Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 175/ШЦТ2020/193

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Гантүшиг,

 улсын яллагч Г.Энхмаа,

 шүүгдэгч Б.******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Бүлчин овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 203102310161 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Бүлчин овогт *******ын *******, Монгол улсын иргэн, 1994 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 1 дүгээр баг, “Нарийн хөндий” гэх газарт оршин суух, урьд ял шийтгэлгүй, РД:/*******/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Б.******* нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 1 дүгээр багийн нутаг “Тарвагатай ам” гэх газраас зохих зөвшөөрөлгүй 2 метрийн урттай, 16 ширхэг 1.5 м3 нойтон нарс модыг бэлтгэж, ******* СЭА улсын дугаартай, “Hyundai Mighty” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.******* нь

2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 1 дүгээр багийн нутаг, “Тарвагатай ам” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 2 метрийн урттай, 16 ширхэг 1.5 м3 нойтон нарс модыг бэлтгэж, ******* СЭА улсын дугаартай, “Hyundai Mighty” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

            1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ын өгсөн: “...Хохирлын 1,902,000 төгрөгийг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, цаашид хууль бусаар юм хийхгүй, холбогдох байгууллагаас нь зөвшөөрлийг нь авч байж хийнэ...” гэх мэдүүлэг[1],

2.Иргэний нэхэмжлэгч Г.Цэрэндамбын 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Б.*******ыг сумын иргэн гэдгээр нь л сайн мэднэ. Тэрнээс өөр зүйлийн талаар сайн мэдэхгүй байна. Б.******* хаана ямар компанид ажилладаг талаар мэдэхгүй байна. Баянцагаан 2 дугаар багт мод модон материалын үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани байгаа юм. Би гэм буруутай хүмүүсээс байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн хохирлыг нэхэмжилнэ. Хүдэр сумын Ойн санд учруулсан хохирлыг бүрэн төлсөн тохиолдолд гомдол санал гаргахгүй...” гэх мэдүүлэг[2],

3.Гэрч Б.Эрдэнэмөнхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай 1 дүгээр багийн нутаг “Тарвагатай ам” гэдэг газраас 2020 оны 06 дугаар сарын 30-наас 2020 оны 07 дугаар сарын 01-нд шилжих шөнө *******ын “Маяти” маркийн цэнхэр өнгийн ******* СЭА улсын дугаартай, тээврийн хэрэгслээр 16 ширхэг, 2 метрийн урттай нарийн гуалин /шар үзүүр/ модыг тээвэрлэж яваад Цагдаагийн байгууллагад саатуулагдсан юм. ******* бид хоёр уг модыг “Тарвагатай ам”-ны адгаас нь ой дотор явж байгаад унасан модын үзүүрийг нь тайрч бэлтгэсэн юм. Тухайн модыг бэлтгэхдээ манай найз ******* надад “Болдоо ахын ойн сангаас зөвшөөрөлтэй модонд явах гэж байна, хамт яваад ирье” гэж хэлээд дагуулаад явсан юм. Машинд нь суухдаа хүртэл би *******аас “модны гоожин чинь хаана байгаа юм бэ?” гэхэд “надад хяналтын хуудас нь энэ байна” гээд нэг нугалсан цагаан цаас харуулсан юм. Тэгэхээр нь би итгээд *******ын модонд хамт явсан юм. Тарвагатай уулын аманд очоод ******* унасан модны шар үзүүрийг 2 метрээр тайрч бэлдээд би зөвхөн ачилцсан юм. Нийт 16 ширхэг, 2 метрийн урттай мод ачиж яваад саатуулагдсан юм. Би *******т туслаад явсан болохоос ямар нэгэн хөлс мөнгө төгрөг аваагүй...” гэх мэдүүлэг[3],

4.Гэрч Б.Болдын 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...******* гэж манай нутгийн хүүхэд байгаа юм. Нэг сум орон нутагт амьдарч байгаа болохоор бие биенээ сайн танина. Манай компаний мод бэлтгэлийн ажилд явж байсан санагдаж байна. Гэхдээ 2020 он гарсаар манай компаний мод бэлтгэлийн ажилд явж байгаагүй. ******* надаас ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Тэгээд ч 2020 оны 06 дугаар сард ой нээгдээгүй байсан юм...” гэх мэдүүлэг[4],

