| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2020/0174/Э |
| Дугаар | 175/ШЦТ2020/192 |
| Огноо | 2020-10-08 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | В.Батдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 175/ШЦТ2020/192
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван,
улсын яллагч Г.Энхмаа,
шүүгдэгч Л.*******,
түүний өмгөөлөгч Г.Энхцэцэг /2728 шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар/ нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Тугчин овогт *******ийн *******т холбогдох эрүүгийн 2003000000311 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Тугчин овогт *******ийн *******, Монгол улсын иргэн, 1971 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Эрч” СӨХ-д үйлчлэгч ажилтай, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг, Цагаан эрэг 19 дүгээр байр, 44 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор СӨХ-ийн подвальд амьдрах;
урьд 2005 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 174 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан;
2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хэргийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар, 10 хоногийн баривчлах ял эдэлсэн;
2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял тус тус эдэлж байсан, /РД:********/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Л.******* нь 2020 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн 07 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 7 дугаар баг, Сүхбаатар-Өртөөнөөс Сэлэнгэ-Улаанбаатар чиглэлд явах гэж байсан суудлын 272 дугаар галт тэрэгний 7 дугаар вагоны 13 дугаар суудалд сууж байсан А.Н*******ийн “Samsung-А30s” загварын гар утсыг хулгайлан авч, бусдад 700,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүдэгч Л.******* нь 2020 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн 07 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 7 дугаар баг, Сүхбаатар-Өртөөнөөс Сэлэнгэ-Улаанбаатар чиглэлд явах гэж байсан суудлын 272 дугаар галт тэрэгний 7 дугаар вагоны 13 дугаар суудалд сууж байсан А.Н*******ийн “Samsung-А30s” загварын гар утсыг хулгайлан авч, бусдад 700,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Л.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.*******ын өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр би Шаамар сум орох гээд билет аваад суух үед Н*******ь гэдэг охин сууж байсан юм. Тэгээд байж байгаад тэр охин босож явахдаа утсаа мартаад явчихсан юм. Тэгэхээр нь би утсыг нь авч буугаад зарчихсан юм. Намайг утас авч байх бичлэг камерт бичигдсэн байсан. Тэгээд төмөр замын цагдаа нар намайг барьсан. Би Н*******ийн утсыг нь 50,000 төгрөгөөр зарсан. Утсыг нь буцааж өгсөн. Харин утас худалдаж авсан хүнд 50,000 төгрөгийг нь өгөөгүй. Хэрэв Н******* утсаа мартаж буугаагүй бол би утсыг нь авахгүй байсан...” гэх мэдүүлэг[1],
2. Хохирогч А.Н*******ь 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шатгах ажиллагааны шатанд өгсөн: “...Нэг эрэгтэй хүн миний хажуу талын суудалд ирж суусан. Тэр хүнээс архи үнэртээд байхаар нь өөр хоосон суудал хайх гээд хажуу талын тасалгаа руу ороод ирэх хооронд миний гар утсыг аваад вагоноос буусан байсан. ...Би вагон хөдлөхөөс өмнө буцаж Сүхбаатар өртөөн дээр бууж Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Би утсаа 2020 оны 04 сард Дархан-Уул аймгийн Скайтелаас лизингээр 759,000 төгрөгөөр худалдаж авсан байсан. Цагдаагийн байгууллага сайн ажиллаж, хулгайчийг барьж, миний гар утсыг олж өгсөн...” гэх мэдүүлэг[2],
3. Гэрч Г.Долоонжин 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2020 оны 08 дугаар сарын 24-ний өглөө Улаанбаатар-Сэлэнгэ чиглэлийн галт тэргээр зорчиж, 5 цаг өнгөрөөж ирээд Сүхбаатар өртөөний хүлээлгийн зааланд сууж байтал 40 орчим насны шар цамцтай залуу хүн болгоноос “тасалбар аваад өгөөч” гээд гуйгаад байхаар нь би тус болох санаатай тасалбар авч өгсөн. Сэлэнгээс Шаамар сум орж ногоо хураах гэж байгаа гэж ярьж байсан. Бичиг баримтаа хаясан гэж ярьж байсан. Тэгээд би өөрийн нэр дээр тасалбар авч өгсөн...” гэх мэдүүлэг[3],
4. Гэрч Н.Нэргүй 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2020 оны 08 дугаар сарын 24-ний өглөө 08 цаг: 30 минутын үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд байрлах “Их ноёд” хүнсний дэлгүүрт талх, хиам авах гээд ганцаараа явж байсан чинь нэг залуу цэнхэр өнгөтэй гар утас зарна гэхээр нь “хэдэн төгрөг вэ” гэж асуухад 50,000 төгрөг гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би “хулгайн утас биш биз” гэж асуусан чинь “миний гар утас, цэнэглэгчтэй нь хамт зарна” гэж хэлсэн. Тэгээд би 50,000 төгрөгөөр худалдаж авсан. ...” гэх мэдүүлэг[4],
5. Шүүгдэгч Л.******* 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр яллагдагчаар өгсөн: “...Би вагонд ороод суухад миний суусан суудлын хажууд нэг охин сууж байсан юм. Би муухай хувцастай, архи үнэртүүлчихсэн байсан л даа. Бас надаас муухай үнэр үнэртсэн байх. Тэр охин ярвайгаад өөр суудал дээр суух гэж байгаа бололтой хажуу талын мест рүү босоод явчихсан. Харин тэгэж босож явахдаа утсаа орхиод явсан байхаар нь би утсыг нь аваад вагон хөдлөхөөс өмнө шууд буугаад явчихсан...” гэх мэдүүлэг[5],
5. “Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ТХҮ/518-122 дугаартай шинжээчийн дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “...Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн 2020 оны 08 сарын байдлаар зах зээлийн үнэ цэнэ нийт 700,000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр тогтоов...” гэх дүгнэлт[6],
7. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл[7], 8. Эд зүйл хүлээлгэн өгсөн баримт[8], 9. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[9], 10. Урьд ял шийтгүүлж байсан шийтгэх тогтоолын хуулбарууд[10], 11. Цагдаагийн ерөнхий газрын нэгдсэн санд бүртгэгдсэн Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл[11], 12. Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол[12], 13. Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[13] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Л.*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон А.Н*******ийн “...алдагдсан гар утсаа буцаан авсан, гомдол саналгүй” гэсэн мэдүүлэгт үндэслэн шүүгдэгч Л.*******ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Л.*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 31 дугаартай Шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2 дахь заалтаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Л.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулахаар шийдвэрлэсэн.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******т өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялд, энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/-н сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил, 6 /зургаа/-н сарын хугацаагаар тогтоох нь хуульд нийцнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар *******ийн *******т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлбэл зохино.
Шүүгдэгч Л.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тугчин овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 31 дугаартай Шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2 дахь заалтаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******т 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******т өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялд, энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/-н сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил, 6 /зургаа/-н сарын хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар *******ийн *******т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Л.*******т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялын хугацааг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