| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдоржийн Нармандах |
| Хэргийн индекс | 101/2016/08919/и |
| Дугаар | 1308 |
| Огноо | 2017-06-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 1308
“Мандах-2” СӨХ-ны нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2017/01169 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч “Мандах-2” СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч Ч.Батмөнх, Ш.Чингэрэл нарт холбогдох
"Мандах-2” СӨХ-ны 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн бүх гишүүдийн ээлжит бус хурлыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, СӨХ-ны удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийг шинээр томилсон тогтоолыг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Ч.Батмөнх, Ш.Чингэрэл нарын хууль бусаар гаргуулан авсан тамга, гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Билэгсайхан,
Хариуцагч Ч.Батмөнх, түүний өмгөөлөгч Д.Гэрэлмаа, хариуцагч Ш.Чингэрэл,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.
Нэхэмжлэгч "Мандах-2" СӨХ-ны гүйцэтгэх захирал Ц.Цэрэнбадамын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Билэгсайханы шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хорооллын 14, 22а байруудыг харьяалсан "Мандах-2" СӨХ нь 1999 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байна. Одоогийн байдлаар 27 жилийн насжилттай хоёр байшин, 504 өрхөд засвар үйлчилгээний хамгийн бага төлбөртэйгөөр үйлчилж байгаа бөгөөд тухайн жилд хийсэн ажлаа бүх гишүүдийн хуралд жил бүр тогтмол тайлагнаж, байр орцны тохь тух, СӨХ-ны үйл ажиллагаа жигд сайн гэсэн үнэлгээг авсаар ирсэн. СӨХ-ны 2015 оны тайлан, 2016 оны төлөвлөгөө, зохион байгуулалтын асуудал хэлэлцэх бүх гишүүдийн ээлжит хурлыг 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хийхээр товлон зарлаад байтал, СӨХ-ны ажил хангалтгүй байгаа тул зохион байгуулалтын асуудал авч хэлэлцэх ёстой гэсэн бичгийг "Сууц өмчлөгчдийн эрх ашиг хамгаалах ажлын хэсэг" нэрээр мөн сарын 20-нд байрны орцонд гаргаж тавьсан байсан.
Суугчдын санал хүсэлтийг хүндэтгэж, асуудлыг нягталж үзэх үүднээс бүх гишүүдийн хурлыг 2016 оны 01 дүгээр сарын 21-нд болгож хойшлуулсан боловч "Мэргэжлийн туслалцаа" компани "Оргилох булаг төв" гэнэтийн ажил гарсны улмаас хурлын танхимаа хэрэглүүлэх боломжгүй болсноо тулгуу мэдэгдсэн бөгөөд тухайн өдөр хуралд ердөө 58 хүн ирснээр хурал хүчин төгөлдөр болох ирц бүрдээгүй тул хурлыг дахин хойшлуулсан.
Гэтэл СӨЭАХАХ гэх Ч.Батмөнх, Ш.Чингэрэл тэргүүтэй хэсэг хүн "СӨХ-ны тайланг ч сонсохгүйгээр, Удирдах зөвлөлийг шууд огцруулна" хэмээн дайрч довтлохдоо, гүйцэтгэх захирал Ц.Цэрэнбадамыг хяналтын зөвлөлгүй ажиллаж, өмч хөрөнгө идэж ашигласан, цахилгааны төв самбарыг шилжүүлэн байрлуулсан холбооны данс давхар регистертэй явж ирсэн гэх мэт гомдол буруутгалыг гаргаж ирсэн тул хурлыг дахин хойшлуулсан.
СӨЭАХАХ энэхүү гомдлоо БЗД-ийн Цагдаагийн хэлтэст тавьсан боловч дүгнэлт гарч хариу ирэхээс өмнө, байр орц бүрээр явж дээрх буруутгалаа хууль бусаар тулган ухуулсаар, бас бүх гишүүдийн ээлжит хурлыг даруй хийлгэхийг шаардан шахсаар байсан ба Дүүргийн хөгжлийн төвөөс хурлыг 4 дүгээр сард багтаан хийж, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн нөхөн сонгууль хийх бичиг ирүүлсэн тул 2016 оны 04 дүгээр сарын 23-нд хуралдахаар болсон.
