Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 128/2016/0184/З |
Дугаар | 366 |
Огноо | 2016-11-07 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 366
“Даяар хас” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Мөнх-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Нарангэрэл /0411/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганхөлөг нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 394 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2016/0553 дугаар магадлалтай, “Даяар хас” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 394 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 20.2.2, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 38 дугаар зүйлийн 38.2, 38.3-т заасныг тус тус баримтлан Нийслэлийн засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/455 дугаар захирамжийн “Эс Жи Би Юу” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо “Төв вокзал”-ын баруун талд орших 13775.7 м.кв газрыг “Даяар хас” ХХК-ийн эзэмшилд олгохыг даалгах “Даяар хас” ХХК-ийн захирал О.Мөнх-Эрдэнийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2016/0553 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 394 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ганхөлөг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх “Эс Жи Би Юу” ХХК-д газар эзэмшүүлсэн Я.Сайнболд нь хэзээ ямар үндэслэлээр уг газрыг эзэмших эрхийг олж авсан, Засаг дарга түүнд газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан журмыг баримталсан эсэхийг тодруулан шалгаагүй төдийгүй, Я.Сайнболдод газар эзэмшүүлэх эрх олгосон Засаг даргын захирамж хэрэгт авагдаагүй, мөн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийг гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй, тус нийгэмлэг нь тус газрыг эзэмших улсын бүртгэлд бүртгүүлж баталгаажуулсан эсэх, баталгаажуулахаар хандсан эсэх, маргаан бүхий газрууд нь төмөр замын зурвас газар, төмөр замын аюулгүй бүсэд хамаарч байгаа эсэх зэрэг хэрэгт ач холбогдолгүй асуудлуудыг тогтоолгохоор анхан шатны шүүх рүү буцаасан нь үндэслэлгүй. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан нотлох үүргээ биелүүлээгүй, бүрдэл дутуу нотлох баримтад дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байна.
Хяналтын шатны шүүхээс дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч “Даяар хас” ХХК нь УБТЗ нийгэмлэгтэй байгуулсан гэрээний үндсэн дээр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, “Төв вокзал”-ын баруун талд мянган машины зогсоолын зориулалтаар газар эзэмшдэг тухай нэхэмжлэлдээ дурджээ.
Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/455 дугаар захирамжаар тухайн байрлалд 2011 оноос иргэн Я.Сайнболдын эзэмшиж байсан 1000 м.кв газар эзэмших эрхийг “Эс Жи Би Юу” ХХК-д шилжүүлсэнийг эс зөвшөөрч уг захирамжийг хүчингүй болгохоор нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч нь “ ...тухайн газрыг төмөр замын мэдлийн газар гэсэн ойлголттой байсан, гэтэл Нийслэлийн Засаг дарга тухайн газарт бусдад газар олгосон атлаа газар эзэмших манай хүсэлтэд “төмөр замын газар”-тай давхцсан гэдгээр шийдвэр гаргахгүй байгаа нь шударга бус...” гэж өөрийн эрхийг зөрчигдсөн хэмээн нэхэмжлэлийн шаардлага тодорхойлсон байна.
Мөн “Эс Жи Би Юу” ХХК-д олгосон 1000 м.кв газар нь манай гэрээгээр ашиглаж байсан 13775.7 м.кв газартай давхцсан гэжээ.
Нэхэмжлэгчийн гэрээгээр ашиглаж байгаа гэх газрын хэмжээ, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын маргаж буй газар нь УБТЗ нийгэмлэгийн эзэмшлийн газар мөн эсэх, давхцалтай хэсэгт хамааралтай газар нь хэний эзэмшлийн газар болох зэрэг маргааны гол үйл баримтад хамаарал бүхий нөхцөл байдлыг дүгнэх хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.
Мөн хэрэгт авагдсан нотлох баримтууд зөрүүтэй, тодруулбал, “Эргэлтийн цэгүүдийг газарт бэхэлсэн нэгж талбар”-ын зураг, “Талбай түр ашиглах” гэрээ зэрэгт нэхэмжлэгчийн гэрээгээр эзэмшиж буй гэх газрын хэмжээг 6000, 13775,7 кв.м гэж өөр өөрөөр заасан, мөн “Талбай түр ашиглах” гэрээ нь хэдийд байгуулсан нь тодорхойгүй, үүнээс нэхэмжлэгч нь тухайн газрыг хэдийнээс эхлэн ашиглаж байгааг тодорхойлох боломжгүй байна.
Түүнчлэн “Эс Жи Би Юу” ХХК-д газар эзэмших эрхээ шилжүүлсэн гэх Я.Сайнболд нь Нийслэлийн Засаг даргын 2004 оны 185 /хэрэгт байхгүй/, 2010 оны 428 дугаар захирамжуудаар тухайн байрлалд 272 м.кв газрыг эзэмшиж байсныг 2011 оны 951 дүгээр захирамжаар 1000 м.кв газар болгон нэмэгдүүлсэн, холбогдох захирамжууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч хэдийгээр маргаагүй ч гуравдагч этгээдийн эзэмшиж байгаа газрын тухайд анхнаасаа иргэн Я.Сайнболдод ямар зориулалтаар, юуг үндэслэн газар эзэмшүүлсэн, газрын хэмжээг нэмэгдүүлсэн үндэслэл, 272 м.кв болон 1000 м.кв газар нь нэхэмжлэгчийн гэрээгээр ашиглаж байгаа гэх газартай ямар байдлаар давхцсан зэрэг нөхцөл байдлыг шалгаж тодруулах нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай гол нөхцөлүүдийг дүгнэхэд ач холбогдолтой.
Мөн нэхэмжлэгч нь нэгэнт тухайн газрыг УБТЗ нийгэмлэгтэй байгуулсан гэрээгээр ашиглаж байгаа хэмээн тайлбарлаж байх тул тус нийгэмлэгээс нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний талаар болон нэхэмжлэгчийн гэрээгээр, гуравдагч этгээдийн Засаг даргын захирамжийн дагуу эзэмшиж байгаа газрын эзэмшигч нь хэн болохыг зайлшгүй тодруулах, үүний үндсэн дээр тухайн нийгэмлэгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулах эсэхийг шийдвэрлэх нь зөв байжээ.
Дээр дурдсанаар хэргийн нөхцөл байдал тодорхойгүй, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт хангалтгүй байгаагаас шүүх дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.
Иймээс “... нотлох баримт хангалттай бүрдсэн байхад давж заалдах шатны шүүх хэрэгт ач холбогдолгүй нотлох баримт зааж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь буруу...” гэх гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.
Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4-т заасантай нийцсэн байх тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр магадлалыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2016/0553 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийнорлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