Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 175/ШЦТ2020/211

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ,

 улсын яллагч Т.Нансалмаа,

 шүүгдэгч Д.О /гэрийн хорионд байх тул онлайнаар/ нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б овогт Дийн От холбогдох эрүүгийн 20310001850162 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Дийн О, Монгол улсын иргэн, 1979 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Булган аймгийн “Булган” суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд  боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн “Сүхбаатар” сумын * дугаар баг, * дугаар хэсэг, * дугаар байрны ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:**** /

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Д.О нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст улсын бүртгэгчээр ажиллаж байхдаа 2020 оны 01 дүгээр сард иргэн Д.Оийн гуйлтаар **** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болох үнэт цаасан дээр “Монгол улсын иргэн Б овогт Дагвын ******* /нэг иргэний өмч/ ****/ Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг, ** дугаар байр, ** тоот Орон сууц 28,95 м.кв талбайтай, “****” дугаарт бүртгэж гэрчилгээ олгов. Улсын бүртгэгч Д.О” гэх бичвэрийг хуурамчаар үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.О нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст улсын бүртгэгчээр ажиллаж байхдаа 2020 оны 01 дүгээр сард иргэн Д.Оийн гуйлтаар **** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болох үнэт цаасан дээр “Монгол улсын иргэн Б овогт Дагвын ******* /нэг иргэний өмч/ ****/ Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын *х дугаар баг, ** дугаар байр, ** тоот Орон сууц 28,95 м.кв талбайтай, “****” дугаарт бүртгэж гэрчилгээ олгов. Улсын бүртгэгч Д.О” гэх бичвэрийг хуурамчаар үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Д.О гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Оийн  өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн, зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг[1],

  2. Гэрч Б.Өгийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн үед би дөнгөж ажилдаа ороод удаагүй байсан бөгөөд Д.О маш их ажилтай байсан. Болохоор намайг дуудаад санхүүгээс гэрчилгээ аваад өгөөч гэж гуйсан. Би гуйлтын дагуу санхүүд ажиллаж байсан Маас гэрчилгээ авах гэсэн юм гэхэд М надад нэг цаас өгөөд энийг бөглөөд өг гэхээр нь бөглөөд гарын үсэг зурж авчирч өгсөн. ...” гэх мэдүүлэг[2],

3. Гэрч М.Мын 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ер нь улсын бүртгэгч нар ажилтай болохоор заримдаа дотоод ажилтан нараа явуулдаг. Тийм болохоор би Б.Өд өгсөн байх. Ер нь гэрчилгээ өгөхдөө буюу үнэт цаас өгөхдөө сар болгон бүртгэгч нарын тайланг харж байгаад үнэт цаас авах хугацаа нь болсон байна гээд үнэт цаасаа тараагаад өгдөг. Надаас Б.Ө юуг гэж хэлээд үнэт цаас авсан талаар санахгүй байна. Ямар ч байсан Б.Ө бүртгэлийн архивчин болохоор шаардах хуудсыг бөглүүлээд үнэт цаасаа өгсөн байх...” гэх мэдүүлэг[3],

4. Гэрч Э.Цийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Улсын бүртгэгч Д.О мэдүүлэхдээ иргэн Д.Оийн гуйлтаар тус гэрчилгээг 2020 оны 01 дүгээр сарын сүүлээр хуурамчаар бүртгэж өгсөн талаар мэдүүлсэн. Би шалгалтын хүрээнд **** дугаарын гэрчилгээ дээр байсан мэдээллийг цахим сангаасаа шүүж үзэхэд гэрчилгээ дээр байсан хаяг болон мэдээлэл хуурамч, хий шивэлт хийгдсэн нь тогтоогдсон....” гэх мэдүүлэг[4],