Мөнхүү хуралд биеэр 93 хүн ирсэн бөгөөд нэгэнт асуудал маргаан будлиантай болж ирсэн тул хурал хүчин төгөлдөр болох ирцийг бүрдүүлэх зорилт нэн тэргүүнд тавигдсан. Нөгөө талаар хуулийн байгууллагын дүгнэлтийг хүлээх нь зүйтэй гэх үндэслэлээр хурал дахин хойшилсон бөгөөд 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хийхээр товлосон.
Ажлын хэсгийн зүгээс ирцийг хангалттай бүрдүүлэх болно гээд салсан. Энэ хугацаанд зарим суугчид болон хуульчийн зөвлөгөө ёсоор Ч.Батмөнхтэй дахин ярьж, хурлын товыг хойшлуулах санал тавьсан ч эс зөвшөөрсөн. Ингээд 2016 оны 05 дугаар сарын 21-нд хурал эхлэхийн өмнө мөнхүү ажлын хэсгийнхэн удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзаж одоогийн зөвлөлийн 5 гишүүнээс хаяг шилжсэн н.Насандэлгэрийг хасаад дээр нь 1 биш харин 3 хүн нэмж сонгох санал тавьсныг ч Удирдах зөвлөл хүлээн авсан. Хурлаар энэ асуудлыг хэлэлцэх ёстой байсан. Ингээд ирц бүртгэлийн комисс ажиллаж бүртгэсэн бөгөөд хуралд 84 хүн биеэр ирж, 101 хүн буюу 20 хувийн ирцийг өөрсдийнх нь бөглөж авч ирсэн гэх саналаар, мөн 17 хүн итгэмжлэлээр оролцсонд тооцоод ч нийт 253-аас доошгүй хүн оролцох ирцэнд хүрээгүй тул хурал хойшлох болсон.
Гэтэл СӨЭАХАХ-ээс Хуулийн 8.3-р заалтыг гуйвуулж тайлбарлан, Бүх гишүүдийн ээлжит бус хурал гэж томъёолоод хурлын удирдлагыг булаан авч Дүүргийн хөгжлийн төвийн болон өөрсдийн саналыг ч үл хэрэгсэн удирдах зөвлөлийн гишүүдэд итгэмжлэл үзүүлэхгүй байх сөрөг санал асуулгыг явуулснаар бүгдийг огцруулсанд тооцоод мөнхүү ажлын хэсэг гэх хүмүүс бие биенээ харилцан нэр дэвшүүлж удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийг бүрдүүлсэн.
