Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 035

 

            Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Бугат сумын 4 дүгээр багийн оршин суугч Х.Хын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд  холбогдох,

            “Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 30, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаар тогтоолуудыг хүчингүй болгох тухай”  шаардлага бүхий  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Х, хариуцагч Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

Миний бие 2016 оны орон нутгийн сонгуулиар Буга багийн 134 дүгээр хэсгээс Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшин төлөөлөгчөөр сонгогдож, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар бүрэн эрхээ батлуулж, улмаар тус хуралдаанаар уламжлагдан сумын Засаг даргаар томилогдсон. Би ард түмнээс сонгогдсон, ард түмнийг төлөөлөх эрх бүхий төлөөлөл юм. Гэтэл намайг Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаар тогтоолоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөс огцруулсан байх юм. Ард түмнээс сонгогдсон ард түмний төлөөлөл намайг Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон хэсэг төлөөлөгчид санаачлан огцруулах эрхгүй бөгөөд огцруулах эрх зөвхөн сонгосон ард иргэдийн мэдлийн асуудал юм.

Огцруулах тогтоолд Улсын Дээд Шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэл болгосон байх боловч уг эрхийн акт нь одоо болтол бичгийн хэлбэрээр гараагүй, хэргийн оролцогчдын хэн ч гардаж аваагүй байхад үүнийг үндэслэл болгож, миний төлөөлөгчийн бүрэн эрхэд халдан хууль зөрчиж огцруулж байгаад гомдолтой байна.

Миний бие 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр өглөө 9 цагаас эхлэн тус аймаг дахь захиргааны хэргийн  анхан шатны шүүхийн шүүх хуралдаан оролцсон бөгөөд уг хуралдаанд Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Х оролцох байсан боловч ирээгүй, түүний өмгөөлөгч оролцсон. Тухайн өдөр Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын жилийн эцсийн чуулган давхар болж байсан.

Миний бие 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 13 цагт шүүх хуралдаанаас гараад Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд оролцохоор очиход төлөөлөгчид бүрэн цугларсан байсан. Тухайн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг надад танилцуулаагүй бөгөөд ирц бүрдэж хуралдаан эхлэх үеэр хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг баталсан. Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг баталсны дараа Хурлын хуралдааныг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Х нээж, үг хэлж, хуралдааныг дэгийн дагуу явуулсан ба эхний ээлжид миний нэрийг төлөөлөгчөөс эгүүлэн татах асуудлыг хэлэлцсэн.

Ингэхдээ Хурлын дарга Х.Х нь “...Х.Х нь гэмт хэрэгтэн байна. Улсын Дээд шүүхийн Х.Хд холбогдох хэргийн шүүх хуралдаан 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр болсон. Энэ талаарх материалыг би Улсын дээд шүүхийн веб сайтаас татаж авсан...” гэж хэлсэн. Гэхдээ хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд миний нэрийг төлөөлөгчөөс эгүүлэн татах асуудлыг тусгаагүй, надад мэдэгдээгүй, сонсох ажиллагаа огт хийгээгүй. Намайг төлөөлөгчөөс эгүүлэн татаж болно, гэхдээ шүүхийн эцсийн шийдвэр гарсны дараа миний нэрийг татах ёстой байсан. Хуралдааны үеэр миний бие эсрэг байр сууриа илэрхийлсэн ба Хурлын төлөөлөгч Болатбек гэдэг хүн “...Х.Хыг төлөөлөгчөөс татах асуудлын талаар прокуророос бичиг ирсэн үү...” гэж асуухад ирээгүй гэсэн хэлж байсан.

Тэгээд Хурлын дарга Х.Х нь надад “та гар” гэж миний эрхэд халдсан. Гэхдээ би зөвшөөрөөгүй маргалдаж, хэрэлдээд хуралдаанд суусан. Ингэж намайг нуугдмал байдлаар төлөөлөгчөөс эгүүлэн татсан бөгөөд урьд нь намайг сумын Засаг даргаас огцруулахдаа ийм байдлаар огцруулж байсан. Намайг төлөөлөгчөөс эгүүлэн татах гэж байгаа талаар надад урьдчилан мэдэгдэх ёстой байсан боловч мэдэгдээгүй, шууд хуралдаанд оруулж ирээд огцруулсан нь буруу гэж үзэж байна.

