Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2023/0002

 

 

                         “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                 захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч А.Сарангэрэл,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Р,

Нэхэмжлэгч: “Х” ХХК,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: “Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хаягт байршилтай, нэгж талбарын 1701622693 дугаартай, 19,984 м.кв талбайтай газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг татгалзаж шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Засаг даргын шийдвэр хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг даалгах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 737 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т, Б.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Т.Р нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Мөнхтуяа,

Хэргийн индекс: 128/2022/0622/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Х” ХХК нь Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан “Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хаягт байршилтай, нэгж талбарын 1701622693 дугаартай, 19,984 м.кв талбайтай газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг татгалзаж шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Засаг даргын шийдвэр хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 737 дугаар шийдвэрээр “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 38.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Х” ХХК-иас Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хаягт байршилтай, нэгж талбарын 1701622693 дугаартай, 19,984 м.кв талбайтай газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлтийг хүлээн татгалзаж шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Засаг даргын шийдвэрийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож, уг хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгаж” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Р дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

            3.1. Тухайн захиргааны хэргийн маргаанд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс маргаан үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг хэрхэх эсэхийг тусгалгүй шийдвэрлэсэн. Тухайн үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжийн дагуу нийслэлийн Засаг дарга өөрт олгогдсон эрх хэмжээнийхээ дагуу захирамж гаргасан байтал энэ талаар дурдаагүй. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 38.4 дэх заалтыг баримтлан шийдвэр гарган Хан-Уул дүүргийн Засаг даргад шийдвэр гаргахыг даалгасан атлаа “Х” ХХК нь хүсэлт гаргахдаа Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан баримт бичгийн бүрдлийг хангасан эсэхэд дүгнэлт хийгээгүй. Мөн “Х” ХХК нь иргэнээс шүүхийн шийдвэрийн дагуу өр төлбөрт тооцон газар шилжүүлж авахдаа тус газартай холбоотой өр төлбөр байгаа эсэх талаар лавлагаа авах боломжтой байсан, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Хан-Уул дүүргийн Засаг дарга нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг биелүүлэн газрын эрхийг шилжүүлсэн, Газрын тухай хууль, нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу мэдэгдсэн захиргааны актыг биелүүлээгүй, “Х” ХХК нь газрын эрх шилжүүлж авахдаа Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан баримт бичгийн бүрдлийг хангаагүй зэргийг харгалзан үзээгүй шийдвэр гаргасан тул анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 737 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгчээс давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна. Үүнд:

            4.1. Хариуцагч давж заалдах гомдолдоо “... Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 38.4 дэх заалтыг баримтлан шийдвэр гарган Хан-Уул дүүргийн Засаг даргад шийдвэр гаргахыг даалгасан атлаа “Х” ХХК нь хүсэлт гаргахдаа Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан баримт бичгийн бүрдлийг хангасан эсэхэд дүгнэлт хийгээгүй ...” гэж дурдсан нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч шүүхэд 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанд газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт гаргах үед бүрдүүлсэн баримтууд бичгүүдийг, тодруулбал Б.Д, М.Ц нартай байгуулсан “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ”, Том татвар төлөгчийн газрын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 01/1487 дугаар албан бичиг, газрын төлбөр, эрх борлуулсан, шилжүүлсэн орлогод ногдох татвар төлсөн баримт болон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийг хуульд заасан шаардлага хангуулан нотлох баримтаар гаргаж өгсөн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7 дахь заалтад “... Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-д“Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараах зүйлүүдийг тодруулна”, 38.3.1-д “38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх”, 38.3.2-т “шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх”, 38.3.3-д “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх” гэж заасан шаардлагыг “Х” ХХК хангасан” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх заалтад нийцсэн.

