Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 175/ШЦТ2020/204

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван,

 улсын яллагч В.Батдэлгэр,

 шүүгдэгч Б.******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Тайжууд овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2031003030183 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Тайжууд овогт *******ын *******, Монгол улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн “Зүүнговь” суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн “Сүхбаатар” сумын * дүгээр баг, * дүгээр хэсэг, ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:*******/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Б.******* нь 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, 4 дүгээр хэсэг 101 тоотод байх өөрийн гэртээ иргэн Ж.Ц*******ийг зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны баруун, зүүн ханын цөмөрсөн хугарал, баруун чамархайд зулгаралт, баруун зүүн зовхины дээд, доод хэсэгт, хамрын хянга нуруунд улаан хүрэн цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл бүхий “хөнгөн” хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.******* нь 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, 4 дүгээр хэсэг 101 тоотод байх өөрийн гэртээ иргэн Ж.Ц*******ийг зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны баруун, зүүн ханын цөмөрсөн хугарал, баруун чамархайд зулгаралт, баруун зүүн зовхины дээд, доод хэсэгт, хамрын хянга нуруунд улаан хүрэн цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл бүхий “хөнгөн” хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.Алтанхундагын гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

           1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Алтанхундагын өгсөн: “...Мөрдөн шалгшах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн, зөв. Хохирогчоос уучлалт гуйж, 500,000 төгрөг төлсөн, баримт байхгүй...” гэх мэдүүлэг[1],

  2. Хохирогч Ж.Ц*******ийн 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сайн санахгүй байна. Ямар ч байсан Б.******* намайг “наад зуух битгий түлхээд бай” гэж хэлж байсныг санаж байна. Сүүлд Б.******* миний дээр гараад суусан байрлалтай намайг цохиж байсан...” гэх мэдүүлэг[2],

3. Гэрч Ц.С*******ийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.******* Ж.Ц*******ийг “чи яагаад зуухаар оролдоод байгаа юм бэ?” гэж хэлээд тэр 2 маргалдаад байсан. Тэгээд нөгөө гэрт хүүхэд уйлаад байхаар нь би нөгөө гэр рүү орсон. Тэгээд хүүхдээ хөхүүлээд байж байтал тэр хоёрын дуу чангараад байхаар нь би орсон чинь тэр 2 хоорондоо барьцалдсан байдалтай байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг[3],  

4. Гэрч Ц.Б*******ийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай найз Б.******* нь Сүхбаатар 4 дүгээр багт эхнэр хүүхдийн хамт амьдардаг, тогтсон ажил байхгүй хувиараа ажил олж найз нартайгаа эвтэй байдаг даруухан залуу. Архи бараг уугаад байдаггүй. Уусан үедээ даруу төлөв байдаг. Гэр бүлийн харилцаа нь хэвийн байдаг шиг санагддаг...” гэх мэдүүлэг[4],

5. Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 277 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: 1. Ж.Ц*******ийн биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны баруун, зүүн ханын цөмөрсөн хугарал, баруун чамархайд зулгаралт, баруун зүүн зовхины дээд, доод хэсэгт, хамрын хянга нуруунд улаан хүрэн цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[5],

6. Яллагдагч Б.Алтанхундагын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр яллагдагчаар өгсөн: “...Ж.Ц******* гэрийн голд байсан зуухыг хөлөөрөө түлхээд байсан. Тэгэхээр нь би “гал голомтыг доромжлоод байна, битгий тэг” гэж хэлтэл би буцаагаад янзалъя гээд гал түлсэн байсан зууханд гараараа хүрэх гээд байсан. Тэгээд бид 2 маргалдаад зодолдсон. Би Ж.Ц*******ийн нүүр рүү нь гараараа 4-5 удаа цохисон...” гэх мэдүүлэг[6],

7. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тогтоол[7], 8.Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол[8], 9. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[9], 10. Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[10], 11. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол[11], 12. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаарх 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн прокурорын санал[12] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.******* гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.  

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ж.Ц******* нь хавтаст хэргийн материалтай танилцахдаа шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй, санал хүсэлт байхгүй гэсэн тайлбар гаргасанд үндэслэн шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 65 болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д торгуулийн ял шийтгэл оногдуулж, түүний цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан торгуулийн шийтгэлийг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тайжууд овогт *******ын *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Алтанхундагыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Алтанхундагын цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг Б.*******д анхааруулсугай.

5. Шүүгдэгч Б.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ц.АМАРГЭРЭЛ