| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2021/0107/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/108 |
| Огноо | 2021-04-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 2021/ШЦТ/108
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.О
Улсын яллагч Н.Д
Шүүгдэгч П.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О /онлайн/ нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Б-т холбогдох эрүүгийн 2125000000116 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, П.Б
Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч П.Б-г Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэр Их хаадын цуваа хотхонд 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр иргэн Ж.Заяабаярын баруун гарын дунд хурууг хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: шүүгдэгч П.Б-ын мэдүүлсэн, урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй. Үйлдлээ сайн санахгүй, маш их харамсаж гэмшиж байгаа” гэх мэдүүлэг,
-Хохирогч Ж.З-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Би ...2021 оны 02 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 01 цагийн үед найзынхаа гэрээс гарч иртэл үл таних хүн байрны гадаа орилж, чарлаад байсан. Шар дээлтэй үл таних залуу бид хэд дээр ирээд үгийн зөрүүгүй шүүд Эрдэнэцогтыг заамдаж боогоод зүүн шанаа руу нь цохисон. Тэр үед нь Ууганбаяр бид 2 салгаж аваад Эрдэнэцогтыг түүний хүүхэд нь гэртээ авч орсон. Тэрний дараа эхнэр Эрдэнэтуяа, найз Солонго, Ууганбаяр, охин Номин-Эрдэнэ бид 5 14-41 ОРХ гэсэн улсын дугаартай хар өнгөтэй Соната 7 маркийн тээврийн хэрэгсэлдээ суугаад байж байтал шар дээлтэй үл таних залуу хүрч ирээд машины цонхоор жолоочийн эсрэг талд суусан байсан миний охин Номин-Эрдэнийг сэгсэрч, айлган уйлуулсан.Тэр үед би машинаас бууж салгасан. Шар дээлтэй залуу миний баруун гарын дунд хурууг тас хазсан. Тэгээд тэр шар дээлтэй залуу 12 давхар байр руу зугтаасан ба араас нь манай найз Солонго, бид дагаж гүйсэн... Солонгийн нөхөр Ууганбаяр нь араас гүйж ирээд эхнэр Солонгийн дууг сонсож эхний орц руу ороход шар дээлтэй залуу Солонгийг лефтний хаалга руу шахан зогсож байсан гэсэн. Тэр үед би араас нь явж ортол Ууганбаяр нь эхнэр Солонгийг шар дээлтэй залуугаас салгаад зогсож байсан удалгүй гаднаас цагдаа нар орж ирээд шар дээлтэй залууг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/,
-Гэрч Х.У-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн ‘‘...2021 оны 02 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнийн 01 цагийн үед их хаадын цуваа 3-р байрны 501 тоотод байх найз Эрдэнэцогтын гэрээс гараад орцны үүдэнд Эрдэнэцогт, Заяабаяр нарын хамтаар тамхи татаад зогсож байтал нэг согтуу лам хүрж ирснээ Эрдэнэцогтын хацар руу цохиод авсан. Тэгээд Заяабаяр, Солонго, Эрдэнэтуяа, Номин-Эрдэнэ нарын хамтаар машиндаа суугаад явах гэтэл араас шар дээлтэй лам залуу ирээд машины цонхоор Заяабаярын охин Номин-Эрдэнийг заамдаад авсан. Тэр үед Заяабаяр машинаас буугаад салгах гэтэл шар дээлтэй лам залуу Заяабаярын баруун гарын дунд хурууг тас хазсан тэр үед гараас нь цус гараад байсан болохоор Эрдэнэтуяа цагдаа дуудсан. Тэгсэн чинь шар дээлтэй лам залуу зугтаад гүйсэн араас нь манай эхнэр Солонго аль байр руу зугтааж байгааг нь харахаар явтал их хаадын цувааны 10-р байрны сүүлийн орц руу орсон байсан. Тэгээд би араас нь явтал байрны хаалга нь шилэн байсан болохоор хартал манай эхнэр Солонгын хоёр хөл харагдаад байхаар нь яваад ортол лифтний хаалга онгойлгосон манай эхнэр Солонгыг заамдаж боогоод лифт рүү чирж байхаар нь би шар дээлтэй лам залуугаас эхнэрээ салгаж аваад лифтнээс лам залууг татаж гаргаад дээр нь сууж байсан. Тэр үед надад хандаж чи яасан хурдан олоод ирэв, танай эхнэрийг 6-н давхраас шидсэн байхад та нар юу олж долоодог юм, Батлут надаа багаддаг ш дээ гэхээр нь би ямар Батлут гэсэн чинь Улсын их хурлын гишүүнээ танихаа больчихоо юу гэж хэлсэн. Тэгээд удалгүй цагдаа нар ирж лам залууг авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/
