| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2020/0151/Э |
| Дугаар | 175/ШЦТ2020/198 |
| Огноо | 2020-10-21 |
| Зүйл хэсэг | 11.1.1, 11.4.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 175/ШЦТ2020/198
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ, улсын яллагч Т.Нансалмаа, хохирогч Б.*******, Г.*******, шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч М.Гансүх /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 1695/, шүүгдэгч Г.*******, түүний өмгөөлөгч Г.Энхцэцэг /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 2728/, шүүгдэгч Ц.*******, түүний өмгөөлөгч А.Отгонбаяр /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 5899/ нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шар овогт *******гийн *******, Нийслэл овогт *******ын *******, Чонос овогт *******ын ******* нарт холбогдох эрүүгийн 2031001870153 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
1. Шар овогт *******гийн *******, Монгол Улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Гацуур” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум, Хуурч 2 дугаар баг, 2 дугаар хэсэг, Дунд гарамын гудамж, 68 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, РД:/ *****/;
2. Нийслэл овогт *******ын *******, Монгол Улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “Ви Ти Икс” ХХК-д сантехникчээр ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын гудамжны 63 дугаар байрны 39 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, РД:/ ******/;
3. Чонос овогт *******ын *******, Монгол Улсын иргэн, 1998 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, “Гацуурт” ХХК-д техникч ажилтай, ам бүл 6, эхнэр, аав, ээж, эгч, 2 дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих 1 дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, РД:/ ******/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Б.******* нь 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 22-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гацуурт” ХХК-ийн хашаанд согтуугаар иргэн Г.Мий толгой тус газар төмрөөр цохиж биед нь тархины хүнд зэргийн няцрал, дух ясны ил хугарал, хатуу халсан дээрх цусан хураа, зүүн ухархайн ясны хугарал, толгойн дагз хэсгийн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг;
Шүүгдэгч Г.******* нь 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 22-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гацуурт” ХХК-ийн хашаанд иргэн Б.*******гийн зүүн мөр, далны орчим 2-3 удаа өшиглөж, биед нь зүүн эгэм, далны холбоосны няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг;
Шүүгдэгч Ц.******* нь 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 22-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гацуурт” ХХК-ийн хашаанд согтуугаар иргэн Г.Мий нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохиж биед нь хамар ясны хугарал, доод уруулд шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамар уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.******* нь 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 22-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гацуурт” ХХК-ийн хашаанд согтуугаар иргэн Г.Мий толгой тус газар төмрөөр цохиж биед нь тархины хүнд зэргийн няцрал, дух ясны ил хугарал, хатуу халсан дээрх цусан хураа, зүүн ухархайн ясны хугарал, толгойн дагз хэсгийн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг;
-шүүгдэгч Г.******* нь 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 22-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гацуурт” ХХК-ийн хашаанд иргэн Б.*******гийн зүүн мөр, далны орчим 2-3 удаа өшиглөж, биед нь зүүн эгэм, далны холбоосны няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг;
-шүүгдэгч Ц.******* нь 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 22-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гацуурт” ХХК-ийн хашаанд согтуугаар иргэн Г.Мий нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохиж биед нь хамар ясны хугарал, доод уруулд шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамар уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт Б.*******, Ц.*******, Г.******* нар гэм буруутай болох нь тус тус нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг[1],
2.Шүүхийн хэлэлцүүлэгт Б.*******гийн хохирогчоор өгсөн: “Надад хохирогчоор нэхэмжлэх зүйл байхгүй. Гаргасан зардлаа Г.******* бид хоёр аман тохиролцоо хийгээд ярилцсан. Өмнө нь би боломжийнхоо хэрээр Г.*******д 1,000,000 төгрөг өгсөн. Цаашид ч гарах эмчилгээний зардлаа төлнө. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг[2],
3.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.******* өгсөн: “...Тэр өдөр 12 цагт зууханд гал хийгээд сууж байсан. ******* орж ирээд энэ аягыг чинь хагалчихлаа, аваад өгнө за юу гэсэн. Хадаа гараад явсан, тэгээд манай ажлын ******* бид хоёр салгаад унтсан. Тэгсэн чинь жолооч ******* “манай дүүг яагаад зодсон бэ?” гээд ороод ирсэн. Хадаа огцом ууртай болохоор гарсан, би салгах гээд очтол миний подвалкийг ураад намайг нэг цохьсон. Дараа нь ******* “та нарыг алнаа” гээд төмөр чирээд ирсэн. Жолооч *******, ******* 2 хоёулаа согтуу байсан. Би *******г нэг удаа өшиглөсөн. Миний үүдэн шүдний тал нь байхгүй хугарсан. ******* миний эмчилгээний зардалд 2,000,000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг[3],
4.Шүүхийн хэлэлцүүлэгт Г.******* хохирогчоор өгсөн: “Миний өмгөөлөгч нэхэмжлэх зардлыг нарийвчлан хэлнэ. *******гээс эмчилгээний зардалд 1,000,000 төгрөг авсан. ******* миний эмчилгээний зардалд 2,000,000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг[4],
5.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.******* өгсөн: “...Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь миний буруу байсан. Тэгээд би тухайн өдөр буруу зүйл хийж байгаагаа мэдээд хэрүүл маргаан хийхээ болиод явсан. Гэтэл Б.******* ах энэ хүмүүстэй зодолдоод байна гэхээр нь би айлгах зорилгоор төмөр авч очсон. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг[5],
6.Хохирогч Г.******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Гацуурт ХХК-ний ажилчдын төв байр талаас ******* гэх залуу гартаа 1 метр орчим урттай саарал будагтай төмөр барьчихсан та нарыг ална гээд бид хоёр дээр ирэхээр нь ******* бид хоёр *******ыг хоёр талаас нь барьж аваад харуулд хүргэж өгье гээд явж байтал жолооч ******* нөгөө хоёр залуутайгаа хүрч ирээд *******ын зүүн гарт байсан төмрийг авсан. Тэгтэл ******* баруун гараараа миний нүүр лүү 2-3 удаа их хүчтэй цохисон. Тэр үед жолооч ******* гартаа барьж байсан төмрөөр миний араас толгой руу цохих шиг болсон. Тэр үед би цохиулаад газар унаад ухаан алдчихсан байсан ба ухаан ороход миний толгойноос их хэмжээний цус гарчихсан байсан. Миний ухаан орж гараад нэг мэдсэн чинь Цагааннуур сумын эмнэлэг дээр ирчихсэн байсан. ******* гэх залууд зодуулсны улмаас миний хамарны яс хугарсан, үүдэн нэг шүд хагарсан. Жолооч ******* миний толгой руу төмрөөр цохисны улмаас гавлын яс цөмөрсөн. 12 см хэмжээтэй хуйх язарсан гэмтэл учирсан. Би Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэгт хүнд хагалгаанд орсон. Миний дээд талын зүүн үүдэн шүдний үзүүр хэсэг эмтэрсэн болохоос бүтнээрээ хугарч унаагүй ба тухайн үед жоохон хөдөлж байсан...” гэх мэдүүлэг[6],
