| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2020/0171/Э |
| Дугаар | 175/ШЦТ2020/196 |
| Огноо | 2020-10-13 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 175/ШЦТ2020/196
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Гантүшиг,
улсын яллагч Т.Нансалмаа,
хохирогч Т.*******,
шүүгдэгч Г.*******,
түүний өмгөөлөгч М.Гансүх нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Боржигон овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2031000000146 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овогт *******ийн *******, Монгол улсын иргэн, 1962 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Говь-Алтай аймгийн Цогт суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын “Мөнх толгой” 2 дугаар багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, РД:/*******/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Г.******* нь 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 1 дүгээр баг 0 тоотод байрлах иргэн Ч.*******ын хашаанд согтуугаар Т.*******тай маргалдаж улмаар түүний толгойн тус газарт нь гапугаар цохиж, хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Г.******* нь 2020
оны 07 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 1 дүгээр баг, 0 тоотод байрлах иргэн Ч.*******ын хашаанд согтуугаар Т.*******тай маргалдаж улмаар түүний толгойн тус газарт нь гапугаар цохиж, хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Г.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.*******гийн өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн, зөв. *******ыг би танихгүй, ном гаргаж ирээд *******тай маргаад байсан. Маргалдаад байхаар нь би боль гэсэн чинь миний шанаа руу нэг цохьсон. Тэгэхээр нь би босч ирээд гапугаар цохьсон. Би яг яаснаа сайн мэдэхгүй байна. Бид хоёрын хооронд хэрүүл маргаан болоогүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээний зардалд 2,350,000 төгрөг нөхөн төлсөн...” гэх мэдүүлэг[1],
2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.*******ын өгсөн: “...Тэр өдөр дөрвүүлээ архи хувааж уусан, болсон явдлыг сайн санаж байна. Эрүүл болгож өгөх хүртэл зардал даалгах, сард 1 удаа уламжлалт эмнэлэгт хэвтэж зардлыг гаргаж өгөх тээврийн хөлсний зардал гаргаж өгөх гэсэн нэхэмжлэл гаргаж байна. Дархан-Уул аймагт эмнэлэгт хэвтэж байхад 1,000,000 төгрөг өгсөн. Сүүлд нь намайг Улаанбаатар хотод байхад 1,000,000 төгрөг өгсөн. Тэгээд би эмчилгээний зардал гэж 280,000 төгрөг нэхэмжлэхэд надад байгаа мөнгө 150,000 төгрөг өгөөд шүүх хуралдаан болохоос 2, 3 хоногийн өмнө 200,000 төгрөг өгсөн. Нийт 2,350,000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг[2],