5. Гэрч Ц.Оын 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би Д.Оийг дуудаад чам дээр энэ сар бүртгэлийн ил зөрчилтэй материал шалгуулсан уу гэж асуухад Д.О надад бүртгэлийн илт зөрчилтэй материал орж ирээгүй гэж хэлсэн. Миний шалгасан гэрчилгээний хуулбар дээр Д.О гарын үсэг өөрийнхөө тэмдгийг дарсан байсан. Тухайн үед Д.От нөгөө хуурамч дугаартай гэрчилгээ орж ирвэл шууд надад хэлээрэй гэж хэлсэн. Би Д.От ямар учраас өөрийнхөө шалгасан мэдээллийг хэлээгүй вэ гэхээр иргэд хуурамч гэрчилгээ хийсэн байж болзошгүй гэж хардсан. Гэрчилгээг санд тулгаж үзээд хуурамч гэрчилгээ гэдгийг мэдээд Д.Оийн 2017-2019 оны хоорондох гэрчилгээ олголтын дэвтрийг шалгахад хуурамч гээд байгаа гэрчилгээний бүртгэл дэвтэр дээр байхгүй байсан. Хуурамч гээд байгаа ***** дугаарын гэрчилгээг шалгаж үзэхэд өөр хүний нэр дээр бүртгэлтэй, бүртгэлтэй хаяг нь ямар нэгэн зөрчилгүй байсан. Хуурамч гээд байгаа хаяг дээр нь орон сууц байсан. Өөрөөр хэлбэл Д.О ***** дугаартай гэрчилгээг эзэмшигч нь гэр хороололд хаягтай байсан. Мөн хуурамч гэрчилгээ дээр байсан үнэт цаасны дугаарыг шалгаад үзэхэд Д.О дээр хувиарлагдсан байсан. Тийм болохоор Д.Оийн үйлдлийг хяналтын тасагт шилжүүлсэн...” гэх мэдүүлэг[5],

6. Гэрч Д.Оийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Д.Оээс миний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ бичээд өгөөч гэж гуйсан. Гэрчилгээ гаргаж өгөөч гэж гуйгаад бид хоёр холбоо тасарсан. Энэ хооронд банкнаас намайг шүүхэд өгсөн бөгөөд шүүх хурал болоод шүүхийн шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэр гарсан учраас надад гэрчилгээ одоо хэрэггүй болсон талаар хэлсэн. Би Д.Оээс гэрчилгээ аваагүй. Удалгүй Д.О над руу утсаар яриад нөгөө гэрчилгээнээс болоод би ажилгүй болох гэж байна гэж хэлсэн. Би тэр үед Д.От “юу яриад байгаа юм бэ? би ямар наад гэрчилгээг чинь ашигласан юм уу?” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[6],

7. Шүүгдэгч Д.Оийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын сүүлээр Д.О надаас “Би Солонгос улс руу явах гээд байна, үл хөдлөхийн гэрчилгээ бичээд өгөөч” гэж гуйсан. Тэгээд би хэд хоногийн дараа санхүүгээс авсан үнэт цаасны гэрчилгээ дээр өөр хүний үл хөдлөхийн улсын бүртгэлийн дугаарыг давхцуулаад шивж гаргасан. Тэгээд би тухайн гэрчилгээгээ буруу бичсэн, хууль бус гэж ойлгоод Д.Од өгөлгүй өөртөө хадгалж байсан. Би Д.Оээс ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй...” гэх мэдүүлэг[7],

8.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тогтоол[8], 9.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ[9], 10.Улсын бүртгэлийн албаны эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн дотоод албан бичиг[10], 11.Үзлэг хийсэн тухай тэмдэглэл[11], 12.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ[12],  13.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол[13], 14.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[14] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Оийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч Д.О нь энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөргүй болно.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Д.От эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” болон түүний хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.От торгуулийн ял шийтгэл оногдуулж, түүний цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан, торгуулийн шийтгэлийг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.О нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Дийн Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эдийн, эдийн бус баялагийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оийн цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Д.От анхааруулсугай.

5.Шүүгдэгч Д.О нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

       

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ц.АМАРГЭРЭЛ