Ингээд шинээр сонгогдсон гэх удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн зүгээс “Мандах-2” СӨХ-ны тамгыг хүлээлгэн өгөх шаардлагыг тавьсан тул бидний зүгээс 2016 оны 05 сарын 21-ний өдрийн хурлыг хүчин төгөлдөр бус гэдгийг удаа дараа тайлбарласан боловч өөрсдийгөө “Мандах-2” СӨХ-ны удирдлагаар томилогдсон мэтээр оршин суугчдад тарааж, тамга тэмдэг гардуулж өгөхийг шаардаж, суугчдыг төлбөрөө төлөхгүй байхыг уриалах, СӨХ-ны данс хаалгах, шинээр Ш.Чингэрэлийг сонгосон гэх мэдээлэл гаргаж орцонд хадах зэрэг зохисгүй үйлдэл хийсээр байна. Ш.Чингэрэл нь өөрийгөө СӨХ-ны даргаар, Ч.Батмөнхийг удирдах зөвлөлийн даргаар томилон, байцаан шийтгэх ажиллагааны явцад тамга тэмдэг хурааж авсан байхад 2016 оны 09 сарын 07-ны байдлаар хуурамчаар тамга, гэрчилгээ гаргуулан авч оршин суугчид болон СӨХ-ны ажилчдыг бидний талд орохгүй бол ажлаас хална гэж дарамталж байна. Одоогийн байдлаар “Мандах-2” СӨХ нь хоёр тамга, гэрчилгээтэй болсон байгаа. Мөн харилцагч банк болон бусад байгууллагуудад өөрсдийгөө СӨХ-ны удирдлагууд болсон мэтээр албан бичиг хүргүүлж, байгууллагын дансыг хааж, ажилчдын хэвийн ажлаа явуулах нөхцөлгүй болгож, хууль бус ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8.3 дугаар заалт нь
зөвхөн ээлжит бус хурлыг хуралдуулах санаачилгын тухай асуудал болохоос, 9.2
дахь заалтыг үгүйсгэж байгаа хэрэг биш тул "Мандах-2" СӨХ-ны 2016 оны 05 дугаар
сарын 21-ний бүх гишүүдийн хурал хүчин төгөлдөр бус буюу хуульд заасан
шаардлага хангаагүй хурал юм. Иймд 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хурал нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9.2-т заасныг зөрчсөн байх бөгөөд тус хуулийн 9.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хурал бөгөөд хурлаар хэлэлцэгдэн шийдвэрлэсэн гэх бүхий л шийдвэрүүд хүчин төгөлдөр бус юм.
Иймд "Мандах-2 СӨХ-ны 2016 оны 05 сарын 21-ний өдрийн бүх гишүүдийн ээлжит бус хурлыг хүчин төгөлдөр бус хурал болохыг тогтоолгож, СӨХ-ны удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийг шинээр томилсон тогтоолыг хүчин төгөлдөр бусд тооцож, Ч.Батмөнх, Ш.Чингэрэл нарын хууль бусаар гаргуулан авсан тамга, гэрчилгээг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.Батмөнх, түүний өмгөөлөгч Д.Гэрэлмаа нарын шүүхэд гаргасан хариу тайлбарт: Хэрэгт “Мандах 2” СӨХ-ны гэрчилгээ авагдсан байгаа. Ц.Цэрэнбадам гэх хүнийг 2016 оны 09 сарын 17-ны өдөр гүйцэтгэх захирлаас чөлөөлсөн байдаг. Нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сард шүүхэд гаргасан. Гүйцэтгэх захирал биш атал нэхэмжлэл гаргаж “Мандах-2” СӨХ-ны захирал гэж өөрийгөө тодорхойлж байгаа нь үндэслэлгүй. Мөн Ч.Батмөнх нь иргэнийхээ хувьд энэ хэргийн хариуцагч болохгүй юм. Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдэд олгосон итгэмжлэл ч бас эргэлзээтэй. Иймд Н.Цэрэнбадам нь “Мандах-2” СӨХ-г төлөөлж нэхэмжлэл гаргах эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ш.Чингэрэл, түүний өмгөөлөгч Б.Жанчив нарын шүүхэд гаргасан хариу тайлбарт: Бүх гишүүдийн хурал нь нийт 3 удаа хойшилсон байдаг. Хойшилсон шалтгааныг нэхэмжлэгч ирц хүрэхгүй байсан мэтээр тайлбарлаж байна. Тухайн үед 5 дугаар сарын 21-ний өдөр хуралдсан хуралдаанаар өмнөх чөлөөлөгдсөн удирдах зөвлөлд хурлыг хуралдуулах бүх эрх нь байсан. Энэ гүйцэтгэх захирал нь удирдах зөвлөл, хяналтын зөвлөл болон СӨХ-ны гишүүдэд үйл ажиллагаагаа тайлагнах ёстой байтал тайлагнадаггүй, ирцийг хуульд заасан хугацаанд бүрдүүлж чадаагүй байдаг. Эрүүгийн хэрэгт Н.Цэрэнбадамд холбогдуулж гаргасан гомдлыг ажлын хэсэг биш, иргэн Ч.Батмөнх гаргасан. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Ч.Батмөнх, Ш.Чингэрэл нар өөрсдийгөө томилсон мэтээр, томилсоны дараа Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан мэтээр ярьж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь 5 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаан болохоос өмнө иргэн Ц.Цэрэнбадамд холбогдуулж цагдаад гомдол гаргаж шалгуулж байсан.