3.Хохирогч Т.*******ын 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Улаанбаатар хотод амьдардаг юм. Тэгээд хавардаа Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутаг “Бага нуга” гэх Хушаат сумаас 10 км-ийн зайтай газар хүнсний ногоо тариалдаг юм. Тэр өдөр буюу 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 10-11 цагийн орчим таньдаг Амарсанаагийн хамт Хушаат сумын төв рүү орж Амарсанаагаас трактор худалдаж авах гэж байгаа гэх хүнтэй уулзчихаад дэлгүүр орж 0,75 литрийн “Хараа” архи аваад Зүүнбүрэн суманд 8 жилийн сургуульд байхдаа найзалж байсан найз *******ынд очиж эхнэрээр нь хоол хийлгэж идэнгээ *******, Амарсайхан бид нар нөгөө авч очсон архиа уугаад байж байтал хажуу хашаанд нь байдаг *******ын эгч Бааска орж ирээд “нэг ямаа алуулах гэсэн юм” гэхэд нь Амарсайхан “би гаргаад өгье” гэж хэлээд бид нар бөөндөө Бааска эгчийн хашаанд орж ямааг нь янзалж өгсөн. Тэгэхэд Бааска эгч “баярлалаа” гээд Амарсайханд 0,5 литрийн “Хараа” нэртэй архи өгч, бид нар Бааска эгчийн хашаанаас гараад ирэхэд *******ын найз нар гээд 3 хүн байсан шиг санагдаж байна... хашааны гадна хүлээгээд байж байсан, тэр хүмүүстэй нийлээд бид нар *******ын хашаанд ороод байшингийн сүүдэрт сууцгааж Амарсайханд өгсөн архийг задалж тойруулаад ууцгааж, байхад бас нэг залуу 1,5 литрийн ундааны савтай нэрмэл архи авч ирсэн, тэр нэрмэл архинаас бид нар нэг их уугаагүй, нөгөө ирсэн хүмүүс бас 0,5 литрийн “Хараа” архи гаргаж ирж бид нар ууцгааж, тэр зуур хүмүүстэй танилцахад 2 нь Жагаа, ******* гэж байсан нөгөө 2-ийнх нь нэрийг санахгүй байна. Тэгж сууж байхдаа нэрмэл авч ирсэн залуу бид хоёр гар дээрээ суниаж үзүүлээд л хөнгөн шингэн биетэйгээ гайхуулж байсан дараа нь ******* Хушаат сумын ойн тухай ном авч ирээд үзэж байгаад ******* “Зүүнбүрэнг Хушаатын дагуул сум байсан” гэхээр нь би “үгүй, Хушаат сум чинь Зүүнбүрэн сумын Энхталын сангийн аж ахуй гэж байж байгаад сүүлд Хушаат сум гэж тусдаа гарсан”... гэх мэтийн юм ярьж бид хоёр маргалдахад сүүлд нэрмэл архи авч ирсэн залуу *******ыг өмөөрч, “хөл гар муутай хүнийг элдвээр хэлж дайрч давшиллаа” гээд надтай барьцалдаад авахад *******ын найз нь бүгдээрээ босч ирээд над руу дайрах маягтай болоод ирсэн. Тэгээд тэр залуу бид хоёр барьцалдсан хэвээрээ доошоо тонгойход миний толгойн ар хэсэг рүү нэг нь нэг хатуу юмаар цохиод авах шиг болж, би ухаан алдаад унасан. Тэгээд сэрэхэд Хушаат сумын эмнэлэг дээр толгойдоо боолт хийлгэчихсэн байдалтай нэг эмч залуу нь “бие чинь яаж байна, ухаан орж байна уу” гээд надаас асууж байсан. Тэр үед ******* өрөөнд орж ирээд ...”чи бид нарыг бүгдийг нь зодсон шүү, чи миний нүд рүү цохисон шүү, чи миний найзыг битгий шоронд хийлгэчихээрэй”... гэх мэтийн юм яриад байсан. Эмч нар *******ыг “та одоо гар, энд хамаагүй гадны хүн байж болохгүй” гээд гаргасан. Тэгээд би босоод өрөөнөөс гарах гэсэн чинь миний баруун хөл мэдээгүй болчихсон би гишгэж чадахгүй болсон байсан. Тэгээд тэр оройдоо манай дүү нар Зүүнбүрэнгээс ирээд намайг Дарханы эмнэлэгт аваачиж хэвтүүлсэн юм. Бид нар ер нь бол адилхан согтолттой байсан, Ухаанаа алдтал согтсон хүн байгаагүй. Ерөнхийдөө бол дунд зэргийн согтолттой байсан. Би Дарханы нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт 2020 оны 07 дугаар 08-ны өдрөөс 2020 оны 07 дугаар 27-ны өдрийг хүртэлх хугацаанд хэвтэн эмчлүүлсэн, миний гавлын яс цөмөрсөн байсныг мэс засал хийж бяцарсан цөмөрсөн ясыг нь түүж, үүссэн цусан хураануудыг нь эмчилсэн, энэ гэмтлээс болж миний баруун гар хөл маань саажаад мэдээгүй