Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 036

 

            Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Цэнгэл сумын 9 дүгээр багийн оршин суугч Х.Сын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргад  холбогдох,

            “Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б/05 дугаар, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/09 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, байгаль орчны хяналтын улсын байцаагчийн албан тушаалд томилохыг эрх бүхий албан тушаалтанд даалгах тухай”  шаардлага бүхий  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.С, хариуцагч Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Е, гуравдагч этгээд Д.Т, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Х.Зулхаш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Х.С Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газарт нийгмийн бодлогын түшмэл ажилтай. Дээд боловсролтой, газар зүй, түүхийн багш мэргэжилтэй, 1992 онд байгаль шинжлэл хичээл заах курст суралцаж төгссөн. Байгалийн болон түүхийн шинжлэх ухаанаар мэргэшсэн. 2006 онд Удирдлагын академийг нийгмийн удирдлагын менежерийн мэргэжлээр  суралцаж төгссөн. Төрийн албанд 30 дахь жилдээ ажиллаж байгаа.

1988-1997 он хүртэл Цэнгэл сумын Ерөнхий боловсролын сургуульд газар зүй байгаль шинжлэлийн багш, 1998-2006 он хүртэл Тува бага сургуульд захирал, 2007 оноос хойш төрийн захиргааны жинхэнэ албанд ажиллаж байгаа. 2017 оны 12 дугаар сарын 24-нд Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газарт байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан С.Тилеубай өндөр насны тэтгэвэрт гарч уг орон тоо хуулийн дагуу сул орон тоо болсон. Тухайн үед уг орон тоонд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагад миний эзэмшсэн мэргэжил, төрд ажилласан хугацаа, мэргэшсэн байдал нийцэж байна гэж үзэж сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Еад 2018 оны 01 дүгээр сарын 12-нд хүсэлт гаргасан боловч ямар нэгэн хариу өгөөгүй.

Энэ албан тушаалд ажиллахаар тухайн үед 5 хүн өргөдөл өгсөн боловч 3 хүн урьд нь төрд ажиллаж байгаагүй, нэг хүн тусгай дунд боловсролтой хүн байсан. Миний бие энэхүү орон тоонд дэвшин ажиллах бүрэн боломжтой байсан ч ямар нэгэн шалтгаан хэлэхгүйгээр томилоогүй юм.

Тэтгэвэрт гарсан С.Тилеубайг 2019 оны 06 дугаар сар хүртэл түр ажиллуулж байгаад 2018 оны 06 дугаар сарын 18-нд Б/05 дугаар тушаалыг Засаг даргын Тамгын газрын дарга Б.Е гэнэт гаргаж, Д.Тийг уг албан тушаалд томилсон нь хууль бус гэж үзэж байна. Учир нь,

Төрийн захиргааны жинхэнэ албаны сул орон тоо гарсан үед нийтэд мэдээлж төрийн албаны салбар зөвлөлд захиалга өгөөгүй, тухайн үед Төрийн албаны зөвлөлөөс холбогдох хууль журмын дагуу нэр дэвшүүлээгүй, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх заалтын дагуу тухайн байгууллагад ажиллаж байсан байгаль орчны хяналтын улсын байцаагчийн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байсан надад хууль зүйн үндэслэл бүхий хариу тайлбар өгөөгүй юм. Тухайн албан тушаалд томилогдох гэж байгаа этгээдийн талаар холбогдох хууль журмын дагуу эрх бүхий байгууллагад хандаж ашиг сонирхлын талаар дүгнэлт гаргуулаагүй зэрэг хууль зүйн зөрчил гаргасан гэж үзэж 2016 оны 06 дугаар сарын 25-нд зохих хууль журмын дагуу Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан юм.

