Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 175/ШЦТ2020/216

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж, 
 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван,
 улсын яллагч В.Батдэлгэр,
 шүүгдэгч П.******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хачиг Харуул овогт *******гийн *******ад холбогдох эрүүгийн 2031002840184 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1964 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн “Сүхбаатар” суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гал сөнөөгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, 1 дүгээр хэсгийн 145 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Хачиг Харуул овогт *******гийн *******, /РД:*******/; 
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч П.******* нь 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах амралтын газарт иргэн Ч.*******тэй үл ялих зүйлээс шалтаглан маргалдаж улмаар түүний биед духанд шарх, зүүн бугалга, баруун зүүн гуя, баруун өвдгөнд цус хуралт бүхий "хөнгөн" хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч П. .******* нь 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах амралтын газарт иргэн Ч.*******тэй үл ялих зүйлээс шалтаглан маргалдаж улмаар түүний биед духанд шарх, зүүн бугалга, баруун зүүн гуя, баруун өвдгөнд цус хуралт бүхий "хөнгөн" хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч П.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд: 
    1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.*******ын өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн, зөв. Би Чимэгээд хэлсэн, хохирлын баримтаа гаргаад өгвөл нөхөн төлнө гэж хэлсэн...” гэх мэдүүлэг ,
2.Хохирогч Ч.*******гийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би П.******* гэх хүнтэй ярилцаад сууж байтал П.******* намайг “эмэгтэйлэг байгаач, надтай яагаад аальгүйтэхгүй байгаа юм бэ” гээд агсам тавиад архины шилээр дагз, толгой, духан тус газарт цохисон. Миний толгойноос их цус гарч өвдсөн. Гомдолтой байна. Эм авсан 30,000 төгрөг, толгойгоо бариулсан 40,000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 80,000 төгрөг, таксинд 30,000 төгрөг, нүдний шил авсан бөгөөд 250,000 төгрөг болсон. Гоо сайхны оёдол тавиулахад 800,000 болж байгаа бөгөөд оёдол тавиулаагүй. Дээрх зардлын мөнгөний баримт байхгүй” ...гэх мэдүүлэг ,
3.Гэрч Б.*******ийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би дэлгүүр рүү асаагуур худалдаж авахаар яваад ирсэн чинь ******* эгчийн толгой, нүүрнээс цус гарчихсан орилж байсан ба ******* ахыг цохисон гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг ,
4.Гэрч Д.*******ийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гэрт байхад манай нөхөр П.******* нүд, нүүр нь цус болчихсон, хамар нь хөндлөн цус хураад хавдчихсан байдалтай ирсэн. Хэн нэг нь зодсон байна. Тархи, толгой гэмтсэн гэж хэлээд ирсэн...” гэх мэдүүлэг ,
5.Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 273 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: 1.П.*******ын биед хамар, зүүн хацарт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт ,
6.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл , 7.Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн магадлагаа , 8.Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл ,  9.Захиргааны шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас , 10.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас , 11.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл  зэрэг бичгийн нотлох баримт болно. 
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. 
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй. 
Шүүгдэгч П.*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. 
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ч.******* нь шүүгдэгчээс 1,158,000 төгрөг нэхэмжилсэн боловч нотлох баримт гаргаж өгөөгүй байна. Иймд хохирогч Ч.******* нь энэ гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж шийдвэрлэв.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч П.*******ад эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******ад торгуулийн ял шийтгэл оногдуулж, түүний цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан торгуулийн шийтгэлийг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч П.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хачиг харуул овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******ын цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 6 /зургаан/ сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Хохирогч Ч.******* нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг П.*******ад анхааруулсугай.
6. Шүүгдэгч П.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай. 
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай. 
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ц.АМАРГЭРЭЛ