болсон, уламжлалт эмчилгээ хийлгээд гар маань харин хөлөө бодвол арай гайгүй хөдөлдөг болоод байгаа. Үе үе таталт өгөөд байх болсон. Дорнодын Халх голын Сүмбэр сангийн аж ахуйд цэргийн алба хааж байхдаа өвөл нь дээд оныхоо цэрэгт АК-ны бөгсөөр цохиулаад толгой хагарч байсан. Гэхдээ тэр гэмтэл бол надад ямар нэгэн байдлаар нөлөөлдөггүй байсан, урд нь миний гар хөл саажиж, ухаан алдаж, таталт өгч байгаагүй. Би эрүүл байсан зүгээр биеэ эрэмдэглүүлж, хөл гар маань саажилттай болсондоо маш их гомдолтой байна, намайг яахав гар хөлөөрөө цохисон бол би гомдол нэхэхгүй, ногооны зэрлэг зулгаадаг иртэй гапугаар цохино гэдэг чинь юу гэсэн үг вэ... нэхэмжлэх зүйлийн хувьд гэвэл эмчилгээндээ зарцуулсан болон цаашид зарцуулах эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. Эхний ээлжинд эмчилгээний зардалд нэг сая гаран төгрөг зарцуулсан байгаа, баримт сэлтээ бөөгнүүлж байгаад өгнө. *******гийн зүгээс 1 сая төгрөг өгсөн байгаа тэр мөнгө нь эмчилгээнд зарцуулаад дууссан байгаа...” гэх мэдүүлэг[3],
4. Хохирогч Т.*******ын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Г.******* нь надад эмчилгээний зардал гэж 2.000.000 /хоёр сая/ төгрөг Хаан банкны 5064219965 дугаарын дансаар авсан юм. Би гомдолтой байна. Дахиж би Улаанбаатар хот руу эмчилгээнд явах шаардлагатай байгаа тул тухайн эмчилгээний болон бусад зардлыг Г.*******гөөс нэхэмжилнэ. Мөн ажил хийх чадваргүй болсон тул ажилгүй байсан хугацааны зардлаа бас нэхэмжилнэ. Би одоогоор яг хэдэн төгрөгийн зардал гарах талаар сайн мэдэхгүй байна. Улаанбаатар хот руу явж эмчтэйгээ уулзаж байгаад хэдэн төгрөг болох талаар нь мэдэж байж нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг[4],
5. Гэрч Ч.*******ын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2020 оны 07 дугаар сарын 07-ны миний бие өвдөөд орондоо хэвтэж байтал өдөр 14 цагийн орчимд манай найз Т.******* халамцуу 1 шил 0,5 граммын “Хараа” архи бариад орж ирсэн.Тэгээд бид хоёр тэр авчирсан архийг нь хувааж уугаад дуусаад байж байсан чинь найз ******* нэг шил 0,5 граммын “хараа” архи бариад манай гэрт ороод ирсэн. Тэгээд манай эхнэр Тунгалаг “та нар гэрт архи уулаа” гээд уурлаад байхаар нь бид гурав гэрээс гарч сүүдэрт сууж байгаад нөгөө архиа уусан юм. Тэгээд манай найз Т.******* гэнэт агсраад байхаар нь “миний найз унтаж амар” гэсэн чинь намайг цохиод авсан. Тэгээд цаанаас нь ******* “чи хөл муутай найзаа яагаад цохиж байгаа юм бэ” гээд намайг өмөөрч Т.******* дээр очиход Т.******* нь *******г бас цохиод унагасан. Тэгээд би газар сууж байтал ******* нь *******ыг юмаар цохиод унагаасан юм шиг байна лээ. Намайг харахад Т.******* нь газар унасан толгойны дээд хэсгээс цус их гарч байсан. Тэгээд манай эхнэр гарч ирээд эмнэлэг, цагдаа дуудсан ийм л асуудал болсон. Би *******г манай хашаанд байсан ногооны зэрлэг авдаг гапугаар цохисон байх гэж бодож байна бид 3-н архи уусан газар ойрхон байсан. Би өөрөө Т.*******т цохиулаад манарлын байдалтай, газраас босч чадахгүй байсан юм. Би *******тэй эмнэлэг дээр уулзахад манай хашаанд байсан зэрлэг авагч гапугаар цохисон гэж ярьж байсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй байна...” гэх мэдүүлэг[5],