Уг гомдлыг шийдвэрлүүлэхээр Төрийн албаны зөвлөл 2018 оны 07 дугаар сарын 20-нд 810 дугаар албан бичгээр миний гомдлыг Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн дарга Х.Тилегенд шилжүүлсэн ба салбар зөвлөлөөс хугацаа хэтрүүлэн хариу өгсөн боловч уг хариуд миний өргөдөлд дурдсан асуудлыг огт тусгаагүй, Төрийн албаны салбар зөвлөлийн эрх хэмжээнд хамааралгүй зүйл бичсэнийг үл зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд дахин гомдол гаргасан юм. Миний гаргасан гомдлыг Төрийн албаны зөвлөл 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 91 тоот албан бичгээр  Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн даргад шилжүүлснээр тус зөвлөлөөс 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 31 тоот албан бичгээр хариуг 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гардан авсан. Уг хариу мөн хууль эрх зүйн үндэслэлгүй тул холбогдох хууль, журмын дагуу захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж байна.

Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл хууль тогтоомжийн хүрээнд миний гаргасан гомдлын дагуу комисс томилж надаас ямар нэгэн тайлбар аваагүй ба ямар нэгэн хянан шалгах ажиллагаа явуулаагүй.

Д.Тийг сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн албан тушаалд 2018 оны 06 дугаар сарын 18-нд томилсон тушаал гарсан байхад салбар зөвлөл Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүргүүлсэн мэтээр хариу өгсөн нь огт авцалдаагүй худал зүйл болсон байна.

Ажил олгогчоос өгсөн тайлбартаа намайг багш мэргэжилтэн тул томилох боломжгүй гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Би багш мэргэжилтэй боловч байгалийн шинжлэх ухаанаар мэргэшсэн бөгөөд үүнийг дээд сургууль төгссөн дипломын хавсралтад орсон хичээл нотолно. Мөн байгаль шинжлэлийн хичээл заах курст сурч олсон мэргэшил уг ажлын байрны тодорхойлолтод заасан шалгуурыг хангана гэж үзэж байна.

Төрийн албаны хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу тус Засаг даргын Тамгын газарт ажиллаж байгаа миний бие уг албан тушаалд томилогдох эрхтэй гэж үзэж байна.

Иймд зохих хууль, журмын дагуу захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа. Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргын Д.Тийг байгаль орчны хяналтын улсын байцаагчаар томилох тухай 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгож, уг албан тушаалд намайг томилохыг Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж өгөхийг хүсэж байна.

Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Е 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Б/09 дугаар тушаал гаргаж Д.Тийг сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн албан тушаалд дахин томилсон байна. Иймд энэ тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байгаа.

 Миний бие байгаль орчны хяналтын улсын байцаагчийн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангаж байгаа гэж уг албан тушаалд томилохыг хүссэн боловч миний хүсэлтийг хүлээж аваагүй. Миний үзэж байгаагаар Төрийн албаны тухай хуулиар төрийн албанд хүнийг ялгаварлан гадуурхыг хориглосон байдаг. Миний өргөдөл, гомдолд ямар ч хариу өгөөгүй, мөн тухайн орон тоонд тавигдах шаардлагыг би бүрэн хангаж байсан мөөртлөө намайг авч ажиллуулахаас татгалзаж байгаа нь намайг гадуурхсан үйлдэл гэж үзэж байгаа гэв.

Хариуцагч Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргаас шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

       Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан хүн тэтгэвэрт гарснаар тухайн орон тоо сул гарсан. Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн орон тоо нь онцлогтой, чухал шаардлагатай орон тоо байгаа. Тухайн албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангасан, албан тушаалын чиг үүргийг гүйцэтгэхэд тохирсон хүнийг томилох шаардлага гарсан. Үүний дагуу энэ албан тушаалыг гүйцэтгэх боломжтой Д.Т  гэдэг хүнийг 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр томилсон.

 Д.Т нь байгаль орчны хяналтын улсын байцаагчийн албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангасан, байгаль хамгаалагчаар 23 жил ажилласан, дээд боловсролтой, экологи, байгаль хамгааллын менежмент мэргэжилтэй хүн байгаа. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх заалтад “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшнээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө” гэж заасан байх ба тийм хүн байхгүй бол сонгон шалгаруулах замаар нөхөх ёстой.

