Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 175/ШЦТ2020/213

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Гантүшиг,

 улсын яллагч Т.Нансалмаа,

 шүүгдэгч Б.Э нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Бын Э.т холбогдох эрүүгийн 2031003200190 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1972 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн “Мандал” суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Силк Рөүд Экспресс” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр * дүгээр баг, Ферм * дүгээр гудамж, ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Бын Э., /РД:****/;

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 10 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Мэргэний ар” гэх нэртэй газар ялимгүй зүйлээр шалтаглан, иргэн Ш.Бын нүүр, хамар тус газар цохиж, гэдэс гуя тус газар нь өшиглөн, биед нь тархи доргилт, хамрын таславчийн хугарал, зүүн нүдний салст, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, толгойн хуйх, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Э нь 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 10 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Мэргэний ар” гэх нэртэй газар ялимгүй зүйлээр шалтаглан иргэн Ш.Бын нүүр, хамрын тус газар цохиж, гэдэс гуяан тус газар нь өшиглөн, биед нь тархи доргилт, хамрын таславчийн хугарал, зүүн нүдний салст, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, толгойн хуйх, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.Э гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

            1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Эын өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Мэдүүлэг өгөхгүй. 820,000 төгрөг нөхөн төлсөн...” гэх мэдүүлэг[1],

2.Хохирогч Ш.Бын 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Гэрийн зүүн талд байсан ширээн дээрээс заазуур аваад тойроод үүдэн талаас хүрч ирээд нөгөө заазууртай гараараа намайг цохих гэж далайхаар нь тэр заазууртай гарыг нь 2 гараараа бариад ноцолдож байтал тэр нөгөө гар болох зүүн гараараа миний нүүр рүү удаа дараа цохисон. Ингэж удаа дараа цохиход миний нүд юм харахаа байсан. ...Эргэж орж ирээд гараагаа миний хамар руу нэг удаа цохиход миний хамарнаас цус гарсан. Би цусаа гоожуулаад тонгойгоод сууж байтал миний гэдэс, гуя руу гурван удаа өшиглөж байхад гаднаас Б орж ирээд түүнийг аваад гарсан. ...Би цусаа угааж байхад тэр залуу дахиж ирээд миний араас өшиглөхөд Б ирж холдуулсан” ...гэх мэдүүлэг[2],

3.Гэрч Л.Бын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.Э надад 2 шил архитай ирсэн байсан тул тэр архийг нь Эрдэнэбилэг, Э. бид 3 ууж байгаад 2 дахь шил архийг нь дуусгалгүй амарцгаасан. Өглөө нь би унтаж байтал гэрт хүмүүс хэрүүл маргаан болоод зодолдоод байх шиг болохоор нь сэрээд харахад Б.Э манай сумын хүн болох Ш.Бтай барьцалдаад авсан болохоор нь босоод тэр хоёрыг салгах үед Ш.Бын хамар хацарнаас цус гарсан байдалтай байсан. Тухайн үед 9 цаг өнгөрч байсан байх. Тэгээд би гадагш гарч нүүр гараа угааж байтал тэр 2 гэрт дахин муудалцаад байхаар нь би эргэж гэр рүү орж, Э.ыг салгаад гэрээс авч гарсан. ...” гэх мэдүүлэг[3],

4.Гэрч Д.Нийн 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.Э нь ажил төрөлдөө сайн, цагийн юмыг цагт нь хийсэн ажил хэрэгч хүн байгаа юм. Түүний хувийн зан байдал гэвэл даруу төлөв, хүнтэй яриа хөөрөө сайтай, хүн чанар сайтай хүн шиг санагддаг. Хамт ачаа тээвэрт явах үе ч зөндөө байсан. Хамт архи дарс уух үедээ ууж байсан. Архи уусан үедээ ааш араншин нь хэвийн зүгээр л байдаг. Агсан согтуу тавьж байхыг нь харж байгаагүй...” гэх мэдүүлэг[4],

5.Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 38-ны өдрийн 295 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: 1.Ш.Бын биед тархи доргилт, хамрын таславчийн хугарал, зүүн нүдний салст, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, толгойн хуйх, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[5],

6.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол[6], 7.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[7], 8.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол[8], 9.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[9], 10.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[10] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Эын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ш.Б нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн шүүгдэгч Б.Э нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Б.Эт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь хэсэгт заасан “хохирлыг нөхөн төлсөн” болон түүний хувийн байдал зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан үзсэн.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт торгуулийн ял шийтгэл оногдуулж, түүний цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан торгуулийн шийтгэлийг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Э нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт Бын Э.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эын цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг Б.Эт анхааруулсугай.

5. Шүүгдэгч Б.Э нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ц.АМАРГЭРЭЛ