6. Гэрч Ц.Тунгалагийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2020 оны 07 дугаар сарын 07-ны би гэртээ нөхөр *******ын хамт байсан юм. Манай нөхрийн бие нь өвдөөд орондоо хэвтэж байтал өдөр 14 цагийн орчимд Т.******* халамцуу 1 шил 0,5 граммын “Хараа” архи бариад орж ирсэн. Тэгээд Т.******* манай нөхөр хоёр тэр авчирсан архийг нь хувааж уугаад байшингийн сүүдэрт сууж байхад нь гаднаас ******* нэг шил 0,5 граммын “хараа” архи бариад манай хашаанд орж ирж харагдсан. Тэгээд би гэртээ зурагт үзээд хэвтэж байтал гэнэт гадаа хүн орилоод “түргэн дууд” гээд байхаар нь гэрээс гараад хартал Т.******* газар хэвтсэн толгой хэсгээс нь цус гарсан байталтай байсан. Тэгээд би найз руугаа яриад “эмнэлэг дууд” гэж хэлсэн. Тэгээд удалгүй эмнэлэг ирээд Т.*******ыг аваад явсан...” гэх мэдүүлэг[6],
7. Гэрч Г.Энхтайваны 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний нагац ах Г.******* нь Говь-Алтай аймгийн Цогт суманд ******* гэх хүний 8 дахь хүүхэд болж төрсөн. Бага ахуй нас нь Сэлэнгэ аймгийн Хушаат суманд эцэг, эхийн гар дээр өсөж 1974 онд эцэг, эх нь өнгөрч эгч Цэрмаагийн гар дээр хүмүүжсэн. Тэгээд 10 жилээ Сэлэнгэ аймгийн Сант сумын ерөнхий боловсролын сургуулийг 1981 онд төгсөж тэр жилдээ Улаанбаатар хот 124 дүгээр цэргийн анги руу цэрэгт яваад 1984 онд цэргийн алба хааж ирээд Хушаат суманд тракторчинаар 32 жил ажиллаж байна. Манай нагац Г.******* нь 1985 онд Гаадангын Отгон гэх эмэгтэйтэй гэр бүл болж Амартүвшин хүү Амарбаяр охин, Амарсайхан охин гэх хүүхэдтэй болсон. Тэгээд 1996 онд эхнэр Г.Отгоноос салж гурван хүүхэдтэйгээ үлдсэн. Манай ах Г.******* нь 2000 онд Засгийн газрын жуух, 2004 онд аймгийн аварга тариаланч, 2005 онд Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан, 2009 онд Атарын 50 жилийн ойн медаль, 2019 онд Атарын 60 жилийн ойн медаль зэрэг шагнал авч байсан. Манай ах Г.******* нь зан байдлын хувьд түргэн ууртай гэхдээ манай ах ажилсаг, төлөв даруу, хүнд тусархуу хүн байгаа юм. Манай нагац ах эхнэрээсээ салснаас хойш одоог хүртэл төрсөн эгч Цэрмаагийн хамт амьдарч байгаа хөдөө мал маллаж амьдардаг хүүхдүүд нь бүгд тусдаа гарсан...” гэх мэдүүлэг[7],
8. Гэрч М.Энхмаагийн 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай сумын иргэн Г.******* нь 1992 оноос хойш ганц бие амьдарч байна. Одоогоор өөрийн төрсөн эгч Цэрмаагийндаа байдаг гурван хүүхэд нь манай суманд байдаггүй, бүгд тусдаа гарсан. Г.******* нь зан байдлын хувьд төлөв даруу, дуу цөөтэй хүн шиг байдаг. Г.******* нь амьжиргааны түвшин доогуур өөрийн гэсэн орон гэргүй, тогтсон амьдрал байхгүй, эгч Цэрмаагийнхаа гэрт нь байдаг. Г.******* нь манай суманд насаараа трактор барьж байгаа хавар, намартаа тариалангийн компани-д ажил сайн хийдэг болохоор манай сумын иргэд сайн мэднэ, өөр энэ хүний талаар сайн мэдэхгүй...” гэх мэдүүлэг[8],
9. Гэрч О.Эрдэнэдуламын 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний цагдаагийн байгууллагад хандсан шалтгаан нь, ач хүү Есүхэйгийн нас барсан шалтгааныг үнэн зөвөөр тодруулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг[9],