Нэхэмжлэлийн шаардлагын хувьд гурван үндсэн шаардлага байгаа. СӨХ-ны эрх зүйн байдлын тухай хуулийн 12.1 дэх хэсэгт гүйцэтгэх захирал нь нэг тохиолдолд шүүхэд гомдол гаргах эрхтэй. Өөр бусад асуудлаар гомдол гаргах эрх байхгүй. Гүйцэтгэх захирал шүүхэд СӨХ-г төлөөлж гомдол гаргана. Гэхдээ Ц.Цэрэнбадам нь өнөөдрийн байдлаар гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлөгдсөн байгаа. 2016 оны 06 сарын 06-ны өдөр Ц.Цэрэнбадамыг гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлсөн байхад өөрийгөө гүйцэтгэх захирал гэж үзээд бүх гишүүдийн хурлыг хууль бус гэж үзэж нэхэмжлэл гаргах эрхгүй.
Дараагийн асуудлын хувьд хурлаас гарсан шийдвэр тогтоол хүчин төгөлдөр бус гэж маргаж байна. Маргаан бүхий 5 дугаар сарын 21-ний өдрийн хуралд нийт 379 иргэн оролцсон байдаг. Биеэр 190 хүн, саналын хуудсаар 110 хүн, Иргэний хууль болоод СӨХ-ны тухай хуульд заасны дагуу 79 иргэн итгэмжлэлээр оролцсон байдаг тул хурал хуульд заасан ирцийг хангасан хүчин төгөлдөр хурал юм.
Цагдаагийн байгууллагад Ц.Цэрэнбадамыг шалгуулж тамга, тэмдэг хураасан гэж тайлбарлаж байна. Хоёр тамга тэмдэг байгаа нь үнэн, гэхдээ хэзээ тамга тэмдэг хурааж авсан, хэзээ тамга тэмдэг олгосон талаар тогтоох ёстой. 2016 оны 09 сарын 07-ны өдөр Ш.Чингэрэлийг захирал болсноор хэрэглэгдэж байгаа тамга тэмдэг гарсан байдаг. Ийнхүү тамга тэмдэг гарах болсон нь СӨХ-ны гишүүн биш, Ц.Цэрэнбадам тамга тэмдгээ өгөхгүй байсан ба холбогдох байгууллагад хандахад алга болчихсон байхгүй гэж хэлдэг байсан учир шинээр тамга тэмдэг авсан.
