгүүд зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн хууль ёсны, үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч Д.М нь 2020 оны 11 дүгээр сарын 08-наас 10-ны өдрүүдэд Орхон аймаг Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 32-09, 32-10, 53-02 тоот хүн байнга амьдрах зориулалт бүхий хувийн байшингуудад цонхоор нь нэвтрэн орж эд зүйлийг нь нууцаар зөвшөөрөлгүй авч иргэдэд хохирол учруулсан, 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг, 2 дугаар хэсэгт байрлах “Үлэмж” зоогийн газарт иргэн С.Даваамаагийн эзэмшлийн “Самсунг ноте-5” загварын гар утсыг утсаар ярчихаад өгье гэж хуурч авч 150,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлүүд нь хохирогч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлүүд, мэдүүлгийг шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны №252 дугаартай криминалистикийн шинжилгээний дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, нотлох баримтуудыг цуглуулах ажиллагаанд хууль болон оролцогчийн эрх зөрчигдөөгүй, хоорондоо зөрүүгүй, эргэлзээгүй байна. 

 

Шүүгдэгчийн эдгээр үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах” болон 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийн шинжүүдийг тус тус агуулсан, шүүгдэгч өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн санаатай үйлдэл болох нь, түүнчлэн Д.Мөнхдаваагийн үйлдлийн улмаас Д.Мөнхтуяа, О.Долгорсүрэн, Д.Бадамханд, С.Даваамаа нарын эд хөрөнгөд хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь нотлох баримтуудаар бүрэн хангалттай нотлогдон тогтоогджээ. Иймд прокурорын яллах дүгнэлтийг үндэслэлтэй шүүгдэгч Д.Мөнхдаваа нь Эрүүгийн хуульд заасан 2 гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Д.Мөнхдавааг “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах”, “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Д.Мөнхдаваа гэм буруугийн талаар маргаагүй. 

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Д.Мөнхдаваа нь 2020 оны 11 дүгээр сарын 09-нөөс 11-ний өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 3 айлд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан авч иргэн Д.Мөнхтуяад 280,000 төгрөгний,О.Долгорсүрэнд 558,600 төгрөгний,Д.Бадамхандад 280,000 төгрөгний хохирол учруулсан, 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг, 2 дугаар хэсэгт байрлах “Үлэмж” зоогийн газарт иргэн С.Даваамаагийн эзэмшлийн “Самсунг ноте-5” загварын гар утсыг утсаар ярчихаад өгье хуурч залилан авч, 150.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах” болон 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулж,ялуудыг нэмж нэгтгэн 3 жил 6 сарын хорих ял оногдуулах,Сэлэнгэ аймгийн Сайхан суман дахь Сум дундын шүүхийн тогтоолоор оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төргөрөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн 310 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ялыг Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан журмаар тооцон 20 хоногийн ялыг нэгтгэж нийт 3 жил 6 сар 20 хоногийн ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,хохирол төлбөр гаргуулах саналтай гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав шүүх хуралдаанд, шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн, хохирлын хэмжээ бага, хохирогч Даваамаагийн хохирлыг 2 дахин нугалж барагдуулсан, хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан хулгайлах гэмт хэрэгт нь хорих ялын доод хэмжээгээр ял, залилах гэмт хэрэгт нь нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулна уу гэжээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн, хохирлын зарим хэсгийг барагдуулсан байдал, гэмт хэргийн улмаас учирсан нийгмийн хор аюулын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хэрэг тус бүрд нь тохирох ялыг оногдуулж Эрүүгийн хуульд заасан журмаар нэмж нэгтгэлээ. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.Мөнхдаваа нь урьд шийтгүүлсэн 500.000 төгрөгний торгуулийн ялаас 310 төгрөгний ялыг эдлээгүй үлдсэн болох нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2012 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн албан тоот зэрэг баримтаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу энэ тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтэн эдлэх ялын хугацааг тогтоосон болно.

 

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч С.Д-д 300,000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлсөн /2 хх-ийн 17-р хуудас/ байна. Харин хохирогч Д.М-д 280,000 төгрөг, хохирогч О.Долгорсүрэнд 558,600 төгрөг, Д.Б-д 280,000 төгрөгийн хохирол учирсаныг төлөөгүй байх тул шүүгдэгч Д.М-с гаруулан олгохоор заалаа. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Д.Мөнхдаваагийн 73 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцож, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Д.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Д.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.1, 2.2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүдэгч Д.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож 36 хоногийн ялыг нэмж нэгтгэн ялыг 2 /хоёр/ жил, 7 /долоо/ сар, 06 /зургаа/ хоногийн хугацаагаар тогтоож, уг ял дээр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 500,000 төгрөгний торгох ялаас эдлээгүй үлдсэн 310,000 төгрөгний торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцон 20 /хорь/ хоногийн ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 02 жил 07 сар 26 хоногийн / хоёр жил долоон сар хорин зургаа хоногийн/ хугацаагаар тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.М-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-н цагдан хоригдсон 73 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-с 1,118,600 төгрөгийг гаргуулж, 280,000 төгрөгийг хохирогч Д.Мөнхтуяад, 558,600 төгрөгийг хохирогч О.Долгорсүрэнд, 280,000 төгрөгийг хохирогч Д.Бадамхандад тус тус олгосугай.

 

7. Шүүгдэгч Д.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

 

    9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.




 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