 Хуралдааны үеэр ч гэсэн би ингэж болохгүй, миний эрхэд халдаж байна, намайг төлөөлөгчөөс эгүүлэн татах асуудлыг урьдчилан мэдэгдэх ёстой байсан гэж хэлсэн. Дараагийн хуралдаанд би очиход намайг чирч гаргасан. Түүнээс хойш 15 хоногийн дараа болсон хуралдаанд би оролцохоор очиход намайг оруулахаас татгалзсан тул эсэргүүцэл үзүүлээгүй гараад явсан. 2019 оны 01 дүгээр сарын 19, 20-ны аль нэг өдөр миний бие шүүхийн дуудсанаар шүүхэд очиход Улсын Дээд шүүхээс танд холбогдох эрүүгийн хэргийн материал ирсэн байгаа, шийтгэх тогтоолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлнэ...” гэж хэлсэн. Дараа нь миний бие 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очиход, тус байгууллагын ажилтан надад “...таныг 3 сая төгрөгөөр торгосон шүүхийн шийтгэх тогтоол гарсан байна, та 3 сая төгрөгийг 1 жилийн дотор төлж, шүүхийн шийдвэрийг биелүүлнэ...” гэсэн.

Тэгээд би 1 жилийн дотор төлнө гэхэд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргах гэж байгааг мэдэгдээд явсан. Үүнээс хойш нэгэнт гарсан шүүхийн шийдвэрийг биелүүлье гэж үзээд 3 сая төгрөгийг төлж барагдуулсан. Анх надад та нэгэнт ял эдэлж байгаа учраас гадагш гаргахгүй, торгуулийг хугацаанд төлөөгүй бол хорих ялаар сольж гүйцэтгүүлнэ гэж анхааруулсан байсан.

Эцэст хэлэхэд, миний бие анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ихэсгэсэн байсан. Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас надад 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэсэн огноотой 30 дугаар тогтоолыг гардуулж өгсөн ба уг тогтоолын нэгдүгээр заалтад “Бугат сумын 2016 оны орон нутгийн сонгуулиар 134 дүгээр хэсгээс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон Хумарханы Хайвыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөс огцруулсугай” гэж дурдсан байсан ба Улсын Дээд шүүхээс хэргийн материал ирэхэд хэргийн материалтай танилцах үер Улсын Дээд шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар надад холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн байсныг мэдсэн.

Тэгээд миний бие энэ нь хууль бус гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн. Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас намайг огцруулсан тогтоолын огноог засварлаж, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 30 дугаартай тогтоол гэж гаргасан байсан. Миний бие тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 19, 20-ны өдрүүдийн 30 дугаар тогтоолууд хоёулаа хууль бус гэж үзэж байна. Хурлын ажлын албанаас тогтоолын огноог алдаатай бичсэн байж болно. Гэхдээ хариуцагчаас тайлбар ирүүлэхдээ  Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 30 дугаар тогтоолын агуулгыг өөрчилж, өмнөх тогтоолд “...Улсын Дээд шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэрийг тус тус үндэслэн...” гэснийг “...Улсын Дээд шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 533 дугаар тогтоолыг тус тус үндэслэн...” гэж засварлаад нотлох баримтаар хавсаргасан байна.

Иймээс Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 30 дугаар тогтоол болон 12 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаар тогтоолыг тус тус  хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн байх бөгөөд эдгээр тогтоолуудыг хүчингүй болгож өгөхийг шүүхээс хүсэж байна. 2018 оны сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын жилийн эцсийн чуулганаар намайг төлөөлөгчөөс эгүүлэн татах асуудлыг хэлэлцэхээр байвал 24 цагийн өмнө тогтоолыг төлөөлөгч нарт тараах байсан боловч тараагаагүй,  надад мэдэгдээгүй, үүнээс гадна зарим төлөөлөгч нарт ч гэсэн мэдэгдээгүй байсан. Гэтэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга намайг гэмт хэрэг үйлдсэн гэж шууд намайг төлөөлөгчөөс  эгүүлэн татаж олонхоороо шийдвэрлэсэн гэх давуу байдлаа ашиглаж шийдвэр гаргасан нь буруу байна.