-Гэрч Б.С-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...нэг согтуу лам орилж чарлаж явж байгаад бид хэд дээр хүрж ирсэн тэр үед Эрдэнэцогт миний хөгшин одоо гэртээ орж амар гэтэл тэр шар дээлтэй залуу Эрдэнэцогтын баруун хацар руу цохиж авсан. Тэгээд Эрдэнэцогтыг хүү нь гарч ирж аваад гэртээ орсон харин бид хэд машиндаа суугаад хөдлөөд явах гэтэл шар дээлтэй лам залуу араас гүйж ирээд машины цонхоор жолоочийн эсрэг талын суудал дээр сууж байсан, Заяабаярын охин Номин-Эрдэнийг заамдаж аваад айлгаж уйлуулсан. Тэр үед Заяабаяр, Ууганбаяр нар нь машинаас бууж салгах явцад шар дээлтэй лам залуу Заяабаярын баруун талын гарын дунд хурууг хазчихаад зугтаасан. Тэгэхээр нь би аль байр руу орох бол гэж бодоод араас гүйсэн тэгээд их хаадын цувааны 10-р байрны сүүлийн орц руу орохоор нь би явах гэтэл шар дээлтэй лам орцноос гарч ирээд даварцан пизда нар бэ, чамайг ална, Батлут миний өмнө сөхөрдөг юм гэж хэлээд намайг заамдаж чирээд орц руу авч орсон. Тэгээд лифт рүү шахаж хоолой боосон тэр үедээ чамайг өндрөөс шидэж ална гэж хэлээд лифт онгойлгохоор нь би нэлээн ноцолдсон дотроо лифтний хаалгыг хаалгаж болохгүй гэж бодонгуутаа хөлөө лифтний хаалган завсар оруулсан байсан. Тэгээд удалгүй манай нөхөр Ууганбаяр орж ирээд салгаж шар дээлтэй залуугийн дээр нь гарч суусан. Удалгүй гаднаас 3-н цагдаа орж ирээд шар дээлтэй лам залууг аваад явсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/
-Гэрч Б.Э-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...шар дээлтэй лам хашхираад ална пизданууд гээд гараад ирсэн. Тэр залуу шууд бид 3 дээр ирээд хэл амаар доромжлоод байхаар нь би тайвшруулах санаатай миний хөгшин харьж амар, орой болсон байна, сайхан цагаан сар болж байна гэж хүндэлж хэлсэн. Тэгсэн чинь миний урдаас цээжээрээ түлхээд хоёр гараараа намайг тулаад байхаар нь би бас цааш нь түлхээд холдуулсан. Тэгсэн тэр шар дээлтэй лам залуу намайг боогоод авсан тэр боосонг нь тавиулах санаатай зууралдаад ноцолдсон боловч тавихгүй байсан. Тэгээд шатны хашлага руу ноцолдож байсаар байгаад очтол миний шанаа руу хүчтэй 2-оос 3 удаа цохисон. Тэр үед Заяабаяр, Ууганбаяр нар гүйж ирээд салгасан. Мөн миний хүү Тэмүүлэн нь гэрээс гараад ирсэн байсан ба намайг гэртээ оръё гэж хэлсэн. Тэгээд би хүүтэйгээ гэр рүүгээ явж ороод гутлаа тайлах гэж байтал манай эхнэр гадаа нөгөө хүмүүс чинь шуугилдаад уналаа Заяабаяр, Ууганбаяр ах нарыгаа явуул гэж хүү Тэмүүлэнд хэлээд гаргасан.би хүүгийнхээ араас удалгүй гартал, байрны гадаа хүн байгаагүй, тэгээд 10-р байрны урд тал руу очиход Заяабаярын машин байсан мөн нэг цагдаагийн машин ирээд зогссон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ч.Буянзаяагийн “... Ж.Заяабаярын биед баруун гарын дунд хурууны 1-р үений шивнүүрийн дунд хэсгээр тасарч тайрагдсан байдал шарх үүсчээ. Дээрх гэмтэл нь хүн амьтны шүдээр, нэг удаагийн үйлчлэлээр үусгэгдэх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөр чадварын тогтонги алдалтад 5% нөлөөлөх тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Шинэ гэмтэл байна. Уг гэмтэл нь 2021 оны 02 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой ..." дүгнэлт /хх-ийн 38-39-р хуудас/
-Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 82-115-р хуудас/