7.Хохирогч Г.******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Гадаа Хадаа бид хоёр маргалдаад зогсож байтал ******* гэх залуу гарч ирээд Хадаа бид хоёрын дундуур орж ирээд “боль” гээд миний цамцнаас зуураад татахад миний цамц урагдахаар би Мий цамцнаас зууралдаж урсан чинь Хадаа гэх залуу нь миний цээжээр тэвэрч аваад бид хоёр хамт газар унахад Хадаа түрүүлж босоод миний баруун талын хавирга, дал хэсэг рүү хэд хэд өшиглөсөн. Тэгтэл сангийн ******* гэх залуу миний баруун хөл, гуя орчимд өшиглөөд байсан. Би өндийх гэтэл ******* гэх залуу миний зүүн мөр, хүзүү хэсэгт 2-3 удаа өшиглөсөн. Тэр үед миний мөр эвгүй болсон. Тэгээд би нүүрээ хамгаалаад хэвтсэн. Тэгтэл хамт явж байсан Цэрэндорж, Батбаяр хоёр салгаад намайг тэд нараас холдуулж, амрах байранд ирэхэд миний зүүн гар хөдлөхгүй байхаар нь Цэрэндорж Батбаяр хоёрт харуулсан чинь тэр хоёр “таны мөр мултарчихсан юм биш үү” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[7],
8.Шүүгдэгч Ц.******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн: “...******* ах надаас “ахын дүүг хэн зодсон юм” гэж асуухаар нь “намайг хүн зодоогүй ээ, сангийн залуучуудтай муудалцаад салсан” гэж хэлэхэд ******* ах тэр гурав за за гээд гарсан. 20-30 минутын дараа Цэрэндорж ах над руу утсаар яриад “*******гийн мөр нь мултарчихлаа, оруулах гэсэн юм. Чи өрөөнд “ороод ир” гэхээр би өрөөнөөс гарахдаа өрөөнд байсан сул төмрийг аваад гарсан. ******* ах дээр ороход зүүн гараа унжуулчихсан сууж байхаар нь “юу болсон талаар асуухад Сангийн гурав нийлж зодсон” гэхээр нь би авч гарсан төмрөө бариад сангийн ажилчдын байр луу очиход байрныхаа гадаа *******, Пүүжээ гэх хоёр залуу зогсож байхаар нь би очоод “та нар ******* ахыг арай хэтрүүлсэн байна, мөрийг нь яачихсан юм бэ” гэтэл тэр хоёр юм хэлээгүй хойшоо ухраад байхаар нь “би та хоёрыг цохихгүй ээ, ахыг яг яасан юм бэ” гэтэл ******* миний зүүн гараас барьж авсан. Би тэр үед зүүн гартаа төмөр барьчихсан байсан юм. Пүүжээ гэх залуу миний баруун гараас бариад авсан. Би түүнийг “намайг тавь” гээд хэлсэн. Тэр үед Хадаа гэх залуу, ******* ах 2, хоёр талаас ирж байсан. Тэгтэл миний гараас барьж байсан Пүүжээ гэх залуу миний шанаа руу гараараа цохиод миний баруун гарыг тавихаар нь би баруун гараараа Мий нүүрэн тус газар нь нэг цохьсон чинь миний гарыг тавьсан. Тэр үед газар байсан төмрийг ******* ах аваад ******* гэх залуугийн толгойн тус газар нь цохьсон. Тэр үед Батбаяр, Цэрэндорж ах хоёр ирээд ******* ахыг салгаж байсан...” гэх мэдүүлэг[8],
9.Гэрч Л.Хадбаатар мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн: “...Би гэр рүүгээ орж хувцсаа өмсөөд харуулын байр руу явж байхад ногооны ажилчдын байрнаас ******* гартаа 1 метр орчим урттай төмөр барьчихсан жолооч *******гийн байр руу явж байхаар нь харуулд “дахиад асуудал гарах гээд байна шүү” гэж хэлчихээд инженерүүдэд нь хэлэх гээд очсон чинь өрөө нь цоожтой болохоор нь буцаад өрөө лүүгээ явж байтал *******, Батбаяр, Цэрэндорж гурав жолооч нарын байр луу гүйж байсан. Би авто гражын дундуур ороод ирсэн чинь ******* манай ажлын *******г зодох гээд хөөж байхаар нь би *******ыг барьж аваад газар унагаад толгой мөрнөөс доош нь дараад зогсож байхад манай ажлын *******, *******ын барьж явсан төмрөөр өөрийг нь нуруун тус газар хоёр цохьсон. Тэр үед харуул Баатар бусад хүмүүс ирээд *******ыг гавлаад авсан би буцаад граж тойроход гражны зүүн буланд Мөнх- Эрдэнэ их хэмжээний цустайгаа холилдчихсон газар ухаангүй хэвтэж байсан. ...******* Мий шүд хамар, нүд рүү нь цохисон гэж сонссон. Жолооч ******* төмрөөр Мий толгойн ар хэсэгт нэг удаа цохиж гэмтээсэн гэж сонссон” гэх мэдүүлэг[9],