Тухайн өдрийн хуралдаанд оролцсон төлөөлөгчид 100 хувийн саналаар намайг эгүүлэн татах асуудлыг дэмжээгүй, 4-5 төлөөлөгч эсрэг байр суурьтай байсан. Миний нэрийг төлөөлөгчөөс татаж болно. Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ намайг төлөөлөгчөөс огцруулах асуудал хуулийн дагуу явагдах ёстой боловч хууль бусаар огцруулсанд гомдолтой байна. Сонгуулийн тухай хуульд ч гэсэн тодорхой зааж өгсөн. Төлөөлөгч ганцхан хүний саналаар сонгогдохгүй, 500 гаруй сонгогчтой тойрогт 5 төлөөлөгч нэр дэвшээд миний бие олонхын санал авч сонгуулийн үр дүнгээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон. Мөн миний бие сонгуулийн үр дүнгээр сумын Засаг даргаар, хариуцагч Х.Х нь сонгуулийн үр дүнгээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдсон.

Миний иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн анхны тогтоол ч гэсэн өнөөдөр хуулийн хүчин төгөлдөр хэвээр байгаа гэдгийг би удаа дараа хэлж байгаа. Хэрэв намайг төлөөлөгчөөс огцруулах гэж байгаа бол Хурал эхлээд миний төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоолыг хүчингүй болгох ёстой байсан. Тухайн өдөр миний бие шүүх хуралдаанд оролцохоор явсан байсан ба Хурлын дарга албан тушаалаа урвуулан ашиглаад намайг төлөөлөгчөөс эгүүлэн татах асуудлыг хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд шууд оруулсан гэж харж байгаа. Миний бие Х.Хыг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан гэж цагдаагийн байгууллагад хандвал хандах боломж байсан.

Гэхдээ би хүндэтгэлтэй хандаж түүнийг цагдаагийн байгууллагад өгөөгүй. Миний бие шүүх хуралдаанаас гараад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд очиход төлөөлөгчид хоёр талдаа хуваагдсан, хоорондоо үл ойлголцол үүсэж, маргалдсан байдалтай байсан.

Иймд Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 30 дугаар тогтоол болон 12 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас  шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон Хурлын дарга Х.Хаас  шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/32 дугаартай тогтоолоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дүгээр хуралдааныг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Лхагва” гаригт сумын төвд хуралдуулахаар товлон зарласан. Энэхүү Тэргүүлэгчдийн хуралдаанаар 9 дүгээр хуралдаанд хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоосон бөгөөд дарааллын 1-т “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Х.Хын бүрэн эрхийн тухай” асуудлыг хэлэлцэхээр тусгасан юм. Тэргүүлэгчдийн хуралдаанаар Хурлын хуралдааныг зарлаад нэхэмжлэгч Х.Хд “Таныг огцруулах гэж байгаа” гэж урьдчилан мэдэгдэж байсан.

Улмаар 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 9 дүгээр хуралдаан нь төлөөлөгчдийн 100 хувийн ирцтэйгээр эхэлж, 100 хувийн саналаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, хуралдааныг удирдах дараалал болон дотоод журмыг баталж, хэлэлцэх асуудлын 1-т тусгагдсан “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Х.Хын бүрэн эрхийн тухай” асуудлыг хэлэлцэж эхэлсэн.

Х.Х нь сумын Засаг даргаар ажиллаж байхдаа үндэслэлгүй захирамж гаргаж ажилтнуудыг ажлаас халсан ба тухайн ажилтнуудыг шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон. Үүний улмаас төсөвт 21 сая төгрөгийн хохирол учруулсан

Ингээд Хурлын дарга Х.Х би тус сумын Хурлын төлөөлөгч Х.Хын гэмт хэрэгт холбогдсон талаарх шүүхийн шийтгэх тогтоолыг уншиж, энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсныг, үүнтэй холбоотой Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4 дэх заалтыг үндэслэн түүнийг Хурлын төлөөлөгчөөс огцруулах шалтгаан бий болсныг танилцуулсан.

