| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 101/2015/01022/И |
| Дугаар | 182/ШШ2017/00822 |
| Огноо | 2017-04-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 182/ШШ2017/00822
| 2017 оны 04 сарын 18 өдөр | Дугаар 182/ШШ2017/00822 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ө.Б-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ч.Т-т холбогдох
2,570,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ө.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, нарийн бичгийн дарга Б.Даваахишигмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Ө.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ч.Т нь 2010 оны 09, 10 сард Амгалан дахь цэргийн ангийн зам дээрээс намайг сантехникийн материал зарж байх үед өөрийн бэлтгэн нийлүүлж байсан компанидаа нийлүүлэлтээсээ дутсан материалыг надаас 3 удаагийн ачилтаар үнэ өртөгийг нь дараа нь өгөхөөр тохирч авсан юм. Хариуцагчийн авсан бараа материал нь 100 см-ын тагтай лотки 8 ком, нэг бүр нь 200 000 төгрөг, нийт 1 600 000 төгрөг, хулгар хавтан 7 ширхэг, нэг бүр нь 100 000 төгрөг, нийт 700 000 төгрөг, лоткиний жижиг таг 9 ширхэг нэг бүр нь 30 000 төгрөг, нийт 270 000 төгрөг, тухайн үеийн ханшаар бүгд 2 570 000 төгрөгийн үнэтэй юм.
Хариуцагч Ч.Т дээрх бараа материалыг өөрийн унаа, зардлаар ачиж авч явсан ба материал нийлүүлсэн компаниасаа мөнгөө авч чадахгүй байна, тус компанийн захирал нь нас барсан гэж хэлж байсан. Би нэг удаа Ч.Ттай хамт “ИЦӨ” ХХК-ийн захирлын гэр гэх 13 дугаар хороололд байдаг нэг айлд очиж байсан. Түүнээс биш би энэ компаниас мөнгөө нэхэх гэж очиж байгаагүй. Ч.Т нь надаас авсан бараа материалыг “ИЦӨ” ХХК-д өгсөн, энэ компаниас авах авлагад миний мөнгө бас байгаа гэсэн тул би энэ компанийг өмнө нь хариуцагчаар татсан юм. Түүнээс биш уг компанид бараа материал өгөөгүй, энэ компанийг мэдэхгүй тул Ч.Т хариуцах үндэслэлтэй, түүнээс шаардаж байгаа юм. Ч.Т нь миний мөнгийг өгнө гэсээр 4 жил болж байгаа тул түүнээс 2,570,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэгч өөрөө хариуцагчаа тодорхойлдог бөгөөд би Ч.Тийг хариуцагчаар татсан, “ИЦӨ” ХХК нь энэ хэргийн хариуцагч биш гэв.
Хариуцагч Ч.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие нь цэргийн ангийн зам дээр барилгын материал зардаг байсан. 2010 оны 09 сард Ө.Б нь над руу яриад миний лоткийг зараад өгөөч мөнгөний хэрэг болоод байна гэхээр би өөрийн материалаа зарж нийлүүлж байсан “ИЦӨ” ХХК-руу яриад, Ө.Бийг уг компанитай холбож өгсөн. Тэгээд Ө.Б уг компанид материалаа нийлүүлж өгчихлөө гээд надруу утсаар хэлж байсан. Түүнээс биш Ө.Бийн нэхэмжлэлд дурдсан шиг Ч.Т миний бие түүнээс материалыг нь аваад уг компанид өөрөө 2, 3 хоног ачуулсан зүйл байхгүй. Ө.Б өөрөө л уг компанид ачуулсан. Харин сүүлд Ө.Б нь та уг компаниас мөнгөө авсан уу гэж надаас асууж байсан. Тухайн үед би уг компаниас мөнгөө аваагүй байсан. Одоог хүртэл өөрийн нийлүүлсэн материалын мөнгийг аваагүй. Учир нь “ИЦӨ” ХХК-ийн захирал н.Ганбаатар нь нас барсан учир мөнгөө авч чадаагүй байна.
