| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигмэддоржийн Долгормаа |
| Хэргийн индекс | 201/2018/00016/Э |
| Дугаар | 17 |
| Огноо | 2018-04-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 10.1.2, |
| Улсын яллагч | Л.Мөнхбаяр |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 17
*******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Б.Сүхгомбо, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд хийв.
Шүүх хуралдаанд:
Прокурор Л.Мөнхбаяр
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, Г.Одцэцэг
Өмгөөлөгч Ө.Батболд
Яллагдагч *******
Яллагдагч нарын өмгөөлөгч В.Давааням нар оролцов.
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж шийдвэрлэсэн, 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 151 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор Л.Мөнхбаярын бичсэн эсэргүүцлээр *******, ******* нарт холбогдох эрүүгийн 1721000000057 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1995 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, уран дархан мэргэжилтэй, ам бүл 2, эцгийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ын *******.
Монгол Улсын иргэн, 1964 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, хүүгийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ын *******.
Яллагдагч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хэрлэн гудамжны ******* тоот хашаанд тэй маргалдаж улмаар онц харгис хэрцгийгээр амь насыг хохироосон,
Яллагдагч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хэрлэн гудамжны ******* тоот өөрийн гэртээ тэй маргалдаж улмаар түүний толгойн тус газар сандлаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаяр яллагдагч *******д холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар, яллагдагч *******т холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 151 дүгээр шүүгчийн захирамжаар:
Яллагдагч *******, ******* нарт холбогдох 1721000000057 дугаартай эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр прокурорт буцааж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон иштэй хутга 1 ширхэг, гурван хөлтэй төмөр сандал 1 ширхэг, ягаан өнгийн хөнжлийн даавуу, цэнхэр өнгийн цамц, ногоон өнгийн фудволк, хар хөх өнгийн жинсэн өмд, ягаан өнгийн дотоож зэргийг, баримт бичгээр ирүүлсэн яллагдагч нарын иргэний үнэмлэхний лавлагааг хэргийн хамт тус тус хүргүүлж... шийдвэрлэжээ.
Прокурор Л.Мөнхбаяр эсэргүүцэлдээ: “... Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 151 дугаартай захирамж нь дараах нотлох баримтаар үгүйсгэгдэж байна. Үүнд:
Өсвөр насны гэрч ийн...ингээд гэрт ороод талийгаач ах д хандан “хүүгээ авъя” гэж хэлсэн. Тэгсэн чинь ах талийгаач ахад хандан “чи тэр янхан ээждээ хэлээрэй, ийг авна гэж хэлээд уурлаад байна лээ” гэж хэлсэн чинь талийгаач ах уурлаад “манай ээжийг юу гэж янхан гэж хэлээд байгаа юм, чамайг ална шүү” гэж хэлсэн чинь “чи намайг алдаг болсон уу” гэж хэлээд хэвтэж байснаа босоод ирсэн. Тэгээд ах манай ахыг тонгорч унагааж газарт хэвтүүлээд дээрээс нь гараараа цохиод байсан бөгөөд ахын аав ах талийгаач г сандлаар хэвтэж байхад нь толгой руу нь 2-3 удаа цохисон...талийгаач ах босохоор нь би ахыгаа хаалга руу түлхсэн чинь ах шүүгээнээсээ үзүүр нарийхан хутга гаргаж бариад ардаа нуухаар нь би ахыгаа “гаръя” гэж хэлээд гэрээс аваад гарсан. Гэрээс гараад байшингийн зүүн урд талд хоорондоо маргалдаж зогсож байгаад газарт унасан. Тэгсэн чинь ах манай талийгаач ахын дээр гараад хүйсний хажуу талаар нэг удаа хутгалж мөн хөлний цавь хавьцаа хутгалсан чинь манай ах түлхэж холдуулсан... ах босож ирэхдээ сонин болоод амьсгаа нь давчдаад хурдан хурдан амьсгалж ямар нэгэн зүйл хэлэхгүй байсан учраас би талийгаач ахыг хоёр талаас нь бариад арай гэж авч явж байхад замдаа алхаж чадахгүй газарт 2-3 удаа унасан... гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 67-68, 78-79 дүгээр хуудас/