10.Шүүгдэгч А.******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн: “....******* бид хоёр ажлын байрны кордиор дотор тамхи татчихаад амрах байр руу явж байтал ******* гэх согтуу залуу гартаа төмөр барьчихсан сангийнханыг алчихъя л даа гээд орилоод хүрч ирэхээр нь ******* бид хоёр аргалж байгаад би төмөр барьчихсан баруун гараас нь барьж авсан, ******* зүүн гарнаас нь бариад харуулд хүргэж өгье гэсэн чинь ******* та хоёр намайг тавьчих гээд явж байтал өөдөөс жолооч ******* нөгөө хоёр залуутайгаа хүрээд ирсэн чинь ******* баруун гараа хүчтэй угзарч татаад би гарыг алдчихсан чинь *******ын гарт байсан төмөр мултарч газар унасан тэр үед *******, Мийг заамдаж аваад та нар нэг цохилт даах юм уу, гээд Мий нүүрэн тус газар нь хоёроос гурван удаа их хүчтэй цохиод авсан. Тэгтэл Мий араас жолооч ******* газар байсан төмөр авч толгойн дагз хэсэгт нэг удаа их хүчтэй цохиход ******* газар ухаан алдан унасан...” гэх мэдүүлэг[10],
11.Гэрч Ч.Алтанчимэг мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өрөөндөө орж хэсэг сууж байгаад санаа зовоод болохгүй болохоор нь буцаад гараад ирсэн чинь хоёр гражны голын зүүн буланд нэг юм хийсээд уначих шиг болоод төмөр дуугараад явчихлаар нь би гүйгээд ирсэн чинь Г.******* газар хөдлөхгүй хэвтэж байсан. Тэр үед Б.*******, Ц.******* хоёр цааш явж байсан би Б.*******гийн араас нь очоод “чи яаж байгаа юм бэ?” гэтэл Б.******* би юу хийчих вээ гээд байсан. Би тэр үед өрөөнөөс гарч ирэхэд Г.******* газар хэвтэж байсан, би араас нь гүйж харахад Б.******* гартаа байсан төмөрөө газар хаяад *******той цааш алхаж байсан....” гэх мэдүүлэг[11],
12.Гэрч Г.Батбаяр мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн: “...Гаднаас ******* гартаа 1 метр орчим урттай, саарал өнгөтэй, орны төмөр барьчихсан орж ирээд Б.*******г харснаа яасан юм бэ гэхэд сангийн залуучууд зодчихлоо гэсэн чинь ******* түрүүлээд гарсан араас нь Б.******* гарсан, тэр үед Цэрэндорж бид хоёр гар нүүрээ угааж байсан болохоор хамт гарч чадаагүй, гар нүүрээ угааж дуусаад Цэрэндорж бид хоёр араас нь гарсан чинь хоёр гражны голд бөөн шуугиан болчихсон байгууллагын харуул ирчихсэн, үйлчлэгч Алтанчимэг эгч ирчихсэн салгаад зогсож байсан ******* ахыг би очиж авахад цаана нь гражны буланд сангийн ******* гэх залуу газар хэвтэж байсан. Би тухайн үед ******* ахаас тэр залуу уначихсан байна гэхэд ******* ах би цохьчихсон юм гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг[12],
13.Гэрч Б.Цэрэндорж мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Бид нар сууж байтал гаднаас ******* 1 метр орчим урттай саарал өнгийн квадрат төмөр барьчихсан орж ирсэн. Тэр үед Батбаяр бид хоёр гар нүүрээ угааж байсан чинь ******* ах ******* хоёр гараад явсан, Батбаяр бид хоёр удалгүй араас нь гарсан чинь хоёр гражны голд зодоон болчихсон байсан. Бид хоёр очиход сангийн нэг залуу газар түрийлгээ харсан хэвтэж байсан наана нь 3-4 харуул ирчихсэн салгаж байсан. Би ******* ах дээр очоод юу болчих воо гэхэд ах нь азгүй юмаа гээд мөрөө барьчихсан сууж байсан. Үйлчлэгч Алтанчимэг эгч ирээд ******* ахыг чи хүн алчихлаа гээд орилоод байсан...” гэх мэдүүлэг[13],
14.Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Насанжаргалын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 205 дугаартай дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: 1. Г.Мий биед тархины хүнд зэргийн няцрал, дух ясны ил хугарал, хатуу хальсан дээрхи цусан хураа, зүүн ухархайн ясны хугарал, хамар ясны хугарал, толгойн зулай, доод уруулд шарх, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд зулгаралт, толгойн хуйх, зүүн нүдний дээд доод зовхи, хамар уруулд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Г.Мий биед учирсан тархины хүнд зэргийн няцрал, дух ясны ил хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн ухархайн ясны хугарал, толгойн дагз хэсгийн шарх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1, 3.2.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Г.Мий биед учирсан хамар ясны хугарал, толгойн зулай, доод уруулд шарх, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд зулгаралт, толгойн хуйх, зүүн нүдний дээд доод зовхи, хамар уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт[14],
15.Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Т.Насанжаргалын 2020 оны 06 дугаар сарын 30 ны өдрийн №204 дугаартай дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: 1. Б.*******гийн биед зүүн эгэм, далны холбоосын няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Б.*******гийн биед учирсан дээрх гэмтэл нь тухайн хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[15],
16.Шинжээч Т.Насанжаргал мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн: “...Г.Мий биед учирсан тархины хүнд зэргийн няцрал, дух ясны ил хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн ухархайн ясны хугарал, толгойн дагз хэсгийн шарх бүхий эдгээр гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1, 3.2.1-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хамар ясны хугарал, толгойн зулай доод уруулд шарх, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд зулгаралт, толгойн хуйх, зүүн нүдний дээд доод зовхи, хамар уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Г.Мийг үзэх үед баруун дээд 1-р шүд сэтэрсэн хугаралтай байсан. Энэ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд шүд бүрэн булгарч унасан тохиолдолд гэмтлийн зэрэгт хамааруулдаг учир Г.Мий энэ гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамааралгүй...” гэх мэдүүлэг[16],
17.Шүүгдэгч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би урьд өмнө гэрч, хохирогчоор өгсөн, мэдүүлэг дээрээ бүгдийг үнэн зөвөөр ярьсан одоо нэмж ярих зүйл байхгүй. Г.*******д эмчилгээний зардлыг өгсөн...” гэх мэдүүлэг[17],
18.Шүүгдэгч Г.******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “2020 оны 05 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө бид гурав орондоо орчихсон ******* унтчихсан, Хадбаатар бид хоёр гар утсаараа кино үзээд байж байтал шөнийн 02 цаг 30 минутын үед Гацуурт ХХК-ний жолооч Б.******* гэх залуу зүс таних хоёр залуутай согтуу орж ирээд та гурав яагаад манай дүүг зодсон юм бэ гээд агсарч Хадбаатар орноосоо босоод жолооч *******тэй маргалдаж байрнаас гарсан сантехникч ******* бид хоёр орноосоо босож араас нь гарсан чинь Хадбаатар, ******* хоёр зууралдаж авчихсан маргалдаад байхаар нь ******* бид хоёр салгах гэтэл жолооч ******* миний баруун шанаа руу гараараа нэг цохьсон тэр үед Хадбаатар, ******* хоёр зууралдаад газар унахаар нь би жолооч *******гийн мөр, хүзүү хэсэгт хоёроос гурван удаа өшиглөсөн тэр үед Болороо эгч болон байгууллагын харуул ирээд бид нарыг салгаад *******г хамт ирсэн хоёр залуу нь аваад ажилчдын байр луу явсан. Би *******гийн биед хүндэвтэр гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа ******* миний биед хүнд гэмтэл учруулсан. Би *******тэй ярилцаад хохирлыг тохиролцож ярилцсан...” гэх мэдүүлэг[18],
19.Шүүгдэгч Ц.*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “2020 оны 05 дугаар сраын 21-нээс 22-нд шилжих шөнө 03 цагийн орчим сангийн залуучууд Б.******* ахыг зодчихсон байсан. Намайг гадаа гарахад *******, Пүүжээ гэх хоёр залуу зогсож байхаар нь би очоод та нар ******* ахыг арай хэтрүүлсэн байна, мөрийг нь яачихсан юм бэ? гэтэл тэр хоёр юм хэлээгүй хойшоо ухараад байхаар нь би та хоёрыг цохихгүй ээ гэсэн тэр үед би зүүн гартаа төмөр барьчихсан байсан юм. Пүүжээ гэх залуу нь миний баруун гарнаас бариад авсан, би намайг тавь гээд хэлсэн, тэр үед Хадаа гэх залуу ******* ах хоёр, хоёр талаас ирж байсан. Тэгтэл миний баруун гарнаас барьж байсан Пүүжээ гэх залуу миний шанаа руу гараараа цохиод миний баруун гарыг тавихаар нь би баруун гараараа Мий нүүрэн тус газар нь нэг цохисон, урд өмнө өгсөн мэдүүлэг дээр бүгдийг үнэн зөвөөр өгсөн, би үйлдсэн гэм буруугаа хүлээж байна. Би *******д учруулсан хохирол, эмчилгээний мөнгө болох 3,000,000 төгрөг өгсөн би уучлалт гуйж бид хоёр эвлэрсэн” гэх мэдүүлэг[19], 20.Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[20], 21.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[21], 22.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[22], 23.2001 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 250 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоол[23], 24.Хохирогчийн Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх[24], 25.Шүүгдэгчийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар[25], 26.Аюулын зэргийн үнэлгээний маягт[26], 27.Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт[27], 28.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[28] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.*******, Ц.*******, Г.******* нарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Хохирогч Г.Мий эрүүл мэндэд хүнд хохирол учирсны улмаас эмчилгээний зардалд зарцуулсан баримтаар дараахь зардлыг шүүгдэгч Б.*******гээс гаргуулахаар тогтоов.
Үүнд: хагалгаа 500,000 төгрөг, томограф 185,000 төгрөг, Интермед томограф 210,000 төгрөг, эм тариа, дусал авсан болон одоо хэрэглэж байгаа эмнүүд 613,548 төгрөг+813,864 /хоёр хуваасан зардал/=2,322,412 төгрөг болсон. Үүнээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.*******гээс хохирогчид төлсөн 1,000,000 төгрөгийг хасаад 1,322,412 төгрөг болно.
Дараахь зардлыг шүүгдэгч Б.*******, Ц.******* нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар тогтоов. Үүнд: сувилагчид өгсөн мөнгө, замын зардал /галт тэргээр болон автомашинаар, бензиний зардал/ эмнэлэгт хэрэглэсэн зүйл, хүүхэд харуулсан төлбөр 1,627,729 : 2 = 813,864 төгрөг болно.
Шүүгдэгч Ц.*******оос хамар тэгшлүүлсэн 40,000 төгрөг+813,864 /хоёр хуваасан зардал/=853,864 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн.
Мөн Г.Мий 5 сараас хойш авах байсан цалин 7,557,046 төгрөгнөөс хөдөлмөрийн чадвар 70% алдсаны улмаас авсан 2,016,000 төгрөгийг хасаад 5,441,000 төгрөгийг шүүгдэгч Б.*******гээс гаргуулан олгохоор шийдвэрлэсэн.
