Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 16

 

  Э.Б, Ц.Б, Б.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч Б.Сүхгомбо, ерөнхий шүүгч  Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

  Шүүх хуралдаанд:

  Нарийн бичгийн дарга                           Г.Должинсүрэн

  Прокурор                                                Б.Догмиддорж   

  Шүүгдэгч нарын өмгөөлөгч                   Ө.Батболд нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж шийдвэрлэсэн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Б, Ц.Б, Б.Б, хохирогч Х.Т нарын давж заалдах гомдлоор Э.Б, Ц.Б, Б.Б нарт холбогдох эрүүгийн 1721002690160 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б овогт Эын Б, Дорнод аймгийн Дашбалбар суманд 1997 оны 08 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт Дорнод аймгийн Дашбалбар сумын … дугаар багт оршин суух, ял шийтгүүлж байгаагүй.

Шүүгдэгч Х овогт Цын Б, Дорнод аймгийн Дашбалбар суманд 1997 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, хэрэгт татагдахын өмнө ... цогцолбор сургуульд .... ажилтай байсан, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн Маршалын .... тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй.

Шүүгдэгч Ш овогт Бын Б, Дорнод аймгийн Дашбалбар суманд 1998 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн, бүрэн дунд боловсролтой, хэрэгт татагдахын өмнө “Д” их сургуулийн нягтлан бодох бүртгэлийн ... дугаар дамжаанд оюутан байсан, ам бүл 4, эцэг, эх, ах, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, ... оршин суух, ял шийтгүүлж байгаагүй.

Шүүгдэгч Э.Б, Ц.Б нар нь бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт орших 23 дугаар байрны орцонд шөнийн 00 цаг 20 минутын орчимд хохирогч Х.Тыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан; шүүгдэгч Б.Б нь 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шөнийн 00 цаг 20 минутын орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт орших 23 дугаар байрны гадна талд хохирогч Э.Мг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддорж шүүгдэгч Э.Б, Ц.Б нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн” гэж дүгнэн, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр; шүүгдэгч Б.Бийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэж дүгнэн, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолоор:

1/Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б, Ц.Б нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, Б.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт  гэм буруутайд тооцож;

2/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б, Ц.Б нарыг тус бүр 450 цагийн, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Б.Бг 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэн;

3/Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б, Ц.Б, Б.Б нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож;

4/Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Э.Б, Ц.Б, Б.Б нарт мэдэгдэн;

5/Шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдан;

6/Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б, Ц.Б нараас 42,792 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Х.Тд, шүүгдэгч Б.Бс 20,000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Мд олгон, хохирогч Х.Тн нэхэмжлэлээс 396,780 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг хохирогчид мэдэгдэн, нэхэмжлэлээс 27,628 төгрөгийг хэрэгсэхгүй болгон;                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

7/Бичиг баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх;

8/Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Б, Ц.Б, Б.Б нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “Бид нар хохирогч Х.Тыг зүгээр байхад нь зодоогүй. Х.Т нь Э.Бг зодож байхад нь Ц.Б очиход түүнийг бас зодоод зугтаасан учраас бид хоёр нийлж зодсоноо хүлээн зөвшөөрч байна. Б.Б миний бие найз Э.Бг хайж хохирогч Э.Мд гар хүрсэн нь үнэн. Би оюутан. Нийтэд тустай ажил хийлгэх ял нь хичээл сурлагад маань сөргөөр нөлөөлж байна. Шүүхээс тогтоосон хохирлыг төлсөн. Биднийг торгох ялын доод хэмжээгээр торгож өгнө үү” гэжээ.

Хохирогч Х.Т давж заалдах гомдолдоо: “Миний бие, Э.Бг эхэлж зодоод зугтсан зүйл байхгүй. Хэрвээ ийм маягаар намайг гүтгэж байгаа бол хэргийг дахин сөхөж, шүүх эмнэлгийн дүгнэлт дахин гаргуулах хүсэлтэй байна. Одоо хүртэл миний биеийн байдал зовиуртай байгаа. Ийм аймшигтай бүлэг танхайн хэрэг үйлдчихээд нэг ч удаа уучлал гуйгаагүй. Би бусдын асрамжид 7 хоног эмнэлэгт хэвтэж, 1 сар ажлын чадамжаа алдаж гэртээ асруулж байсан. Одоог хүртэл эм тарианы баримтаар олгогдсон 329,580 төгрөгийн хохирлыг маань барагдуулаагүй тул би маш их гомдолтой байна. Хохирлыг маань барагдуулж өгнө үү” гэжээ.

Прокурор Б.Догмиддорж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн, шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл тохирсон байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч нар хэрэг үйлдэх үед 21 насанд хүрээгүй байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2-т зааснаар 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял болгон багасгах, эсхүл торгох ял оногдуулж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Э.Б, Ц.Б, Б.Б нарын хамтран гаргасан давж заалдах гомдол болон хохирогч Х.Тн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

            Шүүгдэгч Э.Б, Ц.Б нар нь бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнийн 00 цаг 20 минутын орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт орших 23 дугаар байрны орцонд хохирогч Х.Тг халамцуугаар үг сөргөлдөн үүссэн маргааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан; шүүгдэгч Б.Б нь тухайн үед  мөн дээрх маргааны улмаас 23 дугаар байрны гадна талд  хохирогч Э.Мг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Үүнд:

1. Хохирогч Х.Тын “...орцны гадаа Э.Б нь надаас тамхи асууж байсан. Бид хоёр бага зэрэг маргалдсан. Э.Б өөрийгөө буриад гэхээр нь би казах гэсэн. Би,  — Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэж хэлээд орц руу ортол гэнэт шуугиад эд нар орж ирээд зодоон үүссэн. Үгийн зөрөөгүй намайг цохиод авсан. Би яаж 4-р давхарт гарснаа санахгүй байна. Намайг нийлээд зодоод байхаар нь би,  —  одоо болио гэж гуйсан. Хадам аав гарч ирээд цагдаа дуудсан. Эд нар зугтаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13, 22-23, 146/;  

2. Хохирогч Э.Мн “2017 оны 10 дугаар сарын 29-ний орой 00 цагийн үед хүргэн ах Х.Тын хамт гэр рүүгээ орох гээд явж байхад орцны гадаа сууж байсан залуучуудын өндөр нь тамхи байна уу гэж ахаас асуусан. Ах байхгүй гээд түүнтэй бага зэрэг маргасан. Намайг нүдний шилтэй нь араас татаж чангаагаад тэнд аваачсан. Тэгээд намайг Б.Б цохиод нүүр рүү өшиглөсөн. Тэгээд гэр чинь хаана вэ гэж асуугаад надтай хамт дээшээ 4-р давхар руу гарсан. Надтай зөрөөд хоёр залуу буугаад гүйгээд явсан. Ах гэрийнхээ үүдэнд ухаангүй хэвтэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18, 148/;

3. Гэрч Т.Бн “...Б ахыг гэр рүү нь оруулах гээд орцонд явж байхад араас Б.Б орж ирээд,  — Э.Бг орцонд зодоод байна гэхээр нь Ц.Б, Б.Б хоёр Э.Б рүү явж, би Б ахыг гэрт нь оруулчихаад араас нь очиход нэг залуу орцны үүдэнд байхаар нь дагуулаад сүүдрэвч рүү очсон. Тэнд тэр залуутай болсон асуудлын талаар яриад байж байтал Б.Б ирээд уурлаад байхаар нь энэ залуу буруугүй юм байна гэтэл 2-3 удаа толгой руу нь цохиод өшиглөсөн. Би голоор нь салгаад тэр  залууг дагуулаад ахтай нь уулзахаар болсон. Тэгээд орц руу нь дээшээ гарч явахад Э.Б, Ц.Б хоёр дээрээс бууж  ирсэн. Би Б.Бн зодсон залууг гэрийн үүдэнд нь хүргэж өгөөд буцсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24/;

4. Шүүгдэгч Э.Б, Ц.Б, Б.Б нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 26-34/;

5. Шинжээч Ж.Жаргалангийн “Э.Мн биед зүүн ухархайн дээд ханын хугарал, зүүн нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний салстын доорх цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, зүүн хацар шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 45/;

6. Шинжээч Ж.Жаргалангийн “Х.Тн биед духны цус хуралт, баруун нүдний доод зовхи, баруун нүдний гадна булангийн цус хуралт, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, хамрын нурууны цус хуралт, цээжний ард зүүн талын зулгаралт, баруун тохойн хонхор, баруун шууны цус хуралт, баруун, зүүн тохойн зулгаралт, баруун сарвууны ар гадаргын зөөлөн эдийн няцрал, баруун 4, 5-р хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 48/ зэрэг нотлох  баримтууд болно.

            Хэргийг зөв зүйлчилсэн ба анхан шатны шүүхээс оногдуулсан ял гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч Э.Б, Ц.Б, Б.Б нарын давж заалдах гомдолд дурдсан “хохирогчийг зүгээр байхад нь зодоогүй, Б.Б миний бие оюутан учраас нийтэд тустай ажил хийлгэх ял нь хичээл сурлагад нөлөөлж байна” гэх үндэслэлүүдээр анхан шатны шүүхээс  оногдуулсан  ялыг хөнгөрүүлэх үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Түүнчлэн хохирогч Х.Тын давж заалдах гомдлын дагуу хэргийг хянан үзвэл анхан шатны шүүх түүний нэхэмжлэлээс хавтаст хэргийн 121 дүгээр хуудсанд авагдсан  “Мянган Сарнай” эмийн сангийн 129,580 төгрөгийн баримт, 126-р хуудсанд авагдсан “Итгэлийн хүч” ТББ-ийн 200,000 төгрөгийн баримтад үндэслэсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон, огт баримтгүй 27628 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна. Учир нь 129,580 төгрөгийн баримт дээрх бичигдсэн зүйл огт харагдахгүйгээс гадна дээрх баримтуудад холбогдох эм тариа, нэмэлт бүтээгдэхүүнийг хохирогч зайлшгүй хэрэглэх шаардлагатай байсныг нотлоход хэрэгт авагдсан баримтууд хангалтгүй бөгөөд эмчийн заалт зэрэг нэмэлт баримтууд шаардлагатай юм.

            Шүүхийн шийдвэрт нөлөөлсөн буюу хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгч Э.Б, Ц.Б, Б.Б, хохирогч Х.Т нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь  зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.9 дүгээр зүйлийн  1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Б, Ц.Б, Б.Б, хохирогч Х.Т нарын давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Ж.ДОЛГОРМАА

                           ШҮҮГЧИД                                     Б.СҮХГОМБО 

                                                                               Л.НАРАНБАЯР