Өсвөр насны гэрч О....аав надад “миний хүү бос, хувцсаа өмс, явъя” гэж хэлэхэд ******* ах аавд “ чи тэр гичий ээждээ хэлээрэй, намайг элдэв муухайгаар доромжлоод байна лээ” гэж хэлэхэд аав “чи муу миний ээжийг юу гээд байгаа юм бэ, ална шүү” гэж хэлээд уурлахад ******* ах “чи муу намайг алдаг болоо юу” гэж хэлээд хэвтэж байснаа босоод аав руу дайрахад аав хацар дээр нь нэг удаа алгадсан. Тэгээд тэр хоёр барьцалдаад авахад өвөө жижиг төмөр сандал аваад аавын толгой руу 2 удаа цохиод аавыг газарт унахад ******* ах, өвөө хоёр аавын дээрээс гараараа цохиж зодоход нь эгч бид хоёр “боль” гээд салгаад аавыг аваад байшингаас гарсан. Тэгтэл ******* ах араас гарч ирээд баруун гартаа хутга барьчихсан нурууныхаа араар хийгээд нууж байгаад “хөөе банди минь, наашаа хар” гээд аавыг дуудаад эргээд харахад зүүн гараараа хацар руу нь нэг удаа цохиход аав газарт унаад босож ирэхэд нь ******* ах толгойгоороо гэдэс рүү нь тулж байгаад хөл, гуя руу нь хэд хэдэн удаа хутгалаад толгойгоо дээш нь өндийлгөж байгаад аавын хүйсний дээд талд нэг удаа хутгалсан. Тэгэхэд нь эгч бид хоёр аавыг аваад хашааны үүд рүү явахад ******* ах хутганыхаа үзүүрийг арагш нь харуулж барьчихаад бид нарыг үүд хүртэл дагаж алхаад “чи муу дахиад хутгалуулмаар байна уу” гэж хэлсэн...******* өвөөгийнх нарийхан үзүүртэй бор шаргал өнгийн иштэй нэг ширхэг хутгатай мөн нэг ширхэг заазууртай байдаг юм...эхлээд аав, эгч, ах гурав гаднаас орж ирсэн. Тэгээд аав, ******* ах хоёр маргалдахад айгаад гараад явчихсан. Гэр дотор зодоон болсны дараа аавыг аваад гадагшаа гарахад ах хашаан дотор зогсож байсан... ах аавыг хутгалах үед өвөө байгаагүй гэртээ байсан. Би ******* ахыг гэж дууддаг юм...гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 68-70 дугаар хуудас/
Өсвөр насны гэрч М.гийн...тэгээд ах хүүгээ явъя гэж хэлэхэд ******* ах “дуугүй бай” гэж хэлээд ахыг загнаад тэр хоёр хоорондоо хэрэлдэж байгаад ******* ах хэвтэж байснаа босоод ирэхээр нь би айгаад гэрээс гараад хашааны гадна талд гарч зүүн хойшоо нэлээд хол очоод зогсож байхад хэсэг хугацааны дараа эгч, ах нар ахыг хоёр талаас нь түшээд ******* ахын хашаанаас гараад ирэхээр нь би өөдөөс нь очоод ахыг түшилцээд явахад ******* ах хашааныхаа хаалган дээр ирээд “дахиад хутгалуулмаар байна уу” гэж хашгирч байсан...би ахыг хутгалуулахыг хараагүй... гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 72-74 дугаар хуудас/-үүд байсаар байтал дахин гэрч нарын мэдүүлэгтэй холбогдуулж дахин шалгах ажиллагаа явуулах, мэдүүлгийн зөрүүг арилгах шаардлагатай гэсэн үндэслэлээр буцаасан нь үндэслэлгүй байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан бөгөөд шүүгдэгч ******* нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хэмжээний дотор шийдвэрлэх боломжтой байна. Иймд анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 151 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийн дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.Мөнхбаяр дүгнэлтдээ: …Би эсэргүүцэлдээ шүүгчийн захирамжийн заалт болгонд тайлбар хийгээгүй. Заалт бүртээ мөрдөн шалгах ямар ажиллагаа хийлгэх гэж байгаагаа тодорхой бичээгүй байна. *******, ******* нарт холбогдох хэргийг хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хянан шийдвэрлэх боломжтой юм. Иймд бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
*******, ******* нарт холбогдох хэргийн үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судлах замаар дүгнэх боломжтой байна.
Шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь заалтуудыг баримтлан хэргийг буцаасан боловч мөрдөн шалгах ямар ажиллагаа хийлгэх, мөрдөн шалгах ажиллагааны явцад хуулийн ямар заалт зөрчсөн зэргийг тодорхой заагаагүй бөгөөд энэ талаарх прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 зүйлийн 1.3, мөн зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 151 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.НАРАНБАЯР
ШҮҮГЧИД Б.СҮХГОМБО
Ж.ДОЛГОРМАА