Нэхэмжлэгч тамга тэмдгийг хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүх төрийн байгууллагаас олгосон тамга тэмдэгийг хүчин төгөлдөр эсэх талаар шийдвэрлэхгүй. Тамга тэмдэг олгож байгаа эрх бүхий этгээд нь Засаг дарга, тамга тэмдэгийг хүчингүй гэж үзэж байгаа бол харьяаллын шүүхэд буюу захиргааны шүүхэд хандах ёстой. Иймээс 2016 оны 05 сарын 21-ний өдрийн хурлыг болон хурлаас гарсан шийдвэрийг хүчингүй болгох, тамга тэмдэгийг хүчингүйд тооцох боломжгүй. Нэхэмжлэгчийн ямар эрх, ашиг зөрчигдөж байгаа нь тодорхойгүй, мөн хариуцагч нар нэхэмжлэгчийн ямар эрхийг зөрчсөн ямар үйлдэл гаргасан нь тодорхой биш. Хариуцагч Ш.Чингэрэл, Ч.Батмөнх нар нь "Мандах 2" СӨХ-ны гишүүн хүмүүс, хурлыг зөвхөн Ш.Чингэрэл, Ч.Батмөнх нар хуралдуулаагүй. Энэ хоёр хүнд холбогдуулж гаргаснаар энэ хурлыг, хурлаас гаргасан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй юм. Мөн Ц.Цэрэнбадам гэх хүн “Мандах-2” СӨХ-г төлөөлж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 9.4.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ч.Батмөнх, Ш.Чингэрэл нарт холбогдуулан гаргасан "Мандах-2” сууц өмчлөгчдийн холбооны 2016 оны 05 сарын 21-ний өдрийн бүх гишүүдийн ээлжит бус хурлыг хүчин төгөлдөр бус хурал болохыг тогтоолгох, СӨХ-ны удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийг шинээр томилсон тогтоолыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Ч.Батмөнх, Ш.Чингэрэл нарын хууль бусаар гаргуулан авсан тамга, гэрчилгээг хүчингүйд тооцуулах" тухай нэхэмжлэгч “Мандах-2” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Билэгсайханы давж заалдах журмаар гаргасан гомдолд: "Мандах-2" СӨХ-ны зүгээс тус холбооны ээлжит бус гэх 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хурлыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг холбоог төлөөлөн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд анх 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр удирдах зөвлөлийн дарга, өмчлөгч В.Дүгэрмаа гаргасан бөгөөд шүүгч З.Баярмаа нь нэхэмжлэгч В.Дүгэрмааг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 12.4.4-т заасны дагуу СӨХ-г төлөөлөх эрхгүй этгээд байх бөгөөд харин уг асуудлаар гүйцэтгэх захирал нэхэмжлэл гаргах эрхтэй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр шүүгчийн захирамжид заасны дагуу нэхэмжлэлийг тус СӨХ-ны гүйцэтгэх захирал Ц.Цэрэнбадамаар гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй гэх үндэслэлээр 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.
Итггэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дээрх захирамжид гомдол гаргасан бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн захирамжаар хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9.2, 9.4 дэх хэсэгт заасны дагуу "Мандах-2" СӨХ-ны 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн бүх гишүүдийн ээлжит бус гэх хурлыг хүчин төгөлдөр бус хурал болохыг тогтоолгох, мөн өдрийн хурлаар шийдвэрлэсэн гэх "Мандах-2" СӨХ-ны удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийг шинээр томилсон тогтоолыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хариуцагч Ч.Батмөнх, Ш.Чингэрэл нарын хууль бусаар гаргуулан авсан тамга, гэрчилгээг хүчингүйд тооцуулах гэж тодорхойлон дахин нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн ба 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг захирамжийн үндэслэл нь "Мандах-2" СӨХ-ны гүйцэтгэх захирал Ц.Цэрэнбадамыг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж, уг нөхцөл байдал шүүх хуралдааны явцад тогтоогдсон гэх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.5, 117.1-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгчийн зүгээс дээрх захирамжид гомдол гаргасан ба тухайн шатны ерөнхий шүүгч уг гомдлыг хангаж, нэхэмжлэгч Ц.