5.Гэрч Т.Мөнхтуулын 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Хүдэр сумын ойн ангид инженерээр 5 дахь жилдээ ажиллаж байна. Миний ажил үүргийн хуваарьт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолын дагуу үүсгэн байгуулагдсан ойн санг гэрээгээр эзэмших нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллагад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, мод бэлтгэлийн талбай тусгаарлалт хийж гүйцэтгэх, ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг бичилт хийж олгох, тэдгээртэй холбоотой тайлан мэдээ боловсруулах ажил хариуцдаг юм. Тарвагатайн ам гэдэг газраас мод бэлтгэх эрхийн бичгийг ямар ч иргэн, аж ахуйн нэгж, нөхөрлөлд олгогдоогүй. 2020 он гарсаар Тарвагатай ам гэдэг газарт мод бэлтгэхээр талбай тусгаарлалт хийлгэсэн аж ахуйн нэгж байхгүй. Тарвагатай ам орчмын ойн сан нь Ургамал дөрөө ХХК-ны ойн санд хамаардаг юм. Иргэн Б.******* нь манай ой ангид ямар нэгэн мод бэлтгэх талаар зөвшөөрөл авахаар хүсэлт гаргаж хандаж байгаагүй. Иргэн Б.*******ын нэр дээр 2020 онд ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичгийг манай ой ангиас өгөөгүй болно...” гэх мэдүүлэг[5],

6.Гэрч Ц.Анхбаярын 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би *******ын багын найз нь байгаа юм. Бага балчир байхаасаа найзалж нөхөрлөсөөр өнөөдрийг хүрсэн. Б.******* нь их даруу төлөв, элдэв муу зуршилгүй залуу байгаа юм. Миний мэдэхийн тэрээр өмнө ямар нэг асуудалд орж байгаагүй. Хэрэг асуудалд ороод ч байхааргүй хүн гэж боддог. Тэрээр аав, ээж, дүү нарынхаа хамт амьдардаг. Удахгүй эхнэр авч тусдаа гарах гэж байгаа...” гэх мэдүүлэг[6],

7.Гэрч Б.Сугаржавын 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Болсон хэргийн талаар надад мэдэх зүйл байхгүй. ******* нь манай дээрээсээ хоёр дахь нь байгаа юм. Түүний дээр нэг ах байдаг. Түүний хувийн зан байдал гэвэл төлөв, даруу, хүнтэй их эвсэг хүн байгаа юм. Мөн их ажилсаг, хичээнгүй...” гэх мэдүүлэг[7],

8.2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Шинжээчийн Дүгнэлт хэсэгт: Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэн Б.*******ын бэлтгэсэн 2 метрийн урттай 16 ширхэг нарсан модны экологи-эдийн засгийн үнэлгээг тооцож үзэхэд нийт 1,523м3*1,8*234634= 643,225 болж байна..” гэх дүгнэлт[8],

9.2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Ашид Билгүүн ХХК-ний үнэлгээний Тайлан хэсэгт: “3243 СЭА улсын дугаартай, 1994 онд Солонгос улсад үйлдвэрлэгдэж 2005 онд Монгол улсад орж ирсэн, “Hyundai Mighty” маркийн автомашиныг өнгө үзэмж техникийн байдлаас хамааран 2020 оны 07 сарын байдлаар 1.000.000 /нэг сая/-н төгрөгийн үнэтэй болно...” гэх тайлан[9],

10.Шүүгдэгч Б.******* 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...Би өөрийн хашааныхаа шонг солихоор тухайн модыг бэлтгэсэн байсан юм. Би зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэх нь хууль бус талаар мэдэж байсан ч хашааны шон авахад нэг их асуудал үүсэхгүй байх гэж бодсоны улмаас ийм зүйл болчихлоо. Эрдэнэмөнх тэр талаар мэдээгүй байсан юм. Би түүнд мод бэлтгэх зөвшөөрөл байгаа гэж хэлчихсэн юм. Би тус машиныг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэн Эрдэнэбат гэх хүнээс энэ оны 06 дугаар сард худалдан авч байсан. Одоогоор өөрийн нэр дээр шилжүүлэн авч амжаагүй байсан юм. Би мод бэлтгэхдээ хоёр талаас нь барьж хөрөөддөг гар хөрөө ашигласан юм. Хэрэг болсны дараа хашаандаа мод хөрөөдөж байтал тэр хөрөө хугарчихсан юм. Тэгэхээр нь тэр хөрөөг хогон дээр хаячихсан. Одоо сумын хогийн цэг дээрээс олно гэж худлаа байх гэж бодож байна. Би одоогоор 800,000 орчим төгрөгийг төлж барагдуулсан. Үлдснийг нь удахгүй төлж барагдуулах болно...” гэх мэдүүлэг[10],

