| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2017/00456/И |
| Дугаар | 00456 |
| Огноо | 2017-05-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 00456
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1962 онд төрсөн, 54 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 17 дугаар гудамжны 7 тоотод оршин суух, РЭ62050464 дугаар регистртэй, Боржигон овогт Содномбалжирын Оюунцэцэгийн
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 155/2017/00321/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч С.Оюунцэцэг нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Оюунцэцэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1979 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестэд 1991 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд ногооны зооринд ногоочноор ажиллаж байсан. Сумдаас ирсэн ногоог ялгаж, нийтийн хоолны гуанзанд, дэлгүүрт тарааж өгдөг байсан бөгөөд тухайн ажлыг ногоочин гэж нэрлэдэг байсан. Худалдаа бэлтгэлийн трест 1991 онд татан буугдаж, ажилчдыг шилжүүлсэн ба түүнээс хойш би ажиллаагүй. Намайг манай гэр бүл болон ажлын хамт олон маань Оюун гэж дууддаг байсан бөгөөд анх ажилд орсон тушаал дээр Оюун гэсэн нэрээр бичсэн учраас нэрний зөрчилтэй болчихоод өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болоод байна. Надтай хамт ажиллаж байсан хүмүүс, мөн манай гэр бүлийнхэн дотор Оюун нэртэй хүн байхгүй юм. Түүнчлэн би 1990 оноос 2000 он хүртэл буюу нийт 11 жилийг улсад ажиллаж байснаар нөхөн тооцуулсан. Иймд намайг Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестэд 1979 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
С.Оюунцэцэг нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч С.Оюунцэцэгийн ажилд орсон, ажлаас шилжүүлсэн тухай тушаалд “Содномбалжирын Оюун” гэсэн нэрээр бүртгэж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн “Содномбалжирын Оюунцэцэг /рэ62050464/ Хөвсгөл аймгийн Хатгал сумын 1962 оны төрсний бүртгэлийн 45 дугаарт Оюунцэцэг нэрээр бүртгэлтэй байх бөгөөд Оюун нэрээр бүртгэлгүй болно” гэх бичилттэй 1/480 дугаартай тодорхойлолт, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн “регистрийн дугаар рэ62050464, эцгийн нэр: Дүүрэнгийн Содномбалжир, эхийн нэр: Түдэвванчигийн Цэнджав нарын гэр бүлд 1962/05/04-нд төрөхөд төрүүлсэн Содномбалжирын Оюунцэцэгийг 1962/05/10-нд Хөвсгөл аймгийн Хатгал сумын 45-т бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа” гэх бичилттэй 00/001938 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, гэрч Д.Бямбахишигийн “...Бид дуудахдаа Оюун, Оюунаа гэж дууддаг байсан юм. Тэгээд тэгж бичигдсэн байх. Түүнээс Содномбалжирын Оюунцэцэг гэдэг юм. Содномбалжирын Оюун гэж байгаагүй...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Маруушийн “...Содномбалжирын Оюунцэцэг гэдэг юм. Хамт ажиллаж байхдаа Оюун гэж дууддаг байсан юм... Трестийн ногоо дээр өөр Оюунцэцэг нэртэй хүн байгаагүй...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1979 оны 9 дүгээр сарын 17-ний өдрийн “Ажилд түр томилох тухай” №36 дугаартай тушаал, тус тушаалын 1 дүгээр хавсралтын хуулбар, 1991 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн “Ажилчдыг шилжүүлэх тухай” №24 дугаартай тушаал, тус тушаалын хавсралтын хуулбарыг нотлох баримтад үнэлсэн болно.
Нэхэмжлэгч С.Оюунцэцэг Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестэд 1979 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ногоочноор ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1979 оны 9 дүгээр сарын 17-ний өдрийн “1. 1979 оны намрын ногооны ажилчдыг 1-р хавсралтаар томилсугай...” гэх бичилттэй “Ажилд түр томилох тухай” №36 дугаартай тушаалын хуулбар болон тус тушаалын “овог нэр: Содномбалжир Оюун, нас: 17, хүйс: эм, юуны гишүүн: бус, үндсэн захиргаа: Мөрөн, ямар боловсролтой: үгүй, ямар мэргэжилтэй: үгүй, урьд хаана ажиллаж байсан:-, одоо сууж буй хаяг:-, ногоонд орсон он сар өдөр: 1979-09-01, гарсан он сар өдөр: -“ гэх бичилттэй 1 дүгээр хавсралтын хуулбар, 1991 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн “...1. Мөрөн ХБ-ийн трест татан буугдсан учир 210 ажилчдыг нийтийн хоолны ангид, 110 ажилчдыг ХАА-н ангид хавсралт 1, 2-р баталж шилжүүлсүгэй...” гэх бичилттэй “Ажилчдыг шилжүүлэх тухай” №24 дугаартай тушаалын хуулбар, тус тушаалын “...Ногоочид: ...19. Содномбалжир Оюун, ногоочин...” гэх бичилттэй хавсралтын хуулбар, 1985 онд Худалдаа бэлтгэлийн трестийн ногооны хамт олонтой авахуулсан зураг, гэрч Д.Бямбахишигийн “...С.Оюунцэцэг нь Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестэд 1979 оны 09 сараас 1989 оныг дуустал ажилласан. Ногоочин хийж байсан. Зооринд голдуу ажилладаг байсан. Ногоочин нь ногоог хатааж зооринд хадгалах, ногоо тарих, хураах, ялгах, хөрс бэлтгэх, дэлгүүрт явуулахад бэлтгэж шуудайлж савлах, килограммлах, муу сайныг ялгах гэх мэтийн ажил хийнэ... Тасралтгүй ажиллаж байсан... Би тус Худалдааны трестэд 1979 оны 09 сараас 1993 он хүртэл ажилласан. Ногооны зооринд ногоочноор ажилласан. Трест татан буугдаад би мах бэлтгэлийн компанид шилжин ажилласан...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Маруушийн “...С.Оюунцэцэг бид 1979 оны намар 09 сараас Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестийн ногоо дээр ногоочноор ажиллаж эхэлсэн. Бид улирлын чанартай ажиллаж байсан бөгөөд хавар, зун, намрын үедээ ногооны ажил хийж, бусад цагт трестийн гуанзуудад ажилладаг байсан. Гуанзуудад мөн л ногооны ажлаа хийдэг байсан. Бид 1993 онд ХБТрест татан буугдах хүртэл ажиллаж байсан... Тасралтгүй ажиллаж байсан. Ногоочин л хийдэг байсан... Би тус Худалдааны трестэд 1979 оны 09 сараас 1991 онд трест татан буугдах хүртэл ажилласан. Ногоочноор ажилласан. Бид хамт орж байсан юм...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Иймд хүсэлт гаргагч С.Оюунцэцэгийн Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестэд 1979 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ногоочноор ажиллаж байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэхь заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Содномбалжирын Оюунцэцэгийн Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестэд 1979 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА