Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 175/ШЦТ2020/202

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Гантүшиг,

 улсын яллагч Т.Нансалмаа,

 хохирогч Б.*******,

 шүүгдэгч Н.*******,

 түүний өмгөөлөгч Р.Баярхүү нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1  дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Мянган овогт *******гийн *******ад холбогдох эрүүгийн 2031000000148 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Мянган овогт *******гийн *******, Монгол Улсын иргэн, 1982 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн Отгон суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаан ба авто хийн гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 1 дүгээр баг Хонгорморьт 2 дугаар хэсэг, 139 тоотод оршин суух хаягтай,

-урьд Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 1998 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 46 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар хойшлуулсан; 

-Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 250 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 07 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялаа эдэлсэн,

РД:/ ******/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Н.******* нь 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 08 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Хонгорморьт 1 дүгээр баг, 2 дугаар хэсэг, 139 тоотод байрлах өөрийн гэртээ согтуугаар эхнэр Б.*******г бусадтай хардан, хэрүүл маргаан үүсгэн зодож, улмаар хутгаар хэвлийн тус газарт нь хутгалж /зэвсэг хэрэглэж/ биед нь хэвлийн урд хананд хатгагдаж, хэвлийн хөндийд нэвтэрсэн ил шарх бүхий хүнд хохирол санаатай учруулах гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүдэгч Н.******* нь 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 08 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Хонгорморьт 1 дүгээр баг, 2 дугаар хэсэг, 139 тоотод байрлах өөрийн гэртээ согтуугаар эхнэр Б.*******г бусадтай хардан, хэрүүл маргаан үүсгэн зодож, улмаар хутгаар хэвлийн тус газарт нь хутгалж /зэвсэг хэрэглэж/ биед нь хэвлийн урд хананд хатгагдаж, хэвлийн хөндийд нэвтэрсэн ил шарх бүхий хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт Н.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.******* мэдүүлэхдээ: “...Миний ухаан орж гараад байсан болохоор сайн мэдэхгүй байна. Эхнэртэйгээ 2 шил архи хувааж уугаад юу болсон талаар сайн санахгүй байна. Нэг мэдэхэд хутга бариад байж байсан. Миний санаж байгаагаар яг шөвгөр үзүүртэй шил барьсан байсан...” гэх мэдүүлэг[1],

2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.******* мэдүүлэхдээ: “...10 хоног эмчилгээ хийлгэж эмнэлгээс гарсан. Хэвлий хэсгээр шархтай. Шарх нь дотогшоо цус хурсан байж магадгүй гэж хагалгаа хийсэн...” гэх мэдүүлэг[2],

3. Хохирогч Б.*******гийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Болсон асуудлын тухайд гэвэл 2020 оны 07 дугаар сарын 08-ны орой намайг гэртээ 3 хүүхдийнхээ хамт байж байтал миний нөхөр Н.******* нь 1900-2000 цагийн орчимд над руу өөрийнхөө 99895799 утсаар залгаад Бугантаас хөдөлж байна гэж ярьсан. Тэгээд 23 цагийн үед  өөрийнхөө 99895799 дугаарын утаснаас дахиад залгаад 4 зам өнгөрөөд явж байна гэж хэлсэн юм. Би нөхөр Н.*******ыг хүлээгээд унтаагүй байж байтал 2020 оны 07 сарын 09-нд шилжих шөнийн 02 цагийн үед гаднаас ганцаараа орж ирсэн. Тэгээд миний нөхөр ******* нь толгой, гар, нүүрээ угаагаад, хоол цайгаа уусны дараа барьж ирсэн 0.5 литрийн “Хараа”  архиа задлаад бид 2 ууцгаасан. Би тэр архинаас 50 граммын хундагаар 2 удаа уусан. Ингээд би үүрээр 04 цагийн орчимд хэсэг зүйрмэглэж байтал миний нөхөр ******* нь “...чи хүн дөнгөж саяхан ирж байхад унтах гэлээ, ганц шөнийн нойр даахгүй байна уу?” гээд зүүн шанаа руу гараараа цохисон. Тэгэхээр нь би гэрээсээ гараад саравчинд ороод нуугдсан. Манай нөхөр хэсэг хугацааны дараа хашаан дотроо гарч ирснээ “Ука хаана байна аа” гээд орилоод байхаар нь би хашаанаас гараад гэрийнхээ ойролцоох усны үерийн жалганд ороод нуугдаад сууж байтал Н.******* нь ээжийнхээ буюу урд талын хашаанаас гараад ирж байхыг нь би хараад саравч руу буцаад орсон. Миний нөхөр Н.******* нь тэр хавиар холхиод байсан ба гэнэт цонхны шил хагарах чимээ гарахаар нь саравчны завсраар харахад манай хөрш айл болох Тулгаагийн байшингаас Н.******* гарч гүйгээд манай байшин руу гүйгээд орж байсан. Тэгээд цонх хагарсаны дараа нэлээн нам гүм болчихоор нь би нөхрийгөө унтчих шиг боллоо гээд байшингийн цонхоор харахад манай 3 хүүхэд байшингийнхаа цонхоор бодвол аав, ээж нар нь гэртээ харагдахгүй болохоор нь харж байгаа бололтой зогсож байсан. Бага хүү уйлж байхаар нь “аав чинь байна уу” гэхэд гараад явсан гэж хэлсэн. Би эргээд харсан чинь хадам ээж *******гийн хашаанаас Н.******* гараад над руу хараад “гэр лүү ор, хаанаас ирж байгаа юм бэ” гэж хэлэхэд нь би гэртээ орсон. Намайг гэрт ороход ******* эхлээд 1 удаа өшиглөөд, тэгэнгүүт нь би арагшаа саваад шалан дээр унасан. Тэгээд Н.******* “хэнтэй янхандсан бэ? чамайг 3 хүнтэй янхандсан гэнэ, үнэнийг чинь заавал хэлүүлнэ” гээд гараа ам руу хийж завьжнаас татаж бариад хэрүүл хийгээд байсан. Тэр хооронд би хүүхдүүдээ эмээгээ дуудаад ир гэж хадам ээжийнх рүүгээ явуулсан. Тэр хооронд манай нөхөр “хүүхдүүд чамайг өөр хүнтэй унтсан гэж хэлж байна шүү” гээд ам руу гараа хийгээд татсан юм. Тэгээд том хүү орж ирээд “эмээ гарцгаа, яв гэж байна” гэж хэлж байсныг санаж байна. Манай нөхөр намайг газар унасан байхад дээрээс дарж хөл дээр суучихаад гар хуруугаа ам руу хийж татаж бариад байхаар нь ямар ч байсан хүүхдүүдээ гэрээс гар гэж хэлээд гэрээс гаргуулсан. Тэгсэн манай нөхөр “чи үнэнээ хэлдэггүй юм бол тэр залуучуудыг чинь алнаа” гээд шургуулганаас цэнхэр өнгийн иштэй хутга авахад нь би очоод “хүүхдүүдээ айлгаад яах  гээд байгаа юм, хүн амьтан алчихвал яана” гээд гарнаас нь барихад Н.******* миний хэвлий рүү нэг удаа хатгаад, цааш эргэхэд араас хатгасан. Би яг тэр үед нурууны араасаа хатгуулсанаа мэдээгүй. Хутга булаацалдаж байх хооронд л хатгасан юм шиг байна лээ.Тэгээд ямар ч байсан миний гэдэс хэвлийнээс цус гараад өвдөлт мэдрэгдээд хойд талын газар зассан ор, гудас дээр унаад өгсөн юм. Тэгээд удалгүй миний нөхөр Н.******* нь цагдаа руу залгаад “би эхнэрээ хутгалчихлаа” гэж яриад байсан ба тун удалгүй цагдаа ирээд түүнийг гавлаж байсан. Түүний дараа хадам ээж ирсэн юм. Болсон асуудал ердөө энэ. Би энэ асуудлаас болж аймгийн Нэгдсэн эмнэлэгт 07 дугаар сарын 9-ний өдрөөс 17-ны өдрийг хүртэл хэвтэн эмчлүүлсэн. Надад өөр хэлж ярих ямар нэгэн санал хүсэлт гомдол бас нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг[3],

4. Иргэний нэхэмжлэгч Г.Отгонсүрэнгийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хашаа руугаа ороод байшин руугаа очиход манай нэг цонх хагарсан байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. Тэгээд 2 цагдаа ирээд тиймээ манай гэрийн цонхыг ******* гэдэг хүн хагалсан юм өдөр ажлын хэсэг ирж үзлэг хийсэн гээд төв рүү утасдаад гэрт оролгүй явсан. Би гэртээ ороход шалан дээр шилний хагархай, цэцгийн сав унаад шороо асгарсан цонхны ирмэг дээр цус болсон. Мөн шал, өрөөний хаалганы бариул нэлэнхүйдээ цусаар бохирлогдсон, цусан дусал байсан. Тэгээд хойд өрөөний цонхыг хагалсан байсан. Манай гэрээс алга болсон зүйл байхгүй. Миний хувьд хагарсан цонхны зах зээлийн үнийг төлүүлмээр байна. Манайх “Ашид Билгүүн” ХХК-нд эд зүйл цонхны үнэлгээ хийлгэсэн юм. Н.******* нь цонхны үнийг төлж өгөөгүй, би  хохирлоо яаралтай төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг[4],

5. Гэрч Б.*******гийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...******* одоогоос 3-4 хоногийн өмнө Бугант явсан юм. Гэтэл өнөө өглөө буюу 2020 оны 07 дугаар сарын 09-ний өглөө 07 цагийн үед бороо орж байхад хаалга татаж орж ирээд тамхи, гал байна уу гээд нэлээн согтуу уцаарласан байдалтай тамхи аваад гарсан хэсэг хугацааны дараа дахин орж ирээд “Ука муу газрын гай утас, мөнгө аваад явчихлаа” гэх мэтийн юм яриад уурлаад байсан. Тэгэж байгаад буцаад гараад явсан. Тэгээд 11 цагийн орчимд дахин орж ирээд ...би эхнэрээ алчихлаа... гэх мэт юм хэлэхээр нь би уурлаад “чи юу яриад хуцаад байгаа юм, цаашаа яв толгой тархи өвдөөд, даралт ихсээд байна” гэж хэлээд явуулсан. Удалгүй цагдаа ирээд та *******ын ээж мөн үү? гэрээс нь ороод хүүхдүүдийг нь авчихаач гэхэд би гарч хамт гэрт нь орсон ...” гэх мэдүүлэг[5],

6. Гэрч О.Энхжаргалын 2020 оны 07 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 09-ний 10 цаг 50 минутанд түргэн тусламжийн 103-аар ******* гэх эмэгтэй ирсэн. Тэгээд жижүүрийн эмч  /гэмтлийн эмч Баянбаатар/ эмчийн зааварчилгаагаар эмчилгээ хийж шинжилгээ авсан. ******* гэх эмэгтэй ирэх үедээ хэвлийн тус газар буюу хүйсний доод талд хутганы шархтай. Өвдөлт ихтэй шоктой ирсэн...” гэх мэдүүлэг[6],

7. Гэрч Б.Баянбаатарын 2020 оны 07 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 10 цаг 40 минутын үед амбулаторын өрөөнд ажлаа хийж байх үед миний утсаар хүлээн авахын сувилагч залгаж, “энд хутгалуулсан хүн ирлээ” гэж хэлээд би очиж үзэхэд өвчтөн нь хэвлийдээ хутгалуулж, цус алдсан, хэвлийгээр өвдөлт ихтэй, өвдөлтийн шоктой байсан. Амин үзүүлэлтийг яаралтай үзүүлж шинж тэмдгийн эсрэг эмчилгээ хийж яаралтай шарханд анхдагч цэгцлэлт хийсэн. Хэвлийд сул шингэн байсан тул яаралтай хэвлийн хөндийг нээж, шалгах мэс засалд орохоор шийдвэрлэсэн...” гэх мэдүүлэг[7],

8.Гэрч Б.Бямбадоржийн 2020 оны 07 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 12 цагийн үед Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгээс манай төрсөн ах  руу утсаар залгаж “*******гийн ар гэрийн хүн мөн үү танай дүү хүнд хутгалуулсан байна” гэж залгасан гэж ах надад хэлсэн. Тэгээд би эгч хүргэн ах, ******* эгчийн охины хамт 19 цагт ирсэн. ******* эгчийн нүүр, ам хавдсан байдалтай байсан ба эмч хагалгаанаас ороод ирлээ, бие нь хүндэвтэр байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[8],

9.Гэрч Ж.Туяагийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2020 оны 07 дугаар сарын  09-ний өдрийн 12 цагийн  үед над руу утсаар залгаж “Укаг Адъяа хутгалчихлаа гэнэ чи эмнэлэгт хурдан оч” гэж хэлэхээр би шууд эмнэлэгт очсон. Тэр үед Б.*******гийн нүүр, ам хавдсан байдалтай, ёолоод эмнэлгийн орон дээр хэвтэж байсан. Сувилагч нь надад хандаж “одоо өвчтөн хагалгаанд орох гэж байна хувийн хэрэгцээт зүйлийг авч ирж өг” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[9],

10.Гэрч Ц.Алтанчимэгийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Н.******* нь даруу төлөв ажилсаг залуу байгаа юм. Харин уухаараа Н.******* догшин зантай болчихдог юм. Манайд нэг удаа агсам тавьж байсан. Н.******* нь хааяа хашааныхаа гадна чанга, чанга дуугараад хашгирч байхыг харж байсан. Хоорондоо зодолдог эсэхийг мэдэхгүй...” гэх мэдүүлэг[10],

11.Гэрч А.Хонгорзулын 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Манай багийн бүртгэлд Н.******* ам бүл 5, эхнэр Б.******* болон 2-6 настай хүүхдүүдтэйгээ байдаг. Амьжиргааны түвшингээс доогуур орлоготой өрх байгаа юм...” гэх мэдүүлэг[11],

12.Гэрч Н.Анхбаярын 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Н.*******ыг 2006 оноос хойш мэднэ. Ээждээ агсам тавилаа гээд ойрхон эрүүлжүүлэгдэж байсан. Архи уусан үедээ хэрэг, зөрчилд холбогдох магадлалтай, догшин, ширүүн зантай хүн байгаа юм. Гэр бүлийн хувьд амьжиргааны түвшингээс доогуур орлоготой өрхөд хамаардаг...гэх мэдүүлэг[12],

13.Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Бүрэнжаргал 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 219 дугаартай дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “...1. Б.*******гийн биед хэвлийн урд хананд хатгагдаж, хэвлийн хөндийд нэвтэрсэн ил шархтай, зүүн зовхинд хөх өнгийн цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эрүүл мэнд, эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт[13],

14.“Ашид Билгүүн” ХХК-ний 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн ДХҮ/120-19 дугаартай “...Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 01 дүгээр баг, 2 дугаар хэсэг, 139 тоотод байрлах байшингийн цонхнуудыг хагалсны улмаас учирсан хохирол 120,950 /нэг зуун хорин мянга есөн зуун тавь/ төгрөг болно...” гэх дүгнэлт[14],

15.Шүүгдэгч Н.*******ын 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 02 цагийн үед Сэлэнгэ аймгийн Бугант тосгоноос Гэрэлээ гэдэг хуурай ахын хамт түүний том оврын ачааны машинаар Сүхбаатар суманд ирсэн. Тэгээд бид хоёр Гэрэлээ ахын гэрийн гадаа буюу Салхитын аманд хоёр тийшээ салсан. Ингээд би гэр рүүгээ ганцаараа харьсан. Би гэртээ ирээд Бугантын дэлгүүрээс авсан 0.5 литрийн “Хараа” архи 2 шилийг эхнэртэйгээ хувааж уусан. Архи уухдаа маргалдаж хэрэлдсэн зүйл байхгүй. Тэгээд өглөө дэлгүүр ажиллах үеэр архинд яваад замд хүмүүстэй архи хувааж уусан. Тэр архи хувааж уусан хүмүүс хэн байсан талаар мэдэхгүй байна. Нэлээн согтсон юу болсноо мэдэхгүй байна. Нэг мэдэхэд Б.******* гэдэг эхнэр маань манай байшингийн шалан дээр дэвссэн гудсан дээр цус болчихсон хэвтэж байсан. Тэгээд би цагдаад дуудсан юм. ...Би тухайн хэрэг явдал болох үед согтсон байсан. Юу болсныг мэдэхгүй байна. Ямар ч байсан нэг мэдсэн эхнэр цустайгаа холилдсон, газар дэвссэн гудсан дээр хэвтэж байсан. Миний гарт болохоор цонхны хагархай шил байсан. Гэхдээ би эхнэрийнхээ эрх чөлөөнд халдаж биед нь гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг[15],

16.Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[16], 17.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[17], 18.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[18],  19.2001 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 250 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоол[19], 20.Хохирогчийн Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх[20],  21.Шүүгдэгчийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар[21], 22.Аюулын зэргийн үнэлгээний маягт[22], 23.Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт[23], 24.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[24] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Н.*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтуудад тус тус заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Б.******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирол, төлбөрийн баримт гаргаж өгөөгүй ба шүүгдэгчид гомдол саналгүй гэсэн мэдүүлэг өгсөнд үндэслэн энэ тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Гэвч шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.******* нь гэрийнхээ хөргөгчийг хадам ээждээ зараад эмчилгээний зардал 875,000 төгрөг гарсныг төлсөн болохоо илэрхийлсэн.

Харин иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хагарсан цонхны үнэ болох 120,950 төгрөгийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс хохирол төлөх завсарлага авч, нөхөн төлснийг дурьдах нь зүйтэй байна.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Н.*******ад эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.           

            Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус зааснаар шүүгдэгч Н.*******ад 5 /тав/ жил, 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ял оногдуулж, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

            Ялтан Н.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 14 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг өөрчилж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь хуульд нийцнэ.

Энэхүү хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн бариултай, 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгав.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Мянган овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус зааснаар шүүгдэгч Н.*******ад 5 /тав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан Н.*******ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Н.*******ын энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 14 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг өөрчилж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс цонхны үнэ 120,950 /нэг зуун хорин мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан, иргэний нэхэмжлэгч Т.Отгонсүрэнд нөхөн төлснийг дурьдсугай.

6.Энэхүү хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн бариултай, 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ц.АМАРГЭРЭЛ