Улмаар дээрх танилцуулгатай холбоотой Х.Х тухайн үед дэлгэрэнгүй тайлбараа гаргасан байх ба Хурлын төлөөлөгч Ш.Болатбек хуралдаан даргалагчид асуулт тавьж, төлөөлөгч Б.Салтанат саналаа хэлснээр төлөөлөгчид өөр асуулт, санал гаргаагүй тул Х.Хыг төлөөлөгчөөс огцруулах эсэх талаар санал хураалт явуулж, 16 төлөөлөгч гар өргөж, олонхын саналаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Х.Хыг төлөөлөгчөөс нь огцруулахаар баталж шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Х би ганцаараа гаргаагүй, 16 төлөөлөгчийн саналаар гарсан гэдгийг дурдаж байна.

Тэрээр, энэхүү хуралдааны явцад Х.Х нь гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрсөн байх ба гэмт хэрэг үйлдсэнийг, тодруулбал, шүүхийн шийдвэр гүйцэтгүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө Б.Серикболыг ажилд эгүүлэн томилсон захирамж гаргаж, уг захирамжаа түүнд танилцуулаагүй, Б.Серикбол үүнийг огт мэдээгүй байхад түүнийг ажил тасалсан гэсэн үндэслэл зааж, ажлаас халсан нь Х.Хын өөрийн үйлдлийг хууль бус шинжтэйг урьдчилан ухамсарлаж, түүнийг хүсэж, хор уршигт зориуд хүргэж, гэмт үйлдлээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хандаж, уг санаа зорилгоо хэрэгжүүлсэн нь тогтоогдсон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Х.Хыг гэм буруутайд тооцож, ял оногдуулсан бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 533 дугаартай тогтоолоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Огцруулах гэж байгааг мэдэгдсэн байхад нэхэмжлэгч та мэдэгдээгүй гэж үндэслэлгүй зүйл ярьж болохгүй. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйлд Хурлын төлөөлөгчийг чөлөөлөх, огцруулах үндэслэлийг тусгаж өгсөн бөгөөд 13 дугаар зүйлийн 13.1.4 дэх заалтад Хурлын төлөөлөгч гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан бол тогтоол гаргаж огцруулахаар заасан. Х.Хыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсан талаар Улсын Дээд шүүхээс мэдээлэл бичиж хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд цацсан байсан.

Иймд Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 30 дугаартай тогтоол нь хуульд нийцсэн шийдвэр болсон гэж үзэж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дүгээр хуралдаан 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хуралдаж, Х.Хыг төлөөлөгчөөс огцруулах тухай 30 тоот тогтоол гарсан юм. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Х.Жумагүл техникийн алдаа гаргаж, 20-ны өдөр гэж бичсэн байна. Хуралдааны тэмдэглэл ч уг өдөр үйлдэгдсэн байгаа. 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хуралдаан болоогүй ба иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ямар нэгэн тогтоол гараагүй болно гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг болон хэргийн оролцогчдын тайлбарыг тал бүрээс нь үнэлж дүгнээд нэхэмжлэгч Х.Хаас Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Х.Хыг  төлөөлөгчөөс  огцруулах тухай” 30 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн  шаардлагыг дараах үндэслэлээр  хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 1. Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дүгээр хуралдааныг зарлан хуралдуулах тухай” А/32 дугаар тогтоолыг[1] хэлэлцэн баталж, хуралдааныг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хуралдуулахаар, хуралдаанаар хэлэлцэх асуудлын 1-т “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Х.Хын бүрэн эрхийн тухай” хэлэлцэхээр тус тус тогтоожээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /цаашид хуулийн гэх/ 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт “Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэж заасан.

Тэргүүлэгчид нь 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хуралдаж, хуралдааны товыг нэг өдрийн дараа буюу 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хуралдуулахаар тогтоосон нь  “ ... бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэсэн хуулийн дээрх заалтыг зөрчсөн байх ба хуралдааныг товлосон өдөр хуралдуулсан нь хэрэгт авагдсан хуралдааны тэмдэглэлээр[2] тогтоогдож байна.

2.  Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-дэх хэсэгт “Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”,  24.3-дах хэсэгт “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” тус тус заасан.

Тэргүүлэгчдээс төлөөлөгч Х.Хын  бүрэн эрхийн тухай асуудлыг Хурлын хуралдаанаар хэлэлцэхээр санаачлан тогтоосон боловч Х.Хын төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар холбогдох баримтуудыг  болон гарах шийдвэрийн төслийг боловсруулан нэг хоногийн өмнө төлөөлөгчдөд тараах хуульд заасан шаардлагыг  биелүүлэхгүйгээр  уг асуудлыг хэлэлцсэн  нь тухайлан хуульчилсан “...энэхүү  шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй байх” хуулийн заалттай нийцээгүй байна.