Цэрэнбадамыг нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд болохыг тогтоосон. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "... Хэрэгт авагдсан нотлох баримт болох 113 дугаар бүхий гэрчилгээ, “Мандах-2” СӨХ-ны бүх гишүүдийн хурлын тогтоол, удирдах зөвлөлийн тогтоол зэрэг бичгийн баримтууд, зохигчдын тайлбараар тухайн Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлаар Ш.Чингэрэлийг бүртгэсэн бүртгэл хүчин төгөлдөр байх бөгөөд, “Мандах-2” СӨХ-г төлөөлөх эрхтэй этгээд нь гүйцэтгэх захирлаар томилогдсон Ш.Чингэрэл байна. Өөрөөр хэлбэл Ц.Цэрэнбадам нь “Мандах-2” СӨХ-ны эрх зөрчигдсөн гэж үзэж байгаа нэхэмжлэлийн хувьд холбоог төлөөлж шаардлага гаргах эрхгүй этгээд байх тул маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт өгөөгүй болно" гэж үндэслэлгүй, өөрөө өөрийнхөө үндэслэлийг үгүйсгэсэн, нэхэмжлэлийн шаардлагын талаар урьдчилан дүгнэлт хийсэн, нэг талыг барьсан дүгнэлт хийсэн. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн 1 шаардлага нь хариуцагч Ч.Батмөнх, Ш.Чингэрэл нарын гаргуулан авч, Ш.Чингэрэлийг гүйцэтгэх захирлаар бүртгэсэн гэх 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 113 дугаартай гэрчилгээ нь хүчин төгөлдөр бус хурлын үндсэн дээр олгогдсон гэрчилгээ байх тул хүчингүй болгуулах болно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэл гаргахдаа хариуцагч Ш.Чингэрэл шинээр гэрчилгээ гаргуулан авсан болохыг, гүйцэтгэх захирлаар бүртгүүлсэн болохыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ маш тодорхой дурдсан бөгөөд шинээр гаргуулан авсан гэрчилгээ хүчингүйд тооцуулах шаардлага гаргасан. Гэтэл шүүх дээр дурдсан үндэслэл, шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан хэрнээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч буюу бидний зүгээс гаргасан хүсэлтийн дагуу Баянзүрх дүүргийн хөгжлийн төвөөс ирүүлсэн нотлох баримтуудаас "Мандах-2" СӨХ шинэ гэрчилгээтэй болсон, хариуцагч Ш.Чингэрэл нь гүйцэтгэх захирлаар томилогдсон болохыг мэдсэн мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Мөн шүүх нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгосон хэрнээ нэхэмжлэлийн нэг шаардлага болох хариуцагч нарын шинээр гаргуулан авсан гэрчилгээ, гүйцэтгэх захирлаар Ш.Чингэрэлийг томилсон бүртгэлийг хүчин төгөлдөр байна гэж урьдчилсан дүгнэлт хийсэн байна. Өөрөөр хэлбэл маргааны үйл баримтын талаар дүгнэлт өгөх хууль зүйн үндэслэл бүрдээгүй байна гэсэн атлаа нэхэмжлэлийн нэг шаардлагыг хэрэгсэхгүй болгож, уг үндэслэлээрээ хариуцагч Ш.Чингэрэлийг "Мандах-2" СӨХ-г итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрхтэй этгээд гэж хууль зөрчсөн дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 18.1.1-д "холбоог зохион байгуулах хурлын шийдвэрийг үндэслэн сум, дүүргийн Засаг даргын тамгын газар холбоог бүртгэх" гэж заасан байна. Өөрөөр хэлбэл дүүргийн Засаг даргын тамгын газар нь хуульд заасан журмын дагуу хуралдсан бүх гишүүдийн хурлын шийдвэр, удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн СӨХ-ны бүртгэл хийхээр заасан байна. Гэтэл маргааны зүйл болох "Мандах-2" СӨХ нь шинээр зохион байгуулагдаагүй бөгөөд хариуцагчдийн зүгээс өөрсдийн зохион байгуулсан 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ээлжит бус, хүчин төгөлдөр бус хурлын үндсэн дээр удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлийг шинээр томилсон гэх тайлбарыг гаргадаг. Гэтэл хариуцагч нарын зүгээс гүйцэтгэх захирал Ц.Цэрэнбадам нь компанийн тамга, гэрчилгээг хүлээлгэж өгөхгүй байна гэх үндэслэлээр дахин гэрчилгээ авах хүсэлтийг гаргасныг Баянзүрх дүүргийн хөгжлийн төвөөс шинээр гэрчилгээ гаргаж өгөн, Ш.Чингэрэлийг гүйцэтгэх захирлаар томилсон бүртгэл хийсэн.