10. Гэрч Ц.Батзаяагийн 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би гэртээ байж байтал манай сумын иргэн Хулганаа гэх хүн *******ын хашаанд бэртсэн хүн байна гэж над руу залгаж “яаралтай ирээч” гэхээр нь би эмнэлгийн машинтай *******ын хашаанд очиход 50 орчим насны эрэгтэй хүн дээшээ хараад газар хэвтэж байсан. Уг өвчтөний толгойн дээд хэсэгт 12 см орчим зүсэгдсэн, ил шарх дагзны хэсэгт яс нь харагдаж байсан. Тэгээд би яаралтай тусламж үзүүлээд эмнэлэгт хүргэж өвчтөний биеийн байдал амин үзүүлэлтийг тогтоох зорилгоор цус тогтоох тариа, өвчин намдаах тариа, зүрх судасны үйл ажиллагаа дэмжих тариа зэргийг хийж биеийн байдлыг тогтворжуулан Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасаг руу шилжүүлсэн.Би *******ын биед үзлэг хийхэд өвчтөний толгойн дээд хэсэгт 12 см орчим зүсэгдсэн, ил шархтай байсан.Тэгээд би өвчтөний биеийн байдал амин үзүүлэлтийг тогтоох зорилгоор цус тогтоох тариа, өвчин намдаах тариа, зүрх судасны үйл ажиллагаа дэмжих тариа зэргийг хийж толгойн хэсэгт 11 оёдол тавьсан...” гэх мэдүүлэг[10],
11. Гэрч Б.Амарбаярын 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Г.******* миний аав байгаа юм. Манай аав ээж хоёр маань 1984 онд гэр бүл болж, 1985 онд ах Амартүвшин төрж, би 1987 онд төрсөн, 1990 онд дүү Амарсайхан маань төрсөн гэсэн. Тэгээд аав ээж хоёрын маань харилцаа жаахан муудаж 1996 онд салсан гэсэн. Хүүхдүүд нь болох бид нар ээж дээрээ амьдарч байгаад 2019 онд аавын бие өвдөөд байгаа сургаар би аав дээрээ очиж асарч байгаад ирсэн. Тэр үеэс хойш ирж, очин хоорондоо харилцаатай байгаа. Манай ах, дүү хоёр маань хааяа л нэг аав дээр очдог. Ерөнхийдөө би л аавтайгаа холбоотой байгаа. Аав маань одоо Хушаат суманд ганцаараа Монгол гэрт амьдарч, тэтгэврийн мөнгөөрөө амьдралаа залгуулж байгаа хүн байгаа юм. Аав маань 2019 онд түрүү булчирхайн хүнд хэлбэрийн үрэвсэл гэсэн оношоор эмчилгээ хийлгэж байгаад эмнэлгээс гарсан, 3 сар болоод аймгийн нэгдсэн эмнэлэгт ирж эмчдээ үзүүлээд эм бичүүлж аваад явдаг юм. Хөл муутай, эгчтэйгээ нэг хашаанд амьдардаг. Тэтгэвэртээ гарахаасаа өмнө газар тариалангийн компанид ажиллаж байсан, өвлөөс бусад улиралд тариалангийн талбай дээрээ комбайн бариад явдаг байсан юм. Одоо ажилгүй болоод хийх юмгүй болчихоод жаахан архи л уух гээд байдаг юм шиг байгаа юм. Манай аав уг нь хүнтэй хэрүүл маргаан хийгээд байдаггүй, муухай ааш зан гаргаад байдаггүй, хүнтэй их л эвтэй байдаг юм. Хааяа нэг архи уух гээд байдаг юм шиг байгаа юм. Хувь хүний хувьд их л даруухан, хүн зодож цохиод байхааргүй л хүн байгаа юм...” гэх мэдүүлэг[11],