3. Баян-Өлгий аймаг  дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолоор[3] Х.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3000000 /гурван сая/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсэн, шүүгдэгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдсанаар Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 24 дүгээр магадлалаар[4] анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр баталсан, улмаар Х.Х нь Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн танхимд хяналтын гомдол гаргасан ба Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 533 дугаар тогтоолоор[5] анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хуулийн 13 дугаар зүйлийн  13.1 дэх хэсэгт “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх дараах тохиолдолд хугацаанаас өмнө дуусгавар болно”, 13.1.4 дэх хэсэгт “ гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан” гэж заажээ.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар төлөөлөгч Х.Хын бүрэн эрхийн асуудлыг хэлэлцэх үед Улсын Дээд шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааны тогтоол гарсан  боловч ч энэ тогтоолын  албан ёсны хувийг бичгийн хэлбэрээр Хурал аваагүй, зөвхөн Улсын Дээд шүүхийн вэб сайтад бичигдсэн хэрэг шийдвэрлэсэн тухай мэдээллийг  Хурлын дарга хуралдаанд уншиж сонсгосноор асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн нь   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  40.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хяналтын шатны шүүхийн шийдвэр хууль зөрчсөн гэж үзвэл энэ хуулийн 40.1 дүгээр зүйлд заасан этгээд уг шийдвэрийг гардан авснаас хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж болно” гэсэн нэхэмжлэгчийн Ерөнхий шүүгчид гомдол гаргах эрхийг зөрчсөн гэж үзлээ.

Тодруулбал, хуралдааны үеэр нэхэмжлэгч нь Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргахаа төлөөлөгчдөд мэдэгдсэн нь хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх  ба энэхүү эрхээ эдлэх боломжийг  олгохгүйгээр асуудлыг  хэлэлцсэн  Хурлын шийдвэрийг  хууль ёсны гэж үзэх боломжгүй байна.  

 Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.12 дугаар зүйлийн 6-дах хэсэгт “ Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн оролцсон Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдааны шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байна” гэж заасан, хуулийн энэхүү заалтын агуулгаас үзэхэд шүүгдэгчээс   Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан тохиолдолд Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тогтоолыг эцсийн шийдвэр гэж үзэх боломжгүй ба Х.Хын төлөөлөгчийн бүрэн эрхийг хэлэлцэх үед  түүнийг “ ... гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан” гэж үзэхэд учир дутагдалтай байжээ.

Иймээс дээрх үндэслэлүүдээр Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаас гарсан 30 дугаар “Х.Хыг төлөөлөгчөөс огцруулах тухай” тогтоол нь хууль бус, үүний улмаас нэхэмжлэгчийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  төлөөлөгч байх эрх,  хууль  ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзээд хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Харин нэхэмжлэгчээс Хурлын хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Хурлын төлөөлөгчийг огцруулах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан боловч энэ тогтоолд техникийн алдааны улмаас огноог буруу бичсэн, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хурлын хуралдаан болоогүй гэж хариуцагчаас тайлбарласан тул  энэ тогтоол нь  эрх зүйн хувьд  ямар нэгэн үр дагавар үүсгэхгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй гэж үзээд энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус баримтлан

ТОГТООХ нь:

            1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4,  23 дугаар зүйлийн 23.4, 24 дүгээр зүйлийн 24.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Хаас Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж “Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Х.Хыг  төлөөлөгчөөс  огцруулах тухай” 30 дугаар тогтоолыг хүчингүй болгож, үлдсэн  хэсэг “Бугат сумын сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Хурлын төлөөлөгчийг огцруулах тухай” 30 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагыг  хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Хын  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              З.ГҮЛБАРША

 

 

 

 


[1] Хэргийн 23 дугаар хуудас

[2] Хэргийн 15-21 дүгээр хуудас

[3] Хэргийн 30-41 дүгээр хуудас

[4] Хэргийн 42-44 дүгээр хуудас

[5] Хэргийн 45-48 дугаар хуудас