| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2020/0194/Э |
| Дугаар | 175/ШЦТ2020/214 |
| Огноо | 2020-12-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 175/ШЦТ2020/214
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван,
улсын яллагч Т.Нансалмаа,
шүүгдэгч Г.******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б******* овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн 2031003020197 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Б******* овогт *******гийн *******, Монгол улсын иргэн, 1981 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар баг, Суварга 22 дугаар гудамж, 13 тоотод оршин суух хаягтай, урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил, 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж ялаа эдэлсэн, РД:/*******/;
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Г.******* нь 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 18 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын төвд хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Т.*******тай маргалдаж улмаар түүний үснээс зулгааж, нүүрэн тус газар нь 2 удаа алгадаж, хөл рүү нь өшиглөж биед нь тархи доргилт, зүүн хацар, баруун, зүүн гуяанд хөх өнгийн цус хуралтын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч .******* нь 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 18 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын төвд “хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Т.*******тай маргалдаж улмаар түүний үснээс зулгааж, нүүрэн тус газар нь 2 удаа алгадаж, хөл рүү нь өшиглөж биед нь тархи доргилт, зүүн хацар, баруун, зүүн гуяанд хөх өнгийн цус хуралтын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Г.*******ийг гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.*******ийн өгсөн: “...Мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..” гэх мэдүүлэг[1],
2.Хохирогч Т.*******гийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хадам ээж орж ирээд намайг янхан, гичий, хотын янхан минь чамайг буудалд хэвтэж байхад чинь миний хүүхэд олж ирсэн. Чи муу миний хүүхдийн мөнгийг дуугүй идэж байхгүй юу гэх зэргээр хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би нөхөр рүүгээ энэ тухай хэлсэн. Тэгээд ээж гарч явсан. Тэгтэл манай нөхрийн эгч Г.******* гэх эмэгтэй орж ирээд чи муу яасан даварсан янхан бэ гээд намайг шууд үснээс чирч хөл гар руу өшиглөж, гэрээс чирч гаргасан. Тэгээд 2 хүүхдийн хамт гаргаж манай гэрийг цоожилсон. Тэгэхээр нь би хоёр хүүхдийнхээ хувцсыг авна гэхэд өгөөгүй. Тэгээд би хоёр хүүхэд уйлж байхад дахин гарч ирээд намайг зодсон...гэх мэдүүлэг[2],
3.Гэрч Н.*******ийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 18 цагийн үед л байх намайг гэртээ байхад миний утас дугарсан. Утсаа авсан чинь ******* байсан. Тэгээд намайг манай гэрт ороод ирээч гэхээр нь орсон чинь хашаандаа *******тай хэрэлдсэн байдалтай зогсож байсан. Тэгэхээр нь яах гэж ингэж байдаг юм бэ гэж хэлээд *******г 2 хүүхэдтэй нь хамт гэр рүүгээ авч орсон. Орой нь Алимаа гэх айлд хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг[3],
4. Гэрч Ё.*******ийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өөрийнхөө охин Г.*******ийг дуудсан чинь 30 минутын дараа хүүгийн гэрт ирсэн. Хүүгийн гэр манай охин болон бэр 2 зодоон хийсэн. Би гэртээ орсон. Ингээд л цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг[4],
5. Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 284 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: 1. Т.*******гийн биед тархи доргилт, зүүн хацар, баруун, зүүн гуяанд хөх өнгийн цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[5],
6. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол[6], 7.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[7], 8.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол[8], 9.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[9], 10. Захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[10], 11. Шийтгэх тогтоолын хуулбар[11], 12. Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[12] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Г.*******ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Т.******* нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн шүүгдэгч Г.******* нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Г.*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******т торгуулийн ял шийтгэл оногдуулж, түүний цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан торгуулийн шийтгэлийг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ийн цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг Г.*******т анхааруулсугай.
5. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эмэгтэй хүний үсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Шүүхийн эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.
6. Шүүгдэгч Г.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