Түүнчлэн "Мандах-2" СӨХ-ны хүчингүй болсон гэх 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 113 дугаартай гэрчилгээний ард хийгдсэн бүртгэлээр Ц.Цэрэнбадамыг 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр бүртгэлийн ажилтан Д.Хосбаяр бүртгэсэн байна.
Хариуцагч Ч.Батмөнх, Ш.Чингэрэл нарын хүсэлт шинээр гаргуулан авсан гэх 113 дугаартай гэрчилгээний ард өмнөх бүртгэл хийсэн Д.Хосбаяр бүртгэлийг гараар хуулан бичээд, бүртгэсэн огноог 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэж бичин, Баянзүрх дүүргийн хөгжлийн төвийн ажилтан Д.Намнангарав бүртгэл хийсэн мэтээр бичсэн байна. Уг хоёр гэрчилгээнээс үзвэл Ц.Цэрэнбадамыг "Мандах-2" СӨХ-ны гүйцэтгэх захирлаар бүртгэсэн бүртгэлийг 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Д.Хосбаяр, 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн огноогоор Д.Намнангарав гэх ажилтан дахин бүртгэсэн мэтээр бичсэн нь уг 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн шинээр олгогдсон гэх 113 дугаартай гэрчилгээ, Ш.Чингэрэлийг гүйцэтгэх захирлаар бүртгэсэн бүртгэл нь хүчин төгөлдөр бус болох нь тодорхой байгаа юм. Мөн хариуцагч нарын хүсэлтээр Баянзүрх дүүргийн засаг дарга Д.Пүрэвдаваагийн гарын үсэг бүхий 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 113 дугаар гэрчилгээ нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан "захиргааны акт" биш бөгөөд СӨХ-ны бүх гишүүдийн хурал, хурлаас гарах шийдвэр, удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, гүйцэтгэх захирлыг томилох шийдвэр зэрэг нь нийтийн эрх зүйн харилцаа биш буюу захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш юм. Өөрөөр хэлбэл Ш.Чингэрэлийг гүйцэтгэх захирлаар Баянзүрх дүүргийн засаг дарга томилоогүй бөгөөд харин хүчин төгөлдөр бус хурлын үндсэн дээр өөрсдийгөө удирдах зөвлөлийн гишүүдээр сонгогдсон гэх хүмүүс томилсон юм. Үүнээс үзвэл шинээр гаргуулан авсан гэх СӨХ-ны гэрчилгээ, тамга, Ш.Чингэрэлийг гүйцэтгэх захирлаар бүртгэсэн бүртгэлийг хүчингүйд тооцох харилцаа иргэний шүүхийн харьяаллын маргаан юм.
Түүнчлэн анхан шатны шүүхийн шүүгч нь өөрийн шийдвэрт заасан үндэслэлээр өмнө нь буюу 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 101\Ш32017\02543 дугаартай "Хэргийг хэрэсэхгүй болгох тухай" захирамж гаргаж байсан бөгөөд тухайн шатны шүүх, уг захирамжийг нь үндэслэлгүй болохыг тогтоож, тогтоол гаргасаар байтал, яг адил үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн процессийн алдаа юм. Шүүх хуралдааны төгсөлд шүүгчээс уг шийдвэр нь өмнөх хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамжаар юугаараа ялгаатай болох талаар тодруулахад "Өмнөх нь захирамж байсан, энэ удаагийн шийдвэр" гэсэн хариу хэлсэн бөгөөд уг шүүгчийн хариунаас үзэхэд анхан шатны шүүгч нь хэргийг анхнаасаа шийдэх сонирхолгүй, хэт нэг талыг барьсан, өөрийн хууль зөрсөн, үндэслэлгүй шийдвэрийг зөвтгөх гэж улайран зүтгэж байгаа нь тодорхой байна.