4.2. Нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн эхний нүүрний баруун дээд буланд гараар “*** н.Э” гэж бичигдсэн байгаа бөгөөд 2021 оны 9 дүгээр сард газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлт гаргахаар хандах үед *** утасны дугаараар н.Э гэх хүнтэй холбогдоод дуудлага худалдааны анхны үнийг төлж тооцоо нийлсэн актаа зуруулсны дараа газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг хүлээн авна гэж хүсэлтийг аваагүй тул нэхэмжлэгч нь хариуцагчид газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлт гаргасныг татгалзаж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй. Хариуцагч нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх хүсэлтийг татгалзаж шийдвэрлэх болсон үндэслэл нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасан баримт бичгүүдийн бүрдүүлбэрийн дутуу байдал бус дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэх хууль бус шаардлага бөгөөд шийдвэрийн Үндэслэх хэсгийн 8, 9, 10, 11 дэх хэсэгт хариуцагч дуудлага худалдааны үнийг төлүүлэхээр шаардлага тавьж байгаа нь хууль бус болох талаар шүүх тухайлан эрх зүйн дүгнэлт хийсэн. Хариуцагч нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх хүсэлтийг татгалзаж шийдвэрлэхдээ хүсэлтэд хавсаргасан баримт бичгүүд нь хуульд заасан бүрдүүлбэр хангаагүй талаар, тодруулбал, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 04/684, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 06/3271 дугаартай албан бичигт дурдаж байгаагүй атлаа “нэхэмжлэгчийн хүсэлт бүрдүүлбэрийн шаардлага хангасан эсэх талаар шүүх дүгнэлт хийгээгүй” гэж гомдол гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй буюу ач холбогдолгүй байна.

4.3. Хариуцагч нь давж заалдах гомдолдоо “... “Х” ХХК нь иргэнээс шүүхийн шийдвэрийн дагуу өр төлбөрт тооцон газар шилжүүлж авахдаа тус газартай өр төлбөр байгаа эсэх талаар лавлагаа авах боломжтой байсан, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Хан-Уул дүүргийн Засаг дарга нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг биелүүлэн газрын эрхийг шилжүүлсэн” гэх асуудлын хувьд “Х” ХХК нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн А/128 дугаар шийдвэрийг үндсэн дээр 000314067 дугаар аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээтэй болсон. Хариуцагч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад газар эзэмших эрхийг шилжүүлэхэд одоогийн манай банканд тавьж буй шаардлага тавихгүй мэтээр тайлбарлаж байна. Гэвч адилхан нөхцөл байдалд, адилхан Засаг даргын шийдвэрийг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох гэж байгаа атлаа одоо “Х” ХХК-иар дуудлага худалдааны анхны үнийг төлүүлнэ гэж байгаа нь хууль бус. Мөн “Х” ХХК-ийг газар эзэмших эрхийн гэрчилгээтэй болох үед Хан-Уул дүүргийн Засаг даргын дуудлага худалдааны үнэ шаардахдаа үндэслэж буй нийслэлийн Засаг даргын 2016 оны А/697 дугаар захирамж мөрдөгдөж байсан.

4.4. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д тус тус заасны дагуу шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянав.

2.  Дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

            2.1. Маргааны үйл баримтаас үзвэл Хан-Уул дүүргийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” 399 дүгээр захирамжаар маргаан бүхий 20000 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар “Н” ХХК-д эзэмшүүлсэн, мөн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/374 дүгээр захирамжаар уг газрыг “Н” ХХК-иас “Д” ХХК-д 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шилжүүлсэн, улмаар мөн Засаг  даргын 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/128 дугаар захирамжаар уг газрыг жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалтаар “Д” ХХК-иас “Х” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

2.2. “Х” ХХК нь Б.Дтой 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г хийсэн, “Х” ХХК-иас Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанд “газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай” хүсэлт гаргасан 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2б/2912 дугаар албан бичиг хэрэгт авагдсан боловч тус албанаас 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 19/967 дугаар “... 2021 онд “Х” ХХК нь тус албанд газрын эрх шилжүүлэх тухай хүсэлтийг албан бичгээр гаргасан гэх бүртгэлгүй байна” гэх албан бичгийг шүүхэд ирүүлжээ.

“Х” ХХК-иас 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2б/203 дугаар албан бичгээр Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандан “... хуульд заагаагүй шаардлагыг үндэслэн газар эзэмшигч “Х” ХХК-ийн гэрчилгээ шилжүүлэх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхээс татгалзсан албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавьж ... гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье” гэх гомдол гаргасан, тус албаны 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 16/124 дүгээр албан бичгээр “... гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг эрх олгогдох үед мөрдөгдөж байсан аргачлалын дагуу тооцон нөхөж төлүүлэхээр шийдвэрлэсэн, ... газраа 2 ба түүнээс дээш жил ашиглаагүй байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэнийг мэдэгдье” гэх хариуг өгчээ. Улмаар нэхэмжлэгчээс 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2б/712 дугаар албан бичгээр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандан “... гэрчилгээ шилжүүлэх хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан эс үйлдэхүй нь “Х” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болохыг тогтоож, гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг шийдвэрлэхийг Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгаж өгнө үү” гэх гомдлыг гаргасанд тус албаны 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 03-04/1090 дүгээр албан бичгээр “... 16/124 дүгээр албан бичгээр танай хүсэлтийг эс зөвшөөрч хариу өгсөн нь хууль зүйн үндэслэлтэй, ... танай 2б/712 дугаартай албан бичгээр ирүүлсэн  хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэх хариуг өгчээ.