-Их хаадын цуваа хотхоны 10-р байрны 2-р орцны камерийн бичлэгт /хатуу дискт/ үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 127-128-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч П.Б нь 2021 оны 02 дугаар сарын 16-ны шөнө 00 цаг 30 минутын орчим согтуурсан үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт Их хаадын цуваа хотхоны 10-р байрны гадаа тааралдсан үл таних иргэдийг өдөөн хоргоож улмаар Ж.Заяабаярын баруун гарын дунд хурууг хазаж баруун гарын дунд хурууны 1-р үений шивнүүрийн дунд хэсгээр тасарч тайрагдсан байдал шарх бүхий хөнгөн гэмтэл хохирол учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт,камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдал,шүүгдэгчийн гэм бурууг тогтооход ач холбогдолтой, гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Шүүгдэгчийн П.Б нь согтуурсан үедээ шалтгаангүйгээр гудамжинд үл таних хүмүүсийг өдөөн хоргоож, улмаар хохирогч Ж.Заяабаярын баруун гарын дунд хурууг хазсаны улмаас биед нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой байдал Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ч.Буянзаяагийн “... Ж.Заяабаярын биед баруун гарын дунд хурууны 1-р үений шивнүүрийн дунд хэсгээр тасарч тайрагдсан байдал шарх үүсчээ... Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөр чадварын тогтонги алдалтад 5% нөлөөлөх тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Шинэ гэмтэл байна. Уг гэмтэл нь 2021 оны 02 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт болон шүүгдэгч, хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүдээр бүрэн, хангалттай нотлогдож тогтоогдсон ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна.
Шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай, нийгэмд аюултай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй. П.Бнь Эрүүгийн хуулиар хамгаалсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд санаатай халдаж хөнгөн зэргийн хохирол учруулсан байна.
Шүүгдэгчийн гэм буруу шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн эрх зөрчигдөөгүй,нотлох баримтууд зөрүүгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч П.Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч П.Б нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэр Их хаадын цуваа хотхонд 2021 оны 02 сарын 16-ны өдөр иргэн Ж.Заяабаярын баруун гарын дунд хурууг хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 450 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг шүүх хуралдаанд, лам хүн байгаа. Айраг ууж ухаанаа алдтал согтсон. Үйл явдлыг сайн санадаггүй. Хохиролд 2,390,000 төгрөг төлсөн. Хохирогч цалин нэхэмжилсэн нь баримтаар нотлогдоогүй тул тохиролцож 2 сая төгрөг төлсөн байгаа. Ковидын үед сүм хийд хаасан цалин орлогогүй байгаа тул торуулийг хэсэгчлэн тогтооно уу гэжээ.
Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул хэрэгт авагдсан хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал, хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн байдал, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн тухайд: хохирогч Ж.З-н үзлэг, эмчилгээ болон цаашид гарах зардалд нийт 2,390,000 төгрөг төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх баримт /хх-ийн 134-р хуудас/-т авагдсан бөгөөд, хохирогч шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэрэгт хавсарган үлдээж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч П.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар П.Б-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд, сард 112.500 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