11.2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн №18-04-338 дугаартай Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн актын Тогтоох хэсэгт: “Шинжээчийн дүгнэлтээр Б.******* бэлтгэсэн 2м урттай, 16 ширхэг нарсан гуалин 1,5 м3 бөгөөд БОАЖСайдын 2009 оны 394 дүгээр тушаалаар баталсан “Ойн экологи-эдийн засгийн үнэлгээг” тооцох зааврын дагуу 1,5 м нарс төрлийн нойтон 2 м урттай гуалингийн экологи-эдийн засгийн үнэлгээ 634,225 төгрөг болсныг тооцон гаргасан байна. Монгол улсын Байгаль хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт: “Ойн санд учруулсан хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөж тооцохоор заасан бөгөөд дээрх 1,5м3 буюу 2м урттай гуалингийн /үнэлгээ нь 634.225*3 төгрөг, гуалин нь 1902,672 төгрөг/ болсон байна...” гэх акт[11]

12.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[12], 13.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[13], 14.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[14], 15.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[15], 16.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[16], 17.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[17], 18. Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[18] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

 Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Г.Цэдэндамба нь мөрдөн байцаалтын шатанд байгаль экологид учруулсан хохирлыг нөхөн төлсөн тохиолдолд гомдол саналгүй гэжээ. Шүүгдэгчийн зүгээс байгаль экологид учруулсан хохиролд 1,902,000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр[19] нөхөн төлснийг дурьдах нь зүйтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэгдсэн ******* СЭА улсын дугаартай, “Хьюндай Майти” маркийн тээврийн хэрэгсэл нь Дашжамц овогтой Эрдэнэбатын эзэмшлийн автомашин болох нь хавтаст хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн лавлагаа[20], “Иргэн ******* овогтой *******ын өмчлөлд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл манай мэдээллийн санд бүртгэгдээгүй байна” гэсэн тээврийн хэрэгслийн лавлагаа[21] зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогддог. Мөн Д.Эрдэнэбатын гэрчээр мэдүүлсэн: “...Би ******* гэдэг залууг сайн танина, манай дүүгийн найз байгаа юм. Миний нэр дээр бүртгэлтэй ******* СЭА улсын дугаартай, “Хьюндай Майти” маркийн тээврийн хэрэгслийг 2020 онд *******т зарсан. Миний нэр дээрээс өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваагүй байгаа” гэх мэдүүлгээр тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэр албан ёсоор шилжүүлээгүй байгаа нь давхар нотлогддог.

Энэхүү гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 16 ширхэг 1.5 м3 “Нарс” модыг хурааж, улсын орлогод оруулж, харин хэрэгт битүүмжилсэн ******* СЭА улсын дугаартай, “Хьюндай Майти” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны эзэмшигч Д.Эрдэнэбатад олгож, тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоосон 1 /нэг/ сая төгрөгийг шүүгдэгч Б.*******аас гаргуулж, улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулан шийдвэрлэсэн.

Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэвэл зохино.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Бүлчин овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай. 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт тус тус  зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 16 ширхэг 1.5 м3 “Нарс” модыг хурааж, улсын орлогод оруулсугай.

6.Хэрэгт битүүмжилсэн ******* СЭА улсын дугаартай,“Хьюндай Майти” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны эзэмшигч Д.Эрдэнэбатад олгож, тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоосон 1 /нэг/ сая төгрөгийг шүүгдэгч Б.*******аас гаргуулж, улсын орлогод оруулсугай.

7.Шүүгдэгч Б.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

       

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ц.АМАРГЭРЭЛ