2.3. Ингээд нэхэмжлэгчээс 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2б/1929 дүгээр албан бичгээр Хан-Уул дүүргийн Засаг даргад хандан “...гэрчилгээ шилжүүлэх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхээс татгалзсан эс үйлдэхүй нь “Х” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болохыг тогтоож, хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж өгнө үү” гэх гомдол гаргасны хариуд Засаг даргаас 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 04/684 дүгээр албан бичгээр “... 16/124 дүгээр албан бичгээр хариу хүргүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй тул гомдлыг дахин хянаж шийдвэрлэх боломжгүй” гэж мэдэгдсэн, эдгээр албан бичгүүд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байхад анхан шатны шүүх эдгээр баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байна.  

2.4. Анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 5753 дугаар захирамжаар “Х” ХХК-ийн “Захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болохыг тогтоолгох, шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээр Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэжээ.

            2.5. Улмаар нэхэмжлэгчээс 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А4/684 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх хүсэлтийг шийдвэрлэх гомдлыг шийдвэрлэхээс татгалзсан татгалзал, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1б/124 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхээс татгалзсан татгалзлыг тус тус хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэж эрхийн гэрчилгээ шилжүүлэх шийдвэр гаргахыг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгаж өгнө үү” гэж бичгээр тодорхойлсон, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд “Газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлтийг татгалзаж шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Засаг даргын шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах” гэж эцсийн байдлаар тодорхойлж, энэ шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцсэн гэж үзэхээр байна.

            2.6. Гэтэл анхан шатны шүүх шийдвэрийн Тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг “Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хаягт байршилтай, нэгж талбарын 1701622693 дугаартай, 19,984 м.кв талбайтай газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг татгалзаж шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Засаг даргын шийдвэр хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг даалгах” гэж тэмдэглэж, Тогтоох хэсэгт “Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хаягт байршилтай, нэгж талбарын 1701622693 дугаартай, 19,984 м.кв талбайтай газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлтийг хүлээн  татгалзаж шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Засаг даргын шийдвэрийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож, уг хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгаж” шийдвэрлэсэн байна.

            2.7. Шүүх гагцхүү нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж, шийдвэр гаргах бөгөөд дээрхээс үзвэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагаас зөрүүтэй байдлаар хэргийг шийдвэрлэсэн, тодруулбал, нэхэмжлэгч “газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага гаргаагүй, мөн “шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах”-аар маргасан байхад “хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгаж” шийдвэрлэсэн нь бодит байдалд шүүхийн шийдвэр хэрхэн биелэгдэх нь ойлгомжгүй, ийнхүү шийдвэрлэснээр маргааныг нэг мөр шийдвэрлэсэн гэж үзэхээргүй байна. Өөрөөр хэлбэл, “захиргааны акт гаргахыг даалгах” болон “хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах” 2 нь өөр өөр эрх зүйн үр дагавартай.

            2.8. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг шүүх гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар төрийн байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулахаар хуульчилсан. Гэтэл шүүх нэхэмжлэгчээс Хан-Уул дүүргийн Засаг даргад гаргасан гомдол гэх 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2б/1929 дүгээр, газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлтийг татгалзаж шийдвэрлэсэн гэх Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 04/684 дүгээр нотлох баримтын шаардлага хангаагүй албан бичгүүдийг үндэслэн шийдвэр гаргасан нь хуульд нийцээгүй байна.

