Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 00455

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 2 дугаар багт оршин суух, РЛ84062703 дугаар регистртэй, эмэгтэй, Их мэргэд овогт Энхбатын Нэмэхбаярын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багт оршин суух, РЛ83020611 дугаар регистртэй, эрэгтэй, Далай гүн овогт Дамдинжавын Эрдэнэбаярт холбогдох

Хүүхдийн эцэг тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 155/2017/00233/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Нэмэхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Нэмэхбаяр нь Д.Эрдэнэбаяртай 2003 онд танилцаж үерхэж байгаад 2004 оны 06 сарын 27-ны өдөр охин Шинэбаярыг төрүүлсэн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй, ирэн очин амьдардаг байсан. Хүүхдээ гарснаас хойш Д.Эрдэнэбаяр охин бид хоёр дээр ирэх нь бага болсоор өөр амьдралтай болсон. Иймд Д.Эрдэнэбаярыг миний охин Шинэбаярын төрсөн эцгээр тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Эрдэнэбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийг гардан аваад Э.Нэмэхбаяртай уулзсан. Уулзаад хэн хэн нь тусдаа гэр бүлтэй учир заавал хүүхдийн мөнгө төгрөг шүүхээр яриад яахав, олон жил ч өнгөрлөө, хоорондоо ярилцаж тохиролцоод үр хүүхдээ харж хандаж явья гэж ярилцсан. Намайг охин Шинэбаяртай уулз, царай зүсийг нь хар гэсэн. Тэгээд Э.Нэмэхбаяр нь шүүхэд өгсөн нэхэмжлэлээ авахаар болсон. Хэн хэн нь хөдөө гадааны ажилтай тул энэ удаа шүүхэд гаргасан нэхэмжлэлээ аваад, охинтой уулзсаны дараа мөнгө төгрөгөө харилцан ярилцаад болно гээд салсан. Иймд нэхэмжлэгчийн саналыг хүлээж байна гэжээ.

Нэхэмжлэгч Э.Нэмэхбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Э.Нэмэхбаяр тус шүүхэд хүүхдийн эцэг тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан юм. Шинжилгээний байгууллагаар шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан бөгөөд тус хүсэлтээсээ татгалзаж байна. Хариуцагч Д.Эрдэнэбаяртай ярилцаж тохиролцсон. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Нэмэхбаяр нь Д.Эрдэнэбаярт холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Э.Нэмэхбаяр нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийн тал хувь болох 35.100 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Д.Эрдэнэбаярт холбогдох хүүхдийн эцэг тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгч Э.Нэмэхбаярын татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны 4901000149 тоот дансанд 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийн тал хувь болох 35.100 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ                        Б.ОТГОНБЯМБА