Ө.Б нь та миний мөнгийг мөнгөө авахдаа аваад өгөөч гэж хэлж байсан. Уг “ИЦӨ” ХХК-ийн захирлын гэрт нь Ө.Б бид хоёр мөнгөө нэхэхээр хамт очиж байсан. Иймд тус компаниас 2,570,000 төгрөгийг нэхэмжилж авах нь зүйтэй гэж үзэж байна. Ө.Бийн нэхэмжилж буй 2,570,000 төгрөгийг аваагүй. Энэ хэргийн хариуцагч Ч.Т биш учраас уг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ч.Т нь Ө.Бөөс 2,570,000 төгрөгийн бараа материалыг аваагүй бөгөөд түүнийг “ИЦӨ” ХХК-тай холбож өгсөн юм. Уг компаниас Ч.Т мөн авлагатай байсан тул Ө.Бтэй хамт уг компанийн захирлын гэрт очиж мөнгөө нэхэж байсан. Хэргийн 9, 10 дугаар хуудаст авагдсан нотлох баримтуудыг Ч.Т өгсөн бөгөөд энэ компаниас авлагатай гэдгээ нотлохын тулд гаргаж өгсөн. 3 удаагийн ачилтаар бараа материалыг ачсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Ч.Т том машинд ачиж явж чадахгүй. Ө.Б өөрөө энэ компанид аваачиж өгсөн. Бараа өгсөн бол энэ талаар баримт үйлдэх ёстой байтал нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтыг ирүүлээгүй. Уг бараа материалаа хэзээ өгсөн хугацаагаа мэдэхгүй байна.
Нэхэмжлэгч гэрээний үүргийг хангуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа гэж тайлбарласан ба 2015 оны 01 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуульд зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах гурван жилийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Зохигчийн тайлбар болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ө.Б нь хариуцагч Ч.Тт холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2,570,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц нь 2,570,000 төгрөгийн бараа материалыг Ө.Бөөс аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Ө.Б нь Ч.Тт 100 см-ийн тагтай лотки 8 ком, хулгар хавтан 7 ширхэг, лоткины жижиг таг 9 ширхэг, 2010 оны ханшаар нийт 2,570,000 төгрөгийн бараа материалын үнийг дараа авахаар тохирч худалдсан, “Итгэлийн цагаа өргөө” ХХК-д бараа материал нийлүүлээгүй, энэ компанийг мэдэхгүй тул хариуцагчаар оролцуулахаас татгалзсан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан.
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр тус тус хүлээнэ. Зээлээр худалдах, худалдан авах гэрээг бичгээр хийх бөгөөд талуудын хооронд бичгээр гэрээ хийгдээгүй тул Иргэний хуулийн 263 дугаар зүйлйин 263.4, 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжтой.
Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэгч нь шаардлагаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүйгээс Ч.Тт дээрх бараа, материалыг зээлээр худалдсан болон бараа материалыг юуг үндэслэж 2,570,000 төгрөгөөр үнэлж хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна. Үнэ өртгийг тодорхойлохдоо тухайн үеийн зах зээлийн ханш гэж тайлбарлаж байх боловч энэ нь нотлох баримтаар нотлогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.
Хариуцагч тал нэхэмжлэлийн үндэслэлийг нотлох үүрэг хүлээхгүй бөгөөд харин нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг үгүйсгэх нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байна. Хэргийн 9, 10 дугаар хуудсанд авагдсан нотлох баримтыг хариуцагч тал гаргаж өгсөн бөгөөд үүнийгээ Ө.Бийг дээрх бараа материалаа Ч.Таар зуучлуулан “ИЦӨ” ХХК-д өөрөө худалдсан, Ч.Т энэ компаниас авлагатай гэдгээ нотлохын тулд гаргаж өгсөн гэж тайлбарласан. Хэргийн 9 дүгээр хуудаст авагдсан нотлох баримт нь хэнд төлбөр төлж барагдуулах гэж бичсэн нь тодорхойгүй байхаас гадна, 10 дугаар хуудаст авагдсан 2011 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 0016 дугаартай “ИЦӨ” ХХК-ийн албан бичигт Ч.Тт өгөх өр төлбөрийн талаар бичсэн байхаас Ө.Бт өгөх төлбөрийн талаар тусгагдаагүй байх тул үүнийг энэ хэрэгт хамааралтай нотлох баримт гэж үзэж, үнэлэх боломжгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т хариуцагчийг тодорхойлохдоо нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл хэнд холбогдуулж нэхэмжлэл гаргахыг зөвхөн нэхэмжлэгч шийдэх бөгөөд шүүх хуралдааны явцад “ИЦӨ” ХХК-ийг хариуцагчаар оролцуулахгүй, Ч.Т нь энэ хэргийн хариуцагч юм гэж нэхэмжлэгч тайлбарласан болно. Иймд Ч.Т нь Ө.Бийн ашиг сонирхолд хохирол учруулсан, эсхүл үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байна гэж заасан бөгөөд Ө.Б нь 2010 оны 09, 10 дугаар сард Ч.Тт бараа материал нийлүүлсэн гэж 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр түүнээс 2,570,000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан байгаа нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Ч.Таас 2,570,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ө.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүхээс эрх зүйн маргаан шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэх бөгөөд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч хариуцах хуулийн зохицуулалттай тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,070 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.4-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ч.Таас 2,570,000 төгрөг /хоёр сая таван зуун далан мянга/ гаргуулах тухай нэхэмжлэгч Ө.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ө.Бөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 56,070 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