 Гэтэл Д.Т нь байгаль хамгаалагчаар ажиллаж байсан, дээрх хуулийн шаардлагыг бүрэн хангаж байгаа тул түүнийг маргаан бүхий албан тушаалд томилсон болно. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Сумын Засаг даргын Тамгын газарт байгаль орчны бодлого, зохицуулах нэг орон тоо, сумын хэмжээнд нийгмийн бодлогын асуудлыг зохицуулдаг нэр орон тоо байдаг. Нийгмийн бодлогын асуудлыг Х.С хариуцан ажиллаж байгаа ба уг албан тушаалыг багш мэргэжилтэй хүн хариуцан ажиллахаар ажлын байрны тодорхойлолтод тусгасан.

Мөн хөдөө аж ахуйн салбарыг хариуцсан нэг орон тоо байдаг ба эдгээр салбаруудыг хариуцсан мэргэжилтнүүдийг хооронд нь хольж болохгүй. Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан журмын дагуу ажлын байрны тодорхойлолтыг боловсруулдаг. Харин байгаль орчны хяналтын улсын байцаагчийн ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлага хангасан экологи, байгаль орчны менежмент мэргэжилтэй хүнийг томилсон. Харин Х.Сын хэлж байгаа газар зүй, түүхийн багш мэргэжил нь байгаль орчны хяналтын улсын байцаагчийн ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлагад тохирохгүй байгаа. Тийм учраас түүнийг маргаан бүхий албан тушаалд томилохоос татгалзсан ба татгалзал үндэслэл бүхий гэж үзэж байна.

 Гэхдээ Х.С байнга хамтран ажиллаж байгаа манай Тамгын газрын ажилтан, түүнийг муу гэж хэлэхгүй, өөрийн хариуцаж буй ажил, албан тушаалын чиг үүргийг хангалтай гүйцэтгэж яваа мэргэжилтэн юм. Түүнчлэн байгаль орчны хяналтын улсын байцаагч нь Мэргэжлийн хяналтын газарт харьяалагдан ажилладаг ба 2003 онд гарсан мэргэжлийн хяналтын дүрэмд байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллах хүн байгаль хамгаалагчаар 5-аас доошгүй жил ажилласан байх ёстой гэж заасан байсан ба үүнийг үндэслэн Д.Тийг томилсон. Эдгээр шаардлага, шалгуур үзүүлэлтийг нэхэмжлэгч Х.С хангахгүй байгаа тул түүнийг байгаль орчны хяналтын улсын байцаагаар томилон ажиллуулахаас татгалзсан.

Үүнээс биш нэхэмжлэгчийг ямар нэгэн байдлаар ялгаварлан гадуурхсан, Д.Тт давуу байдал олгож, хууль зөрчин томилгоо хийсэн зүйл байхгүй. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2018 оны 06 дугаар сард байгаль орчны хяналтын улсын байцаагчаар Д.Тийг томилсон нь үнэн. Гэхдээ бид Төрийн албаны зөвлөлд хандаж, энэ хүн тухайн албан тушаалыг гүйцэтгэх боломжтой эсэх талаар дүгнэлт гаргуулж, албан ёсоор нэрийг дэвшүүлэхээр дахин тушаал гаргаж жинхлэн томилсон.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

Гуравдагч этгээдийн шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

  Д.Т би 1987 -1992 оны Улаанбаатар хотод Барилгын техникум (тухайн үеийн нэрээр)-ыг төгсөж “Барилгын техникч" мэргэжил эзэмшсэн ба 81120 тоот диплом, 2000 онд МУИС-ийн салбар сургуулиас “байгаль хамгаалагч” мэргэжил эзэмшсэн нь Гэгээрлийн яамны 2000.06.16 -ны өдрийн 12 тоот мэргэжлийн үнэмлэх, 2013 онд Улс төр менежментийн академийг “байгаль орчны удирдлага” мэргэжлээр төгссөн нь №20131814 тоот Гэрэгэ; 2018 онд “Газарчин” дээд сургуулийг “Аялал жуулчлал байгаль хамгаалал, экологич” мэргэжлээр “бакалавр” зэрэгтэй төгссөн Д850300 тоот диплом зэргээр батлагдан тогтоогдож байна.