Иймд шүүгдэгч Б.*******гээс 5,441,000+1,332,412=6,773,412 төгрөг гаргуулан, хохирогч Г.*******д олгох нь зүйтэй гэж шүүх үзсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* болон түүний өмгөөлөгч М.Гансүх нараас “хохирол төлбөр төлөх хуульд заасан 5 хоногийн завсарлага авахыг хүссэн” хүсэлтийг гаргасан бөгөөд шүүх хүсэлтийг хүлээн авч, Шүүгчийн захирамж гарсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгч Б.*******, Г.******* нар харилцан тохиролцож, 2 сая төгрөг бэлнээр өгч, 4 сая төгрөгөнд 5 тооны үхэр /шүдлэн 2, хязаалан 1, бяруутай үнээ 1/ өгөхөөр тохиролцсонд үндэслэн энэ тогтоолоор шүүгдэгч Б.*******г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хохирогч Г.******* нь цаашид өөрийн эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж шийдвэрлэв.
Гурав. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Б.*******, Г.*******, Ц.******* нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол,
хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага нь тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн.
Шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”; 1.2 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа ...учруулсан хохирлыг нөхөн төлсөн”; 1.6 дахь хэсэгт заасан “нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн” болон түүний хувийн байдал зэрэг хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн.
Шүүгдэгч Г.*******д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” болон түүний хувийн байдал зэрэг хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн.
Шүүгдэгч Ц.*******од эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа ...учруулсан хохирлыг нөхөн төлсөн” болон түүний хувийн байдал зэрэг хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн.
Харин шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч нарт торгуулийн ял шийтгэл оногдуулж, тэдгээрийн хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан, торгуулийн шийтгэлийг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдэнд анхааруулан шийдвэрлэсэн.
Шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн саарал өнгийн төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгав.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Шар овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт,
-шүүгдэгч Нийслэл овогт *******ын Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт,
-шүүгдэгч Чонос овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Шар овогт *******гийн *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял,
-шүүгдэгч Нийслэл овогт *******ын *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял,
-шүүгдэгч Чонос овогт *******ын *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүгдэгч Б.******* 3 жил хүртэлх хугацаанд, шүүгдэгч Г.*******, шүүгдэгч Ц.******* нар тус бүр 6 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдэнд анхааруулсугай.
5. Шүүгдэгч нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.******* нь цаашид өөрийн эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисугай.
6. Б.*******, Г.*******, Ц.******* нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн саарал өнгийн төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[3] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[4] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[5] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[6] Хавтаст хэргийн 13-15 дугаар тал
[7] Хавтаст хэргийн 17-18 дугаар тал
[8] Хавтаст хэргийн 24-25 дугаар тал
[9] Хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас
[10] Хавтаст хэргийн 26-28 дугаар хуудас
[11] Хавтаст хэргийн 29-31 дүгээр хуудас
[12] Хавтаст хэргийн 32-34 дүгээр хуудас
[13] Хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас
[14] Хавтаст хэргийн 58-59 дүгээр хуудас
[15] Хавтаст хэргийн 72-73 дугаар хуудас
[16] Хавтаст хэргийн 74 дүгээр хуудас
[17] Хавтаст хэргийн 96, 136 дугаар хуудас
[18] Хавтаст хэргийн 102, 138 дугаар хуудас
[19] Хавтаст хэргийн 109, 140 дүгээр хуудас
[20] Хавтаст хэргийн 4 дүгээр тал
[21] Хавтаст хэргийн 7-20 дугаар тал
[22] Хавтас хэргийн 103-120 дугаар тал
[23] Хавтаст хэргийн 90-93 дугаар тал
[24] Хавтаст хэргийн 121-140 дүгээр тал
[25] Хавтаст хэргийн 147-149 дүгээр тал
[26] Хавтаст хэргийн 155-158 дугаар тал
[27] Хавтаст хэргийн 159-167 дугаар тал
[28] 2 дугаар хавтаст хэргийн 168-170 дугаар тал,