| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2020/0187/Э |
| Дугаар | 175/ШЦТ2020/208 |
| Огноо | 2020-11-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 175/ШЦТ2020/208
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван,
улсын яллагч Т.Нансалмаа,
шүүгдэгч А.Д нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Аийн Дид холбогдох эрүүгийн 2031003360193 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Б овогт Аийн Д, Монгол улсын иргэн, 1997 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн “Сүхбаатар” суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, уурхайд туслах ажилтан хийдэг, ам бүл 6, аав, авга эгч, хүргэн ах, түүний хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын * дугаар баг, * дугаар хэсэг, ** дугаар байрны * тоотод оршин суух хаягтай,
-урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял оногдуулж, 03 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, РД:/****/;
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч А.Д нь 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 22 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Коллектив” гэх нэртэй бааранд үйлчлүүлж байхдаа иргэн М.Мыг “өөрийн найз охин Э.Ний араас дагаж бүжиглэлээ” гэх шалтгаанаар толгойн тус газарт нь пивоны шилээр цохиж, биед нь баруун чихний арын төвгөр хэсэг, баруун чамархайн дээд хэсэгт няцарсан шархтай, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч А.Д нь 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 22 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Коллектив” гэх нэртэй бааранд үйлчлүүлж байхдаа иргэн М.Мыг “өөрийн найз охин Э.Ний араас дагаж бүжиглэлээ” гэх шалтгаанаар толгойн тус газарт нь пивоны шилээр цохиж, биед нь баруун чихний арын төвгөр хэсэг, баруун чамархайн дээд хэсэгт няцарсан шархтай, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч А.Д гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Дийн өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн, зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг[1],
2. Хохирогч М.Мын 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Тухайн өдөр 22 цаг: 50 минутын үед найз Уламсайн, Лхагва-Очир нарын хамт “Коллектив” бааранд ороод бүжиглэж байтал ар талаас толгой хэсэг рүү хэн нэгэн хүн пивоны шилээр цохиод толгойноос их хэмжээний цус гоожиж, 00-ын өрөө ороод усаар угаагаад толинд хартал баруун чих сэтэрсэн байсан...” гэх мэдүүлэг[2],
3. Гэрч Э.Ний 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 08-ны шөнө 22 цаг:50 минутын орчимд “Коллектив” бааранд найз залуу Д, Мөнхжаргал, Даланбаяр, Мөнхцэцэг нарын хамт ороод бүжиглэж байтал бүжгийн талбай дээр нэг залуу гарч ирээд намайг өдөж хоргоогоод над руу ойртож бүжиглээд байхаар нь манай найз залуу А.Д, Мөнхцэцэг хоёр тэр залууд “чи одоо боль, бид нар найзуудаараа явж байна, чамтай бүжиглэхгүй гээд байна” гэж хэлээд буцаад ширээн дээрээ суусан. Тэр залуу надаас холдохгүй бүжиглээд байсан. Тэгээд удалгүй гэрэл асаад намайг өдөж хоргоогоод байсан залуу толгойгоо дарчихсан бүжгийн талбай дээр сууж байсан....” гэх мэдүүлэг[3],
4. Гэрч С.Уны 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Бүжгийн талбайд пивоны шил хагараад хүмүүс холдохоор нь харсан чинь хамт явж байсан М.М толгойгоо бариад доошоо хараад сууж байхаар нь очоод харсан чинь толгойноос нь цус гарчихсан байсан. Хажуу талын ширээний залуу орилоод байхаар нь би очоод “чи яагаад манай найзыг цохиж байгаа юм бэ?” гэсэн чинь тэр залуу миний баруун нүд рүү гараараа нэг удаа цохихоор нь би зөрүүлээд нүүр рүү нь нэг удаа цохисон. Гэтэл хажуу талаас нэг залуу орж ирээд миний цамцны малгайгаар толгой бүтээгээд хэд хэдэн удаа цохисон...” гэх мэдүүлэг[4],
5. Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 308 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: 1. М.Мын биед толгойн тус газар цохиж, биед нь баруун чихний арын төвгөр хэсэг, баруун чамархайн дээд хэсэгт няцарсан шархтай, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[5],
6.Яаралтай тусламжийн хуудас[6], 7.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[7], 8.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол[8], 9.Урьд шийтгүүлж байсан шийтгэх тогтоолын хуулбар[9], 10.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[10], 11.Зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[11] Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[12] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч А.Дийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон М.М нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, 300,000 төгрөг бэлнээр өгсөн гэснийг үндэслэн шүүгдэгч А.Дийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч А.Дид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” болон түүний хувийн байдал зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дид торгуулийн ял шийтгэл оногдуулж, түүний цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан торгуулийн шийтгэлийг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Д нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Аийн Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дийн цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг А.Дид анхааруулсугай.
5. Шүүгдэгч А.Д нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