 Мөн экологи, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нарын сургалтад удаа дараа хамрагдаж, мэргэжил дээшлүүлж байсан явдал нь сертификат, гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар батлагдаж байна. Д.Т би дээд боловсролтой, аялал жуулчлал, байгаль хамгаалал, экологич мэргэжилтэй, Монгол Улсын иргэн болно. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 22 -р зүйлийн 22.1 -д заасан “Төрийн жинхэнэ албан хаагчийн “нийтлэг шаардлагад” нийцэж байна. Ажлын туршлага, мэргэжсэн байдал, 1997 оны 02 -р сарын 24 -ээс 2018 оны 06 дугаар сарын 15-ны хооронд Монгол Алтай Нурууны Улсын Тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын Захиргаанд “Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн” орон тоонд тасралтгүй 21 жил ажилласан “төрийн жинхэнэ албан хаагч” болно.

Д.Т миний бие 2010 оны 06 дугаар сард “Төрийн жинхэнэ албан хаагчийн” сонгон шалгаруулалтад тэнцэж, 2011 оны 09-р сарын 21 -ний өдөр “Төрийн жинхэнэ албаны” тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч юм. Эдгээр болзол шаардлагыг  хангаж байгаа байдал маань Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 -д заасан “ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд тавих тусгай шаардлагыг” бүрэн хангаж байгааг нотолж байна.

Д.Т миний бие 1989 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 06-ны хооронд Цэргийн 0119 -р ангид цэргийн алба хаасан явдал нь Төрийн албаны тухай хуулийн 22 -р зүйлийн 22.1.6 -д заасан “цэргийн жинхэнэ алба хаах” тухай тусгай шаардлагыг биечлэн хангасан байсныг давхар нотолж байгаа давуу тал болно.

           Д.Т би Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалтын газрын “байгаль орчны хяналтын улсын байцаагч” -ын орон тоонд ажиллаж байсан ба "Улсын байцаагчийн эрхтэй” байсан явдал 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 17 дүгээр зүйлийн 17.1 -д заасан “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухай байгууллагад эсвэл холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө" гэсэн заалт, 2017 оны Төрийн албаны тухай хуулийн 27-р зүйлийн 27.1.2-д заасан үндэслэлээр, мөн хуулийн 7.1.5 -д заасан “чадахуйн зарчмыг” удирдлага болгож томилсон тул хууль ёсны томилгоо болсон гэж үзнэ.

           Баян -Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “Д.Тийг байгаль орчны хяналтын улсын байцаагчаар томилох тухай” Б/05 тоот тушаалаар Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргын байгаль орчны хяналтын улсын байцаагчаар томилсон, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 83 тоот тогтоолоор Д.Т намайг тухайн албан тушаалд томилуулах тухай дүгнэлт гарсан, Төрийн албаны Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн “нэр дэвшүүлэх тухай” 84 тоот тогтоолоор нэр дэвшүүлсэн зэрэг хууль журмын дагуу гарсан эрхийн актууд хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч X.Соронзонболдын нэхэмжлэл дараах байдлаар үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч X.Соронзонболд нь "Газар зүй -түүхийн багш" мэргэжилтэй учраас ажлын байрны тодорхойлолтод заагдсан "мэргэжил, мэргэшил”–ийн тусгай шаардлагыг хангахгүй байгаа юм.

Нэхэмжлэгч X.Соронзонболд нь төрийн байгууллагад ажиллаж байсан хэдий боловч, тухайн үед гарсан сул орон тоо болох “байгаль орчны улсын байцаагчийн" орон тоонд ижил төстэй байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын байцаагч зэрэг албан тушаалд ажиллаж байсан Д.Т надаас туршлага, ажлын үр дүнгээр доогуур үзүүлэлтэй гэж дүгнэж, Төрийн албаны тухай хуулийн “чадахуйн зарчимд” нийцэхгүй гэж үзсэн Төрийн албаны салбар зөвлөлийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзэж байна

Нэхэмжлэгч X.Соронзонболд нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх тухай нэхэмжлэлдээ Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргын дарга Б. Ерболат нь 2018 оны 12-р сарын 27 -нд Б/09 дугаар тушаал гаргаж Д.Тийг сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн албан тушаалд дахин томилсон байна. Иймд энэ тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж байна” гэжээ.