            2.9. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-д зааснаар эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч баримт бичгүүд хуулийн шаардлага хангасан эсэх, эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх, эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэхийг тодруулахаар, 38.4-д эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргахаар заасан. Хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбараас үзвэл нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтээ хариуцагчаар тодорхойлсон дүүргийн Засаг даргад чухам хэзээ, хэрхэн гаргасан, түүнийг Засаг дарга хүлээн авахаас татгалзсан эс үйлдэхүй эсхүл хүсэлтийг хүлээн аваад газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг татгалзаж шийдвэрлэсэн эсэх, нэхэмжлэгчээс эдгээрийн чухам аль үндэслэлээр маргаж байгаа нь ойлгомжгүй байна. Эдгээрийг тодруулсны үндсэн дээр хариуцагчид шаардагдах захиргааны акт гаргах, эсхүл хүсэлтийг хуульд заасны дагуу шийдвэрлэхийг даалгах асуудлыг нэг мөр болгосноор газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлтийг хүлээн авч шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах, эсхүл хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхийг даалгах эсэх нь тодорхой болно.

2.10. Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/309 дүгээр захирамжаар “...нийслэлийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш гаргасан захирамжийн дагуу нийслэлийн нутаг  дэвсгэрт дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаас бусад хэлбэрээр газар эзэмшиж, ашиглаж буй иргэн, хуулийн этгээд нь өөрийн эзэмшиж, ашиглаж буй газар дээрээ барилга байгууламж барих хүсэлт гаргасан тохиолдолд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэхээр” шийдвэрлэсэн, мөн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/697 дугаар захирамжаар “... нийслэлийн нутаг дэвсгэрт дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаас бусад хэлбэрээр газар эзэмшиж, ашиглаж буй иргэн, хуулийн этгээд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах, нэр шилжүүлэх, зориулалтыг өөрчлөх хүсэлт гаргасан  тохиолдолд зохих журмын дагуу дуудлага худалдааны анхны үнийг нөхөн авч төсөвт төвлөрүүлэх анхны үнийг нөхөн төлүүлсний үндсэн дээр холбогдох эрхийг баталгаажуулахаар...” шийдвэрлэсэн байна.

            2.11. Анхан шатны шүүх “... тухайн газрыг анх эзэмшсэн “Д” ХХК-аар дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэхээр байжээ, ... хэд хэдэн удаа тухайн газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжсэн байх бөгөөд “Х” ХХК-ийг шилжүүлэн авахад дуудлага худалдааны үнийг нөхөн төлөх үүрэг хүлээлгээгүй атлаа “Х” ХХК-иас иргэнд шилжүүлэхэд уг шаардлагыг тавьж байгаа нь хууль бус, ... 20 жилийн өмнөх өөрсдийн хууль бус үйлдлээ захиргааны байгууллага газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах, дуудлага худалдаа явуулах журмын дагуу гэсэн нэрийдлээр “Х” ХХК-д үүрэг болгож байгаа нь буруу” гэх дүгнэлтийг хийжээ. Нэгэнт эрх бүхий этгээдээс нийслэлийн нутаг дэвсгэрт дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаас бусад хэлбэрээр газар эзэмшиж, ашиглаж буй иргэн, хуулийн этгээд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах, нэр шилжүүлэх, зориулалтыг өөрчлөх хүсэлт гаргасан тохиолдолд зохих журмын дагуу дуудлага худалдааны анхны үнийг нөхөн авахаар шийдвэрлэсэн, энэ шийдвэртэй нэхэмжлэгчээс маргаагүй байхад ийнхүү дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь хууль, эрх бүхий этгээдийн гаргасан шийдвэрийг нэг мөр хэрэгжүүлэх, үүнтэй хэрхэн нийцэх, мөн захиргааны байгууллага өөрийн гаргасан алдаа, зөрчлийг залруулах, зөвтгөх, таслан зогсоох ажиллагаанд хамаарах эсэхийг анхаарах шаардлагатай.

2.12. Товчхондоо шүүх нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн тодруулж, хариуцагчийн ямар хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн бодитойгоор сэргэх боломжтой болохыг харгалзан үзэж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй. 

3. Иймд анхан шатны шүүх дээрх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтуудыг бүрэн цуглуулаагүй, түүнд харьцуулан хууль зүйн дүгнэлт хийгээгүй, хэрэгт авагдсан баримтуудаар давж заалдах шатны шүүх дээрх алдааг зөвтгөж уг маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 737 дугаар дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                                                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ТУНГАЛАГСАЙХАН    

       ШҮҮГЧ                                                                 А.САРАНГЭРЭЛ

                  ШҮҮГЧ                                                                     Н.ДОЛГОРСҮРЭН