12.Гэрч Г.Отгоны 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Г.******* бид хоёр 1984 онд гэр бүлж 1985 онд анхны хүү Амартүвшин төрсөн, 1987 онд охин Амарбаяр, 1990 онд охин Амарсайхан маань төрсөн. 1996 онд бидний харилцаа жаахан таагүй болж салцгаасан юм. Бид анх гэрлэхдээ албан ёсоор гэр бүлээ батлуулж, салахдаа албан ёсоор гэр бүлээ цуцлуулаагүй, улсын бүртгэлд эхнэр нөхөр гэсэн бүртгэлтэй байдаг юм. ******* надаас салаад 2 хүүхэдтэй хүнтэй суугаад амьдарч байгаад тэр хүн нь нас барж одоо ганц бие Хушаат суманд амьдардаг юм. *******гийн зан ааш нь их л төлөв даруу, хүнд тусархуу зан ааштай, хүнтэй нэг их хэрүүл маргаан хийгээд байдаггүй, хувь хүний хувьд сайн хүн байгаа юм, сүүлийн үед л харин жаахан архи дарс уудаг болсон юм шиг санагдсан. Бид уулзалдаагүй олон жил болсон. 2019 онд *******гийн бие өвдөж, хүүхдүүд маань томроод аав, аав гээд байх болсон учраас Бат- Өлзийгийн биеийг муу байхад нь эргэж очиж тэр үеэс хойш жаахан холбоотой байгаа юм. ******* Хушаат суманд газар тариалангийн компанид ажиллаж байгаад 2019 онд тэтгэвэртээ гарсан, нэг эгч нь хүүхдүүдийнхээ хамт Хушаатад амьдардаг ер нь бол тэр эгчийгээ бараадаад л амьдарч байгаа юм. 2018 онд компаниас нь *******г сайн ажилласан гээд 5 ханатай гэр өгсөн гэсэн тэр гэртээ тэтгэврээ аваад аж төрөн амьдардаг юм...” гэх мэдүүлэг[12],
13.Гэрч Т.Амарсайханы 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 06-ны орой Хушаат суманд найз *******ын гэрт очсон юм. /Трактор худалдаж авах ажлаар/ Тэгээд *******ын гэрт хоноод маргааш нь буюу 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн өглөө тэдний гэрээс ******* бид хоёр хамт гарч явсаар түүний таньдаг найз гэх хөл муутай *******ын гэрт очсон юм. Ингээд ******* бид хоёр авч очсон 0,75 литрийн “Хараа” нэртэй архи гаргаж гэрийн эзэн *******, ******* бид 3-лаа *******ын гэрийн гадна сүүдэрт сууж байгаад хувааж уусан юм. Тэгээд сууж байхад *******ын хөрш айлын хүн “ямаа гаргаад янзлаад өгөөч” гэж гуйхаар нь би зөвшөөрч ямааг нь гаргаж янзалж өгөхөд ямаа гаргуулсан айл надад нэг шил 0,5 литрийн “Хараа” архи өгсөн юм. Тэгээд ******* бид хоёр явах гэж *******ын гэрээс явах гээд хашаанаас нь гарахад хашааны гадна 2 билүү 3-н хүн байсан санагдаж байна. Би тухайн үед уусан архиндаа нилээд согтсон байсан болохоор яг ямар учиртай хүмүүс байсныг мэдэхгүй байна. Тэгээд гадна байсан хүмүүсийн хамт буцаж *******ын хашаа руу орж мөн л байшингийн сүүдэрт сууж байгаад нөгөө айлын өгсөн архийг уусан, сүүлд ирсэн хүмүүс ч бас архи гаргаж бид нар бүгд ууцгаасан юм. Ингээд ******* гэрээсээ “Сумдын түүхэн ном” гаргаж ирж тэнд байсан хүмүүст үзүүлж ярилцаж байхад *******, *******тай Зүүнбүрэн сум, Хушаат сумын газар нутгаас болж маргалдаад байсан. Гэхдээ тэд хоорондоо барьцалдаж авч зодоон цохион хийгээгүй. /Зүгээр л маргалдаад л байсан/ Дахин хэлэхэд би уусан архиндаа нэлээд согтсон байсан болохоор яг болсон явдлыг сайн санахгүй байна. Одоо миний санаж байгаагаар ******* нь нэг залуутай /Онгорхой хар нөхөртөй/ хамт газар хэвтээд суниаж уралдаад байх шиг байсан. Тэнд тийм ч сүртэй зодоон цохион бол болоогүй. Нэг харахад ******* нэг залуутай хоорондоо барьцалдаад авсан ноцолдож байхад араас нэг залуу гартаа нэг зүйл бариад ухас хийсэн, тэгээд л *******ын толгойн ар хэсэгт цохиод авсан. Тэгсэн ******* газар унасан санагдаж байна. Тэгээд хэн эмнэлэг дуудсаныг мэдэхгүй байна. Удалгүй сумын эмнэлгийн хүмүүс ирж *******ыг эмнэлэг рүү аваад явсан. Тэгээд би *******ын гэрээс явж хамаатны дүүгийн очиж хоноод маргааш нь Хушаат сумын эмнэлэг дээр очиж *******ыг асуухад “ах дүү нар нь ирээд Дархан-уул аймаг руу аваад явсан” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг[13],