Д.Т би Цэнгэл сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч ажилтай              С.Тилеубай нь өндөр насны тэтгэвэрт гарч, тухайн ажлын байрны сул орон тоо гарсан тул тухайн орон тооны ажлын байрны ерөнхий болон тусгай шаардлагыг илүү хангаж байгаа төрийн жинхэнэ албан хаагч болохын хувьд Төрийн албаны тухай хуулийн 17 -р зүйлийн 17.1.2; 17.11 хэсэгт заасан журмаар ажил олгогч Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын  даргын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “Д.Тийг байгаль орчны хяналтын улсын байцаагчаар томилох тухай” Б/05 тоот тушаалаар “Цэнгэл сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн” албан тушаалд томилогдсон юм.

Гэтэл тухайн орон тоонд нэхэмжлэгч X.Соронзонболд удаа дараа, Төрийн албаны зөвлөл, Баян -Өлгий аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргаснаар Төрийн албаны зөвлөл нь X.Соронзонболдын гомдлыг Төрийн албаны Баян -Өлгий аймаг дахь салбар зөвлөлд шилжүүлж өгсөн байдаг. Төрийн албаны Баян -Өлгий аймаг дахь салбар зөвлөл нь X.Соронзонболдын өөрийн гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцэж, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Дүгнэлт гаргах тухай” 83 тоот тогтоол, мөн өдрийн “Дүгнэлт гаргаж, нэр дэвшүүлэх тухай” 84 тоот Төрийн албаны Баян -Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн тогтоол зэрэг эрхийн актуудыг гаргасан байна.

Эдгээр Төрийн албаны Баян -Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн “Дүгнэлт гаргах тухай” 83 тоот тогтоол, “Дүгнэлт гаргаж,нэр дэвшүүлэх тухай” 84 тоот тогтоолыг үндэслэл болгож Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргын даргын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Талгатбекийг ажилд томилох тухай” Б/09 тоот тогтоол гаргаж, өмнөх ажилд томилсон 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б/05 тоот тушаалыг баталгаажуулсан болно. Түүнээс биш уг хоёр тушаал нь хэн нэгэн этгээдийн болон нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудал байхгүй болно.

Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “Д.Тийг байгаль орчны хяналтын улсын байцаагчаар томилох тухай” Б/05 тоот тушаал, 2018 оны 12 дугаар сарын 27 -ны өдрийн “Талгатбекийг ажилд томилох тухай” Б/09 тоот тушаалууд нь утга агуулга, зохицуулж байгаа харилцаа, баримталж буй хуулийн заалтаар нэгэн ижил, нэг төрлийн эрхийн акт бөгөөд Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргын байгаль орчны хяналтын байцаагчийн сул орон тоонд Д.Т намайг томилсон тухай агуулгаас өөр хоёрдмол утга санаагүй болно. Тийм учраас тухайн хоёр эрхийн акт хууль ёсны үндэслэлтэй гарсан байх ба хууль эрх зүйн хүрээнд хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч X.Соронзонболдын үндсэн нэхэмжлэл болон нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн тухай нэхэмжлэлийн шаардлыг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Миний бие төрийн албанд 25 ажилласан бөгөөд үүний 22 жилийг байгаль хамгаалагчаар ажилласан. Мөн миний бие улсын байцаагчаар 9 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд байгаль орчны хяналтын улсын байцаагчийн албан тушаалыг гүйцэтгэх шалгуур, шаардлагыг бүрэн хангасан учраас уг орон тоонд томилуулахыг хүсэж томилох эрх бүхий этгээдэд өргөдөл өгснөөр намайг тус сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн орон тоонд томилсон. Энэхүү томилгоо хууль ёсны гэж үзэж байна гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Х.Зулхаш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Х.Сын нэхэмжлэлтэй, Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа Д.Тийн өмгөөлөгчөөр ажиллаж байна бөгөөд хэргийн материалтай бүрэн танилцсан, нотлох баримт бүрдүүлэхэд оролцсон болно. Энэ хэргийн талаар өөрийнхөө байр суурийг илэрхийлбэл,  нэхэмжлэгч Х.Сын нэхэмжлэлтэй холбогдуулан гуравдагч этгээд Д.Т нь өөрийнхөө тайлбарыг болон тайлбарын үндэслэлээ нотлох баримтуудыг шүүхэд хуулийн хугацаанд гаргаж өгсөн бөгөөд үүнээс заримыг нь шүүх хуралдааны нотлох баримт судлуулах шатанд судлууллаа.