Дээр дурдсан үндэслэлүүдээс үзвэл Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 101\ШШ2017\01169 дугаар шийдвэр нь нэхэмжлэлийн шаардлагын талаар урьдчилан дүгнэлт хийсэн, хууль зүйн үндэслэлгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167.1.4-т заасны дагуу хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч "Мандах-2" Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Ч.Батмөнх, Ш.Чингэрэл нарт холбогдуулан "Мандах-2 СӨХ-ны 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн бүх гишүүдийн ээлжит бус хурлыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, СӨХ-ны удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийг шинээр томилсон тогтоолыг хүчин төгөлдөр бусад тооцож, Ч.Батмөнх, Ш.Чингэрэл нарын хууль бусаар гаргуулан авсан тамга, гэрчилгээг хүчингүйд тооцуулахаар шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
“Мандах-2” Сууц өмчлөгчдийн холбоо нь 2004 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хурлаар дүрмээ баталсан, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 113 тоот гэрчилгээ авч, үйл ажиллагааг тус дүүргийн 18 дугаар хороо 14, 22а байрны хэмжээнд явуулдаг байна.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал юм. Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар бүх гишүүдийн хурал ээлжит болон ээлжит бус байна.
Хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дах хэсэгт зааснаар ээлжит бус хурлыг удирдах болон хяналтын зөвлөл, гүйцэтгэх захирлын шийдвэрээр буюу бүх гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувийн санаачилгаар хуралдуулна.
“Мандах-2” СӨХ-ны удирдах зөвлөл, сууц өмчлөгчдийн ажлын хэсэг 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хуралдаж, бүх гишүүдийн хурлыг 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр явуулахаар шийдвэрлэсэн, тогтоосон хугацаанд ирц хүрэлцээгүйгээс ээлжит хурал явагдаагүй боловч хуралд ирсэн гишүүдийн 100 хувийн саналаар ээлжит бус хурал явуулахаар шийдвэрлэжээ.
Иймд хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дах хэсэгт заасныг зөрчөөгүй байна. Энэ хурлаас өмнө нь ажиллаж байсан В.Дүгэрмаа, С.Дашзэвэг, Г.Одончойжав, Ц.Түвшинтөгс, Н.Насандэлгэр нарын бүрэлдэхүүнтэй удирдах зөвлөл, н.Амаржаргал, н.Ивандорж, н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хяналтын зөвлөлийг татан буулгаж, шинээр Ч.Батмөнх, Г.Батхуяг, Б.Пүрэвжав, Ц.Ганбаатар, Ц.Баатар, Ж.Хулан, С.Адъяасүрэн нарын бүрэлдэхүүнтэй удирдах зөвлөл, Ш.Чингэрэл, П.Мөнгөнхуяаг, Д.Ээлэгмаа, С.Эрдэнэчимэг, Т.Идэрбаяр нарын бүрэлдэхүүнтэй хяналтын зөвлөлийг баталсан байна.
Дээрх хурлын шийдвэрээр өмнөх болон шинээр батлагдсан удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөх тул тэдгээрийг “Мандах-2” СӨХ-ны гүйцэтгэх захирал төлөөлөх эрхгүй байгаагаас гадна гүйцэтгэх захирлын эрх, ашиг сонирхол шууд хөндөгдсөн гэж дүгнэхээргүй байна. Иймд түүнийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзнэ.
Түүнээс гадна иргэн Ч.Батмөнх, Ш.Чингэрэл нар маргаан бүхий хурлын шийдвэрийг бие дааж гаргасан гэж үзэхээргүй, тэдгээр нь шинээр томилогдсон СӨХ-ны удирдах болон хяналтын зөвлөлийг дангаар төлөөлөхгүй тул холбогдох нэхэмжлэлийн хариуцагч биш гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2017/01169 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Б.НАРМАНДАХ