14. Дархан-Уул аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 595 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: 1.Т.*******ын биед гавал тархины битүү гэмтэл, зүүн талын зулай ясны цөмөрсөн хугарал, зүүн зулай хэсгийн тархины хатуу хальсан дээрх цусан хураа, тархины дунд зэргийн няцрал, хуйхны шарх, гавал тархины хагалгааны дараах байдал тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Т.*******ын биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. 4.Т.*******ын биед Дархан-Уул аймгийн НЭ-ийн гэмтлийн тасагт гавал тархины гэмтлийн улмаас яаралтай хагалгаа хийгдэж цөмөрсөн ясыг сөхөн, тархины хатуу хальсан дээрх хурсан цусыг авсан хагалгаа хийгдсэн байна. 5.Т.*******ын биед учирсан дээрх гэмтэл нь цаашдын ерөнхий хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөхийг одоогоор тогтоохгүй...гэх дүгнэлт[14], 15.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[15], 16.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[16], 17.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[17], 18.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[18], 19.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[19]зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Г.*******гийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Г.******* нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс хохирол, төлбөрт 2,459,138 төгрөг нэхэмжилсэн байна. Үүнээс шүүгдэгч Г.******* нь 2,350,000 төгрөг нөхөн төлснийг дурьдах нь зүйтэй байна. Хохирогчийн нэхэмжилсэн зардлын зөрүү 109,138 төгрөг үлдснийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв. Шүүхийн хэлэлцүүлэгт үлдэгдэл мөнгийг бүрэн нөхөн төлсөн болно. Иймд шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлбөргүйд тооцов.
Хохирогч нь өөрийн эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Г.*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан: “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь хэсэгт заасан: “гэмт хэрэг үйлдсний дараа учруулсан хохирлоо нөхөн төлсөн” болон түүний хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээг буюу 15000 төгрөгийг нэг хоногтой тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулан шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг “гапу”-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгав.
Шүүгдэгч Г.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******гийн цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Г.******* нь гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээний зардалд 2,459,138 төгрөгийг нөхөн төлснийг дурьдаж, хохирогч нь өөрийн эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг “гапу”-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.
7. Шүүгдэгч Г.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үлдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