Гуравдагч этгээд Д.Т нь 1987-1992 онд Барилгын техникумыг барилгын техникум мэргэжлээр, 2000 онд Монгол Улсын Их сургуулийн салбар сургуулийг байгаль хамгаалагч мэргэжлээр, 2013 онд улс төрийн менежментийн академийг байгаль орчны удирдлага мэргэжлээр, 2018 онд “Газарчин” дээд сургуулийг аялал жуулчлал, байгаль хамгаалал, экологич мэргэжлээр, бакалавр зэрэгтэй тус тус төгссөн. Аялал жуулчлал, байгаль хамгаалагч, экологич мэргэжилтэй, дээд боловсролтой хүн байна. Д.Т нь байгаль хамгаалагчаар ажиллаж байсан хугацаанд мэргэжлээ дээшлүүлж, мэргэшүүлэх курсүүдэд суралцаж байсан нь хэрэгт авагдсан сертификат болон гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Ажлын туршлага болон мэргэшсэн байдлын хувьд Д.Т нь 1997 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 15-ны хооронд Монгол алтай нурууны тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаанд байгаль орчны хяналтын улсын байцаагч,  байгаль хамгаалагч зэрэг албан тушаалыг тасралтгүй 21 жил гүйцэтгэсэн, төрийн жинхэнэ албан хаагч болох нь нотлогдон тогтоогдож байна. Д.Т нь 2010 оны 06 дугаар сард төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалтад орж тэнцээд 2011 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч болох нь хэрэгт авагдсан баримтуудаар мөн нотлогдон тогтоогдож байна.

Д.Тийн одоогийн ажиллаж байгаа Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн орон тоонд урьд ажиллаж байсан хүн өндөр насны тэтгэвэрт гарсан учир уг орон тоо сул гарсан байна. Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын дарга өөрийн эрх хэмжээний дагуу уг сул орон тоонд Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 17 дугаар зүйлийн 174.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр “тухайн байгууллагад буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн мэргэжлийн түвшнээр сонгон шалгаруулах замаар сул орон тоог нөхнө” гэсэн заалтын дагуу Д.Тийг Төрийн албаны тухай хуулийн /2002/ 10 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчид тавих ерөнхий шаардлага болон мөн хуулийн 33 дугаар зүйлд заасан тусгай шаардлагыг хангасан гэж томилсныг буруу гэж үзэх боломжгүй байна.

Учир нь, Д.Т нь төрийн байгууллагад төрийн жинхэнэ албан хаагчаар 21 жил тасралтгүй ажилласан, төрийн албаны сонгон шалгаруулалтад орж тэнцсэн, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн мэргэшсэн төрийн албан хаагч юм. Мөн тухайн албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан, тухайн албан тушаалд тавигдах нэмэгдэл шаардлага болох улсын байцаагчийн эрхийг авсан нь байгаль орчны хяналтын улсын байцаагчаар томилогдох илүү давуу боломж болсон гэж үзэж байна. Ажил олгогч эдгээр үндэслэлүүдийг харгалзан үзэж Төрийн албан тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д заасан чадахуйн зарчмыг удирдлага болгон түүнийг маргаан бүхий орон тоонд томилсон явдлыг буруу гэж үзэх боломжгүй байна.

Д.Тийн мэргэжил, мэргэшсэн байдал болон ажил албаны туршлага эзэмшсэн, тухайн албан тушаалыг хашиж байсан, өөрөөр хэлбэл, Монгол алтай нурууны тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаанд байгаль хамгаалагч, байгаль орчны улсын байцаагчаар ажиллаж байсныг ажил олгогч харгалзан үзсэн нь зүйд нийцсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч Х.С нь намайг тухайн албан тушаалд томилоогүй гэсэн үндэслэлээр Төрийн албаны салбар зөвлөл болон бусад холбогдох газруудад гомдлоо гарган шийдвэрлүүлж байгаа. Гэхдээ Х.С нь газар зүй, түүхийн багш мэргэжилтэй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөтөлбөргүй батлагдаж байгаа бөгөөд газар зүй, түүхийн багш гэсэн мэргэжил нь байгаль орчны хяналтын улсын байцаагчийн ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй байна.

