Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 175/ШЦТ2020/206

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван,

 улсын яллагч В.Батдэлгэр,

 хохирогч Ш.*******,

 шүүгдэгч С.*******,

 шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Баярхүү нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Хариад овогт *******ын *******ид холбогдох эрүүгийн 2031002550169 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Хариад овогт *******ын *******, Монгол улсын иргэн, 1966 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн “Түнэл” суманд төрсөн, 54 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, нөхөр, хүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх 3 дугаар баг, Хяраан гэх газарт оршин суух, урьд ял шийтгэлгүй, РД:/*******/;

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч С.******* нь 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” сумын Хяраан гэх газарт оршин суух иргэн Р.Ганболдын гэрт хохирогч Ш.*******ыг үл ялих зүйлээр шалтаглан толгойн тус газарт нь хромон гутлаар цохисны улмаас баруун нүдний дээд зовхинд шарх бүхий “хөнгөн” хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч С.******* нь 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” сумын Хяраан гэх газарт оршин суух иргэн Р.Ганболдын гэрт хохирогч Ш.*******ыг үл ялих зүйлээр шалтаглан толгойн тус газарт нь хромон гутлаар цохисны улмаас баруун нүдний дээд зовхинд шарх бүхий “хөнгөн” хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч С.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.*******ийн өгсөн: “...******* ах манай нөхөр хоёр зуны улиралд пойлны манаачаар ажилладаг юм. Тэгээд өвлийн улиралд амардаг юм. Энэ хоёр зуны улиралд ажилтай байх үедээ ч архи уугаад өвөл амарсан үедээ ч архи уудаг. Надад ямар ч боловсрол байхгүй. Ихэвчлэн гэртээ ганцаараа л байдаг. Ерөнхийдөө ******* ах манай нөхрийг уруу татаж архи уугаад байдаг болохоор хүн л болсон хойно гомдож уурласандаа хороомон гутлаар толгой руу нь цохичихсон юм. Миний бие хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг[1],

2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.*******ын өгсөн: “...*******ийн нөхөр нь бага байхаасаа л манай хурдны морийг унадаг байсан. Ерөнхийдөө миний шавь гэж хэлж болно. Би *******ийн нөхрийг өдөр болгон уруу татаад уугаад байсан зүйл байхгүй. Бид хоёр зуны улиралд манаачийн ажил хийдэг. Ажлынхаа хажуугаар байнга архи уугаад байх боломжгүй байдаг. Хааяа нэг хамт архи уух үе байдгийг хүлээн зөвшөөрнө. Одоо миний бие эмчилгээнийхээ л зардлыг авчихвал өөр гомдол санал алга...” гэх мэдүүлэг[2],

  3. Хохирогч Ш.*******ын 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хярааны голд байдаг малчин Ганболд гэдэг айлд унтаж байхад манай сумын харьяат С.******* гэх эмэгтэй орж ирээд намайг татсан юм. Тэгээд би босож ирэхэд тэр авгай миний өмсөж явсан хромон гутлаар миний толгой хэсэг рүү цохиж автал цус гарсан. Алтанбулаг сумын эмнэлэгт ирээд 8 см газарт 5 оёдол тавиулсан. Би сард 500,000 төгрөгийн цалинтай. Сая 10 хоног ажилд явж чадаагүй тул энэ хоногийн мөнгийг нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг[3],

4. Гэрч Э.Оюунбилэгийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ш.******* ах манай гэрт хойморт газар гудас дээр хэвтэж байсан. Харин би зуухан дээр юм хийж байтал С.******* эгч орж ирээд шууд, үг дуугүй Ш.******* ахын өмсөж явсан гутлаар толгой руу нь цохиод авсан чинь толгой нь хагарч цус гарсан. Тэгэхээр нь би “та яаж байгаа юм бэ?” гэсэн чинь миний нүүр рүү гараараа нэг удаа цохиж авахаар нь би утсаар нөхрөө дуудсан...” гэх мэдүүлэг[4],

5. Гэрч О.Уранбилэгийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ш.*******ын ахын толгой нь хагарсан байдалтай байсан. Тэгээд сумын эмнэлэг дуудсан чинь Энхжаргал гэх эмч ирсэн. ...” гэх мэдүүлэг[5],

6. Гэрч Н.Алтанцэцэгийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын эхээр байх Ш.*******ын толгой хагарсан толгойноос нь их цус алдсан байдалтай байхаар нь дүүгийнд нь хүргэж өгсөн. С.******* гэх эмэгтэй цохисон гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг[6],

7. Гэрч А.Энхжаргалын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд ээлжтэй ажиллаж байх үед 17 цаг:20 минутанд Ш.******* гэх хүн бусдад зодуулсан гэх дуудлага өгсөн. Үүний дагуу би Хяраан гэх газарт очиход Ш.******* ахын толгой хагарсан байдалтай байсан. Намайг үзэхэд баруун нүдний дээд хэсэгт цохигдсон шархтай байсан. Түүнийг нь цэвэрлэж 5 оёдол тавьсан...” гэх мэдүүлэг[7],

8. Гэрч Г.Жамбалдоржийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай багийн иргэн С.*******  гэх эмэгтэй 54 настай. Ямар нэгэн гаж ааш зан бол байхгүй. Нөхөр Ариунболд нь Гачуурт ХХК-нд тариан талбайн манаач сахиул ажилтай. Би архи ууж байхыг нь хараагүй. Хүмүүс хааяа уудаг гэж ярьдаг...” гэх мэдүүлэг[8],

 9. Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 240 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: 1.Ш.*******ын биед баруун нүдний дээд зовхинд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[9],

10.Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[10], 11.Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас[11], 12.Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл[12], 13.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[13], 14.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол[14], 15.Захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас[15], 16.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[16], 17.Хохирлын баримт[17], 18.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[18] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч С.*******ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ш.******* нь шүүгдэгчээс хохирол төлбөрт 300,000 төгрөг нэхэмжилж байгаа боловч 109,000 төгрөгийн баримт гаргаж өгсөн байна. Иймд шүүхээс хавтаст хэрэгт авагдсан эмчилгээний баримтын хүрээнд эмчилгээний зардлыг гаргуулах нь хуульд нийцнэ гэж үзсэн. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хохирол төлбөр төлөх завсарлага авч, эмчилгээний зардлыг нөхөн төлсөн болно.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч С.*******ид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан: “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь хэсэгт заасан: “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” болон түүний хувийн байдал зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан үзсэн.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд чиглэсэн байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа, ойлгож ухамсарласан үйлдэл нь түүнийг ялаас чөлөөлөх гол үндэслэл юм.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан шүүгдэгч С.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эмэгтэй хүний толгойн үсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сэлэнгэ аймгийн шүүхийн Тамгын газрын дэргэдэх “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгах нь хуульд нийцнэ.

Шүүгдэгч С.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохилтой.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хариад овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан шүүгдэгч С.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эмэгтэй хүний толгойн үсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сэлэнгэ аймгийн шүүхийн Тамгын газрын дэргэдэх “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.

4. Шүүгдэгч С.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ц.АМАРГЭРЭЛ