Тийм учраас нэхэмжлэгч тухайн албан тушаалд ажиллах мэргэжлийн шаардлагыг хангахгүй гэж үзэх үндэслэлтэй. Мөн нэхэмжлэгч өөрийгөө төрийн албанд удаан хугацаагаар ажилласан гэж тайлбарлаж байгаа хэдий боловч тухайн ажлын байранд тавигдах тусгай шаардлага буюу байгаль орчны чиглэлээр төрийн албанд ажиллаж байгаагүй, нийгмийн бодлогын чиглэлээр ажиллаж байсан нь тухайн албан тушаалд ажилласан ажлын туршлага, үр дүнгээрээ Д.Ттэй дүйцүүлэн авч үзэх боломжгүй гэдгийг дурдах нь зүйтэй байна. Ажил олгогчоос Д.Тийг 2018 оны 06 дугаар сард томилж, дараа нь Төрийн албаны салбар зөвлөлөөс дүгнэлт гаргасны дараа баталгаажуулах хэлбэрээр тушаал гаргасныг буруутгах үндэслэлгүй байна.

 Учир нь, тухайн эрхийн актууд Д.Тийг ажилд томилсон агуулгатай, зөрчилгүй эрхийн актууд тул түүнийг нэхэмжлэлд дурдсан үндэслэлээр хүчингүй болгох боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхийг хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг болон хэргийн оролцогчдын тайлбарыг тал бүрээс нь харьцуулан судалж үзээд нэхэмжлэгч Х.Соос Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан “Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б/05 дугаар, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/09 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгож, байгаль орчны хяналтын улсын байцаагчийн албан тушаалд томилохыг эрх бүхий албан тушаалтанд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хангах боломжгүй гэж үзлээ.

Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоонд хамаарах байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан С.Тилеубай нь өндөр насны тэтгэвэрт гарснаар сул орон тоо бий болж, уг сул орон тоонд томилох эрх бүхий албан тушаалтан анх 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар[1], дараа нь Баян-Өлгий аймаг дахь төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 84 дүгээр тогтоолыг[2] үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар[3] тус тус  Д.Тийг томилжээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...төрийн жинхэнэ албан хаагчийн сул орон тооны талаар олон нийтэд мэдээлж, захиалгыг салбар зөвлөлд өгөөгүй, салбар зөвлөлөөс журмын дагуу нэр дэвшүүлээгүй, сул орон тооны ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байгаа надад хууль зүйн үндэслэл бүхий тайлбар өгөөгүй, мөн томилогдох этгээдийн талаар эрх бүхий байгууллагад хандаж ашиг сонирхлын талаар дүгнэлт гаргуулаагүй, би багш мэргэжилтэй боловч байгалийн шинжлэх ухаанаар хичээл заах курст сурч мэргэшсэн тул ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэшлийн шаардлагыг хангаж байгаа тул томилохгүй байгаа нь хууль зүйн үндэслэлгүй” гэж тайлбарлан маргажээ.

Маргааны үйл баримт болон маргаан  бүхий захиргааны актууд нь  шинэчлэн найруулсан Төрийн албаны тухай хууль мөрдөгдөж эхлэхээс өмнө нь гарсан байх тул  2002 оны Төрийн албаны тухай хуулийг баримтлан энэхүү хэргийг хянан шийдвэрлэлээ.

Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх, төрийн жинхэнэ албан тушаалд авах асуудлыг зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-дэх хэсэгт “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан  хаагчдаас үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө”, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх  хэсэгт ” Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтуудын агуулгаас  үзэхэд  томилох эрх бүхий этгээд нь ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдын дотроос үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ зэргийг харгалзан, өрсөлдүүлэн судалж, тэдгээрийн дотроос албан тушаалд тавигдах хамгийн илүү хангаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчийг тодруулах эрхтэй  ба тухайн албан тушаалын ажлын байрны тодорхойлолтын ерөнхий шаардлагад заасан чухал шаардлагатай гэх  мэргэжлийн  шаардлагыг  хамгийн илүү хангаж байгаа, урьд нь Монгол Алтай нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаанд байгаль хамгаалагчаар  21 жил ажилласан  гэх үндэслэлүүдээр төрийн жинхэнэ албан хаагч Д.Тийг маргаан бүхий албан тушаалд сонгож томилсон  хариуцагчийн үйлдлийг хууль бус гэж үзэх боломжгүй  юм.

Тодруулбал, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 5-дах заалтад  “Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар байгаль орчны чиглэлийн мэргэжилтэй, эсхүл энэ чиглэлээр мэргэшиж дадлагажсан дээд боловсролын зэрэгтэй иргэнийг томилно” гэж , маргаан бүхий албан тушаалын ажлын байрны тодорхойлолтын[4] ажлын байранд тавигдах ерөнхий  шаардлагын мэргэжил  хэсэгт “экологич, байгаль хамгаалал, байгаль орчны менежмент”, шаардлагатай хэсэгт “тухайн салбарт ажилласан байх” гэж тус тус заасан байх ба гуравдагч этгээд Д.Т нь дээрх хуульд заасан шаардлагуудыг хангасан нь  түүний “Газарчин” дээд сургуулийг төгсөж “аялал жуулчлал байгаль хамгаалал, экологич” мэргэжил эзэмшсэн дипломын хуулбар[5], Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын Хамгаалалтын захиргааны даргын 1997 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Ажилд авч ажиллуулах, газар нутаг хариуцуулах тухай” 03 дугаар тушаал[6], 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Байгаль хамгаалагч Д.Тийг ажлаас чөлөөлөх тухай” Б/03 дугаар тушаал зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дах хэсэгт “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх” зарчмыг, 10 дугаар зүйлийн 10.1 дэх  хэсэгт ” Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн” тус тус заасан.

Нэхэмжлэгч нь газар зүй, түүхийн багш мэргэжилтэй болох нь хэрэгт авагдсан 119142 дугаартай дипломын хуулбар[7], байгаль орчны салбарт ажиллаж байгаагүй нь шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр  тус тус тогтоогдож байх тул түүнийг маргаан бүхий  албан тушаалыг эрхлэх туршлагатай байх, мэргэшиж, дадлагажсан  байх шаардлагыг хангаж байна гэж үзэх үндэслэлгүй, нэгэнт  тухайн албан тушаалын ажлын байранд  тавигдах шаардлагыг нэхэмжлэгч хангахгүй байгаа тохиолдолд маргаан бүхий сул орон тооны талаар  нийтэд мэдээлээгүй,  салбар зөвлөлд  захиалга өгөөгүй, салбар зөвлөл нь  хуульд заасан журмын дагуу нэр дэвшүүлээгүй, эрх бүхий байгууллагаас Д.Тийн ашиг сонирхлын дүгнэлтийг гаргуулаагүй гэх хариуцагчийн болон салбар зөвлөлийн  үйлдлүүдийн  улмаас  нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй гэж үзлээ.

            Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан  “Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б/05 дугаар, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/09 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, байгаль орчны хяналтын улсын байцаагчийн албан тушаалд томилохыг эрх бүхий албан тушаалтанд даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/  4.2.5, 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 5 дах заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Соос Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан “Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б/05 дугаар, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/09 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгож, байгаль орчны хяналтын улсын байцаагчийн албан тушаалд томилохыг эрх бүхий албан тушаалтанд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дүгээр зүйлийн 48.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                            З.ГҮЛБАРША

 


[1] Хэргийн 9 дүгээр хуудас

[2] Хэргийн хэргийн 68 дугаар хуудас

[3] Хэргийн 37 дугаар хуудас

[4] Хэргийн 33-35 дугаар хуудас

[5] Хэргийн 53-55 дугаар хуудас

[6] Хэргийн 62 дугаар хуудас

[7] Хэргийн 10-11 дүгээр хуудас